ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.07.29 07:07

Дорнодын замын ажлын дутуу хөрөнгийг шийдвэрлэлээ

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 10.65 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардлагатай 1.9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Хэнтий-Дорнод чиглэлийн 95.4 км авто замын нэг багц болох энэ зам Чойбалсан хотын төвөөр дайрах бөгөөд 9 м өргөнтэй, хоёр захаараа бетон хашлагатай, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан холбоо, шугам сүлжээ, авто замын гэрэлтүүлэг зэрэг инженерийн иж бүрэн байгууламжтай баригдах юм байна.

2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсан Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажилд Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компаниуд нэмж оруулан ажиллуулсан.

 Ингэснээр өнгөрсөн оноос эрчимжсэн Дорнодын замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр таван компани ажиллаж байна. Эдгээр компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дорнодын замын 145 км нь ирэх есдүгээр сард ашиглалтад орох юм байна.


Онцлох нийтлэлүүд