ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.09.11 01:09

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Владивосток хотноо эхэллээ

ОХУ-ын зүүн нутгийн боомт хот болох Владивостокт мягмар гарагт эхэлсэн Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын удирдагчид, бизнесийн салбарын манлайлагчид оролцож байна.

“Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд гурав хоног үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад 60 гаруй орны олон мянган төлөөлөгч оролцож байгаа юм.

Алс дорнод бүс нутгийн хөгжил, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулагчдыг дэмжих арга хэрэгслүүд хийгээд амьдрах нөхцлийг сайжруулах арга хэмжээнүүд зэрэг сэдвээр чуулга уулзалтад оролцогчид санал бодлоо солилцох ажээ.

Чуулга уулзалтын үеэр соёл, спорт болон боловсролын хөтөлбөрүүдийг мөн зохион байгуулах юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцож байгаа ажээ. Хятадын удирдагч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа оролцож буй нь энэ юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс дагалдан яваа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана. Мөн Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийг Владивосток хотын олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизов, Приморын хязгаарын Амбан захирагчийн орлогч Д.Ф.Братыненко, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын орлогч А.И.Яковлев, Приморын хязгаарын Амбан захирагчийн тамгын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.Ю.Старичков нар угтан авчээ.

Онцлох нийтлэлүүд