ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.05.04 03:05

Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд 7.4 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг тооцон гаргажээ. Ингэхдээ эдийн засгийн бодит өсөлтийг харуулахын тулд суурь үнийг ашигладаг бөгөөд энэ үнийг таван жил тутамд шинэчилдэг билээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1148.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 хувиар өслөө. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 18.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 15.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр энэ оны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэл 3439.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх үеийнхээс 18.3 хувиар өслөө. Энэ нь өмнөх улирлынхаас 2.2 хувиар өссөн дүн аж. 

Нэгдүгээр улиралд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэгдүгээр улиралд 3753.6 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 738.2 тэрбум төгрөг буюу 24.5 хувь, зэрэгцүүлэх үнээр 79.7 тэрбум төгрөг буюу 7.4 хувиар өслөө.
ДНБ-д эцсийн хэрэглээ  72.6 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 35.2 хувь, цэвэр экспорт -7.8 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс эцсийн хэрэглээ 6.5 пункт, хөрөнгийн нийт хуримтлал 12 пунктээр  тус тус буурсан хэдий ч цэвэр экспорт 18.5 пунктээр өссөн байна.

Онцлох нийтлэлүүд