Нийгэм
2015.01.29 01:01

Дотуур байранд амьдарч буй бага ангийн сурагчдын хөгжлийг дэмжинэ

2008 оноос ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүд 6 наснаас эхлэн суралцах болсонтой холбогдуулан малчдын 6 настай хүүхдийг сургуульд сургах, ялангуяа дотуур байранд сууж, сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх нь анхаарал татсан асуудлын нэг байсаар байна.

2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 511 дотуур байранд 33.0 мянга орчим хүүхэд амьдарч байгаагийн 81.0 хувь нь малчдын хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 34.7 хувь нь бага ангийн, 11.0 хувь нь 6 настай хүүхэд байна.

Өнгөрсөн оны сүүлчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүүхдийг Ивээх Сантай хамтран зохион байгуулсан "Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулах арга зам" Үндэсний зөвлөлдөх уулзалтад оролцогчид "…Дотуур байранд хүүхэдтэйгээ ажиллаж буй ажилтнуудад зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулж, тэдний ур чадварыг сайжруулах" шаардлагатай байгаа талаар тус зөвлөлдөх уулзалтаас гаргасан зөвлөмждөө тусгасан юм.

Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУЯ-аас "Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй бага ангийн сурагчдын хөгжлийг дэмжих нь" сургалтыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын бага боловсролын болон дотуур байрын асуудал хариуцсан мэргэжилтэн нарт зориулсан энэхүү сургалтаар дотуур байранд болон эцэг эхээсээ тусдаа амьдарч буй бага ангийн сурагчдыг шинэ орчин нөхцөлд дасан зохицоход нь туслах, сурах хөгжих үйл явцыг нь дэмжих арга зүйг хүргэж байгаагаараа онцлог юм.

Гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа бага ангийн хүүхэд, тэр дундаа 6 настай хүүхдүүдийн сурах, хөгжих үйл явцыг ангид нь эсвэл дотуур байранд нь, хичээл дээр болон хичээлийн бус цагийн алинд нь ч ашиглаж болохуйц "Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр"-ийг мэргэжлийн байгууллагууд боловсруулжээ. Уг хөтөлбөрийг Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн 30 сумдад амжилттай туршиж, нэвтрүүлээд байгаа юм. Тус төсөлд хамрагдсан багш нар хөтөлбөрийн 110 арга зүйг хүүхэдтэй ажиллах цаг мөч бүртээ бүрэн ашигласнаар бага ангийн хүүхдүүдэд богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн гараад байна.

Дотуур байрын багш, бага ангийн багш, сургуулийн нийгмийн ажилтан зэрэг бага ангийн хүүхэдтэй ажилладаг хэн боловч хүүхдийн хөгжлийг бүх талаас нь дэмжих энэхүү арга зүйд суралцсанаар байрын хүүхдүүд өөрийгөө нээж, бусадтай харилцах чадвар, хүүхэд бүрийн танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийг дэмжиж, эерэг зан чанар хандлагыг төлөвшүүлж, цаашид бие даан суралцах арга барилд хөтөлж байгаагаараа ач холбогдолтой юм.

Онцлох нийтлэлүүд