ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.26 02:06

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн /2014.06.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд хэрэглэгч үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараасолихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгажээ.

1990-ээд оны дунд үеэс дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлээд байгаа хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хуулийн төслийг танилцуулах үеэр хэлсэн.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна.

Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ,түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрддэг аж.

Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нийт хэрэглэгчдийн 5 хувиас дээш хэсэг нь хэрэглэсэн тохиолдолд үр ашигтай гэж үздэг бол Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор түүврийн аргаар хэрэглэгчдээс санал асуулга авч, судалгаа хийж үзэхэд нийт хэрэглэгчдийн 33.5 хувь, түүний дотроос давамгайлагч операторын хэрэглэгчдийн 44 хувь дугаартайгаа шилжих үйлчилгээг ашиглан оператороо солих шийдвэр гаргахад одоогоор бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эдийн засгийн байнгын хороо энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг үдээс хойшхи хуралдаанаар явуулахаар болон үдээс өмнөх хуралдаан завсарлалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Онцлох нийтлэлүүд