ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.07.10 01:07

Дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан нас барианд орж ирээд байна. Хязаалан насны уралдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүлсэн юм. Тэрээр 1997 онд 3.5 сая төгрөгөөр даага худалдан авч өндөр үнээр даага авлаа гэсэн мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Худалдаж авсан хурдан хүлэг нь дараа жилдээ улсын наадамд аман хүзүүдэж байжээ. Дэд сайдын өвөг эцэг Донойн Цэдэн гэж Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумын нутгаар нутагладаг олон сайхан хурдан адуутай хүн байжээ. Тэрээр өвөөгийнхөө тухай “Адуу нь хурдан айраг түрүү алддаггүй болоод ч тэгсэн үү нэг удаа халамцуухан “Хурдан хүрэнгээ түрүүлэхгүй бол төлөгнөөс өгчихөөд явна. Сайн нөхдүүд шараад идчихнэ биз”гэж аархаж байсан юм гэнэ лээ.Түүнийг нь одоо болтол нутаг усныхан нь хуучилж байдаг юм. Тэр нь одоогийн Хотонт сумын наймдугаар баг, Төвшрүүлэх сумын долдугаар баг хоёрын хооронд байдаг Хүйсийн овооны тахилга л даа. Тэр хавьдаа Бургатайн гол, Хөх сүмийн гол гэж хоёр сайхан гол бий. Тухайн үедээ Бургатайн голын адуу хурдтай, баячууд олонтой гэгддэг байж л дээ. Тэгээд л өвөө маань “Бургатайн баячууд сонсож бай, үрээгээ түрүүлэхгүй бол сэмжтэй төлөгнөөс өгчихөөд явна, сайн нөхдүүд шараад идчихнэ биз” гэж аархсан гэдэг. Морь уралдахад хүрэн үрээ нь хол тасарч түрүүлээд хөлсийг нь хусч шошгоо тойруулж байхад нь дараагийн морьд нь ирж байсан гэдэг юм. Манай нутагт морины уяаг шошго гэдэг юм. Бас нэг удаа манай өвөг эцэг Хөх сүмийн голд гаансаа унагаачихаж л дээ. Сайн гаансаа хаячихмааргүй санагдаад адуугаа гурав хоног услалгүй ээрч байгаад, Хөх сүмийн голыг дээгүүр нь боож, хажуу талаар нь салаалуулж урсган үлдсэн шалбаагт нь адуугаа усалж намаг дундаас нь гаансаа олж авсан гэдэг юм. Тэгж бодохоор их олон адуутай байсан юм шиг байгаа юм. Дараа нь нийгэмчилж аавын үед зөвшөөрөгдсөн цөөн тооны л малтай байсан” хэмээн дурсжээ.

Онцлох нийтлэлүүд