ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.09.09 09:09

Дэлхийд данстай “Говь”-оор тойрон аялсан нь

Энэ удаа “Танай өнжье” булангаа “Говь” компанийн үйлдвэрээс бэлтгэлээ. Дэл­хийд алдартай “Говь”-ийн бүтээгдэхүүнүүд чухам ямар шат дамжлагуудыг дам­жин байж хэрэглэгчдэд хүр­гэд­гийг сонирхсон юм. Бид¬нийг тус үйлдвэрийн хянал­тын инженер Г.Мөнх¬саруул хүлээн авч үйлд­вэрээ танилцуулахаар бол­лоо. Компанийн зүгээс үйлдвэрийнхээ үйл ажиллагааг нийтэд танилцуулах зорилгоор тойрон аялал зохион бай­гуул¬даг аж. Гадаадын жуул¬чид, дотоодын компани, байгууллагуудын хамт олон, их, дээд сургуулийн оюутнууд, сургуулийн сурагчид, хөдөө орон нутгийн иргэд гээд янз бүрийн хүмүүс олон арваараа, гурав дөрвөөрөө тойрон аяллаар үйлдвэртэй танилцах гэж ирдэг юм байна. 

Үйлдвэрийн бүс рүү орлоо. Уртаас урт хонгилууд. Халаад өмссөн ажилчин залуусын хөл хөдөл­гөөн, тоног төхөө¬рөмж, машинуудын жигдхэн нүргэлсэн дуу угтана. Дээх­нэ үеийн кинон дээр гардаг түм түжигнэж, бум бужигнасан үйлдвэр хэмээх их айлын өнгө төрх нүдний өмнө бэлхнээ тодров. Тойрон аяллын маршрутын дагуу эхлээд ангилан ялгах цехэд очлоо. Энд малчдаас авсан ноолуураа өнгө ширхгээр нь ялгана. Ангилан ялгах ажлыг тусгай машин төхөөрөмж бус бүсгүйчүүд гүйцэтгэнэ. Ангилан ялгагч гэдэг энэ мэргэжил манайдаа ховорт тооцогддог юм гэнэ. Бөөгнөрсөн, хаг, хог хаягдал, хялгас, тоос шороотой ноо­¬луу­рыг хурууны өндөг, нүдний хараагаараа нарийн мэдэрнэ. Ялгасан ноолуурыг лабораторийн шинжилгээнд оруулахад ямар ч зөрүү гардаггүй гэнэ. Үүнээс ангилан ялгагчид ажлаа хэрхэн хийдгийг мэдэж болох нь. Тус цехийн чанар шалгагч С.Бадамцэцэг үйлдвэртээ 19 жил ажиллаж байгаа нэгэн. Тэрээр ноолуурыг хэр­¬хэн ял­гадаг талаар сонирхууллаа. Аймгуудын, бүр сум сумын ноолуурын чанар, өнгө харилцан адилгүй. Хөвсгөлийн ноолуур бараан байхад Хэнтий, Сүхбаатарынх улаан байх жишээний. Тэгтэл Баянхонгорын Шинэжинстийнх цав цагаан байдаг аж. С.Бадамцэцэг ялгагчдын өмнөө тавьсан ноолуур руу зааж “Тээр харав уу, цав цагаан. Тэр чинь Шинэжинстээс ирсэн ноолуур юм шүү дээ. Тэгтэл Хөвсгөлийнх нь бараантаад байгаа биз” гээд зааж сонирхуулна. Энэ цехэд 35 ажилчин хоёр ээлжээр ажилладаг юм байна. Ангилан ялгагчид өмнөө байх ноолуурыг хагтай, хогтой, хялгастай гээд л эргэн тойрондоо тавьсан сагс, сав, тор руу ялгаж хийнэ. Ноолуурыг ялгахад хуруу өндөгний маш өндөр мэдрэмжээс гадна өнгийг нь ялгахад нүдний хараанаас гадна байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг тун чухал гэсэн. 

Энэ цехэд ялгасан ноолуурыг угаах цех рүү шилжүүлнэ. Угаах цех их халуун, чийглэг учир барагтай бол гадны хүнийг оруулдаггүй юм байна. Ингээд гурав дахь дамжлага болох Хялгас ялгах үйлдвэрт ирлээ. Ноолуурыг 0.1, 0.2, 0.3, 0.4 гэж үндсэн өнгөөр нь ялгахаас гадна тэмээний ноос, сарлагийн хөөврийг ч ангилна. Угаах цехээс гарч ирсэн ноолуурыг 28 метрийн урттай машинд оруулна. Уг машин нь энгийн нүдээр харвал сам, шүдтэй олон дамартай юм. Ноолуур машинаар дамжсаар ажилчны гарт хүрэхдээ хөвсийсөн, зөөлхөн, хөнгөн болчихсон байна. Ажилчин машинаас зугуухан урсах адил унах ноолуурыг хоёр гартаа тосч аваад тасдаад гэрэлд харна. Хялгас үлдсэн эсэхийг няхуур шалгана. Монгол ямааны ноолуур үндсэн дөрвөн өнгөтэй, цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор гэсэн. Худалдан авагчид “Говь” ХК-ийн “Mongolian Organic Cashmere” брэндийг мэддэг. Ямар нэгэн аргаар цайруулаагүй, өнгө нэмж будаагүй ноолууран бүтээгдэхүүн тун ховор. “Говь”-ийнхон дээрх үндсэн дөрвөн өнгийг элдэв будагт оруулахгүй, байгалийн өнгийг нь хэвээр хадгалсан нь “Gobi Mongolian organic cashmere”-ийн онцлог гэдгийг худалдан авагчид хэдийнэ мэддэг болсон билээ.

Мөн “Говь”-ийн хамт олны сүүлд гаргасан “Говь Гольф” брэнд нь дулаан, биед эвтэйхэн тансаг материалаар хийгдсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа аж. Дээд зэрэглэлийн спортын тансаг хувцсыг урласан нь цагаа олсон хамгийн зөв сонголт хэмээн хэрэглэгчид дүгнэж байгаа гэсэн. Энэ коллекцийнхоо нээлт болгож “Говь Гольф” цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлцгээсэн билээ. 

Цэвэрхэн болсон ноолуурыг будах цех рүү шилжүүлнэ. Энэ цехийн машин, тоног төхөөрөмжүүд нь Итали, Японых. Ажилчин залуус ноолуураа өнгөнд оруулах гэж томоос том тогооны дэргэд зогсоцгооно. Хэрэглэгчдийн хүссэн ямар ч өнгийг тус цехийнхэн гаргаж өгнө. Одоогоор 1080 өнгө гаргаад байгаа гэнэ. Хэрвээ эдгээр өнгөнөөс хүссэн өнгө байхгүй бол шинээр гаргаж өгдөг юм байна. Ингэхээр дуртай өнгөөрөө хийлгэсэн ноолууран хувцас өмсөх боломж хүн бүрт бий гэсэн үг. Энэ цех хоёр ээлжиндээ нийлээд 20 гаруй ажилчинтай. Ер нь “Говь” компанийн ажилчдын ихэнх нь залуус. Нийт 1400 гаруй ажилчинтайгаас 80 гаруй хувь нь эмэгтэй юм байна. Компанийн удирдлага нь залуу, ажилчид нь ч залуу болохоор ажил нь тэр хэрээр хурдан, шуурхай өрнөнө. Дөрөвдүгээр сараас аравдугаар сар бол “Говь”-ийнхны хувьд оргил ачааллынх нь үе гэсэн. 

Өнгөтэй болсон ноолуурыг холих цех рүү оруулна. Холих цехийн төхөөрөмжүүд нь бүгд Итали улсын нэртэй брэндийнх аж. Будах цехээс гарч ирсэн ноолуур бүхэл, том болчихсон байна. Тэрийг холих машин сэмэлж, жижиглэж холино. 

Холигдсон ноолуурыг ээрч, утас болгоно. Ээрэх үйлдвэрээр ортол шөнийн ээлжийн ажилчид ажлаасаа бууж байгаа болохоор бүх машин төхөөрөмжөө цэвэрлэж, тосолж байгаатай таарлаа. Уртаас урт ээрэх машины урд ажилчин бүсгүйчүүд зогсч арчиж харагдана. Засварчид засвар үйлчилгээ хийж, машинуудын энд тэнд гарна. Энэ цехээс гарсан утас Сүлжих үйлдвэрийн ажилчдын гарт очно. “Говь” компани сүлжих хоёр үйлдвэртэй бөгөөд нийт 500 гаруй ажилчинтай.  Эхлээд Сүлжих-2 үйлдвэрээр нь орлоо. Энэ үйлдвэрт 253 хүн ажиллаж байна. Оёдолчин, чанар шалгагч, индүүчин гээд олон төрлийн мэргэжилтэй залуус. Үйлдвэр бүрэн автомат сүлжмэлийн машинуудтай бөгөөд Японы SHIMASEIKE, Германы STOLL брэндийн машинууд харагдана. Автомат машинд цаанаас нь ямар бүтээгдэхүүн сүлжихийг тусгай программаар өгчихнө. Тэгэхээр машин программаар өөрөө уншаад бүтээгдэхүүнээ сүлжиж эхэлнэ. Нэг машин дээр очтол хар өнгийн ноолууран цамц сүлжиж байна. Нэг машин цагт нэг цамц сүлждэг гэнэ. Энэ үйлдвэрт нэг цамц сүлжиж дараагийн дамжлагад хүргэх хүртэл 22-29 дамжлага дамжина. Сүлжмэлийн төрөл хязгааргүй бөгөөд хэрэглэгч, захиалагчийн хүссэн сүлжмэлээр бүтээгдэхүүн хийдэг талаар Сүлжмэлийн үйлдвэр хариуцсан дарга Г.Саруулзаяа ярилаа. Энэ үйлдвэрийнхэн жилд 450 мянган сүлжмэл бүтээгдэхүүн гаргадаг юм байна. Оёдолгүй сүлжмэл буюу ямар ч оёдол, залгаас, зүүдэлгүйгээр бүтээгдэхүүн нэхдэг машинууд анхаарал татлаа. Цамцны программаа уншуулахад машин ажиллаж эхэлнэ. Цагийн дараа ямар ч оёдолгүй сүлжээсэн цамц бэлэн. Маш нимгэн, нарийн сүлжээстэй цамц, гоёлын ноолууран даашинзууд байдаг шүү дээ. Тэдгээр бүтээгдэхүүнийг энэ машинаар сүлжих нь тохиромжтой гэсэн. Хамгийн нарийн ноолууран утсаар технологийн дэвшлийг шингээсэн бүтээгдэхүүнийг монголчууд төдийгүй гадныхан хэдийнээ мэддэг болсон. Жилийн аль ч улиралд өвөл зун гэлгүй хэзээ ч өмссөн хөөрүүлэхгүй, дааруулахгүй шинж чанартай. 

Дээхнэ үед хэрэглэгдэж байсан сүлжмэлийн хагас автомат цөөхөн машинууд сүүлийн үеийн шилдэг технологийн машинуудтай “мөр зэрэгцэн” ажиллаж байна. Эдгээр машинууд дээр халаас, зах гэх мэт жижиг хэсгүүдийг сүлждэг аж. 

Сүлжих-1 үйлдвэрээр дайран гарлаа. Өнгөрсөн онд ашиглалтад орсон энэ үйлдвэр 250 ажилчинтай. Сүлжмэлийн машинуудын дээр шар, хөх гэрлүүд анивалзаж, автомат машинууд бүтээгдэхүүн сүлжиж, ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгааг сануулна. Бүрэн автомат машинууд суурилуулсан болохоор ажлын бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар ч сайжраад байгаа аж. 

Ер нь орсон цех, үйлдвэр болгоны тоног төхөөрөмжийг зуун хувь шинэчилж, сүүлийн үеийн шилдэг технологиор бүтээгдэхүүн хийж байгааг ажилчид, мастерууд нь бахархалтайгаар дуулгаж байсан юм. 

Сүлжих үйлдвэрээс гараад Сүлжмэлийн программын албаар орлоо. Албаны программистууд бүгд Японы сүүлийн үеийн мундаг хүчин чадалтай компьютер дээр ажиллана. Эл албыг энэ үйлдвэрийн цохилох зүрх гэж нэрлэх болох аж. Дизайнеруудаас ирсэн загварыг энд л боловсруулж, сүлжмэлийн үйлдвэр рүү илгээнэ. Өмнө нь бэлэн болгосон программ, өгөгдлөө флашаар зөөж Сүлжмэлийн үйлдвэрийн компьютерт уншуулдаг байсан бол одоо программистын компьютерээс сүлжээгээр шууд өгөгдөл явна. Энэ албаныхан Японд тогтмол мэргэжил дээшлүүлдэг юм байна. Программистууд тухайн бүтээгдэхүүний эс ширхэг бүрийг нарийн гаргаж, зурна. Нэг ширхэг сүлжээс, утсан дээр хүртэл маш нарийн ажиллагаа хийж байгаа харагдлаа. 

Тойрон аялал маань үргэлжилсээр Принтийн цехэд хүрлээ. Та ноолууран бүтээгдэхүүн дээрээ юу хэвлэмээр байна вэ, түүнийг тань л хэвлэнэ. Цэцэг, байгаль, абсурд маягийн, уран зураг гээд элдэв төрлийн зурагтай бүтээгдэхүүнүүд байна. Алдарт “Монголын нэг өдөр” зургийг шаалин дээр буулгачихаж. Мөн сүүлийн үеийн шилдэг зураач нарын бүтээл ч харагдана. Хэн нэг зураачийн бүтээл бүтээгдэхүүн дээр хэвлэгдлээ гэхэд ашгийн тодорхой хувийг нь тухайн уран бүтээлчид өгдөг гэрээтэй юм байна. Гадныхан шааль, цамц, ороолт гээд ноолууран бүтээгдэхүүн дээр төрөл бүрийн зураг хэвлүүлэх сонирхолтой байдаг гэнэ. Гадаадын нэг захиалагч цамцны захаа тойруулаад индианчуудын эртний бичээсийг хэвлүүлж байжээ. Зарим захиалагч “Би ийм зурагтай алчууртай болмоор байна. Цор ганц хувийг л би нөмөрмөөр байна” гээд зургаа үзүүлдэг гэнэ. Тэгэхээр тэр зургийг нь сонирхсон бүтээгдэхүүн дээр нь хэвлээд өгчихнө. Захиалагч цор ганц гэсэн учир түүний өнөө зураг дахиад ямар ч бүтээгдэхүүн дээр хэвлэгдэхгүй. 

Ноолууран дээр хэвлэх энэ машин, цехийг “Говь” компани Монголд анх удаа нэвтрүүлж, суурилуулсан гэдгээрээ онцлогтой. 

Принтийн цехэд алив нэг бүтээгдэхүүн дээр юм хэвлэх захиалга орж ирэхэд эхлээд будгийг сайн тогтоож бэхжүүлдэг тусгай бодисд тухайн бүтээгдэхүүнээ оруулна. Ингэсний дараа тусгай гэрлээр шарж хатаана. Хатсаных нь дараа нь зургаа принтлээд дахиж хатаана. Ноолууран дээр юм принтэлдэг машин нь асар хурдтай хэрнээ, ухаалаг. Эхлээд ноолууран бүтээгдэхүүнийхээ талбайн хэсэг тус бүрийн зургийг нэг бүрчлэн аваад дэлгэцэнд гаргахаар оператор дээр нь хэвлэх зургаа байршуулна. Ингээд хэвлэх гол ажил эхэлнэ. Зураач Ч.Сэндэмийн “Говь” хэмээх зургийг шаалин дээр хэвлэж эхэллээ. Говийн тэнгэрийн хаяа, тэгснээ ботгоо дагуулсан ингэ шаалин дээр хэвлэгдээд гараад ирлээ. Ингээд говийн алтарсан шаргал элсэн манхан хэвлэгдсэнээр “Говь” зурагтай шааль бэлэн болчихов. Хэрвээ зураг хэвлэх явцад ноолууран бүтээгдэхүүний гадарга дээр ганц ширхэг хялгас байвал принтийн машин мэдрээд дохио өгнө. Одоогоор Принтийн цех нийт 1300 гаруй зураг, дүрсний сантай болчихоод байгаа аж. 

“Говь” салоны үйл ажиллагааг сонирхлоо. Пальто, пиджак, дээл, нөмрөг, хүрэм, хантааз, хөнжил, майк гээд ноолуураар ямар бүтээгдэхүүн хийдэг вэ. Тэр бүгдийг энэ салоны уран гартай үйлчин бүсгүйчүүд урлана. Энэ салоны наяад ажилчин сард 1200-1500 гаруй бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй ажилладаг аж. 

“Говь” компани өнгөрсөн онд салоныхоо үйлдвэрлэлийн шат дамжлагыг шугаман системд шилжүүлэн, үйлдвэрлэлээ өргөтгөж хүчин чадлаа нэмэгдүүлжээ. 

Төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг ч улсын баяр наадам, цагаан сараар ачаалал нь эрс нэмэгдэнэ. Учир нь энэ үеэр монголчууд маань дээлээр гангардаг. Ганцаараа ноолууран дээлээр гангарахгүй. Гэр бүлээрээ, хань ижилтэйгээ хос дээл хийлгэнэ. Бүр битүүнд амрах гэж байхад нь хүртэл дээл хийгээд өгөөч гэж гуйдаг гэсэн. Улирал нь эхэлсэн болохоор драпан пальто, нөмрөг ихээр оёж байлаа. Гадаад, дотоодын захиалга их байгаа аж. Мөн гадаадаас ноолууран хөнжлийн захиалга их ирж байгаа гэнэ. Драпаар бүтээгдэхүүн хийхэд хаягдал гардаг бөгөөд тэр хаягдлыг дахин боловсруулж хөнжил хийж байгаа аж. Драпны хаягдлыг дахин боловсруулж, хөвөн зөөлхөн болгоод хөнжил хийхэд түүн шиг дулаахан эд үгүй гэнэ. Ноолуурыг тансаг хэрэглээ хэмээн хүлээж авдаг ч нөгөө талаар хүний биед эрүүл мэндийн талаасаа ямар их ашиг тустайг төдийлөн мэддэггүй гэнэ. Хүний биеийн дулааныг барьж, хөлс гадагшлуулж амьсгалдаг учир өвөл, зуны алинд ч тохиромжтой. Нимгэн ноолууран хөнжлөөр хучихад хөнгөн, зөөлнөөс гадна ерөөсөө жиндүүлдэггүйгээр гайхамшигтай. 

Та “Говь”-ийн сонгодог загварын аль нэг пальтог сонирхлоо гэж бодъё. Очоод биеийн хэмжээсээ өгөхөд эндхийн дизайнер, оёдолчид 48 цагийн дотор таны хүслийг биелүүлнэ. Манайхан гэлтгүй гадныхан эдний сонгодог загваруудаас өөрт тохируулан захиалдаг гэсэн шүү. 

Хоёрхон өдрийн дотор амждаг гэж үү хэмээн зарим захиалагчид гайхдаг гэсэн. “Говь” салоныхон үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмснээр “Захиалгын хувцас дор хаяж арав хоногийн дараа бэлэн болдог” гэх ойлголтыг халж, хоёрхон өдрийн дотор захиалсан бүтээгдэхүүнийг бэлэн болгодог болсон нь маш том дэвшил юм. 

Нэхэхийн гүйцэтгэн боловсруулах цехээр орлоо. Энэ цехийн үйл ажиллагаатай танилцсанаар тойрон аялал өндөрлөнө. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг худалдан авагчдын гарт хүрэхэд шаардлагатай эцсийн боловсруулалтыг хийнэ гэсэн үг. Жишээ нь, хүзүүний ороолтыг  эрчлээд, агшаагаад, угаагаад, хатаагаад, үслээд, хагийг нь түүгээд, индүүдээд, хэсэгчлээд, жигнээд гээд олон үе дамжлагаар явуулаад эцэст нь савлана. Энэ цехийн үйл ажиллагааг ерөнхийд нь хэлбэл ийм аж. 

Дэлхийд эхний тавд ордог “Говь” компанийн үйлдвэрт хийсэн тойрон аялал маань өндөрлөлөө. Яагаад эхний тавд ордог вэ гэхээр хүчин чадал, тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн технологийнх, ноолуур нь дээд зэрэглэлийнх гэдгээсээ гадна хамгийн гол нь ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ малчны хотноос очиж түүхий эдээ авчраад эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах бүх үйл явцыг нэг дор, бүрэн цогцоор нь хийдэгт байгаа юм. 

Засгийн газраас “цагаан алт”-ыг зуун хувь эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бодлогын хүрээнд “Говь” компани техник технологио шинэчлэн, хүчин чадлаа нэмэгдүүлж бүтээгдэхүүний тоог өсгөх, гадаад зах зээлээ тэлэх, оёмол бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг өсгөх, үнийн уян хатан бодлогыг баримтлан ажиллаж байгаа нь уулзсан ажилчин бүрийн яриа, үйлдвэрлэлийн бүхий л үе шат дамжлагаас мэдрэгдэж байлаа. 

Манайхан ноолуурыг хэтэрхий тансаг, нийгмийн хэсэг бүлэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн мэтээр ойлгох нь бий. “Говь”-ийн үйлдвэрийн бүх шат дамжлагыг сонирхож, тойрон аялж, ажилтай нь танилцан нэг өдөр өнжихдөө нэг ширхэг ноолууран бүтээгдэхүүн гаргахад ямар их хөрөнгө хүч, цахилгаан эрчим хүч, хөдөлмөр ордгийг ойлгосон юм. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрээс савлагдаад дэлгүүрийн лангуун дээр очихдоо өөртөө асар их үнэ цэнэ, хүндэтгэл агуулдгийг мэдэрч байлаа. Тэгтэл дэлхийд чанараараа гайхагддаг Монголын ноолууран бүтээгдэхүүн бусад орны ижил төстэй, чанар нь адил бүтээгдэхүүнээс даруй хэд дахин хямд гэдгийг сонсоод гайхах, үл итгэх зэрэгцэв. “Говь” үйлдвэрийн Монголын брэндийн цамц дунджаар 140 ам.долларын үнэтэй байгаа бол “Loro Piana” дэлхийн брэндийн цамц дунджаар 1000 ам.долларын үнэтэй. Ингэхээр бид дэлхийд гайхагдаж буй Монгол брэндийн цамцаа бусад орны иргэдээс хэд дахин хямдаар худалдан авч байгаагаа хүлээн зөвшөөрөх болох нь. 

Ийнхүү Монголын томоохон үйлдвэрлэгч, дэлхийд Монгол ноолууран бүтээгдэхүүнээр улсынхаа нэр төрийг өргөж яваа “Говь” ХК-ийн үйлдвэрт өнжсөн тэмдэглэлээ өндөрлүүлж байна. Монгол хүн бүр үндэсний энэ том үйлдвэртэйгээ танилцаж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн мал аж ахуйн гаралтай түүхий эд хэрхэн дэлхийн түвшний тансаг бүтээгдэхүүн болон гарч байгаатай танилцах боломжтой гэдгийг дуулгая.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд