ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.10.24 03:10

Дэлхийн анхны блокчэйн технологид суурилсан гар утас худалдаанд гарлаа

Тайваний HTC компани Exodus 1 нэртэй, дэлхийн анхны блокчэйн технологид суурилсан ухаалаг гар утсыг худалдаанд гаргалаа.

Тус компани шинэ бүтээгдэхүүнээ “орчин үеийн хүний хэрэгцээ, интернэтийн шинэ эринд нийцэх гар утас” гэж тодорхойлжээ. Сонирхолтой нь HTC уг гар утсаа зөвхөн биткоин, этериум крипто валютаар зарах юм. “HTC компани анхны Андроид гар утсаа үйлдвэрлээд 10 жил болж байгаа бол биткоин бий болоод бас 10 орчим жил болж байна. Exodus 1 нь крипто интернэтийн суурь элемент юм. Дижитал хөрөнгө, төвлөрсөн бус (decentralized) аппликэшнүүдыг хангалттай хэмжээнд ашиглахын тулд мобайл гол түгээгч нь болох ёстой гэж бид үзэж байна. Иймээс блокчэйн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг бид хүсэж байна” гэж HTC компанийн decentralized технологи хариуцсан дэд захирал Фил Чэн ярьжээ. Exodus 1 нь гадна талаасаа сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй гар утаснуудаас ялгарах зүйлгүй. 6 инчийн Quad HD дэлгэц, 16 мегапикселийн арын камер, Snapdragon 845 төв процессортой. Харин энэхүү гар утсанд крипто валют хадгалах зориулалттай нууц тасалгаа бий. Энэ нь Андроид үйлдлийн системтэй ямар ч хамааралгүй, тусдаа оршдог юм. Энэ оны эхээр Израйлийн стартап Сирин Лабс Finney нэртэй $1,000-ын үнэтэй гар утас гаргаж байсан нь мөн блокчэйн технологид суурилж байв. Гэхдээ HTC гар утасны томоохон үйлдвэрлэгч нараас анх удаа ийм бүтээгдэхүүн гаргаж байна.

Дээрх хоёр гар утас крипто валютын зах зээл уналтад орсон цаг үед худалдаанд гарч байгаа юм. Тиймээс блокчэйн технологитой гар утаснууд амжилт олох эсэх нь крипто зах зээлийн нөхцөл байдлаас давхар хамаарахаар байна.

Онцлох нийтлэлүүд