ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2018.07.06 03:07

​Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай

Монгол дахь Дэлхийн банкны Суурин төлөөллийн газраас Монголын эдийн засгийн талаар хийсэн судалгааныхаа тайланг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрчээ. 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.1 хувь байсан бөгөөд ийнхүү огцом өссөн нь хөрөнгө оруулалт өссөнтэй холбоотой гэж судлаачид тайлбарлалаа. Мөн ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт нэмэгдэх, төсөв болон төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарна хэмээн таамаглаж байна гэв. Хэдийгээр эдийн засгийн өсөлт эерэг үзүүлэлттэй байгаа ч гадны хүчин зүйлээс их хамаарч байгаа аж. Тухайлбал, улс төр, бүс нутгийн тогтворгүй байдал, цаг уурын эрс өөрчлөлт, байгалийн гамшиг, дэлхийн түүний эдийн үнийн өөрчлөлт зэрэг багтах аж. Үүнээс гадна хамгийн том эрсдэл нь Засгийн газраас эдийн засагт хийх хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байх, амлалтаасаа ухрах байдал хэмээн тайланд тусгажээ.

Монгол Улсын эдийн засаг дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай байдаг нь хамгийн эмзэг асуудал юм. Мөн эдийн засгийн өсөлт бүтээмжээс бус хөрөнгийн хуримтлалаас шалтгаалж байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарч байна. Үүний сөрөг нөлөө нь хөрөнгө оруулалт багасах үед эдийн засаг дагаад буурдаг. Эдийн засгийн өсөлт нь бүтээмж дээр суурилсан тохиолдолд зөв зарчмаар явдаг байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн дэвшил, хөдөлмөр эрхлэлт зэргийг нэмэгдүүлснээр бүтээмжид суурилан эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой аж.

Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн савлагаанд хэт өртөмтгий байдал нь эдийн засгийн хэт эмзэг байдлыг бий болгож байна. Уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг эзэлдэг. Нийт экспортын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Гадаад орчноос хамаарсан энэ байдлыг өөрчлөх, сайжруулах хэрэгтэйг Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жеймс Андерсон онцоллоо. Тэрбээр “Эдгээр эрсдэлийг бууруулах урт хугацааны гол арга зам нь эдийн засгаа төрөлжүүлэх явдал гэв. Хүнээ хөгжүүлэх, оновчтой дэд бүтцэд хөрөнгө оруулах, институцээ бэхжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж, солонгорсон эдийн засагтай болох хэрэгтэй” хэмээн зөвлөв.

Зэс, түүхий эдийн экспорт өсчээ

Төсвийн үндсэн тэнцэл 2016 онд ДНБ-ний 12.5 хувьтай байсан бол 2017 онд 2.1 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил төсвийн тэнцэл бага хэмжээний ашигтай гарчээ. Түүнчлэн өнгөрсөн онд төсвийн орлого ДНБ-ний таван хувьтай тэмцэх хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан нь эдийн засгийн сэргэлт, уул уурхайн салбарын орлогын өсөлтөөс хамааралтай аж.

Харин төсвийн зарлага ДНБ-ний есөн хувьтай тэнцэх хэмжээгээр буурсан байна. 2016 онд нийт зарлага 40.5 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 31 хувь болжээ. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлыг буруулсантай холбоотой юм байна. Бусад орнуудтай харьцуулахад манай улсын салбарын хөрөнгө оруулалт хэт өндөр, түүний удирдлага, менежмент сул учраас ийнхүү хөрөнгө оруулалтыг буруулсан нь дорвитой алхам болсон хэмээв.

Он гарсаар экспортын хэмжээ 14.6 хувиар өсөөд байна. Голчлон зэс, түүхий эдийн экспорт нэмэгдсэн аж. Гэсэн хэдий ч их хэмжээний Засгийн газрын өрийн эргэн төлөлт, уул уурхайн компаниудын ашгийн шилжүүлэлтээс шалтгаалан орлогын дансны алдагдал нэмэгджээ.

Шатахууны үнэ үргэлжлэн өсч болзошгүй

Эдийн засгийн сэргэлт үргэлжлэх, зарим талаараа хурдсах боломжтой хэмээн судлаачид онцлов. Уул уурхай, үйлдвэрлэл, худалдаа, тээврийн салбарт их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орохоор хүлээгдэж байна. Энэ талаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану “Гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх жилүүдэд нэмэгдэхээр байна. Үүнээс шалтгаалан ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт зургаан хувийг давах боломж бүрдэх юм. Өнгөрсөн өвөл хүндхэн болсноос үүдэн хөдөө аж ахуйн салбар алгуур өсөх хандлагатай. Харин бусад салбаруудын эдийн засаг сайжирч, үйлдвэрлэл нэмэгдэнэ. Экспорт цаашид ч энэ хэвээр өсөж, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж, төсвийн орлогын гүйцэтгэлийг нэмэгдүүлж, алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн тайлбарлалаа.

Хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсч болзошгүй байгаа юм байна. Энэ нь инцляцийг цаашид алгуур өсөх шалтгаан болох аж. Үүнээс улбаалан Төвбанкны инфляцыг найман хувьд барих дунд хугацааны бодлогод хүндрэл үүсч болзошгүйг анхаарууллаа. Мөн хувийн хэрэглээ дунд хугацаанд үргэлжлэн өсөхөөр байгааг дурдлаа. Иймд Төвбанкнаас инфляцыг хянахын тулд мөнгөний бодлогоо алгуур чангатгаж, анхаарч ажиллахыг сануулж байв.

Улсын хөрөнгө оруулалтын үр өгөөж сул байна

Хувийн болон улсын хөрөнгө оруулалтын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 37.3 хувьтай тэнцэж байна. Энэ нь Азийн улс орнуудаас хоёрдугаарт орох үзүүлэлт юм. Гэтэл хөрөнгө оруулалтын үр ашгаараа 10 дугаар байранд бичигдэж байна. Судалгаанаас үзэхэд 2015 хүртэл хөрөнгө оруулалт хурдтай өссөн бөгөөд энэ нь төсвийн өндөр алдагдал, өрийн өсөлтийг бий болгожээ. Ийнхүү хөрөнгө оруулалтын үр ашиг сул байгааг бодлогын оновчгүй байдал, төрийн байгууллагын шийдвэрүүд хоорондоо уялдаагүй, нэгдмэл биш, төслийн сонгон шалгаруулалт хийх нарийн удирдамж, зохицуулалт муу байдгаас хамааралтай хэмээн судлаачид тайлбарлав. Түүнчлэн төслийн сонгон шалгаруулалт муу байгаа нь батлагдсан төсвийн хэрэгжилтийг сулруулдаг байна. Төслийн хэрэгжилтийн хугацаа хоцордог, явцын дунд зардлаа нэмдэг, засвар арчилгаанд хөрөнгө бага хуваарилдаг байдал нь үр ашигт сөргөөр нөлөөлдөг. Дууссан хөрөнгө оруулалтын чанар хурдан мууддаг сул талуудыг судлаачид дурдаж байлаа.

Э.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд