ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.02.07 11:02

Дэлхийн хамгийн хүчирхэг "Falcon Heavy" пуужин амжилттай хөөрлөө

falcon heavy зурган илэрцүүд


Өнгөрсөн шөнө Falcon Heavy нэртэй, 70 метр урттай, гурван хурдасгууртай пуужин NASA-гийн Флорида дахь Кеннедийн нэрэмжит Сансар Судлалын төвөөс хөөрлөө. Зохион бүтээгчид нь “Falcon Heavy”-ийн талаар “Одоог хүртэл хөөрсөн бүх пуужингуудаас хамгийн том, хүчирхэг нь” хэмээн хэлсэн юм. Түүний зорчигч нь SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн 2008 оны Tesla Roadster автомашин, түүний жолооны ард суулгасан “Starman” хэмээх нэртэй хиймэл хүн ажээ.

Хүчтэй салхины улмаас хоёр удаа хойшилсны эцэст Улаанбаатарын цагаар үүрийн 04:45 цагт пуужинг хөөргөсөн байна. Маскийн автомашин агаар мандлаас гарах үедээ Дэвид Боуигийн “Space Oddity” дууг хөгжим дээрээ тоглуулж байгаа гэнэ.

Анх энэ төлөвлөгөөг 2011 онд зарлаж байхдаа Маск “Энэ бол дэлхийн хамгийн том пуужин болох юм” хэмээн хэвлэлд ярьж байв. Пуужинг агаар мандлаас гаргасны дараа түүний хоёр хажуугийн хурдасгуур нь салж, буцан эх дэлхийд газардах ёстой.

Энэ ажиллагаа амжилттай болж, хоёр хурдасгуур Канавералын хошууны агаарын бааз дахь хоёр тавцан дээр эсэн мэнд газарджээ. Харин пуужингийн голд бэхлэгдсэн гурав дахь хурдасгуур тэдгээрийн дараа эх биенээс салж, Атлантын далайд хөвж байгаа тавцан дээр газардах байсан ч эргэж ирээгүй байна.

Ингэснээр SpaceX компани нийтдээ 23 хурдасгуурыг амжилттай газардуулж, сансарт пуужин хөөргөх зардлыг бууруулж байгаа юм. Одоо Falcon Heavy пуужин нь Тесла автомашиныг Дэлхий-Ангарагийг тойрсон зууван хэлбэртэй тойрог замд хүргэнэ. “Бидний тооцооллоор энэ тойрог замд машин маань хэдэн зуун сая жил, магадгүй тэрбум жил аялсаар байх болно” хэмээн Маск тайлбарлажээ.

Илон Маск өчигдөр энэхүү аялалын төлөвлөгөөг харуулсан зураглалыг твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

Пуужин хөөрөх явцыг шууд дамжуулсан бичлэг:


Онцлох нийтлэлүүд