ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.11.12 03:11

Дэлхийн шинэ рекорд: 24 цагт 25 тэрбум ам.доллар

Дэлхийн шинэ рекорд: 24 цагт 25 тэрбум ам.долларДэлхийн бас нэгэн дээд амжилт эвдэгдлээ. Хятадын цахим худалдааны тэргүүлэгч Alibaba 24 цагийн хугацаанд 25.4 тэрбум ам.доллар худалдаа хийсэн байна.

Хятадад жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд тэмдэглэдэг Ганц бие залуусын өдрөөр цахим худалдаа дээд хязгаартаа хүрдэг аж. Энэ жилийн хувьд түүхэн рекорд эвджээ. Бямба гаригийн худалдаа эхлээд 13 цаг өнгөрөхөд 18 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдэж, өнгөрсөн жилийн 17.8 тэрбум ам.долларын рекордыг эвдсэн байв.

Өмнөх өдөр Alibaba мэдэгдэл хийхдээ худалдан авагчид эхний хоёр минутад л нэг тэрбум ам.долларын худалдаа хийх төлөвтэй байгаа гэсэн юм.

Шанхайн цагаар шөнө дунд болоход Alibaba цахим сүлжээгээр хийгдсэн онлайн худалдааны нийт дүн 25,386,927,848 ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн жилийн рекорд амжилтаас 40 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
Ганц бие залуусын өдрийн хямдралтай худалдаа эхэлснээс хойш 12 минут 18 секундын дараа анхны хүргэлт хийгджээ. Шанхайд амьдардаг Лью овогт Tmall их дэлгүүрээс жигнэмэг, амттан захиалсан захиалгыг ойролцоох салбараас тэр даруйд нь хүргэсэн аж.

Оройн 18.49 цаг болоход Alibaba сүлжээгээр нийт 675 сая ширхэг захиалга хийгдсэн байжээ. Ийм тооны захиалга 2016 онд 24 цагийн хугацаанд хийгдэж байсан аж.

Хятадууд нэгийн тоог дан, ганц бие гэх утгаар тул арваннэгдүгээр сарын 11-нийг Ганц бие залуусын өдөр гэж тэмдэглэдэг. Харин Alibaba 2009 оноос эхлэн энэ өдрийг онцгой хямдралын өдөр болгон зарлажээ.

Онцлох нийтлэлүүд