ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.20 03:05

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо өчигдөр эхэллээ.

Гишүүн 194 улсын төлөөлөгч нараас гадна НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, олон улсын төрийн бус байгууллагууд болон ажиглагчдаас бүрдсэн 3000 гаруй төлөөлөгчид энэ удаагийн ассамблейд оролцож байгаа ажээ. Энэ жилийн хувьд нэгдсэн чуулганы хэлэлцүүлэг “Уур амьсгал ба эрүүл мэнд” гэсэн үндсэн сэдэвтэй байх бөгөөд улс орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар эл сэдвээр үг хэлэх аж.

 Ассамблей дэгийн дагуу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгосноор эхэлсэн байна. Энэ жилийн 67 дугаар ассамблейн Ерөнхийлөгчөөр Кубын Нийгмийн эрүүл мэндийн сайд Др.Роберто Моралес Охедаг сонгосон бол үлдсэн таван бүсийн төлөөлөл болох Фижи, Бахрейн, Литви, Конго, Шри Ланка улсаас тус тус Дэд ерөнхийлөгч нарыг сонгосон байна. Харин ассамблейн А хорооны даргаар Австрали улс, Б хорооны даргаар Уганда улсын төлөөлөгч сонгогджээ.

 Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблей тавдугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх ба дээрх чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Др. Н.Удвал, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр нар оролцож байна.

Онцлох нийтлэлүүд