ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.02.12 01:02

Дэлхий нийтийн анхааралд өртөөд буй Хойд Солонгосын урлагийн баг нутаг буцлаа

Image result for north korea olimp stadion concert

“Пёнчан 2018” өвлийн олимпын наадмын үеэр хоёр удаа тоглолт хийсэн Хойд Солонгос урлагийн баг өнөөдөр нутаг буцлаа. Сөүлд ирсэн цагаасаа олны анхааралд байсан урлагийн баг, төрийн өндөр албан тушаалтнуудын хамт буцжээ. Хойд Солонгосын урлагийн багийн сүүлийн тоглолт өчигдөр Сөүл хотод болсон бөгөөд тоглолтыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үзэж сонирхсон байна. Уг тоглолт хоёр удаа болоход 2000 гаруй хүн үзэж сонирхжээ. Үзэх иргэдийг сугалаагаар тодруулсан байна. Гэхдээ тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөөгүй аж. Гэхдээ тус тоглолтын үеэр төрсөн нутаг, гэр бүлээ дурсан санах тухай дууг дуулсныг өмнөдийн хэвлэлүүд онцлон бичиж байна. Мөн тоглолтын үеэр Өмнөд Солонгосын нийтийн дуунаас ч дуулжээ.

Өмнөд Солонгост байх хугацаандаа урлагийн багийнхан өндөр зохион байгуулалт дор байсан бөгөөд багийн ахлагч Хён Сун Вол ч олны анхааралд байлаа. Гэхдээ тэд хэнд ч ярилцлага өгөөгүй.

Өвлийн олимпын наадмын үеэр дахин дэлхий нийтийн анхааралд өртөж буй Хойд Солонгосын тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн баг Пёнчанд үлдсэн. Ирэх өдрүүдэд тэднийг тойрсон мэдээлэл олон удаа гарах нь дамжиггүй.

Онцлох нийтлэлүүд