Гадаад
2021.01.14 05:01

ДЭМБ-ын шинжээчид Уханьд иржээ

Ухань хотод МОНГОЛ ЭМЧ нарын баг ажиллахаар болжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн, шинжээчдийн баг Хятадын Ухань хотод ирсэн тухай мэдээллээ. Тэд "Ковид-19" цар тахлын үүсэл гарлыг судлахаар удаан хугацаанд хүлээсэн юм.

Олон улсын эрдэмтдийг Уханьд ажиллуулах зөвшөөрөл авахын тулд ДЭМБ Бээжинтэй олон сарын турш хэлэлцээр хийсний эцэст энэ сард ажлаа эхлүүлэхээр болсон. Гэсэн хэдий ч эрдэмтдийн багийн түрүүлж замдаа гарсан хоёр судлаачийг Хятадын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Үүнийг тайлбарлахдаа Хятадын тал үл ойлголцол гарсан гэжээ. 10 эрдэмтнээс бүрдсэн баг судалгааны хүрээлэнгүүд, эмнэлгүүд, далайн амьтны захад байсан хүмүүсээс ярилцлага авч мэдээлэл цуглуулна. Уханьд коронавирусийн халдвар намжиж, иргэд хэвийн амьдралдаа эргэж орсон ч Хятадын хойд нутгаар халдварын тархалт дахин нэмэгдээд байгаа юм.

Эрдэмтдийн баг ажлаа эхлүүлэхийн өмнө хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлагдах ажээ. ДЭМБ-ын цар тахлын тархалт, хариу арга хэмжээ хариуцсан салбарын тэргүүн профессор Дэль Фишер дэлхий дахин энэ удаагийн үүрэг даалгавар, аяллыг сайтар ажиглана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ бол улс төрийн шалтгаантай, аль эсвэл хэн нэгнийг буруутгах гэсэн оролдлого биш ба зөвхөн шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг мэдэгдсэн байна.

Онцлох нийтлэлүүд