ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.03.24 12:03

Дэндэвийн Мижиддорж: Буур Жамъян аварга чинь манай Мөрөнгийн хүн юм

“Эх орон сумаас эхэлнэ” буландаа ахмад багш Дэндэвийн Мижиддоржтой хөөрөлдсөнөө хүргэе.


-Бид хоёр Архангай аймгийн Мөрөн сум одоогийн Тариат сумын Мөрөн багийн тухай ярих юм. Та тэр нутгийн унаган хүн. Мөрөнгөөс алдарт Минжүүр баатраас аваад дөрвөн хөдөлмөрийн баатар, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Чадраа тэргүүтэй эрдэмтэн мэргэд, ардын зураач Цүлтэм гуайгаас аваад урлаг соёлын зүтгэлтнүүд төржээ. Бүгд л Мөрөн сумаараа дуудуулж, цоллуулж явж ирсэн байна?

-Үнэндээ тийм юм аа. Улс орны бүхий л салбарт тэргүүлэгч болсон хүмүүс манай нутгаас төрсөн байдаг. Эхлээд сумынхаа үүх түүхээс сөхье л дээ. 1923 оны эхээр аймаг хошуудын нэрийг өөрчлөхөд манай хошууг Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань Өлзийт далайн хошуу гэж нэрийджээ. Хорин есөн оны сүүлчээс тус хошууны сумдыг нэгтгэснээр 10 сумтай болоход Хангал, Бүргэдэй, Алтаад сум нэгдэж, бас Гуа сумаас нэлээд нутаг айл өрхийг оруулж Мөрөн сум болсон түүхтэй. Суман, Чулуут хоёр их гол нийлдэг бэлчир хөндийг хамарсныг нь бодож, мөн дээд Бөөрөлжүүтийн голд цутгадаг Мөрөн хэмээх жижиг горхиныхоо нэрээр сумаа нэрлэжээ. 1931 оны хоёрдугаар сард Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол батлагдсан байдаг. Үндсэндээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарилалтаар манайх Архангай аймгийн Мөрөн сум болсон. 1950 онд “Ялалт” нэгдэл байгуулагдаж сум орон минь улам бэхжиж тэлсэн. Харин жаран нэгэн онд засаг захиргааны хуваарийг дахин шинэчлэхэд манай сумыг Тариат сумтай нэгтгэх шийдвэр гарсан. Ингэж Тариат одоогийн Хорго хэмээх газар шинээр байгуулагдаж Мөрөн сумыг Тариатын Мөрөн баг (бригад) хэмээн нэрлэх болсон. Манай сум далайн түвшнээс дээш 2000 метр, Тарвагатайн нурууны өвөр бэл Чулуут, Сумын голын бэлчир хөндийгөөр оршдог. Урд талаараа Өндөр-Улаан, баруун талаараа Тариат, хойд талаараа Хөвсгөл аймгийн Галт, зүүн талаараа Жаргалант сумтай нийлдэг. Чулуут голын урд талын Дэлгэр булаг, Хүрэм, Чулуут, Суман голын хоорондох арал, Суман голын хойд талын Бөөрөлжүүт, Усан зүйл, Тарвагатайн нурууны ар талын Хөнжил, түүний өвөр талын Их Жаргалант, Баянжаргалант, Алайр, Алтаад голын хөндий, тэдгээр голын эх авсан өндөр булуунуудын сав нутаг хамаардаг. Өвөлдөө 50 гаруй хэм хүртэл хүйтэрч, зундаа 30 гаруй хэм дулаарч эрс тэс уур амьсгалд оршино. Долдугаар сард өндөр уулын оройгоор цас хаях ч энүүхэнд. Цагаан хадны булуу, Аралын залаа уул, Хутаг уул, Өнчин хярын далын овоо, Алтаадын эхний Байшинтын булуу гээд өндөр уулстай. Далын овооны зүүн урд руу Сэнжин цохио, Улаан хад, Нартын цохио гээд үргэлжилнэ. Алайрын адгаас дээш Жимгэр, Чойдгийн боргио, Цохит, Дүүжинт, Цагаан сахалтын булан, Хорхойт хөвөө, Хавцгайн шазуур, Хуунайн шанаа, Хөх хүзүүвч гээд сонин содон нэртэй газрууд бий. Суман голын хадны зураг, Алайрын голын адгийн хадны зураг, Өвчүү толгойн болон Цагаан асгатын тохойн хадны зураг гээд түүх соёлын дурсгалуудыг хэлж болно.

Мижиддорж Буур Жамъяан аваргын хамт

-Тариаттай нийлэх үед танай сумыг Минжүүр баатар удирдаж байсан гэдэг?

-Ринченгийн Минжүүр баатар манай Алайрын Тооройтод төрсөн хүн л дээ. Өнчин өрөөсөн өссөн юм гэдэг. Өндөр-Улаан болон өөрийнхөө Мөрөн суманд намын үүрийн даргаар ажилласан. Дөчин таван оноос Дотоод яаманд дуудагдан очиж 10 ажил алба хашаад 1955 онд сумынхаа “Ялалт” нэгдлийн даргаар ирж ажилласан. Энэ хүний тухай Польшийн сэтгүүлч Ж.Зиелински тавин найман онд “Зургаан мэргэдийн орноор” номондоо, мөн Японы профессор Коногаяа, Монголын сэтгүүлч И.Лхагвасүрэн нар “XX зууны монголчууд” бүтээлдээ дэлгэрэнгүй оруулсан байдаг. Манайхан бол баатрыгаа сайнтай муутай нь л ярина. Мөрөн сумаа Тариаттай нэгтгэсэнд хүмүүс дургүй байдаг. Сумаа үгүй хийсэн хүн дээ гэх яриа цухалзах нь бий. Ачир дээрээ Минжүүр гуай сумаа тараачихсан ч юм биш л дээ. Жижиг сумуудыг нэгтгэх нам засгийн шийдвэрийг хэн ч гэсэн дагаж таарна байх.Мөрөнгөөс хөдөлмөрийн баатар дөрөв төрсөн. Минжүүр гуай хөдөө аж ахуйн хөдөлмөрийн баатар, Дулмаа гээд оёдолчин аж үйлдвэрийн баатар, Дэнсмаа гээд тахиачин баатар, мөн Эрдэнэтийн уурхайгаас төрсөн Бямбаа баатар байна. Очирын Анж хорин нэгэн онд цэрэгт татагдан Улиастайд Хатанбаатар Магсаржавын цэрэгт байж Ховдод“мэргэн бууч” хэмээн цоллуулж явсан, Улаангомыг чөлөөлөхөд онцгой гавьяа байгуулсан хүн. Тэгвэл Баатарын Лхамсүрэн 1936 онд цэрэгт татагдан Халх голд очиж, дивизийн номын багшаар ажиллаж байгаад Халх голын дайнд оролцсон. Хөдөлмөрийн баатарт гурван удаа, Улсын баатарт хоёр удаа тодорхойлогдож явсан гавьяатнуудыг хэлэх нь зүйтэй. Энэ дашрамд дуулгахад Минжүүр баатар, Балчинжав гуай, Буур Жамъян аварга гурав чинь нэг дорын хүмүүс. Алайрын голын адгаас дээхнэ зүүн талд байх Тооройтын өвөлжөөнд төрсөн хүмүүс юм.

-Танайхаас чинь Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдорж гуай гээд улс төрд өндөр алба хашиж явсан хүмүүс бий дээ?

-Их хурлын гишүүд гэвэл мэдээж Ч.Пүрэвдорж Шадар сайд, мөн Баатарын Чадраа нар. Пүрэвдорж гуай чинь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, хуучин Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд байсан. Худалдааны яамны орлогч сайдаар Дулдаарайн Нямравдан, Тээврийн яамны орлогч сайдаар Төмөрийн Балжир, Батлан хамгаалах яамны орлогч сайдаар хошууч генерал Гомбын Баасанжав, Ардын хянан шалгах хорооны орлогч дарга бөгөөд төрийн сайдаар Өлзийхутагийн Ганхуяг, Тээвэр холбооны яамны сайдаар Бат-Очирын Гомбосүрэн, Эдийн засаг гадаад харилцааны яамны сайдаар Надмидын Бавуу нар байна. Т.Ганди, Ө.Энхтүвшин нар манай суманд хамаардаг юм. Учир нь Т.Гандигийн дээд өвөг нь Овоотын Баяр харцага гэж байсан. Түүний ач Зандраагийн Төгсжаргал нь Гандигийн аав юм. Ө.Энхтүвшингийн нагац аав ходго Жамъян нь нягтлан бодогч мэргэжилтэй, яаж ч хурдан хэлсэн тоог ямар ч алдаагүйгээр сампингаар боддог хүн байжээ. Хөвсгөл аймагт алба хааж байсан бөгөөд охин Цэрэнбамуу нь Хөвсгөл аймгийн Энхтүвшинтэй сууж хүү төрүүлсэн одоогийн Шадар сайд Энхтүвшин юм билээ. ХАА-н банкны захирлаар ажиллаж байсан гавьяат Ч.Чулуунбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Маньбадрахын Ганболд байна.

“Ялалт” кино театр, “Говь” комбинатыг хариуцаж барьсан гавьяат барилгачин Чимидийн Мягмар, Дулааны II цахилгаан станцын даргаар ажиллаж байсан П.Цэрэннадмид, дулааны III цахилгаан станцын даргаар ажиллаж байсан Н.Мягмарсүрэн, Бямбаабаатартайгаа адил Эрдэнэт үйлдвэрээс төрсөн гавьяат эдийн засагч Г.Галбаатар байна.

-Монголын шинжлэх ухааны аваргууд мөн л танай сумаас төрсөн байдаг даа?

-Чулуут, Суман голын эртний зургуудаас үзэхэд эрт дээр үеэс од эрхсийг судалж байсан нь мэдэгддэг. Монгол оронд орчин үеийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэхэд Мөрөнгийнхөн онцгой гавьяа байгуулсан. Эх орныхоо эрдэс баялгийг нээн илрүүлж ашиглахад алтны хайгуулч Баатарын Лхасүрэн, Зандраагийн Төгсжаргалаас эхлээд Лхачингийн Өсөхбаяр, Гончигжав, Пүрэвдорж зэрэг олон хүн өөрсдийн хувь нэмрийг оруулжээ. Байгалийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд цөмийн физикч Баатарын Чадраа, физикч Данзангомбын Доржготов, геофизикч Т.Улаанбаатар, математикч Б.Нэргүй, химич Ч.Жавзан, биологич Н.Сонинхишиг нарын олон эрдэмтдийг нэрлэж болно. Эдийн засгийн шинжлэх ухааны хөгжилд Ч.Жүгдэрнамжил, Н.Сонинтамир, барилга хот байгуулалтын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Дарьхийхүүгийн Очирбат нарын салбар бүрийн манлал болсон эрдэмтдийг нэрлэж барахгүй.Хөдөө аж ахуйн нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Балжирын Минжигдоржийг ард түмэн сайн мэднэ. “Монгол хонины махны ашиг шим, хувьсах зүй тогтол” сэдвээр тэртээ далан гурван онд Москвад дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бол 1996 онд Улаанбаатарт “Монгол хонины махны ашиг шимийг дээшлүүлэх онол, арга зүйн үндэслэл” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Ардын зураач Ням-Осорын Цүлтэм гуай Мөрөнгийн хүн байх шүү?

-Тэгэлгүй яахав. Хорин гурван онд Хүрэмийн бага хавчигт төрсөн түүхтэй. Монголын урчуудын хорооны даргын албыг 33 жил хашсан энэ хүн Монголын дүрслэх урлагийн ноён оргилуудын нэг байсан.“Монгол зураг”, “Монголын гоёл чимэглэлийн урлаг”, “Монголын уран баримал”, “Монголын уран барилга”, “Монголын урлагийн түүх” зэрэг бүтээлээ дэлхийн олон оронд хэвлүүлсэн. “Талын айл”, “Намуун орой”, “Мартагдашгүй уулзалт”, “Ардын жүжигчин Цагааны Цэгмид”, “Чингис хаан”, “Мандухай цэцэн хатан” тэргүүт бүтээлээрээ төрийн шагнал, хөдөлмөрийн баатар цол хүртсэн эрхэм хүн. Хүүхдүүд нь Мөнхжин, Энхжин гээд мөн л төрийн шагналт, гавьяат зураачид гэдгийг манайхан сайн мэднэ. “Ар хөвчийн унага”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн барьяа”-г дуулсан Сундуйн Сүглэгмаа гэж ардын дууны гавьяат бий. Манай Алтаадад төрсөн. “Тоншуул” сэтгүүлийн нэрийн хуудас болсон яруу найрагч, сэтгүүлч Жамцын Шагдар мөн манай Мөрөнгийн хүн. “Инээдмийн дугараа”, “Тайгын хүний тууж”, “Хунгийн жигүүр”, “Уулсын цаана уулс” шилдэг бүтээлүүд туурвисан, “Галзуурсан бумба” зохиолоороо “Алтан тоншуул”-ын эзэн болсон. Монгол телевиз, Монголын радиогийн даргаар ажиллаж байсан эрхэм сэтгүүлч, зохиолч Магсарын Чойжил байна. “Дулаан энгэр”, “Нуурын өглөө”, “Сэнжин цохио” гээд номууд уншихад урамтай. “Учрах тавилан” романаас аваад олон шилдэг бүтээл туурвисан. За тэгээд Чадраабалын Балчинжав гэж сайхан хүнийг зүй ёсоор нэрлэж таарна. Аавыг нь “толь” Чадраабал гэдэг. Толь шиг гялалзсан цэвэр цэмцгэр сайхан хүн байсан гэдэг. Шанаган хуур дардаг авьяастай хүн байж. Чойжил ах, Балчинжав гуай энэ хэд чинь Мөрөн сумын бага сургуулийн анхны сурагчид. Яруу найраг, орчуулгын олон бүтээл туурвисан Монголын соёлын нэрт зүтгэлтэн байлаа. “Буурал тэнгис” шүлгийн номыг нь Бэгзийн Явуухулан гуай редакторлож байсан юм билээ. Зөвлөлтийн шилдэг зохиолчдын бүтээлүүдийг эх хэлнээ орчуулсныг нь Мишигийн Цэдэндорж гуайгаас олон хүн үнэлсэн байдаг. Балчинжав гуай бол хөгжмийн зохиолч, Монголын рок попын нэрт төлөөлөгч Долгионы аав шүү дээ. Дүү нь Ангирмаа гэдгийг ч хүмүүс мэднэ.“Сэлүүн орчлонгийн сиймхий” роман, “Еэ еэ, шар Будаа” хүүхдийн киногоороо алдартай Батын Лхагвасүрэн гээд Мөрөнгийн олон зохиолч, оюуны мастеруудыг нэрлэх байна. Дашчойлин хийдийн тэргүүн хамба, соёлын гавьяат зүтгэлтэн Чойжилжавын Дамбажав манай Алтаадын унаган хүүхэд гээд бодохгүй юу.

-Та дээр яриан дундаа нэг үг хэлчих нь билээ. Буур аварга чинь манай Мөрөнгийн Тооройтын өвөлжөөнд төрсөн хүн гээд. Миний бие хоёр жилийн өмнө Өсөхөө аваргын аав Гэлэгжамц гуайтай Буур аваргын нутаг Цахир, Тариатаар явсан. Цахирын Доод Тарантын өвөлжөө буюу Буур аваргын төрсөн бууцанд очсон?

-Тийм ээ, тэрхүү цуврал тэмдэглэлийг “Өдрийн сонин”-оос уншсан. Их сайхан тэмдэглэл болсон. Гэлэгжамц гуай Буур аваргыг Цахирын хүн гэдэг. Яг үнэндээ бол манай Мөрөнгийн хүн юм шүү дээ. Буур аваргын барилдаж эхэлсэн үеийн бөхийн оноо дансанд “Цэцэрлэг мандал аймгийн Чандмань өлзийт далайн хошууны Үйзэн тайжийн багийн Жамъян” гэж маш тодорхой бичсэн байдаг. Хожим нь Архангайн Тариат гэж бичсэн байдаг. Үйзэн тайжийн багш нь одоогийн Тариат сумын Мөрөн багийн төвөөс зүүн тийших нутаг.Тооройтын өвөлжөөнд Жамъян аваргаас гадна түүнтэй ойролцоо төрсөн, багадаа тоглож өссөн Хайнзангийн Чадраа, Батын Данзангомбо, Даваагийн Дэндэв, Зэвэг, Готовын Ономраш, Өлзий, Дуламсүрэн зэрэг олон хүн байсан. Манайх 1952-1955 онд Тооройтын өвөлжөөний доохно орших Хатагины өвөлжөөнд өвөлжиж байсан. Миний эгч Ралжигмааг амаржихад Балган гуайн эмгэн Бадамгарав гуай хүүг нь эх барьж авсан. Тэгэхэд түүний олон хүүхэд эх барьж авсан тухай яриа болоход тэрээр “Би яах вэ? Дээд өвөлжөөний Найжиг тэр өвөлжөөнд төрсөн бараг бүх хүүхдийг эх барьж авсан даа. Анх 19 настайдаа Долгор эмээтэйгээ Готов гуайн эхнэр, Нацаг гуайн эхнэр хоёр ойролцоо амаржих үед эх барьж авсан. Энэ Хумбага намайг авсан ээж гээд л сүйд болдог юм. Харин Нацаг гуайнх дээшээ нүүгээд явчихсан. Миний авсан хүү том бөх болсон гэнэ билээ” гэж ярьдаг юм гэсэн билээ. Тооройтын өвөлжөөнд тэр үед Ишнямбуу, Норов гэдэг хоёр хөгшин байсан. Тэднийг Нангуу, Найжиг гэж нэрлэдэг байсан. Готовын Ономраш гуайг нутгийнхан нь Хумбага гэдэг байлаа. Энэ ярианаас үзэхэд Ономраш, Жамъян гуай хоёр ойролцоо үед төрсөн нас чацуу хүмүүс байсан бололтой. Аваргатай нэг өвөлжөөнд төрсөн Балчинжав гуай “Буурал тэнгис” гэдэг номынхоо “Буур Жамъян” гэсэн бичиглэлдээ “Хар нялх байхаасаа хамт тоглож өссөн найз жаал Чадраа нь насыг нь тоолон хаядаг байж” гэж бичсэн байдаг. Тэр Хайнзангийн Чадраа нь хожим Мөрөн сумын захиргааны нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байсан билээ. Тэр хавийн нутгийн хүмүүс, тэр дундаа Тариатын хүрээнд Жамъяан аваргатай хамт сууж байсан хүмүүс түүнийг 1900 оны хулгана жил Тооройтын өвөлжөөнд төрж 12 нас хүртлээ тэнд нутаглаж байгаад Тариатын хүрээнд очиж шавилан суусан гэж батлан ярьдаг. Минжүүр баатрын бас нэгэн дурдатгалд бүр тодорхой бий.

-Түүнээ тодруулахгүй юу?

-“Н.Жамъян: Аавынхаа нутгаар ороод явъя даа л гэж бодсон юм” гэсэн дурдатгалдаа Минжүүр гуай“ Уг нь Буур аваргын гарал үүсэл, удам судар нь Архангай аймгийн Мөрөн сумын нутагт Алайр Тооройт гэдэг уултай, устай үзэсгэлэнт сайхан жалга байсан бөгөөд бөх болгосон анхных нь багш нэг нутгийн Дамбий аварга байсан юм билээ. Босоо хэмээн нэрд гарсан Дамбий аварга ”Тооройтын өндөр Нацаг зааны хүү Жамъян л бөх болох хүүхэд” гээд бүр бага залуугаас нь барилдах арга мэх, ухаан зааж Далай чойнхор вангийн хошуунд бөхийн сургууль төвлөрөхөд тэнд дагуулан очиж бөхийн эрдэмд сургаж байсан нь бас учиртай. Миний хувьд бол нутаг ус, удам судраа хөөвөл цаанадаж төрөл садан, наанадаж өвөлжөө өтөг нэгтэй бөгөөд өөрөөс нь 15 насаар дүү, залуу зандан үедээ ах дүүсэн, нутгархаж сүүлдээ нас хөгшрөөд хээ шаагүй хөөрөлдөн хамтдаа идэж ууж, наргих даргих явдал зөндөө л болсон юм. Мөрөн сумын “Ялалт” нэгдлийн ойд ирж оролцоход нь “Уг нь би аавынхаа нутаг Алайраар нэг ороод явъя даа л гэж бодсон юм шүү дээ” хэмээн бүр үнэн сэтгэлээсээ учирлан ярихад нь наадамчин олон үе тэнгийнхэн нь ... аавын чинь нутаг Алайр Тооройтоор цөмөөрөө орно гэж... Тэгээд бид маргааш нь Алайрт очиж аваргын аав өндөр Нацаг заан, тэр үеийнх нь төрөл садных нь өвөлжөө өтөг байдаг Тооройтоор орж, Тооройтын өндөр дэнж дээр Алайрынхан, тэр хавийнхан ямар ч урилга зарлалгүйгээр цугларан ёстой нэг сайхан найр болж билээ” гэж дурссан.

-Буур аваргын тухайд ийм байдаг байж. Би бол Цахирын хүн л гэж бодоод байгаа. Ингэхэд сум тарах үеийн процессыг яриач?

-Тариатын арван жилийн сургуулийн наймдугаар ангид байсан үе. Жаран оны өвөл сум татагдан буугдах болсон гэнэ. Тариатын төвийг Хорго дээр буулгах болсон гэнэ гэх яриа гарлаа. Тариатын төв хуучин Сүүл толгой гэдэг газар байсан. Сүүл толгой цэвдэгтэй. Өвөл айлын голомтноос ус оргилоод гараад ирнэ. Өглөө босоход нь шагайгаар татсан ус байж байна. Орчин тойрон хөлдчихөөр ганц халуун нь айлын голомт байхгүй юу.Ингээд тарвага, зурам ихтэй хоосон зэлүүд газар Тариатын шинэ төв боссон. Сургуулийн хоёр давхар байшинг хятад барилгачид бариад, улаан булан зэргийг нутгийн ардууд нь бариад л ажил өрнөсөн.Мөрөнгийнхөө төвийг сахиж үлдсэн хүмүүс бий. Чойжилжав гэж Мөрөн багийн дарга. Тэр хүний ач охин Батмөнх Тариатын дарга болж байсан, Сумъяабаатар гэж нэг хүү нь улсын аварга малчин. Одоо ч нутагтаа байгаа.

-Таны хувьд бүхий л насаараа багшийн хөдөлмөр эрхэлсэн. Олон ч мундаг шавь нар төрүүлсэн дээ?

-Би гэдэг хүн Мөрөн сумын Сугын өвөлжөө гэдэг газар 1946 онд төрсөн. Манай ээж Чадраа ахын хамгийн том эгч. Манайхныг Торлигийнхон гэдэг. Торлиг Жамбал гэж хүний үр сад. Торлиг гэж хүний бага хүү нь Баатар. Чадраа академичийн аав. Сүхийн том хүү нь Жамъян гэж миний нагац.Миний бие Мөрөн сумынхаа бага сургууль, Өндөр-Улаан суманд дунд сургууль, тэгээд Тариатын арван жилийг төгссөн. Ингээд Монгол Улсын их сургуулийн химийн ангид таван жил суралцсан. Төгсөөд сумынхаа сургуульд очиж ажилласан. Тариат, Өгийнуур, Хайрхан, Эрдэнэмандал сумдад багшилсан. Б.Адъяасүрэн Их сургуульд багшилж байсан химийн ухааны доктор, Хүрэлтогоо ХААИС-ийн химийн багш, О.Чимэдцэрэн Анагаахын сургуулийн Нийгмийн эрүүл ахуйн сургуулийн захирал байсан хүн. МУБИС-ийн багш Д.Оюунбилэг гээд мэргэжлийг минь залгамжилж авсан эрдэмтэд байна. Дөрвөн том сургуульд нэг нэг шавь минь байгаад бахархдаг. Хичээл зааж байсан гэвэл Их хурлын дарга асан Р.Гончигдорж, Монгол төрийн түшээ, сайд Ц.Адъяасүрэн, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ядамсүрэн, МУБИС-ийн захирал байсан Жадамбаа гээд том том эрдэмтэд байна.


Онцлох нийтлэлүүд