ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.22 10:05

Дээрээс үүрэг өгсөн гэж хууль зөрчдөг явдал ШШГЕГ, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудад бий

УИХ дахь Хүний эрхийн дэд хороо болон Хүний эрхийн үндэсний комиссын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж, нийслэлийн Прокурорын орлогч дарга Ц.Батболд, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар оролцсон. Хамтарсан хуралдаанаар цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсч УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.  

Асуудалтай холбогдуулан ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж танилцуулга хийв. Тэрээр “Хорих байгууллагын эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдал батлагдсан орон тоогоор 59 эмч, эмнэлгийн ажилтан, 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор зургаан эмчийн орон тоо сул байгаа. Эмнэлгийн байр нь 1956 онд сүрьеэгийн эмнэлгийн зориулалттайгаар баригдсан бөгөөд олон жилийн ашиглалтаас үүдэн шаардлага хангахаа байсан гэх хэд хэдэн удаагийн дүгнэлттэй байгаа. Тус газар нь 2013 онд 14064 ялтанд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол 2014 оны эхний тавдугаар сарын байдлаар 20 орчим мянган ялтанд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийн, эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Мөн нийт ялтнуудын 70 орчим хувь нь архаг, суурь өвчтэй гэсэн оноштой байгаа бол хоёр мянга гаруй ялтан хэвтэн эмчлүүлж чадахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар шинжээч эмчийн дүгнэлт хүлээгдэх хугацаанд нас барсан гурав, ялаас чөлөөлөгдсөнөөс хойш өвчний улмаас нас барсан тохиолдлууд бий. Яг өнөөдрийн байдлаар хорих ангиудад 1308 ялтан эмчийн байнгын хяналтад байгаагаас 653 нь архаг болон суурь өвчтэй байгаагийн 200 орчим хоригдогчийг аймаг, орон нутгийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай байгаа. Эмч ажилчдын хувьд эмнэлгийн багаж хэрэгсэл дутмаг, хүнд орчинд ажилладаг, жирийн эмнэлгээс цалин бага авдаг гэсэн шалтгаанаар ажиллах дургүй байдаг. Тэрчлэн 2013 онд 13 эмч ийм шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Түүнчлэн ялтан нас барсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг нь ихээхэн дарамт болдог. О гэдэг эмчийг манайд 15 жил ажиллахад 12 удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ” гэсэн бол Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Манай байгууллага 2013 онд 659 гомдол хүлээн авсны 289 нь цагдан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс ирүүлсэн байсан. Энэ нь энэ оны эхний хагас жилд өсөх хандлагатай байна. Ер нь гомдлын өнгө аясыг харахад эрүүдэн шүүх, нэр төрийг нь гутаан харилцах шинж давамгайлсан байна. Урьдчилан хорих ангиуд хэт олноор нь нэг дор байлгах, өрөөнд нь хүнд, хөнгөнөөр зориулалтын бус саванд бие засуулах тохиолдол байсаар байна. Мөрдөн, байцаах ажиллагааны үеэр эрүүдэн шүүхийг таслан зогсоохоор мөнгө батлуулсан ч түүнийг зориулалтын бусаар ашиглаад дуусгасан. Тэрчлэн Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь хамгийн том алдаа болсон. Яагаад гэвэл энэ байгууллага ажиллаж байхад эрүүдэн шүүсэн тухай гомдол, санал шийдвэрлэгддэг байсан. Харин өнөөдөр ийм асуудлыг хэн, хаана шийдвэрлэх нь тодорхойгүй болчихлоо. Дээр нь нэмж хэлэхэд юу юуны туханд хүрэлгүй хэрэг нь нотлогдоогүй байхад цагдан хорьдгоо таслан зогсоох хэрэгтэй байна. Бас хэрэг нь нотлогддогүй байхад шорон хэсүүлэхээ болиоч. Хоорондоо мэдээлэл солилцоод байна гэдэг шалтгаанаар хэрэг нь нотлогдоггүй хүнийг чанга дэглэмтэй хорих ангид хорьж байгаа нь хамгийн хүнд залхаан цээрлүүлэлт мөн биз дээ” гэж мэдээллээ.

Ийнхүү холбогдох байгууллагууд мэдээлэл өгсний дараа дэд хорооны гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. УИХ-ын гишүүд ямар асуулт асууж, холбогдох албан тушаалтнууд хэрхэн тайлбар хийснийг тайлбаргүйгээр хүргэе.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АТГ-ынхнаас эхлээд асууя. Талийгаач Д.Амарсайханы хэрэгт холбогдуулан шалгаж найман сарын турш хорьсон Анхбаяр гэдэг хүн 30 орчим кг-аар турсан гэдэг мэдээллийг авч, томилолтоор очиж уулзах гэтэл танай мэргэжилтэн Бямбажав саад хийсэн. 461 дүгээр ангид очиход аваад зугтаасан. Тэгээд Д.Ядамдорж даргаас энэ тухай асуухад “АТГ-аас л зөвшөөрөл авна даа” гэж байгаа юм. Хоёрдугаарт шорон дотор хүн шатдаг, хүн үхдэг байдал хэзээ зогсох юм бэ. Танайх төрийн нэрийн өмнөөс хадгалж, амьд явах эрхийг нь эдлүүлэх ёстой газар биз дээ. Урьдчилан хорих төв гэдэг чинь гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг хадгалах газар. Өчигдөр Дарханд бас нэг хүн шалтгаангүйгээр нас барлаа л гэнэ. Тэгээд тайлбар хийхдээ дээрээс эмчилгээ хийж болохгүй гэсэн гэдэг. Дээр гэдэг хэнийг хэлээд байгаа юм. Д.Ядамдорж дарга та эмчилгээ хийж болохгүй гэж хэлсэн үү. Мөн талийгаач Д.Амарсайханы энэ хэргээс үүдэн ШШГЕГ-ынхан ямар хариуцлага хүлээх юм. Прокурор нь хууль бусаар, хууль ёсоор хорьж байгаад хяналт тавих үүрэгтэй. Ажлаа яагаад хийхгүй байгаа юм. Хууль зүйн сайд аа. Та энэ тохиолдлуудтай холбогдуулан уучлалт гуйгаад огцрох болоогүй юу. Таны албан тушаал хэдэн хүний амь, цусаар төлөгдөх юм. АТГ-ынхан яагаад шалгасан хүн бүрээ хорьж, найман сарын хугацаанд нь хэргийг нь илрүүлж, илрүүлж чадахгүй бол суллаж болдоггүй юм.

Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат: Хорих ангид хамгийн олон нас баралт бүртгэгдсэн жил нь 2005 онд 37, хамгийн бага нь 2012 онд 17 гэсэн тоо байдаг юм билээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр: Тантай уулзсан мөрдөн байцаагчид арга хэмжээ авч ажилласан байгаа. Дараагийн асуудал нь 2014 он гараад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 117 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Үүнээс 22 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Найман сар шалгаад хэргийг нь тогтоогоогүй гэдэг дээр шүүх хурлаас өмнө бодит мэдээллийг өгөх боломжгүй байна. Анхбаяр гэдэг хүнийг хүнд хэрэгт холбогдуулан шалгаж байгаа учраас хууль зөрчсөн тохиолдол байхгүй.

ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж: Дээрээс эмчилж болохгүй гэсэн үүрэг даалгавар өгсөн үү гэвэл үгүй. Миний зүгээс, ижил төрлийн байгууллагуудаас гээд хэн ч үүрэг өгөөгүй. Хариуцлага хүлээнэ гээд тангараг өргөсөн хоёр эмч тухайн үед ажилласан. Яг энэ хэрэгт албаны шалгалт хийгээд дуусч байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа хариуцлагын тухай яригдана. Хариуцлагаас мултрах гэж хэн ч оролдохгүй. Чиний хариуцлага чинь энэ гээд хэлбэл би хүлээхэд бэлэн байгаа. Саяын нас баралт үнэхээр гэнэтийн, харамсалтай зүйл боллоо. Үдэд 12 цагт ах нь ирж уулзахад баяр хөөртэй, инээж хөхөрч байсан бичлэг нь байгаа. Дараа нь 15 цагт өмгөөлөгч нь уулзсан. Чандмань, Анхбаяр, Энхбат нар өмгөөлөгчтэй хамт уулзахад талийгаач ухаан алдсан. Анхбаяр нь массаж хийхэд ухаан орж “Үхэх нь ээ. Ёо ёо” гээд дахиад суусан. Ингээд дөрвөн минутын дараа эмч нар ирж хиймэл амьсгал гэх мэт үзүүлэх шаардлагатай анхан шатны тусламжийг үзүүлж түргэн тусламж ч ирсэн. Үнэхээр амь насыг нь аврах гэсэн боловч чадаагүй. Бас онц ноцтой гэмт хэрэгтэн орголоо гэж өнөөдрийн сонинууд мэдээлсэн ч тэгээгүй. Хоёр бод хулгайлсан хүн олгойны хагалгаа хийлгээд шөнө нь эмнэлгээс гараад явчихсан тохиолдол л байгаа. Тэгээд танилынхаас нь өнөө өглөө баривчилсан. 600 гаруй мянган төгрөгийн хохирол учирсан. Уржигдар орой Дархан-Уул аймгийн чанга дэглэмтэй колонид ял эдэлж байсан хүн нас барсан нь үнэн. 25 жилтэй ороод найман жил болсон хүн гэнэт ухаан алдсан. 50 настай тэр хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч бас л харамсалтайгаар амийг нь аварч чадаагүй. Ийм тохиолдлууд байгаа.  

Нийслэлийн Прокурорын орлогч дарга Ц.Батболд: Прокурорын байгууллага бүх хяналтаа тавиад ажиллаж байгаа. Саяын явдалтай холбоотойгоор мэдээлэл өгөхөд нэгдүгээрт хяналтын явцад хууль зөрчсөн зөрчлийг манай байгууллага илрүүлээд арилгуулахаар ажиллаж байгаа. Хүн шатсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгээд шүүх шатанд байгаа. Хүн нас барсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас хэн нэгэнд хариуцлага үүрүүлэх тухай ярихад эрт байна. 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Цагдан хорих нөхцөл байдал дээшилж байгаа. Гэхдээ зөрчил дутагдлууд их байна. Тухайлбал, 461 нэгдүгээр цагдан хорихын барилгыг өөрийн нөөц хүчээр барьсан учраас барилга цууралттай, халаалт маш муу байна. Хоригдож байгаа иргэд давхар хувцастай байхгүй бол тэсэхэд бэрх байгаа. Бас нэг хүндрэл нь нар болон агаартай шууд харьцах боломжгүй. Хүний эрхийн нөхцөл байдал талаасаа эрүүл мэнд, агааржуулалтын стандарт шаардлагыг хангаж чадахгүй байна. Бусад хорих байгууллагуудын стандарт, орчин хангалттай биш. Хоригдлуудын хоригдох орчинг сайжруулах ажлыг эхлүүлсэн ч мөнгөгүй учраас зогсчихсон. Хорих байгууллага дахь хүний эрхийн асуудал мөнгөнөөс л хамааралтай байдаг. Дээрээс үүрэг өгсөн гэдэг эзэнгүй үгний ард хууль зөрчдөг явдал зөвхөн ШШГЕГ-т ч бус хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудад ч бий. Хуулийг ингэж зөрчдөг, давж гишгэдэг тохиолдол байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Хүний эрхийн асуудал тодорхой тохиолдлын дараа яригддаг бус байнгын асуудал байх ёстой. Монгол Улс бол том шорон юм гэсэн нийтлэлийг олон улсын том том хэвлэлүүд бичлээ. Ямар зорилгоор хэн ийм зүйлийг бичүүлэв. Үүнд хуулийн байгууллагууд ажиллаж, Хүний эрхийн үндэсний комисс тайлбар гаргах ёстой юм биш үү. Цаазаар авахаас жаахан цааргалчихсан байгаа ч шоронд нь хүний амь эрсэдсээр байна. Дээхнэ үед Монголд цаазаар авах ял байсан байгаагүй шоронд нь орно гэдэг цаазлуулснаас дор гэж яригддаг байсан. Манай ШШГЕГ-ынхан нас барсан тохиолдлыг ноцтой учрал гэж байна. Монгол Улсын хувьд энэ чинь эмгэнэл байхгүй юу. Ар гэрийнхэнд нь асуудал яауж тусах нь ойлгомжтой биз дээ. Тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй үед ийм үйл явдал болсон нь бид хаашаа яваад байна вэ гэж асуухад хүргэж байна. Тарчлааж, тартагт нь тулгаж байж хэргийг нь хүлээлгэдэг энэ замаасаа хэзээ гарах юм. Миний нэг танилыг хэвтэрт байхад нь АТГ-ынхан дуудсан гэж байгаа. “Би хэвтэрт байна” гэж хариулж дуусаагүй байхад нь шоронд хийнэ гэж сүрдүүлсэн байна билээ. Ийм айдсын төлөө бид 20 гаруй жил ажиллаагүй. НАХ яам дуртай хүнээ дуртай хэрэгт тулгадаг байсан. НАХ яамтай л ижил  байна. Ренчин гуайг “70 настай хүнд даруулга хэрэгтэй” гэж бичээд л нийгэмд хэн ч биш болгож байсан. Нас барахад нь оршуулах хүн олдоогүй. Манай аав очиж жинхэнээсээ уйлсан гэдэг шалтгаанаар сэрдэгдэж байсан. Үнэн зүйл ялдаг юм шүү. Ренчин гуайн хөшөө байна. Энэ бүхнийг бий болгосон гэдэг Сталин, Лениний хөшөө алга. Шинэ НАХ яамыг бий болгох гэж байгаа бол хуулийнхан та бүхэн үнэнээ хэл. УИХ-ын гишүүд бид айхгүй шүү. Яаж ч оролдож болно.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр: Хэн хэнийг өвчтэй байхад нь тэгж сүрдүүлснийг судлаад танд жич хариу илгээе. Зөвхөн байгууллага дээрээ байцаана гэсэн зарчим байхгүй. Ирэх боломжгүй хүнийг байгаа газарт нь очиж байцаадаг.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж: Тантай санал нэг байна. Миний ойлгосноор батлан даалтад гарчихсан бол бүх зүйл өөрөөр яригдах байсан. Яагаад батлан даалтад гаргаагүй юм гэдгийг асуух ёстой. Оргон зайлж болзошгүй гэж ярьдаг. Би үүнд нь гайхаж байна. Олны танил хүн хилийн бүх систем автоматжсан ийм тохиолдолд оргох боломж хэр байдаг вэ. Дундговь аймагт цагдан хорих зүйл ангигүй хэргээр иргэдийг саатуулсан байсан. Яагаад гэвэл ямар ч бичиг баримт, харьяалалгүй байж, тэд. Цагдуулсан хүмүүсийг айлгаж, сүрдүүлдэг нь үнэн. Бид хоригдож байгаа, сэрдэгдэж байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө өгөхдөө хүн чанарын үүднээс “Та аятайхан харьцаарай. Тэгэхгүй бол наад нөхдүүд чинь хэцүү шүү” гэж хэлдэг болж байна. Ийм шалтгаанаар хоригдлуудын дунд сөрөг ойлголтыг төрүүлээд байна. УИХ удаан ажиллаж байгаагаас үүдээд зарим алдаа гарч байна. 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Монгол гэдэг том шорон байдаг тухай нийтлэл гарсан. Салбарын сайдын хувьд нийтлэлтэй санал нийлэхгүй ч ингэж харагдуулдаг зарим хүчин зүйл байдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайлбал, хилийн хорио гэж зүйл бий. Хуулийн олон байгууллага шүүхийн зөвшөөрөлгүйгээр “Энэ хүнийг Монголоос гаргаж болохгүй” гэдэг. Ингэж зорчих эрхийг нь хязгаарлаж байгаа нь хууль дээдэлдэг улс орнуудын хувьд “улсынхаа хилээр шоронгийн торыг татчихсан юм биш үү” гэдэг шүүмжлэлийг дагуулж байгааг анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Баян­сэлэнгэ: Хүний амийг юугаар ч сольж болдоггүй. Ялангуяа төрийн хамгаалалтад байсан, гэм буруутай нь тогтоогдоогүй хүн байсан. Тэгэхээр ажлын хэсэг байгуулж ажиллах горимын саналтай байна. Нэмж асуухад АТГ-ынхан соён гэгээрүүлэх ажил хийх ёстойгоос биш албан тушаалтнуудыг ангуучлах биш шүү.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сэжигтнийг цагдан хорихын тулд мөрдөн байцаагч байх ёстой. Тэр хэн байв. Хяналтын прокурор, шүүгч нь хэн, хэн байв. Энэ хүмүүст хариуцлага тооцох уу. Д.Амарсайхан талийгаачийн асуудал цагдан хорих байгууллагын нөхцөл байдал муу, хүний эрх эрх чөлөөг зөрчдөгийн тод илрэл энэ. Ядаж л гэдэс дотроор хооллохоо хэзээ болих вэ.

ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж: Цувдайгаар хооллолгүй мах өгөх гэвэл төсвийн мөнгө нь таван сарын дотор дуусна. Гэхдээ сайдын тушаалаар долоо хоногт гурван өдөр махан хоол өгдөг болсон. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Цагдан хоригдож байсан 30 гаруй хүнийг талийгаач болгочихсон байгаа юм. Хэргийг нь нотолж чадахгүй байж хэдэн жилээр хорьсоор байгаад талийгаач болгодог. Ийм үйлдлээсээ болж хариуцлага хүлээсэн хүн байна уу. Золгүй байдал гэдгээр энэ бүхнийг хаагаад л өнгөрдөг. Анхбаярын тухайд л гэхэд эхний хэргээ тулгаж чадаагүй. Тэгээд дараа нь татвараа нуусан, оффшор бүсээс их мөнгө орж ирсэн гээд өнөөдрийг хүртэл хорьж байна. Оффшор бүсээс яагаад мөнгө орж ирж болдоггүй юм. Лиценз авах, зарах хүн нь байж. Тэднийг хооронд нь зуучилж. Ийм л байна ш дээ гэснээр Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дууслаа. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулж ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. 

Л.МӨНХТӨР

Онцлох нийтлэлүүд