ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.02.16 09:02

Дүрсгүйгээрээ алдартай ч аймгийн тэргүүний анги болтлоо гэнэт “цоорч” төгссөн 11а-гийнхан

Энэ удаагийн "Нэг ангийнхан" буландаа алс баруун хязгаар Ховд аймгийн Жаргалант сумын "Цаст-Алтай" цогцолбор сургуулийг 2009 онд төгссөн хамт олныг урилаа. Юуны өмнө бидний онцолсон анги тус сургуулийн хамгийн дүрсгүй сурагчтай анги байсан гэнэ. Арван жилийн сургуулийн ангид дүрсгүй, сахилга султай сурагчид их ч манай ангийг гүйцэхгүй байх аа гэсээр ангийн Ц.Буянбат нарын нөхөд нь бидэнтэй уулзлаа. Тэрбээр “Арван жилийн сурагч байсан үе хүн бүхэнд гэнэхэн дурсамжуудыг бодогдуулж, тэртээд одсон он жилүүдийг нэхэн сануулдаг нь сайхан. Бид ямар азаар Ховд аймагт төрж, амьдралын анхны гараагаа "Цаст-Алтай" цогцолбор сургуулийн ширээнээс эхэлсэн юм бэ гэж бодохоор сэтгэл нэг л өег санагддаг юм. Нийслэлийн сурагчдыг бодоход хөдөө, орон нутгийн сурагчид амьдралын ухаантай, хэрсүү зан, басхүү хүн чанартай хүн болон төлөвшдөг болов уу гэж боддог. Манай анги анх 1999 онд охид, хөвгүүд нийлсэн 32 улаан хацартай жаал цуглаж, нус, нулимсандаа хутгалдсан нэг анги бүрдэж байлаа. Тэр цаг саяхан юм шиг л санагдаж байна. Орон нутгийн сурагчид болохоор зуны амралтаараа ар гэрийнхээ ажилд тусалж, намар хичээл орохоос өмнө нийгмийн янз бүрийн ажилд идэвхтэй оролцдог байв. Манай анги сургуульдаа хамгийн дүрсгүй анги байсан. Хичээл ордог багш нарыгаа уйлуулж, хэлэх үггүй болтол нь дүрсгүйтдэг байлаа. Гэхдээ тэрхүү дүрсгүйтэл нь сургуулийн хэмжээнд энгийн хэрнээ хорлонтой гэх үү дээ. Хичээлийн цагаар хоорондоо ярих, охидоо шоглож уйлуулах, дэвтрийн цаас зажлан балны гэрээр хэн нэгэн рүү үлээх зэргээр их л дүрсгүйтдэг байв. Бидний энэхүү үйлдлээс болж манай ангид хичээл заах багш нар нуруугаа авахуулсан морь шиг л орж ирдэг байсан даа. Гэхдээ дүрсгүй, сахилга султай анги гээд биднийг үе үеийн эрдэмтэн багш нар маань зөнгөөр нь орхиогүй. Аливаа буруу үйлдэл бүрт биднийг ухааруулж, учирлаж, чин сэтгэл зүрхнээсээ ханддаг байсан багш нарынхаа ачийг бид мартахгүй. Тэрхүү эрдэмтэн багш нарын ачаар боловсролтой, хүмүүжилтэй, энэ үеийн залуучуудын түүчээ болж яваа ангийн нөхдөөрөө бахархдаг” гэв. Хүүхдийн боловсрол, хүмүүжил бага, дунд, ахлах ангийн багш нараас ихээхэн шалтгаалдаг хэмээн эрдэмтэн, багш нар хэлдэг. Тэрхүү зарчмаар эдний ангийг дунд бүлгээс нь өөр дээрээ хүлээн авч, төгсгөсөн багш нь монгол хэл, бичгийн В.Янжиндулам багш ажээ. Бага, дунд ангидаа сургуулийн багш нарын дургүйг хүргэж, чихнээс нь үргэлж хонх зүүдэг ангийг дааж, төгсгөх зоригтой, сэтгэлтэй багш В.Янжиндулам багшаас өөр байгаагүйг түүний шавь нар нь ярьж байна. Энэ талаар ангийн хүү Л.Эрдэнэдондог “Багшийн минь хичээл зүтгэл, бидэнтэй уйгагүй тулж ажиллаж, сэтгэл зүтгэл гаргасны үр дүнд сурлага, урлагаар сургуулийн болон аймгийн тэргүүний анги болж төгсөж байлаа” гэсэн юм. Ангиараа өдөр бүр үймүүлж, улаан тоос манаруулан, ноцолдон тоглодог дэггүй хүүхдүүд ахлах бүлгийн сурагчид болоод гэнэт бүх зүйлээрээ “цоорсон” амжилт үзүүлжээ.

Сургуулийн багш нарын дургүйг хүргэдэг 11а-гийнхан гэнэт хичээл сурлага, спорт, урлагаараа сургуулиа болоод аймагтаа тэргүүлэн гэж хэн ч санаагүй байх. Ёстой л цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдгээр 11а-гийнхан ахлах ангиасаа бүх зүйлд манлайлж иржээ. Ангийнхаа энэхүү амжилтын талаар Ц.Буянбат “Бүхий л зүйлээрээ шүүмжлүүлж, багш нарын эгдүү, дургүйг зэрэг хүргэдэг манай анги аравдугаар ангиасаа эхэлж хичээл, сурлага нь жигдэрч эхэлсэн. Манай ангиас 2009 оны аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад 11 сурагч сургуулиасаа шалгаран оролцож байсан. Улмаар монгол хэлний хичээлээр Б.Баярхүү, биологийн хичээлээр Э.Уянга, монгол бичгийн хичээлээр Л.Сарангэрэл, англи хэлний хичээлээр Х.Ачука, нийгмийн тухай мэдлэг хичээлээр миний бие тэргүүтэй таван нөхөр тэргүүн байр эзэлж, улсын олимпиадад оролцож байсан. Харин улсын олимпиадад оролцсон таван сурагчаас Нийгмийн тухай мэдлэг хичээлийн улсын олимпиадад оролцсон миний бие III байр эзлэн Монгол улсын их сургуулийн Хууль Зүйн сургуульд таван жил үнэ төлбөргүй суралцах урилга гардан авч суралцаж төгссөн. Мөн 2009 оны элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлээр Б.Баярхүү, Л.Сарангэрэл, Б.Наранцацрал нар аймгийнхаа нийт сурагчдаас хамгийн өндөр үнэлгээтэй оролцож, манай ангийнхан бүгд хүссэн сургуулиа авч, амжилттай төгсөж, улс эх орон, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байна” гэж ярилаа. Эрдэм мэдлэгээрээ аймгийнхаа нэр хүндийг улсын хэмжээнд өндөрт өргөсөн анги хамт олон тийм ч олон биш гэдгийг тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш нар онцлон хэлж байсан юм. Ахлах ангиасаа сургуульдаа сурлагаараа тэргүүлсэн Ц.Буянбат, Л.Эрдэнэдондог, Х.Ачука, Э.Уянга, Б.Баярхүү, Отгонбаяр, Д.Алтанбилэг, Л.Сарангэрэл нар аймгийн олимпиадад оролцож, тэргүүн байруудыг эзэлжээ. Мөн урлаг, спортоороо ч тэргүүлж чадсан байна. Эдний ангиас Г.Билгүүн, Отгонбаяр, Түмэнсүх нар бүжиглэх авьяастай сурагчид байж. Бүжгийн хамтлаг байгуулж, сургуульдаа болон аймагтаа хэдийнэ нэрт гарсан аж. Мөн хувийн бизнес эрхэлдэг, хөдөлмөрч сурагч болох Дижитал Пүүжээ буюу Пүрэв-Очир нарын нөхөд нь одоо ч нийгэмдээ байр сууриа олсон бизнесмэнүүд болсон гэнэ. "Цаст-Алтай" цогцолбор сургуулийн гар бөмбөгийн шигшээ багт Г.Билгүүн, Б.Наранцацрал нар нь маш сайн тоглож, олон амжилтын эзэд болжээ. 11а-гийнхан бүх зүйлээрээ тэргүүний анги болоход нөлөөлсөн гол хүн нь ангийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор В.Янжиндуламтай салшгүй холбоотой гэдгээ шавь нар нь хэлж байв. Арван жилийн сургуулиа төгссөнөөс хойш эдүгээ 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй 11а-гийнхан удахгүй төгсөлтийн баяраа хийх юм байна. Анхны арван жилийн ойгоо тэмдэглэх гэж одооноос олон ажил төлөвлөж буйгаа эдний ангийнхан ярьж байлаа.


Онцлох нийтлэлүүд