ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.01 08:05

Дүүргүүдийн хэлтсийн дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр Европ руу аялна

-ТЭД ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН ТЭМЦЭЭН ҮЗЭХИЙН ТУЛД ТӨСВӨӨС 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛЖЭЭ-

Дүүргүүдийн Худал­даа, үйлчилгээний хэлт­сийн дарга нар өнөөдөр Европын орнуудыг зо­ри­лоо. Аяллын багт Нийс­лэлийн Захирагчийн алба­ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс бо­лон дүүргүүдийн Ху­дал­даа үйлчилгээний хэлт­сийн дарга нар багт­жээ. Тэд ийн аялах бол­сон шалтгаанаа Ев­ропын орнуудын худал­даа үйлчилгээний бай­­гууллагуудын турш­­­­ла­га судлах гэж тайлбарласан юм. Мөн Германы Франкфурт хотод тавдугаар сарын 3,4-нд болох Үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнийг үзэх юм байна. Дараа нь Итали, Герман, Франц зэрэг улсуудаар арав хоног аялах аж. Аяллын зардлыг нэг хүний арав гаруй сая төгрөгөөр тооцож төсвөөс гаргаж байгаа юм байна. Эдийн засаг хямарсан үед хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгөөр тэмцээн үзэж, зугаална гэхээр иргэд дургүйцэх нь гарцаагүй. Тийм ч учраас чухам ямар хөтөлбөртэйгээр, ямар зочид буудалд байрлаж, хаагуур явахаа сайтар нууцлахыг аяллын багийнханд сануулжээ. Тухайлбал, Налайх дүүр­гийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга А.Туяабаатар өөрийгөө ямар, ямар улсаар явахаа мэдэхгүй гэсэн юм. Багануур дүүр­гийн Тохижилт, үйл­чилгээний газраас тодруулахад ч "Мэдээлэл өгөх шаардлагагүй. Хэний мөнгөөр хаашаа явах нь та бүхэнд хамаагүй" гэдэг хариултыг өглөө. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас явах хүн нь бэлтгэлээ хий­гээд завгүй байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн Худалдаа, үйлчилгээний газрынхан "Энэ бол бай­гууллагын дотоод асуудал. Хэдэн төгрөгөөр туршлага судлаад ирж болно шүү дээ. Улсад хохирол учруулахуйц их мөнгө биш" гэж тайл­барласан юм. 

Аялал жуулчлалын компаниуд Европын хоёр орноор долоо хоног аялуулахдаа гурван сая 680 мянган төгрөг авдаг. Үүн дээр онгоцны зардал нэмэгдээд долоо орчим сая төгрөгөөр Франц, Итали аялаад ирэх боломжтой. Тэгвэл Герман, Франц, Италиар аялах дарга нар төсвөөс 10 гаруй сая төгрөг аваад бусад зардлаа өөрсдөө хариуцахаар болжээ. 

Германы Франкфурт хотод болох Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос эмэгтэй тайралтын төрөлд гурав, боди арт төрөлд нэг, гоо сайхан, нүүр будалтын төрөлд хоёр гоо сайханч оролцох юм. Мөн Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн эмэгтэй, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Одхүү эрэгтэй үсчдийн шүүгчээр оролцохоор өчигдөр явжээ.  Хэлтсийн дарга нар тэднийг дэмжихээс аяллаа эхэлж байгаа юм байна.

 Ц.ӨРНӨХ


Онцлох нийтлэлүүд