ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.08.01 08:08

Д.Алтангэрэл: Бодлого бодох үед гайхалтай санаа орж ирдэг


Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн математикийн арга зүйч багш Д.Алтангэрэлтэй ярилцлаа. Д.Алтангэрэл багшийн шавь О.Мишээл Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Баттын их сургууль дээр энэ сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадаас хүрэл медалийг хүртсэн юм.


-Шавь тань олон улсын нэр хүндтэй олимпиадаас медаль хүртсэнд баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Би 1999 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2007 онд МУБИС-д магистрын зэрэг хамгаалсан. 1999-2000 онд “Мөнхтэнгэр” цогцолбор сургуульд, 2000 оноос өнөөг хүртэл ерөнхий боловсролын “Шинэ Монгол” дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байна.

-Багш, тэр дундаа математикийн багш мэргэжлийг яагаад сонгох болов?

-Миний хувьд V ангиасаа эхлэн олимпиадад оролцон багшийнхаа ачаар математикт дуртай болсон. МУИС-ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн X ангийг төгсөөд МУИС-ийн математикийн ангид элсэн суралцах урилга хүлээн авч байлаа.

-Математикийн бодлого бодоход юу мэдэрдэг вэ?

-Бодлогыг амталж бодох хэрэгтэй. Хариуг хүчээр тулгах биш. Математик бол сэтгэлгээний гоо сайхан, сэтгэлгээний хурд юм. Бодлого бодох явцад орж ирсэн гайхалтай санаа нь урам зоригтойгоор урагшлахад хөтөлдөг. Бодлого бодох нь эхлэл өрнөл төгсгөлтэй, шийдэлдээ хүрч оюун санааныхаа хүчийг мэдрэхэд тустай.

-“Шинэ Монгол” сургууль ямар системээр хүүхдүүдээ сургадаг вэ?

-Стандарт агуулгын хувьд математикийн хичээлийн хөтөлбөрийг 20 хувийн баяжилттайгаар зааж байж дотоод гадаадын их дээд сургуулийн шалгалтад төгсөгчдөө амжилттай бэлтгэдэг. Манайх олимпиадаар бэлтгэдэг төрөлжсөн сургууль биш учир математикийн хичээл нэмэлт цагаар ордоггүй. Тиймээс хичээлийн бус цагаар шавь нараа бэлтгэх шаардлага гардаг.

-Математикийн бусад шинжлэх ухаанаас ялгагдах онцлог нь юу вэ?

-Шинжлэх ухааны хэл нь математик юм. Судалгаа шинжилгээ математикийн үр дүн дээр л боловсруулагддаг.

-Шавь нараа олимпиадад хэрхэн бэлтгэдэг вэ?

-Орчин үеийн олимпиадын чиг хандлагыг судлан, тэдгээрт тохирсон агуулгаар мэргэжлийн ном болон гадаадын сайтуудаас бодлогоо сонгон, санаа өгөх, чиглүүлэх аргаар бэлтгэлээ хангадаг. Багш, сурагч хоёр хичээлийн бус цагаар нөр их хөдөлмөр гарган олимпиадад бэлтгэдэг. Олимпиадын зарим нэг хүнд бодлогыг бодоход хоёроос ч олон цаг зарцуулах үе байна. Түүнчлээс гадна Олимпиад сорилууддаа анализ хийж ажилладаг. Японы болон гадаадын их дээд сургуульд 400 гаруй шавь маань тэтгэлгээр суралцаж байна.

-Ямар шалгуураар хүүхдүүд олон улсын олимпиадад ордог вэ?

-2-3 үе шаттай сорил олимпиадуудын нэгдсэн дүнгээр эхний зургаан байранд орсон сурагчид Монгол Улсаа төлөөлөн олон улсын олимпиадад оролцох эрхийг авдаг.

-Дэлхийн түвшний олимпиадын бодлогууд ямар байдаг вэ?

-Олон улсын олимпиадын зургаан бодлого нь дэлхийн улс орнуудаас шигшигдэж гарч ирсэн сэтгэлгээ, техник шаардсан бодлогууд байдаг.

-Олон улсын тэмцээнд орж байгаа учир англи хэл шаарддаг байх. Хүүхдүүд болон багш нар англи хэлээ хэрхэн бэлддэг вэ?

-Олимпиадын сайн ном, сурах бичгүүд ихэнх нь англи хэл дээр байдаг. Гадаадын сайтуудаас бодлогууд бодох шаардлагатай тул математикийн мэргэжлийн англи хэлийг хэрэглээний явцдаа сайжруулдаг.

-Багш нар хүүхдүүдийнхээ бодлогыг шүүгчдийн өмнө хамгаалдаг гэсэн. Та хэрхэн хамгаалсан бэ?

-Олон улсын олимпиадад ирсэн бодлогуудын бодолтыг сурагчид эх хэл дээрээ бичдэг юм. Шүүгчид бодолтыг ойлгохгүй тохиолдолд хамгаалах шаардлага гардаг. Хамгаалалтад орж байгаа багш нь хүүхдийн гаргасан санааг зөв ойлгуулдаг.

-Ер нь хүүхэд алдаа гаргасан тохиолдолд түүнийг нь засч хамгаалах боломжтой юу?

-Олимпиадын бодолтын дараа тухайн бодлогыг аль түвшинд хүртэл бодсон бэ гэдгээс хамаараад онооны хуваарилалтууд болон бодолтын хувилбарууд гардаг. Тиймээс сурагчид өөрийнхөө авах оноог баримжаалах боломжтой.

-Математикийн шинжлэх ухааны эрдэмтдэд яагаад Нобелийн шагнал олгодоггүй юм бол?

-Нобелийн шагналыг санаачлагч нь хайрт бүсгүйгээ математикч хүнд алдсан учраас энэ шагналаа математикчдад өгөхийг хүсээгүй гэсэн яриа байдаг. математикчдын Нобельтой зэрэгцэх шагнал нь Фильдсийн медаль юм.

-Амьдралд математик хэрэгтэй юу?

-Математик бол тархины хамгийн сайн фитнес. Математикгүйгээр бусад шинжлэх ухааныг төсөөлөх аргагүй. Математикийг бид өдөр тутамдаа бүх зүйлд ашиглаж байгаагаа анзаардаггүй. Математик сэтгэлгээ нь ямар ч тохиолдолд хөнгөн хуумгай бус ул суурьтай, нотолгоотой хандаж, сэтгэлийн хат суусан байдаг. Аливаа зүйлийг математик загварчлалаар үр ашигтай, өөрт хялбар байдлаар шийдэж чадах боловсон хүчин болдог.

-Математикаар гүнзгийрүүлэн сурах хүсэлтэй хүүхдүүдэд анхаарвал зохих зүйлс юу вэ?

-Тууштай, хөдөлмөрч, алсын зорилготой байх хэрэгтэй. Математиктаа сайн хүүхэд бусад шинжлэх ухааныг төвөггүй ойлгоно

-Ярилцсанд баярлалаа?

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсээд хамтран ажиллаж буй багш шавь нар сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.

Д.Алтангэрэл багшийн шавь О.Мишээл Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртжээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Баттын их сургууль дээр 2019 оны долдугаар сарын 13-23-нд зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадын хүрэл медальт, шавь О.Мишээлийн амжилт

1. 2014 онд Солонгос улсад зохиогдсон бага, дунд ангийн Олон улсын математикийн олимпиадын (IMC –International Math Competition) бага ангийн ангилалд хүрэл медаль

2. 2015 онд Хятад улсад зохиогдсон бага, дунд ангийн Олон улсын математикийн олимпиадын (IMC –International Math Competition бага ангийн ангилалд алтан медаль

3. 2016 онд Тайланд улсад зохиогдсон бага, дунд ангийн Олон улсын математикийн олимпиадын (IMC –International Math Competition дунд ангийн ангилалд хүрэл медаль

4. 2017 онд Энэтхэг улсад зохиогдсон бага, дунд ангийн Олон улсын математикийн олимпиадын (IMC –International Math Competition дунд ангийн ангилалд мөнгөн медаль

5. 2017 оны Улсын математикийн олимпиадын IX ангийн аварга алтан медаль

6. 2018 оны Улсын математикийн олимпиадын XII ангийн хүрэл медаль ( IX ангиас дэвшин оролцож)

7. 2018 онд Румын улсын Клуж хотод зохиогдсон Олон улсын математикийн олимпиад –IMO 2018-аас хүрэл медаль

8. 2019 оны долдугаар сар: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Баттын их сургууль дээр зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадаас хүрэл медаль хүргэжээ.

Онцлох нийтлэлүүд