ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.16 10:05

Д.Амарсайханы амь насыг дээрээс захиалгатайгаар бүрэлгэсэн үү

461 дүгээр хорих ан¬гийн хүлээлгийн танхимд өмгөөлөгчтэйгээ уулзахаар хүлээж байсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханы бие нь муудаж гэнэт нас барсан билээ. Тус хорих ангийн эмнэлгийн дарга Дарханбат, эмчлэгч эмч Отгонбаатар нарын  ар гэрийнхэнд нь болон өмгөөлөгч нарт нь хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Тэр нь “Д.Амарсайханыг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэж дээрээс чиг үүрэг өгсөн” гэдэг үг. 

Дээрээс чиг үүрэг өгөхөөр хүнийг эмчлэхгүй үхтэл нь байлгаж болдог юм уу. Тэр чиг үүргийг хаанаас, хэн өгөв. Хорихын эмнэлгийн дарга Дарханбат эмчлэгч эмч Отгонбаатар нар энэ асуултанд хариулах хэрэгтэй. Хүнийг ингэж болдог юм уу, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Бямбадорж, хяналт тавьж байсан прокурор Сарангэрэл, шүүгч Ё.Цогтзандан нар  энэ талаар тайлбар хийх хэрэгтэй. Удаа дараа эмч¬лүүлэх шаардлагатай байна гэж өмгөөлөгчид нь хандаж өвчнийх нь онош болон түүхийг нь хуулбарлаад батлан даалтад гаргаж өгөөч гээд байхад яагаад хориод байсан юм бэ. Энэ хүмүүст  хариуцлага хүлээлгэх үү.  Өвчтэй хүнд эмчилгээ хийлгүй зүгээр байлгаад байна гэдэг өөрөө үхэл рүү түлхсэнээс өөрцгүй. Авлигатай тэмцэх газар үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Эмч нарын үг оргүй биш байх. Тэдний үгийг ар гэрийнхэн нь ч сонс¬лоо. Өмгөөлөгч нар нь эмч нарын хэлснийг баталж байна. Олон нийт энэ талаар чинь шуугиж байна. Монголын хо¬рих ангид өвчтэй хүн эмчлүүлж байгаад амиа алдаж байсан тохиолдол бий. Харин өвчтэй атлаа дээрээс өгсөн чиг  үүр­гийн дагуу эмчлүүлэх эр­хээ хасуулан, үхлээ хүлээж байгаад нас барсан түүх сүүлийн 20 жил гараагүй гэдгийг хуульчид хэлж байна. Тэдний зарим нь Авлигатай тэмцэх газрынхан бусдыг хэрэгт сэжиглэн хорьж байгаад хэргийг нь хүлээлгэдэг ялзарсан арга нь ил боллоо гэж ч байна. Үүнийг гэрчлэх бас нэгэн яриаг хүргэе. Энэ бол Д.Амарсайханыг нас барахад дэргэд нь байсан  гэх өмгөөлөгч Т.Нямдоржийн яриа.  

Т.НЯМДОРЖ: ТЭР ЧИГ ҮҮРГИЙГ ГУРВАН ҮСЭГТЭЙ БАЙГУУЛЛАГААС Л ӨГСӨН ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙГАА

-Таныг талийгаачийг нас барахад дэргэд нь байсан гэсэн. Чухам юу болсон юм бэ?

-Өнгөрсөн мягмар гаригт уулзахаар очсон боловч уулзаж амжаагүй. Хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөө шилэн ханаар тусгаарлагдсан байдаг. Хоёр талаас харилцуур аваад ярьдаг. Намайг уулзах гээд очиход ухаан алдчихсан байсан. Би цонхны цаанаас хальт хараад өнгөрсөн. Маш их харамсалтай явдал боллоо. Төрийн тусгай харуул хамгаа¬лалттай газар байсан хүн амиа алдлаа. Ямар учраас Д.Амарсайхан нас барав гэдгийг шалгах байгууллага нь ч шалгаж эхлээгүй байна. Мөн шинжилгээний байгууллагын дүгнэлт гараагүй байна. Тийм болохоор энэ талаар ярих арай эрт санагдаж байна.

-Шинжилгээний байгуул­лагын дүгнэлт гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Шүүх эмнэлгийн дүгнэл­тийг хэлж байгаа юм л даа. Энэ дүгнэлтээр үхлийн шалт¬гаан нь тодорхой гарах байх. Тэрийг үндэслэж энэ тухай ярих хэрэгтэй болно.

-Тэгэхээр Д.Амарсайхан гэдэг хүний үхэлд хэн буруутай вэ гэдэг асуудал сөхөгдөж байна?

-Хорих ангийн эмч эмчил¬гээний ажилтнуудын асуудал  биш цаашлаад хуулийн байгууллага, тэнд ажиллаж байгаа ажилтнуудын хууль бус үйлдэл хөндөгдөнө. Мөн хорих газрынхан энэ хүнийг хоригдож байхад хэрхэн харьцаж байсан гэх мэтээр олон ноцтой зүйлс дэлгэгдэж болзошгүй. Тэ¬гэ¬хээр шүүх эмнэлгийн шинжилгээний дүн чухал гэж онцлоод буй юм. Шууд хорих байгууллага, хуулийн салбарынхан үйлч­лүүлэгчийг минь үхүүлчихлээ гэж хэлэхгүй. Гэхдээ төрийн  байгууллагын хараан дор, хамгаалалттай онцгой обьек­тод байсан хүнд яагаад эмчилгээ хийлгэхгүй байсаар байгаад нас барахад хүргэв. Энэ хүртэл нь яагаад зүгээр хараад суусан юм бэ. 

-Тэр өдөр ямар хэр­гээр талийгаачтай уулзахаар очсон юм бэ?

-Манай үйлчлүүлэгч  анх уулзахдаа  ойр ойрхон очиж уулзаж байх хүсэлт  тавьсан юм. Өөрийнх нь хүссэнээр болж өгвөл өдөр бүр, болохгүй бол долоо хоногтоо хоёр, гурав ирж уулзаж байхыг өмгөөлөгчөөсөө хүссэн. Талийгаач бод­вол хо¬ригдож буй өрөөнөөсөө өдөр болгон гарч агаар амьсгалахыг хүсч байсан байх. Камерт өдөр бүр хо¬ригдохоор тэр өрөө¬нөөсөө хүн гарахыг л хүс­нэ шүү дээ. Би болж өг­вөл ойр ойрхон очи­хыг боддог байсан. Аль болох зав гаргаад очиж байсан. Тэр өдөр түүнтэй холбогдуулан шалгаж байсан хэргийн шүүх хурлын тов гарсан байсан. Шүүх хурал ирэх  лхагва гаригт буюу  энэ сарын 21-ний өдөр  болох байсан юм. Энэ талаар болон биеийнх нь байдлыг мэдэхээр тэр өдөр очсон.

-Хуулийн байгуулла­гынхан талийгаачийг хүнд өвчтэй гэж мэд­дэггүй байсан юм биш үү. Хэрэв мэдэж байсан бол арай ч энэ хүртэл нь явуулахгүй байлгүй дээ?

-Хорих ангийн эмнэлгийнхэн ямар өвчтэйг нь мэдэж байсан. Өмгөөлөгчид нь удаа дараа хэлж шаардаж байсан. Эмнэлгийнхэн нь ”ойлгож байна” л гэдэг. Тэгсэн атлаа эмнэлэгтээ хэвтүүлж ч эмчлүүлэх арга хэмжээ аваагүй. Тэд шинжилгээ хийж байсан уу, хийж байсан. Д.Амарсайханы бие муу байгааг ч мэдэж байсан. Бид нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатайг нь ч хэлж л байв. Хуулийн байгууллагынханд  байнга биеийн байдал нь хүнд байгааг ч хэлж байсан. 

-Заавал түүнийг  хорих хэрэг ер нь байсан юм уу. Гадуур байлгаж яагаад болоогүй юм бол?

-Үүнийг хуулийнхнаас л асуух хэрэгтэй.  Талийгаачийн гадаад паспортыг хураагаад авчихсан. Улсын хилээр гарахыг нь хориглосон. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтынх нь үйл ажиллагаа дууссан. Гэрийнхээ хаягийг өөрчилж, солиогүй байхад хэргийг нь прокурорт шилжүүлэхдээ түүнийг хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанаас оргон зайлж болзошгүй хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлнө гэх мэт хэд хэдэн зүйлийг хардаг. Гэхдээ энэ арга хэмжээг авахдаа үндэслэлтэй байх ёстой. Харин Д.Амарсайханыг хо¬рих ямар ч үндэслэл байгаагүй. Дахиж түү¬нийг хорихдоо таслан сэргийлэх арга хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа.

-Уучлаарай, танаас  хорих 461 дүгээр ангид байхад чинь чухам юу болсныг дэлгэрэнгүй яриулмаар байна. Учир нь талийгаачийг нас барахад хорихын ка¬мерийн бичлэг хийг¬дээгүй, ажиллаагүй гэсэн мэдээлэл тархаад байна?

-Уулзалтын өрөөнд сэжигтнийг авчраад дараа нь өмгөөлөгчийг нь дууддаг. Тэгээд уулзаж харилцуур авах гэтэл талийгаач газар унасан. Шилэн хананы цаанаас ийм л зүйл харсан. Маш их өвдөлт тархинд нь өгсөн байх. Орилоод л унасан. Юу болсныг мэдээгүй. Намайг очиход ухаан алдаад уначихсан байсан.   Үйлчлүүлэгчийг маань ухаангүй болсны дараа намайг оруулсан. Эмч нар нь 30 орчим минут хиймэл амьсгаа хийсэн боловч ухаан оролгүй нас барсан.

-Энэ хооронд өөр хүмүүс рүү холбогдох ч юм уу ямар нэгэн арга хэмжээ та авсан уу?

-Арга ядаад би, яаралтай түргэн тусламж дуудсан. Олон удаа залгасан боловч 103-аас хүн ирээгүй. Ямар учраас ирэхгүй байгааг нь асуухад “Манайх төр засгийн тусгай  харуул хамгаалалттай обьектод очиж түргэн тусламж үзүүлдэггүй. Эрүүл мэндийн   сайдын тушаал бий. Энэ дагуу  яаралтай тусламж үзүүлэх боломжгүй гэж хэлсэн. 

-Ар гэрийнхэн нь талийгаачийг өнгөрснийг мэдээд хүнд байгаа гэсэн. Ээжийнх нь бие муу байна ч гэж сонсогдож байна?

-Ар гэрийнхэнтэй нь манай өмгөөлөгч Пүрэвлхам арай ойр харилцаатай. Энэ талаар түүнээс асуу. Би сайн мэдэхгүй байна. 

-Талийгаачийн дүүг бас энэ хэрэгт холбогдуулан хорьсон, бие нь муу байгаа гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Тийм, дүүг нь бас хорьсон бие нь тааруу байна. Бас л нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн.

-Хорихын эмнэлгийн дарга  болон эмчлэгч эмч нар нь ар гэрийнхэнд нь “Д.Амарсайханыг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээ¬рээс өгсөн гэж хэлсэн. Тэр дээрээс гэдэг нь хаанаас гэсэн үг вэ?

-Хориход хоригдож буй дүү нь “Таныг  хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн гэнэ” гэж хэлсэн гэсэн. Мөн талийгаачийг нас барсны дараа ар гэрийнхэн нь хорих ан¬гид ирэхэд тус ангийн эмнэлгийн дарга Дар¬ханбат эмчлэгч эмч Отгон¬баатар нар “Эмнэ¬лэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн” гэж хэлж байна лээ. Тэгэ¬хээр энэ үг үнэн бололтой.

-Дээрээс тэр чиг үүргийг хэн өгөөд байна аа. Өмгөөлөгч хүний хувьд танд тааварлаж байгаа зүйл бий юү?

-Гурван үсэгтэй байгууллагаас л өгсөн гэж ойлгогдож байгаа. Эмч нар нь ч тэгж ярьсан байна.

-Тэгвэл тэр байгуул­лага чинь Авлигатай тэмцэх газар биш үү?

-Тэр гурван үсэгтэй байгууллага л тийм үүргийг өгсөн байх. Тэгж үзэхээр харагдаж байна.

Д.ТАНА

Онцлох нийтлэлүүд