ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2020.08.11 10:08

Д.БААТАРХҮҮ: Солирын борооны оргил үе энэ сарын 11-нд идэвхжиж, тод харагдана


Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Баатархүүтэй гурван шөнө дараалан харагдах солирын борооны талаар ярилцлаа.


-Солир бол гариг хооронд орших чулууны жижиг хэлтэрхий шүү дээ. Тэгвэл солирын урсаа буюу бидний хэлдгээр солирын бороо хэрхэн үүсдэг юм бэ?

-Солирын бороо нь сүүлт одноос үүсэлтэй. Сүүлт од гэдэг нь нарыг тойрч буй хэврэгдүү тоосонцроос бүтсэн биет юм л даа. Энэ сүүлт од нарыг тойрох замдаа жижиг биетүүд үлдээдэг. Түүнийг нь солирын бороо гэж нэрлэдэг.

-Солирын бороо жилд хэд хэдэн давтамжтай үзэгддэг. Энэ сарынх аль чигийн ордноос үзэгдэх вэ?

-Найман сарынхыг персейн солирын бороо гэж нэрлэдэг. Монгол нэрээр бол тэнгэрийн онгоцны ордны чиг дэх солирын урсаа юм. Хүмүүс од харвана гэж ярьдаг шүү дээ. Тэр од харвах үзэгдэл их хэмжээтэй болно л гэсэн үг. Хоёр гурван өдрийн турш нэлээн идэвхжиж эхэлнэ. Энэ жил 50-60 орчим солирын бороо ажиглагдана. Жил болгон өөр өөр байдаг л даа. Хамгийн дээд тал нь цагт 100 орчим солирын бороо ажиглагдана. Найман сард нэг удаа болно. Дараа нь арваннэг, арванхоёрдугаар сард болно. Хаанаас солир гарч байна, тэр чиглэлээс харж байгаад нэр өгчихдөг хэрэг. Энэ удаагийнх бол долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын сүүл хүртэл нэг сарын хугацаатай болно.

-Монголд энэ сарын 11, 12, 13-нд солирын бороо үзэгдэнэ гэсэн шүү дээ. Яг тод үзэгдэх оргил үе нь аль өдөр вэ?

-Энэ сарын солирын борооны оргил үе нь 11, 12, 13 гэж таарч байна. Нарийвчилбал, арваннэгний шөнөөс арванхоёрны өглөө хүртэл тодорхой хугацаанд маш ихээр харвана.

-Солирын бороо нэг минутаас эхлээд хэдэн өдрийн турш ч үзэгдэж болно гэсэн. Энэ хугацааг юунаас хамаарч бас хэрхэн тодорхойлдог юм бэ?

-Манай дэлхий солирын биет буюу сүүлт одны явсан замд орчихсон тэр үеийг хэлж байгаа хэрэг. Тодорхой өдрүүдэд их хэмжээний урсгал руу орчихож байгаа юм. Түүнийг нь хиймэл дагуул буюу ажиглалтаар дэлхийн хөдөлгөөн, солирын хөдөлгөөнийг тус бүр судлахаар тодорхой болчихно.

-Манай улс солирын тогоог хэр хэмжээнд судалдаг вэ. Энэ талаар ярихгүй юу?

-Эрт дээр үед дэлхий дээр унасан солирын тогоонууд бий л дээ. Хэмжилт судалгаа хийгээд галт уулын тогоо юу, солирын тогоо юу гэдгийг нь тогтоочихсон. Манай Монголд ч хэд хэдэн солирын тогоо бий. Дэлхий дээрх хамгийн том солирын тогоо гэхэд Аризонагийн солирын тогоо бий. Хэлтэрхийнүүд ч олддог.

- Баянхүр, Цэнхэрийн тогоог солирын тогоо гэдэг юм билээ. Үүнээс хойш солирын тогоо олдсон уу?

-Манайд унасан нь Баянхүрийн тогоо, Цэнхэрийн тогоонуудыг солирынх гээд тодорхойлчихсон байгаа л даа. Ер нь сүүлд 2000 оноос хойш солирын тогоо судлах ажлууд жил бүр явагдаж л байгаа.

-Гэрэлтэй газар буюу сартай шөнө тод харагдахгүй, харанхуй газар илүү тод үзэгдэнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотод харагдах уу?

-Тийм шүү, саргүй шөнө сайн ажиглагдана. Энэ сарын 13,14-нд тал сар гарах учраас бүдэгхэн л харагдах байх. Гэхдээ солирын бороо их тод, өнгөлөг байдаг учраас хүний нүдэнд харагдана. Хөдөө орон нутагт бүр сайн харагдана гэсэн үг. Хотод гэрэл нөлөөлөөд харахад хэцүү.

-Солирын бороог үзье гэсэн хүмүүс хотоос зайдуу хаахна очвол илүү тод харагдах вэ?

-Хотоос гараад гэрэлгүй, харанхуй газар очиход л сайн харагдана. Уулын орой дээр ч юм уу. Хүн таван одны зүгээс л цацарч харагдана. Өдөр ч гэсэн харваж байгаа л даа. Гэхдээ нарны гэрэлд харагдахгүй.

-Долдугаар сарын сүүлээр сүүлт од тод харагдаж байсан шүү дээ. Энэ одны талаар ярихгүй юу?

-Сүүлт од тодорхой давтамжтай нарыг тойрдог. Нарыг тойрох явцдаа манай дэлхийтэй ойртож байгаа юм. Энэ үед л шөнө харагдаж эхэлнэ. Цацарсан гэрэл нь цэнхэр ногоон өнгөтэй. Хойшоо харсан сүүлтэй. Нарны гэрлийн гаралтаар тоосонцор нь хойшоогоо цацарч харагддаг.

-Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийд аюул урчуулж болохоор биетүүд ажиглагдаж байгаа юу?

-Дэлхий нарыг тойрч хурдтай эргэж байгаа шүү дээ. Секундэд 30 километр орчим эргэдэг. Нарны аймгийн найман гариг бий, эдгээр нь өөрийнхөө проекторуудад буй жижиг биетүүтийг зайлуулаад, цэвэрлэчихсэн. Гэхдээ аюул учруулж болзошгүй биетүүд ажиглагддаг л даа. Том хэмжээний солирууд, гурав дөрвөн ч солир дэлхийтэй мөргөлдөж магадгүй л гээд байгаа шүү дээ. Эдгээр нь нарыг тойрдог томоохон хэмжээний солирууд. Урсгал нь нарны голоор, нар сарны цаагуур явдаг. Сайн ойртлоо гэхэд дэлхийн хажуугаар өнгөрнө. Үүнээс гадна бага гаригууд байдаг л даа. Эд нар их аюултай. Зарим нь дэлхийн проектор луу ч орж ирдэг.

С.ЛХАМСҮРЭН

Онцлох нийтлэлүүд