ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.06.24 10:06

Д.Бат-Очир: Санхүүгийн салбарын засаглалын онцлогийг түрүүлж мэдрээд хэрэгжүүлсэн нь ХасБанкны давуу тал

Сүүлийн жилүүдэд компанийн сайн засаглал хэмээх Монгол улсын хувьд шинэхэн ойлголтын талаар багагүй ярих болсон. Энэхүү ойлголтыг байгууллагынхаа үнэт зүйл болгоод зогсохгүй бусаддаа үлгэрлэн түгээж яваа ХасБанкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очиртой ярилцсанаа хүргэж байна.

 -Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе! Танай банкийг олон улсын байгууллагаас компанийн сайн засаглалтай банкаар шалгаруулсан гэж сонслоо. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бол, танай банкнаас нэрээ дэвшүүлсэн үү?

-Баярлалаа. Олон улсын хөрөнгийн зах зээл болон санхүүгийн салбарын чиглэлээр хэвлэмэл сэтгүүл болон цахим хэлбэрээр мэдээлэл гаргадаг Лондонд төвтэй Capital Finance International байгууллагаас сайн засаглалаар ман­лайлж байгаа банкуудыг шалгаруулдаг юм байна.  Шалгаруулалтыг хийхдээ олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Европын холбоо зэрэг байгууллагуудаас санал авч нэр дэвшигчдийг тодруулаад дараа нь тусгайлсан ярилцлага хийх замаар эцсийн шалгаруулалтыг хийдэг юм билээ. 

Монгол улсаас энэхүү шагналд нэр дэвшсэн нь анхны тохиолдол бөгөөд тэр дундаа ХасБанк ази тивийн шилдэг сайн засаглалтай банкаар шалгарсан нь бидний хувьд бахархалтай хэрэг юм.

- Тухайн байгууллагаас танай банктай холбогдсон уу, эсвэл олон улсын байгууллагуудаас нэр дэвшүүлсэн л бол өгдөг шагнал уу?

-Нэр дэвшүүлж байгаа байгууллагууд нь олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд байдаг болохоор нэр дэвшүү¬лэхдээ хүртэл өөрс¬дийн¬хөө нэр хүндэд сэв суулгах сонголт хийх магадлал бага байдаг байх. Нэр дэвшигчдээсээ уг байгууллага нь дахиж сонгоод 30 минутын ярилцлагыг банкны Гүйцэтгэх захиралтай хийн, банк¬ны гүйцэтгэх засаглалын чана¬рын талаар мэдээлэл аван дахин хороогоороо оруу¬лаад эцсийн сонголтоо хийдэг гэж ойлгосон. Тэгэхээр нэр дэвшүүл­сэн болгонд өгдөг шагнал биш гэдэг нь харагдаж байгаа байх. 

- Компанийн засаглал гэж үүнийг хэлнэ гэсэн албаны тодорхойлолтоос илүү ХасБанкны хувьд компанийн засаглалыг яаж хардаг нь сонирхол татаж байна?

- Компанийн засаглал бол тухайн орны эдийн засаг ямар төвшинд явж байгааг харуулдаг үзүүлэлтүүдийн нэг л дээ. Хувийн хэвшил дөнгөж бий болж байх үед бид компанийн засаглалын тухай  ямар ч ойлголтгүй байсан. Харин эдийн засаг хөгжих хэрээр энэ ойлголт өргөжиж тэлсэн. Хүссэн хүсээгүй бий болдог зүйл гэж хэлмээр байна. Манай банкны хувьд анхнаасаа, сууриас нь компанийн засаглалын зарчмаар явсан. Анх байгуулагдахдаа суулгасан компанийн сайн засаглалын үр өнөөдөр соёолж, ургаж, цэцэглэж эхэлсэн учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бидэнд энэ нэр хүндтэй шагналыг хүртээсэн байх. Мөн бичил санхүүгээс бизнесээ эхэлсэн ХасБанкны хувьд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахуйц өндөр түвшинд хүрч чадсаны нэг том баталгаа гэж харж байгаа.

Санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй уялдаж ажиллах шаардлагатай бүх талуудын ашиг сонирхолыг жигд тэнцвэртэйгээр хамгаалж чадаж байгаа байгууллага л урт удаан хугацаанд тогтвортой амжилттай ажиллаж чадна гэдэгт бид анхнаасаа итгэн энэ зарчмаар ажиллахыг хичээж ирсэн. Манай банкны хувьд гэхэд л харилцагчид, зээлдүүлэгчид, хувь нийлүүлэгч, ажилчдаас гадна бидний харилцдаг түнш байгууллагууд болон татвар, нийгмийн даатгал, зохицуулах байгууллагууд гээд олон талуудтай холбогдон ажиллах шаардлагатай учир аль нэгнийх нь ашиг сонирхлыг сөргөөр хөндөөд эхлэх л юм бол бизнесийн тогтвортой байдалд муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Энэ зарчмыг ялангуяа ХасБанкны үе үеийн хувь нийлүүлэгчид маш сайн ойлгон өөрсдийн эрх ашгаа хэт дээгүүр тавин бусад талуудын эрх ашгийг хөсөрдүүлэхгүй байх тал дээр засаглалын зарчмыг хатуу баримталж ирсний үр дүнд ХасБанк жижиг төслөөс олон зуун мянган харилцагчтай системийн хэмжээний банк болж, өсөн дэвжиж чадсан гэж боддог. Энэ олон ашиг сонирхлыг тогтвортой хангахын тулд Хувь нийлүүлэгчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багийн эрх үүргийг зохистой хуваарилах, мэргэжлийн хараат бус байдлыг нь хангах нь чухал гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөн ажиллаж ирсэн нь бидний нэг давуу тал гэж бодож байна. Миний санаж байгаагаар 2001 оноос хойш өдийг хүртэл арваад банк дампуурсан. Гэтэл бид хамгийн жижиг банкаас системийн хэмжээний дөрөв дэх том банк болж чадсан.  Шалтгаан нь маш тодорхой. Олон ашиг сонирхлыг жигд барьсны л хүч. Ингэж чадсан учраас л хувь нийлүүлэгчид хөрөнгөө оруулж, харилцагчид мөнгөө хадгалуулж, зээл авч, ажилчид  тогтвортой ажиллаж байгаа хэрэг.

- Компанийн засаглалаар бусдаас ялгарах давуу тал гэвэл та үүнээс өөр юуг онцлох вэ? 

- Санхүүгийн салбарын засаглалын онцлогийг түрүүлж мэдрээд хэрэгжүүлж чадсан нь бидний бусдаас ялгарах давуу тал байх. Санхүүгийн салбарын засаглал өөрөө их онцлогтой.  ХХК-ийн хувьд дийлэнх хөрөнгө нь эзнээс ордог учраас эзний эрх ашиг тэргүүн ээлжинд тавигдахаас аргагүй байдаг. Харин санхүү¬гийн байгууллагын хувьд  хадгаламж эзэмшигч, гадны зээлдүүлэгчийн мөнгийг эзний хөрөнгөтэй хольж эдийн засагт эргэлтэд оруулдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах нийт хөрөнгийнхөө 10 хувийг эзнээс, 90 хувийг нь бусдын итгэлийг олж татан төвлөрүүлдэг онцлогтой. Нийт мөнгөний 90 хувийг бүрдүүлж байгаа талын эрх ашгийг хамгаалах тусам банкны бизнес зөв замаар өргөжин тэлдэг. Хамгаалахгүй бол хөгжихгүй, эсвэл дампуурна. Тэр утгаараа манай банкны хувь нийлүүлэгчдийн бодло­го тодорхойлох болон хэрэг­жүүлэх түвшинд оролцох орол¬цоо нь хэт давамгайлсан биш. Одоо ч тийм хэвээрээ. Зарим байгууллагын хувьд зөвхөн өөрийн ашгийг илүүд үзэж ТУЗ болон гүйцэтгэх удирдлагаа хараат болгох хандлагууд анзаарагддаг. Хас¬Банкинд анхнаасаа мэргэж­¬лийн хараат бус байдал нэ¬лээд сайн хөгжсөн. Аль нэг хувь нийлүүлэгч ТУЗ-д  дур­тай үедээ хүн тавиад, дургүй үедээ хөөгөөд гаргадаг болол­цоо байдаггүй. Гүйцэтгэх удирд­лагын хувьд ч ялгаагүй. Ду­рын нэг хувь нийлүүлэгч гүйцэтгэх удирдлагын багт шалт¬гаангүйгээр хүн томилж, сугалж авах боломжгүй. Мэ¬дээж хараат бус гэдэг нь дур зоргоороо аашилна гэсэн үг биш. Ашиг сонирхлыг хэт нэг талд нь гаргахгүй, тогтвортой хөгжлийг хангахын тулд тэргүүн ээлжинд мэргэжлийн ажлаа хий­гээд явна гэсэн л санаа. Товч­хондоо, мэргэжлийн ха¬раат бус байдал манай гол ялгаа.

- Тэгэхээр ТУЗ, гүйцэтгэх удирдлагын баг хувь нийлүүлэгчдээс үл хамаарч чухал томоохон шийдвэрүүдийг гаргаад явах боломжтой гэсэн үг үү?

- Хувь нийлүүлэгчдээс үл хамаарах гэдэг утгаараа биш харин тус тусдаа үүрэх ёстой хариуцлага, энэхүү хариуцлагаа хэрэгжүүлэх эрхийн хүрээнд үл хамааран хараат бусаар шийдвэрээ гарган хэрэгжүүлэх боломжтой гэж ойлгох нь илүү зөв байх. Банкны салбарт нэг  гашуун туршлага байдаг. Нэг бол зээл хэт төвлөрч олгогдсон, эсвэл холбоотой компаниуддаа зээл өгсөн жишээ олон бий. Дэд бүтэцдээ хангалттай хөрөнгө оруулалт хийдэггүй нь ч сөргөөр нөлөөлдөг.  Банкны гол үүргүүдийн нэг бол эдийн засагт иргэд байгууллагуудын төлбөр тооцоог найдвартай шуурхай хийх явдал байдаг.Үүний тулд мэдээллийн технологийн дэд бүтэц нь сайн байх шаардлагатай. Ийм юманд мөнгө зарахаас хойшоо суувал  төлбөр тооцооны тогтолцооны аюулгүй байдал алдагдаж, харилцагчдад эрсдэл учирна. Жишээ нь үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх удирдлага, ТУЗ хоёр шийдэх үүрэгтэй, хувь нийлүүлэгчид оролцох эрхгүй байдаг.

- Capital Finance International-ийн сайн засаглалтай компанид тавьдаг нэг шалгуур нь гүйцэтгэх удирдлагын хараат бус байдал гэж онцолсон байсан. ХасБанкны хувьд энэ шалгуурыг хангаж чадсан гэдэг ойлголтыг таны ярианаас авлаа. Хараат бус ТУЗ, хараат бус гүйцэтгэх удирдлагатай байх зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

- Нийгэм, эдийн засаг, бизнес хөгжөөд ирэхэд зайлшгүй тавигдах шаардлага, нөхцөл л дөө. Бизнес эрийн цээнд хүрч байгаа эсэхийг хэмждэг нэг гол үзүүлэлт гэж хэлж болно. Монголд хувийн сектор хөгжиж байх эхэн үед нэг, хоёр хүний, гэр бүлийн бизнес гэж байсан бол өнөөдөр өчнөөн оролцогчтой, олон ашиг сонирхлыг нэг уулзвар дээр нэгтгэсэн том бизнес хөгжих нь гарцаагүй болж байна. Ийм нөхцөлд хэн гүйцэтгэх удирдлагыг хийх вэ гэдэг бол анхаарал татахаар том асуулт. Маш өндөр мэргэжилтэй, тавьж байгаа шаардлагын босгыг давсан мэргэжлийн баг хэрэгтэй гэсэн үг.  банк анхнаасаа зөв хүмүүсийг удирдлагынхаа багт тавьж, зөв хүмүүсээр удирдуулж ирсэн. Энэ зарчим өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Харин ч илүү олон чиглэлээр бэлтгэгдсэн банк, санхүүгийн мэргэжилтнүүд удирдлагын багт ажиллаж байна. Дараагийн удирдагч хэн байх вэ гэдэг залгамж халааны асуудал ТУЗ-ийн анхаарлын төвд байсаар ирсэн. ТУЗ нь удирдлагын багтаа “та нар энэ зорилгыг ийм эрх мэдэлтэйгээр хэрэгжүүлж энд хүргэнэ шүү” гэж чиглүүлээд тодорхой эрх өгсөний дараа өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Мэргэжлийн баг ч тэр чиг замаар  нь ажиллаж,  хийснээ үнэлүүлж чаддаг. Бид ийм зарчмаар ажилладаг. Дахин хэлэхэд хараат бус ТУЗ болон гүйцэтгэх удирдлага олон оролцогчтой том бизнес хөгжиж байгаа өнөө үед зайлшгүй хэрэгтэй бүтэц. 

- Засаглалын нэг хэлбэр бол яах аргагүй нийгмийн хариуцлага. Манай компаниуд нийгмийн хариуцлагыг хүүхдийн баяраар хүүхдэд бэлэг тараах төдийгөөр ойлгоод байх шиг санагддаг. ХасБанкны хувьд нийгмийн хариуцлага гэж юу вэ?

- Мэдээж бид  бүх хүнийг мөнгө хөрөнгө, элдэв зүйлээр тэтгэж чадахгүй. Сэтгэлгээнд нь өөрчлөлт хийх замаар нөлөөлөхийг л нийгмийн хариуцлага гэж ойлгодог. Нийгмийн хариуцлагатай байх тусмаа банкны бизнес цэцэглэнэ. Учир нь бид нийгмийн бүх давхаргын хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж байж л итгэлийг нь олж авна шүү дээ. Олж байгаа ашгийг хувь нийлүүлэгч аваад байх биш тэр ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө хуваалцах нь нэг талаасаа бидний үүрэг. Бид энэ нийгэмдээ үйлчилгээ үзүүлээд ашигтай ажиллаж байгаа бол эргээд нийгмийн сайн сайханд боломжоороо хувь нэмрээ оруулах учиртай. Ийм зорилгоор төрийн бус байгууллагуудыг, нийгэмд  хэрэгтэй ажлуудыг тасралтгүй дэмжиж ирсэн. Амьдралын боломж тааруу ч авъяастай хүүхдүүдийг дэмждэг “Хөгж¬лийн алтан сан” төрийн бус байгууллага бий. Аймаг бүрт “Хас төгөл” гээд цэцэрлэг байгуулсан. Одоо ч үргэлжилж байгаа ажил. Багийн спортыг дэмжих зорилготой заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнийг анхлан санаа­чилж, жил бүр нэлээд идэвхтэй спонсорлодог. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккейн спортын “Хасын хүлгүүд” багийг дэмждэг, хүүхэд залууст нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөр гээд олон ажлуудыг дурьдаж болно. 

- Эдийн засаг хэцүүхэн байгаа энэ үед эрсдлээс хамгаалсан бодлого нэгдүгээрт тавигдаж таарна. Нөгөө талаараа компанийн сайн засаглалын нэг гол шалгуур үзүүлэлт гэж бодож байна?

- Банк хүмүүсийн олон жилийн хөдөлмөрийн үр ши¬мийг хадгалж эдийн засагт зуучилдаг байгууллага учраас зээлийн үйл ажиллагааг аль болох болгоомжтой явуулах үүрэгтэй л дээ. Тийм учраас төвөгтэй барьцаа шаарддаг. Хүнд өгсөн 100 төгрөгийн 90 төгрөг нь хүний, 10 төгрөг нь эзний мөнгө байдаг учраас тэр. Их л өөриймсөг хандахгүй бол хүний итгэлийг алдана. Зээлдэгчийн эрх ашгийг хадгаламж эзэмшигчийн эрх ашигтай жингийн туухай дээр тавихад хүссэн хүсээгүй хадгаламж эзэмшигчийн эрх ашиг дийлэхээс аргагүй. Энэхүү зарчмыг мөрдлөг болгон ажиллаж ирснээрээ манай банкны зээлийн багцын чанар банкны салбартаа харьцангуй сайн байсаар ирсэн. Системийн банк учраас  орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг харилцагчид манайхаас зээл авдаг. Эдийн засаг хумигдахаар тэр хүмүүсийн мөнгөн урсгал хумигдаж, төлөвлөж байсан зээл төлөх чадвар нь багасдаг тал бий. Бидний хувьд ч тэр байдлыг нь ойлгож, зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийг нь өөрчлөх ажлуудыг зохистой түвшинд хийдэг. Гэхдээ анхнаасаа ирээдүйн эдийн засгийн таамагт үндэслэж зээлийн үйл ажиллагаагаа болгоомжтой явуулдаг тул ийм бэрхшээл гарсан ч гэсэн ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрдэггүй. Уул уурхайн салбарт гэхэд манай зээлийн төвлөрөл маш бага. Цөөн хэдэн том зээлдэгчид олгосон зээлийн төвлөрөл бас бага хэмжээтэй. Зээлийн үйл ажиллагаа ихэвчлэн жижиг дунд руу чиглэсэн. Эрсдлийн удирдлага хариуцсан нэгжүүд, түүн дотроо зээлийн эрсдэл хариуцсан тусгай нэгж үйл ажиллагаа явуулдаг. Зээлийн шийдвэр гаргалтанд дөрвөн нүдний зарчим үйлчилдэг буюу аль нэг хүн дангаараа давамгайлж шийдвэр гаргадаггүй гэсэн үг. 

-Компанийн засаглалаа сайжруулахын тулд цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Гүйцэтгэх удирдлагын түв­шинд эрх мэдлийг төрөл­жүүлж тусгаарлах ажлууд хийж байна. Өмнө нь гүйцэтгэх захирал бүх шийдвэрийг гаргадаг байсан бол одоо гүй­цэтгэх захирлын дор хариуцсан захирлууд гэж ажиллана.  Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захи¬рал эрх мэдлээ хувааж өгөөд, хариуцсан захирлуудаа илүү зорилго, чиглэл өгөх, гүй­цэтгэлийг нь хянах замаар удир¬дан, тэдэнд тухайн чиглэ¬лээрээ илүү мэргэ¬шин үйл ажиллагаагаа өргө¬жүүлэх болом­жийг олгоно гэсэн үг.  Гүйцэтгэх захирал хэт олон шийдвэрт оролцохоо бо¬лин бизнесийнхээ хөгжлийн явц, чиглэлд тавих хяналт, ойрын болон хэтийн зорилтоо илүү оновчтой тодорхойлоход голлон анхаарах боломжтой болно.

- Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

- Баярлалаа.

Онцлох нийтлэлүүд