ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.05 08:12

Д.Бямбаа: Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ард иргэдээр төлүүлнэ гэдэг бол эрх баригчдын хүчирхийлэл

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭГДСЭНИЙ ДАРАА АЛБАН БУС СЕКТОР ШУУД ӨСЧ, ХОЁР ДАНСТАЙ СИСТЕМ ИЛҮҮ ӨРГӨЖИХ ЭРСДЭЛТЭЙ-


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга асан Д.Бямбаатай нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл ард түмнийг багагүй бухимдуулж байна. Ер нь нийгмийн даатгалын сан хэзээнээс ямар зорилгоор үүсч байсан тухай та ярьж өгөөч?

-Үүх түүх гэж ярих юм бол би өөрийнхөө хөдөлмөрийн гараагаа эхэлсэн 1984 он буюу 35 жилийн өмнөх түүхээс ярих болно. Тэр үеийн хууль гэдэг бол социалист Монголын хууль. 1970 хэдэн онд анх Тэтгэврийн хууль хэрэгжиж эхлээд 1980-аад оны үед шинэчилсэн. Бид нар яахав дээ тэр үед Оросын хуулиудыг хуулж орчуулж тэндээс санаагаа авдаг байсан. 1984 онд Оросод сургууль төгссөн цөөн хэдэн бид нар Оросын хуулийн зузаан номыг орчуулсан. Орчуулснаа дарга мэргэжилтнүүддээ өгдөг. Тэд болдовсруулах ажил хийдэг. Ер нь эв хамтын тогтолцоо гэдэг тэтгэврийн даатгалын тогтолцоо маань 1995 он хүртэл үргэлжилсэн байдаг. 1995 од Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоог цогцоор нь бий болгоё гэж даатгалыг нь дотор нь таван төрөлд хуваасан. Ингээд Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Энэ хуулийг баталж мөрдүүлэхэд П.Жасрай гуай Засгийн газрыг тэргүүлж байлаа. Шинэ хуулиар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байгуулагдаж, зөвлөлийн анхных нь даргаар ажиллаж эхэлсэн. Албан бус энэ зөвлөлийн үйл ажиллагаа нь нийгмийн даатгалын санд хуримтлагдсан сан хөмрөгийг зөв зохистой ашиглаж зорилтот бүлэгт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, түүний төлөө төрийн үйлчилгээ, иргэний оролцоо, үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангана гэсэн чиглэлтэй байсан. Үндэсний зөвлөл гурван талт есөн хүний бүрэлдэхүүнтэй. Гурван хүн нь Засгийн газрыг төлөөлж, гурав нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас, гурав нь эздийн байгууллагаас байдаг. Энэ есөн хүн бол нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалыг ойлгодог, мэргэшсэн хүмүүс байх ёстой гэдэг философи үйлчилж тухайн үедээ яам, Тамгын газрын мэргэшсэн хүмүүс орж ажиллаж байсан. Миний итгэл зүтгэл шингэсэн хөдөлмөрийн түүх 2000 он хүртэл үргэлжилж, Нийгмийн даатгалын багц хуультай зууралдаж, хуулийн орчинг боловсронгуй болгох гэж зүтгэсэн. Нийгмийн даатгалын таван төрлийн сан бүр өөрсдийн зориулалттай. Хувь хэмжээ нь өөр. Гэхдээ ажил олгогч ажилтан нийлээд 19 хувь, хүнд аюултай нөхцөлийнхөн 20 хувь төлдөг байлаа. Энэ сангийн нэлээд хэсэг нь тэтгэвэр тэтгэмжийн эрх үүссэн хүмүүст зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, бидний төлсөн шимтгэлийг 20, 30 жилийн өмнө ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийг өгдөг тогтолцоо байсан. Үүнд харин төр анх хариуцлага үүрэх ёстой гэсэн үүрэг хариуцлага орж ирсэн. Яагаад гэвэл 70, 80 оны үед ажиллаж байсан хүмүүсийн асуудал өнөөдрийн 90 оныхны үүрэг 100 хувь биш. Тэгэхээр эв хамтын тогтолцоог аль ч улс орон хоёр салаалж хэрэгжүүлдэг. Ялангуяа социалист орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүн улс бүгд адилхан хуультай. Тэд энэ системээсээ үе шаттай шилжсэн. Шилжихдээ зах зээлийн хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн.

-Манай улс яасан бэ?

-Мөн адилхан. Нийгмийн даатгалын багц хуулийг 10 жил хэрэгжүүлнэ. 2005 оноос үе шаттайгаар хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэж хуульчилсан байсан. Хагас хуримтлалын тогтолцоо гэдэг Энхзаяа гэж хүний өнөөдөр төлсөн шимтгэлийн тодорхой хэсэг таны нэрийн дансан дээр бүртгэгдэнэ. Та хэчнээн төгрөг хуримтлуулсан тайлангаа жил бүр харах бололцоотой. Үүнийг хавтгайруулахгүйн тулд 1960 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн бүх хүмүүст нэрийн данс нээнэ. Дансан дээр төлсөн шимтгэлийн дүнг нь тавьж өсөлтийн хувьтай нь харуулж байя гэсэн заалттай энэ хуулийг 2000 оноос хэрэгжүүлэхээр 1999 онд баталсан юм. Таван жилийн хугацаанд шилжилтийн шинжтэй хэрэгжүүлсээр 2005 он гэхэд шилжсэн байхаар заасан байв. Түүнээс хойш юу болчихов гэтэл

1995 оноос 10 жилийн хугацаатай явах шилжилтийг 2000 оноос нурааж эхэлсэн. Ингэхдээ нөгөө хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэсэн өөрчлөлтийг хуулиас аваад хаячихсан. Би үүн дээр харамсдаг юм. Хүн муулах гэж дурлаад байгаа юм биш. Гэхдээ 2000 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар улстөрч байх ёстой гэдэг шийдвэр гаргасан.

Төрийн мэргэшсэн албан хаагч мэргэшсэн хүмүүс удирдах ёстой гарч ирсэн концевц 2000 оны арванхоёрдугаар сард батлагдсан УИХ-ын 50 дугаар тогтоолоор нурсан. Түүнд яамдын дэд сайд нар Үндэсний зөвлөлийн гишүүн байна гэж хуульчилсан. Энэ бол тухайн үед салбарыг удирдаж байсан Өвөрхангайн хоёр хүнээс угшилтай. Түүнээс биш төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга зэрэг мэргэшсэн хүмүүс зөвлөлийг яваад явах боломж байсан. Улс орнуудад тийм ч байдаг. Ингээд улстөрч хариуцдаг болсон цаг үеэс алгуураар сан хөмрөгийн менежмэнтийг улс төрийн зорилгоор ашигладаг, сонгуулийн амлалтыг нөхдөг, улс төрийн сонгуульд идэвх зүтгэл гаргасан хүмүүсийг шагнах урамшуулах хэрэгсэл болж хувирсан. Шуудайнд хийсэн арвайг тал талаас нь цоорхой гаргаад гоожуулдаг шиг хуулиудыг сэглэж эхэлсэн дээ.

-Олон нийт одоо яг л таны хэлж байгаа хуримтлалын тогтолцоог хүсч байгаа. Уг нь бол санаачлаагүй биш санаачлаад хуульчлаад явж байсан юм байна шүү дээ?

-Энэ гажуудал 2005 оноос эхлээд, хамгийн эхэнд сангийн мөнгийг хувийн банкуудад байршуулж өсгөнө гэдэг зүйл оруулаад исэн. Тэр үеийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр нимйгмийн хамгааллын дэд сайд С.Чинзориг байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Эрдэнэ байсан. Тэр хоёр хүн хоршоод л банкуудад байршуулж эхэлсэн. Эхлээд таван тэрбумаар дараа 10, 20 100, 200 тэрбум болоод явчихсан. Одоо бүр нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмээд даатгалын санг бие даасан болгоно гэсэн гажиг философийг гаргаж ирж байна. Уучлаарай гэж хэлнэ.

-Олон улсад нийгмийн даатгалын тогтолцоогоо амжилттай хэрэгжүүлдэг гэсэн. Жишээлэх ямар хувилбар байна вэ?

-Социалист орнууд гурван давхар шатлалыг амжилттай хэрэгжүүлж байна. Эхний давхарга нь хүн бүр хөдөлмөрлөх нь үнэн, хөдөлмөрлөөд татвар төлөх нь үнэн. Татвар даатгал төлсөн бол өндөр насандаа төрөөс буцааж авах нь үнэн. Энэ үнэнд нийцсэн нийгмийн хамгааллын агуулгатай хамгийн бага тэтгэврийн доод хэмжээг тогтоодог нэг давхарга байгаа. дараагийн тогтолцоо бол чи хөдөлмөрлөөд, чиний хөдөлмөрөөр материал баялгийг үйлдвэрлээд танай компани хөгжиж байгаа. чи хувь хүний орлого хийж байгаа бол тэр орлогоосоо шимтгэл төлдөг. Энэ бол даатгалын хариуцлагын тогтолцоо бөгөөд хуулиар зохицуулагддаг. Тэр нь цэвэр нэрийн дансан дээр бүртгэгдэж, ирээдүйд түүнтэйгээ дүйцсэн тэтгэвэр авдаг. Жишээ нь, чи арай бага ажиллаад 60 саяыг хадгалуулсан, би арай ахиу ажиллаж 100 сая төгрөг хадгалуулсан байна. Тэр бол тэтгэвэр их бага байх эсэхийг шийддэг механизм байх ёстой. Гурав дахь шатлал нь хүн өөрийгөө урт насална, ингэхдээ аялна зугаална. Идэж уух хэрэгцээ өндөр байх ёстой гээд магадгүй хувьцаа хэлбэрээр давхар даатгалын тогтолцоог бий болгодог. Өөрөөр хэлбэл, суурь тэтгэвэр, хамтын даатгалын тогтолцоогоор өгөх үндсэн тэтгэвэр, тэгээд дээр нь нэмэгдэл тэтгэвэр гээд гурван эх үүсвэрээс санхүүжих механизмыг дэлхийн улсууд санал болгоод амжилттай хэрэгжүүлээд яваад байгаа. Манайх зөвхөн анхных дээрээ хууль эрх зүйн орчин байгаа хэрнээ түүнийг нь өгөхдөө бас л зиг заг үүсгээд түүний цаана огт шимтгэл төлөөгүй хүмүүсийг хүртэл хамруулдаг, огт ажиллагаагүй хугацааг ажилласан хугацаанд тооцдог гажиг системтэй болчихоод байна. Үүний үр дүнд байнгын ажилтантай байхаас илүү гэрээт ажилтантай болох сонирхол ажил олгогчдод улам бүр нэмэгдэж байна. Манай улсад өнөөдөр нэг сая гаруйхан хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Гэтэл нийтдээ 1.6 сая хүн ажиллаад байдаг.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй малчдын тэтгэврийн насыг наашлуулж, тэтгэвэр олгож байгаа асуудал байна?

-Малчид бол зарим үед орлого сайтай байдаг. Гэтэл огт татвар төлдөггүй. Гэхдээ тэднийг жирийн хүнээс таван жилийн өмнө тэтгэвэрт гаргана. Тэгээд төрөөс тэтгэврийг өгнө гэсэн гажиг хуулийг санаачлаад байгаа. Энэ эмзэг асуудлын цаана улс төрийн шийдвэр гэхээс илүү мэргэжлийн шийдвэр гэж байлаг юм. Энэ тогтолцоон дотор мэргэшсэн хүмүүс нь байхгүй болчихсоных энэ. Ер нь хөдөлмөрийн нөөц салбарт яг мэргэшсэн хүмүүс маш их цөөрсөн. Эрхбиш ганц нэгээр гадаад дотоодод яваад суралцсан, соёлтой нийгмийн хариуцлагатай компаниуд хүний нөөцөө чадавхжуулаад дахин сургаж мэргэшүүлээд явж байна. Цэвэр монгол хүнийг ажиллуулна гэвэл тэмээ туйлсан юм шиг болгож хаяна. Хөдөлмөрийг дэмжих ёстой хөдөлмөрийн салбар нь өөрөө тэтгэвэр, тэтгэмжин дотроо будилаад огт ажиллахгүй байхыг дэмжиж, ажилгүй байх тусмаа аз жаргалтай байх юм шиг үзлийг бий болгосон.

-Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг уг нь бид ирээдүйгээ төрд даатгуулж байгаа явдал. Одоо харах нь ээ даатгуулах биш татвар төлдөг систем болчихож. Тэгээд дээр нь шимтгэлээ нэмж төлөх болчихлоо. Энэ хууль нь хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Тэр үед нь дуугарах чинь яасан юм бэ гэсэн байр сууриуд ихээхэн явж байна?

-Нийгмийн даатгалын сан улсын төсвийн нэг хэсэг нь байна гэж хууль батлаад төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгочихсон. Тэгээд шимтгэлийг татвар шигээ хараад эхэлсэн. Ийм байхад хүмүүс татвар гэж ойлгохоос арга байхгүй. Уг нь хүн чинь ирээдүй рүүгээ харсан хуримтлал гэдэг ойлголттой явах нь нийгэмд тустай. Тиймээс татвар болгож хувиргаад татвараа нэмж байгаа өнөөдрийн эрх баригчдын хүчирхийллийг эсэргүүцэхээс өөр яахав. Нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь болно гэдэг аль ч улс оронд байхгүй өндөр шимтгэл. Төлсний дараа гарах үр дагавар нь албан бус сектор шууд өснө, хоёр данстай байгаа систем илүү өргөжинө. Аливаа улсын алдагдлыг иргэдээрээ төлүүлнэ гэдэг бол монголчууд хэтэрхий хүлцэнгүй, сүх далайтал байтугай далайчихаад байгаа сүхнээсээ айхгүй байгаа юм болов уу даа. Бид ер нь ямар ч унхайгүй, хүлцэнгүй ард түмэн болчихов гэж эмзэглэхэд хүргэж байна. Тиймээс 26 хувийг яагаад ч дэмжиж болохгүй. Бүх тооцоо судалгаагаар эдийн засгийг ухраасан, нийгмийн чадамжтай, амьдралаа авч явах хүмүүсийн амьдралын үнэ цэнийг боомилсон, хөдөлмөрлөх идэвхийг боомилсон буруу шийдвэр.

Олон улсын практикт 20 хувиас доогуур байдаг. Бүр 11, 12 хувьтай улс орон ч бий. Харин манайд шимтгэлийн 20 хувийг нэмэх тухай хэн нэгэн улстөрчийн толгойд орж ирсэн бол давхар даатгалын системийг бодож олсон байх ёстой.

Тэгсэн бол ард иргэд маргаашийнхаа төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж хүлээн авч бухимдахгүй. Гэтэл хүчээр авдаг татварынхаа хэмжээг өсгөөд олж ирсэн бүх мөнгийг нь захиран зарцуулна. Зарцуулахдаа өнгөрсөн цаг үеийн тэтгэвэр авагчдад зарцуулна. Огт ажиллаагүй, шимтгэл төлөөгүй хүмүүст өгнө. Хөрөнгө оруулалт нэрээр байшин сав болгоод устгачихна. Эсвэл дампуурч байгаа банк руу хийгээд устгачихна. Уг нь Хөдөлмөрийн сайд гэдэг Засгийн газар дотроо сөрөг хүчин байдаг юм, олон улсад. Тэр хүий нүдэнд тэтгэврийн хөгшид нь, өвчин эмгэгтэй хэсэг, ядуу зүдүү орлогоороо амьдарч чадахгүй хүмүүс харагдаад сэтгэл нь тавигдаж чаддаггүй хүн Хөдөлмөрийн сайд хийдэг. Гэтэл эсрэгээрээ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс өөр арга байхгүй, тэтгэврийн сангийн алдагдлыг нэмэхийн тулд хоёр хувиар нэмж байгаа гэж тайлбарлаж байгаа хүнд ёс суртахууны эрх байна уу. Нийгмийн даатгалын сангийн мөнгө дутлаа гэж яриад байгаа. Банкуудад тарааж байршуулсан хөрөнгөө татаж авах хэрэгтэй. Олон банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бий шүү.

-Тэгвэл ямар шийдэл байж болох вэ?

-Халамжийн сэтгэхүйгээс аль болох татгалзаж, хөдөлмөрөөр дамжсан үнэ цэнийг бий болгож чадвал улс хөгжинө. даатгалын эрсдэл гэж яриад байгаа зүйл бол эрсдэл биш. Шийдэл хоёр хувь нэмэх ч биш. Харин үүнийгээ зогсоочихоод ард иргэддээ “Төр хоёр хувийн нэмэгдлээс татгалзлаа. Хариуд нь та нар сайн ажилла. Ажлын байран дээрээ өндөр бүтээмжтэй ажилда. Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд сур, хөдөлмөр, харилцааны соёлыг сур” гэж уриалах юм бол 1000 ажилтантай аж ахуйн нэгж хоёр хувийн хуримтлалаар тачигнатал хүмүүсээ сураад өөр хүнийг төлөвшүүлнэ. Зүгээр л хийж байгаа юм нь өнгөтэй бүтээмжтэй чанартай болно. Зүлгэх тусам гэдэг шиг хүнээ зүлгэж, хүндээ урам өгөх ёстой.

Б.ЭНХЗАЯА

Онцлох нийтлэлүүд