ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.01.01 12:01

Д.Бямбацогт: Би Салхи Дамбий шиг өгье гэвэл өгчихдөг, цайлган талдаа хүн

Шинэ оны эхний өдрийн амралтанд тань зориулж та бүхэнд архиваа уудлан нэгэн гайхалтай уран бүтээлчийн ярилцлагыг эргэн хүргэж байна.


Олон түмний сэтгэлд “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз дэлгэцийн олон дүрээрээ хоногшин танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогттой уулзаж хөөрөлдлөө.

-Монгол түмний хайртай жүжигчний маань хүүхэд ахуй нас хаанахын дэнж дээр өнгөрөв?

-Миний аав, ээж хоёр Завхан аймгийн баруун хойт талын Сонгино сумын уугуул. Би Тосонцэнгэлд төрж, зургаа долоон нас хүртлээ тэнд байсан. Миний өссөн газар бол Гандан, Модны хоёр, Зурагт, Тасганы овоо орчим юм даа. Аав маань дөрөвдүгээр ангийн боловсролтой, цэрэгт таван жил явсан, шинэ үсгийн багш, багийн даргын алба хашиж байсан намын гишүүн, морь сайхан унадаг “ганган” Дашням гэдэг хүн байлаа. Тосонцэнгэлийн модны үйлдвэрт суурь машины слесарь-механикчаар ажилладаг техник сэтгэлгээ сайтай хүн байсан. Ээж эмийн санд насаараа ажилласан. Бид эцэг эхээс уг нь тавуулаа. Томоос ах, багаас бид хоёр л тогтсон. Яахав дээ миний заяа л байхгүй юу даа. Уг нь би дөрвөн сайхан ахтай байх учиртай байж л дээ. Манайд урваж ирсэн миний хайртай эгч бид хоёр л одоо үлдэж дээ. Хүний амьдрал гэдэг ийм хойно.

-Та нэгэнтээ “Жүжигчин болоогүй бол төмөр замын инженер болох байсан” гэсэн байна лээ?

-Нийслэлийн арван жилийн улсын тэргүүний 28 дугаар сургуулийн Батнасан багштай арвын А ангийг 1984 онд төгсөөд Төмөр замын техникумын техник механикийн ангид элсэн орж нэг жил сурсан. Би тоо харахаар толгой өвдөөд байдаг хүүхэд байсан. Учрыг нь олохгүй болохоор толгой өвдөөд байсан байлгүй.Яруу найрагч Цэндийн Чимэддорж гуай “Мал маллахаа марксизмаар заалгаагүй” гэсэн шиг л хувь тавилангаа дагасан. Техникумаас цэрэгт явсан. Халхын голын хилийн цэргийн ангид алба хааж байгаад Барилгын цэргийн 0119 дүгээр ангид шилжиж ирсэн. Цэргийн алба надад юм юм өгсөн. Би чинь айлын дураараа өссөн танхидуу, юм юм руу үсчсэн сониуч хүүхэд байлаа. Ээж аав маань “Олон зээр рүү хөөсөн нохой хоосон хоцордог юм” гэж намайг аашилдаг ч нууцаар гимнастик, хөгжим, гар бөмбөгийн гурван ч дугуйланд явдаг байлаа.

-Гимнастикийн дугуйланд явдаг байсан гэхээр их уян налархай биетэй байж дээ?

-Би чинь гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин, волейболын спортын дэд мастер хүн байхгүй юу.

-Өө, за за. Та чинь спортоо хөөсөн бол дийлдэшгүй тамирчин болох байж?

-Хөгжмийн тал дээр дөрөв, тавдугаар ангиасаа үлээвэр хөгжмийн дугуйланд хичээллэсэн, багш маань ноот заагаад өгчихсөн. Тоглохгүй бүрээ гэж байгаагүй. Манай сургуулийн үлээвэр хөгжмийн “Алтан бүрээ” хамтлаг их алдартай байлаа.

-Барилгын цэргийн ангийн байлдагч байхдаа оргож ирээд Багшийн дээдийн кино драмын ангид шалгалт өгөөд тэнцчихсэн байдаг билүү?

-Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн харьяа Кино урлагийн факультет гэж байхад би тэнд 1988 онд элсэн орж, 1990 онд СУДС, 1992 онд өөрийн гэсэн байртай СУИС болоод байхад нь төгссөн анхны төгсөгч. Манай ангид Дэмидбаатар, Оюундарь, Өлзийхүү, Хүрлээ, Энхзаяа, талийгаач Мягмаржав, Ганхуяг, Алтангэрэл, Элбэгсайхан ахын хүү, Пүүжээ нартайгаа арван гурвуулаа сурч байсан. Энэ арван гурваас дөрөв нь бурхан зүг одож дээ.

-Ангийн багш нэрт найруулагч, түмний хайртай жүжигчин Доржсамбуу гуайн тухай сайхан дурсамж хуваалцаач?

-Бид яалт ч байхгүй Доржсамбуу багшийн гарын шавь нар. Багш нараасаа би урлагт зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэдэг тэр чанарыг нь өвлөж явах учиртай байсан юм болов уу. Яг үнэндээ багш нарынхаа тухай ярих гэхээр сэтгэл их огшоод байдаг юм. Би эхнэртээ нэг удаа “Миний амьдралд нэгдүгээрт урлаг, хоёрдугаарт тамхи орно” гэчихсэн чинь “Би чиний амьдралаас хааччихсан юм, ээж чинь хаана нь орох вэ” гээд сүйд болсон. Амьдралд нэгдүгээрт ээж байж болохгүй. Эх хүн гэдэг миний бурхан шүтээн учраас би тэгж дугаарлаж чадахгүй. Бурхан шүтээнээ дээдэлдэг болохоос дэс дугаарлах утгагүй. Тиймээс би урлаг миний нэгдүгээр зорилго гэсэн байхгүй юу. Яагаад ч юм би өнөөдөр урлагт зүтгэж яваа минь багш нарынхаа төлөө амьдарч яваа юм уу гэж боддог. Багш нарынхаа төлөө гэхээр үр хүүхдийг нь харж хандаад ч байгаа юм биш, үзэл бодлыг нь хамгаалж яваа минь юм. Би Доржсамбуу, намайг төгсгөсөн Лхасүрэн хэмээх агуу их хоёр багшаас урлагийн сууриа тавиулсан азтай хүн. Энэ хоёр багшаа хэн нэгнийх нь дээр доор тавих ёсгүй. Хоёр өөр арга барилтай хүн намайг бий болгосон. Энэ хоёр багш надад маш их юм өгсөн.

-Та бол Монголын ард түмний хайртай жүжигчин...

-Хайртайн баталгаа нь юу байна? (Тэрээр ийн асууж инээгээд хоёр алгаа дэлгэв.сур)

-Хайртайн баталгаа нь таны тоглосон дүрүүд “Салхи Дамбий”, “Ноён солиот” гэх мэтээр түмний танил болж хүндлэгдэж байгаа хэрэг биш үү?

-Дүрээр маань ард түмэн мэдэж байна гэдэг сайхан. Энэ л жүжигчин хүний амьдралын утга учир, авьяасынх нь хариуд барьсан бурхны хишиг шүү дээ.

-Таныг би тайз дэл­гэцийн дүрээсээ илүү яг өөрийнхөөрөө байж чаддаг хүн байх гэж бодлоо...

-Хүн бол дүрээр, дүрсээр сэтгэдэг амьтан. Дүр гэдэг үр. Тэр материаллаг зүйлээс үүдэлтэй. Материаллаг зүйлийн донж, төлөв байдал, харьцааг харахад нийгмийн харилцаанд байгаа хүмүүс гэхэд арслан шиг архирч байгаа, нөгөөдэх нь туулай шиг жижгэрч байгаа дүр төрх шууд анзаарагддаг. Хүний таван мэдрэхүйгээр дамжиж тодорхой нэг дүр дүрслэл бий болдог. Энэ бүхнийг илэрхийлэх гэж жүжигчин хүн бие махбодь, оюун санааны хувьд бэлэн байх ёстой. Мэргэжлийн жүжигчин манайд зуун жилийн өмнө байгаагүй. Монголчуудыг өрнийн болон оросын сонгодог соёл урлагтай танилцуулсан А.И.Филатова гуайд баярлахгүй байхын аргагүй. Бид танилцахдаа монгол хүнийхээ цайлган, дэврүүн, итгэмтгий, чигч зангаар бараг бүх хүн орос болохоо шахсан нь гайхамшигтай. (инээв. сур) Монгол хүний жинхэнэ мөн чанар, сэтгэлгээний төлөв байдал хоёр зөрчилдөхөөрөө хотынх, хөдөөгийнх, үндэст­нийх, гадаадынх гэсэн зөрчил нийгэмд маш их болсон. Энэ нийгмийн хөгжлийн зүй тогтол доо. Би өнөөдөр өөрийгөө од гэж боддоггүй, олны танил хүн л гэж боддог. Би од болох гээд тэмүүлээд байна.

-Таныхаар бол од гэхээр хүн жүжигчдээс байна уу?

-Өнөөдөр Монголд од байхгүй гэдэг. Яагаад гэхээр зах зээлийн нийгэмтэйгээ урлаг нь уялдаж өгөхгүй байхаар ямар юмны од төрөх вэ дээ. Монгол минь дэлхийтэй хөл нийлүүлэх гэж мөн ч их зүдэж байна. Улс төр, эдийн засаг, соёл урлаг нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа нь тогтворгүй хямралтай, хэрүүл маргаан зөрчил тэмцэл ихтэй байна. Аргагүй дээ бид ямар зах зээл, ардчилсан нийгэм журам байгуулж явсан биш. Бүх зүйл бидэнд цоо шинэ сонин содон байгаа нь ойлгомжтой. Тийм болохоор бусдыг даган дуурайх, хуулж барлах гэсэн сармагчны ад дон шүглэсэн цаг үе Монголд минь нүүрлээд байгааг хаа хаанаа ойлгож шинэ хуучин, хөгшин залуу гэлтгүй хэн хэндээ хэт их мэдэмхийрэх, хэт их мэдэхгүй байх өвчинд нэрвэгдэхгүй байх нь чухал байна. Учир нь бид чинь өөрийн гэсэн юмтай, дагах биш дагуулж явсан мөртэй түүхтэй ард түмний үрс. Монголчууд маань маш ухаантай улс. Хүүхдээ эрдэмтэй болоосой гэсэндээ малаа олноор нь төхөөрөөд сургалтын төлбөрт нь өгч байна. Үүнийг нь би хүнлэг талаас нь хардаг. Мал хувьд очсон ч газар нь төрийн өмч гээд бэлчээрийн маргаан үүсчихсэн. Тиймээс монголчууд төрийг ашиглаад авах юм сан гэсэн бодолтой гол, гул, хул улс болсон. Голруулдаг, гулардаг, хулуудаг, хулгайлдаг.

-Таныг “Ноён солиот” киноны Паанаг шигээ ууж гуларч явсан гэдэг. “Дээвэр дээрээс борооны дусал ус доошилдог шиг уруудсан амьдрал улам л доошоо яваад байдаг юм билээ” гэж ярьсныг чинь ч олж харж байсан. Туулсан амьдрал чинь дүрээ үнэмшилтэй бүтээхэд тус болсон гэж ойлгож болох уу?

-Үнэн. Тэгж ойлгож болно. Би энэ нийгмийг ойлгох гэж арав гаруй жил алдсан. Алдсан ч гэж болохгүй юм аа, ойлгосон юм чинь. Үнэхээр няцмаар цөхөрмөөр үе байдаг юм шүү. Уран бүтээлч хүн амьдрал мэддэг байх хэрэгтэй гэж багш нар маань хэлдэг байсан. Уран бүтээлч хүний түүхий эдийн зах бол амьдрал өөрөө мөн. Энэ л захаас бид түүхий эдээ авч өөрийн лабораторидоо боловсруулж бүтээгдэхүүн болгож байдаг. Тэр нь хүмүүсийн нийгмийн харилцааны сэтгэлзүйд хүмүүжлийн маш том нөлөө үзүүлж байдаг. “Ганц олдсон амьдралдаа сайхан амьдарна” гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт. Гагцхүү өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Хүний жаргал хэнд хамаатай юм бэ. Архи уух дуртай нь ууна л биз, тамхи татах нь татна. Хамгийн гол нь ертөнцийн амин гол Азийн төв цээжинд төрж өөрийнхөөрөө амьдарч явбал бол оо. Миний хувьд гурван ч удаа осолд орж үхэхээс бусдыг л үзлээ. Би оюун санааны сэтгэлгээний талын өөрөөсөө өөр дүр бүтээчих юм сан л гэж бодож явдаг. Галзуу Бумаа гэдэг дүрийг жүжигчин Цэвээнжав гуай ямар гайхамшигтай бүтээлээ.

-Та “Салхи Дамбий”, Паанаг хоёр дүрийнхээ аль нь тантай төстэй гэж боддог вэ?

-Намайг манай ангийнхан их зөөлөн хүн гэж ярьдаг. Би чинь ангийн дарга нь байлаа. Миний зөөлөн буруудаагүй байх. Манай төгсөлтийнхөн чинь СУИС-ийн домог болсон анги шүү дээ. Би цайлган талдаа, өгье гэвэл өгчихдөг Дамбий шиг л хүн. Гэхдээ их сэтгэлээрээ, цайлган зантай байхаар хүмүүс атаархаад, гайхаад байдаг юм билээ. Тайзан дээр сайхан үзүүлбэр хийчихээр нь нэг нөхөртөө баяр хүргэсэн чинь “Чи юундаа атаархаад байгаа юм бэ” гэхэд би үнэхээр гайхсан. Гэхдээ би гомдлоо гээд ертөнцийн нар манддагаараа мандаж, жаргадгаараа жаргах юм билээ. Цаг үеэ л бид өөрсдөө бүтээж яваа юм даа. Энэ завшааныг ашиглаад театрын арын албаны гэрэл, дуу чимээ, тайзны үйлчилгээний далд фронтын театрын баатрууддаа чин сэтгэлээсээ баярлаж бахархаж явдгаа хэлье. Урлагийн төлөө өөрсдийгөө үнэхээр золиосолсон баатрууд бол тэд.

-Олон шавьтай биз, та?

-Жүжигчин Анхнямыг “Сприптиз блюз” жүжигт тоглуулж байлаа. Эрдэнэтийн Соёлын ордны найруулагч Баярмагнай ахын удирдаж байсан хошин урлагийн жүжигчин Ундармаагийн ангийг төгсгөж, “Мөрөөдлийн театр”-ын Эрхэмээг “Зохиомж” дээд сургуульд сурч байхад “Дэвжээ” тэмцээнд оруулж, театрт уруу татаж, хөдөөгөөр тоглолтоор дагуулан явж байсан. Эрхэмээ одоо хаа ч таарсан хацраа өгөө л хүрээд ирдэг юм. Багануурын соёлын ордны дарга байхдаа гал сөнөөгч Цэрэнболдыг хот руу яв гэж хөөсөөр байгаад явуулж байлаа. Одоо УДЭТ-ын сайхан жүжигчин болчихсон байж л байна. Нэвтрүүлэгч Ичинхорлоог СУИС-д шалгалт өгч “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” гэж шүлэг уншин орж ирж байхад шүүгчээр сууж байлаа. Эднээс минь тэс ондоо зайтай, “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” улс бас байна аа, байна.

-Тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээ та тоолж үзэв үү?

-Би тоолж үзээгүй л дээ. Саяхан товч намтар маань хэрэг болчихоод Түвшин найруулагчаас гуйж байж хийсэн бүтээлүүдийн жагсаалтаа гаргаж үзлээ. Жар гаруй жүжиг, тавиад кинонд тоглосон байдаг юм байна. Урьд нь тоо гүйцээх гэж байгаа биш гээд огт тоодоггүй тоолдоггүй байсан юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээлд тоглов?

-МҮОНТВ-ээр гарч байгаа зохиолч Доржзовдын Энхболдын “Хоймор өнжсөн нар” олон ангит кинонд тоглолоо. Батхүү найруулагчийн “Эр хүн болгож өгөөч” киноны зурагт орлоо. “Зангарга” уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Залуучуудтайгаа хамтарч ажиллаж байгаа.

-Урлагт сэтгэл зүрхээ өгөхөд чинь хэн гэдэг жүжигчин их нөлөөлсөн бол?

-Чарли Чаплин, Юрий Никулин байна. Жаамаа агаа байна.

-Жаамаа гэдэг чинь хэн билээ?

-Жамсранжав гуай. Арван жилийн сургуульд байхдаа “Үгүйлэгдсэн хайр”-ыг үзээд сэтгэлээрээ түүнтэй ярилцсан. Тэр хүн жүжгийнхээ дүрээс өөрөө гарч ирээд яриад байх шиг сэтгэгдэл төрүүлсэн. Би тэр хүний тоглосон “Улаанбаатарт байгаа миний аав”-ыг ч үзээгүй, мэдэхгүй байсан. Хожим Жаамаатайгаа хамт кинонд тоглож байсан азтай хүн.

-Хүү, охин хоёр чинь таныг мэргэжлийг өвлөө юу?

-Хүү Балжинням маань энэ жил СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж байгаа. Уран бүтээлчид гэдэг бие даасан ертөнцүүд учраас өөрийнхөөрөө л явна биз дээ.


Онцлох нийтлэлүүд