Соёл урлаг
2021.04.04 09:04

Д.Галбаяр: Хоёр аав нь гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүр болдог гоё үе байлаа

Найруулагч, зохиолч, жүжигчин Дашхүүгийн Галбаяртай ярилцлаа.


-Дөрөвдүгээр сарын 1. Энэ өдөр таны хувьд онцгой өдөр байдаг уу?

-Аавыг маань амьд сэрүүн байхад, намайг хүүхэд байхад маш онцгой өдөр байсан. Хүүхэд, залуучуудын театрт аав, Жаяа ах хоёрын “Элдэв зураг” инээдмийн хөтөлбөр яваад л, хамгийн аз жаргалтай, сэтгэл догдлуулсан гоё өдөр байдаг байлаа. Одоогийнх шиг сар, улирал болгон хошин урлагийнхан тоглодог байгаагүй л дээ. Жилд ганц л удаа инээдмийн хөтөлбөр явдаг. Тийм болохоор үзэгчид ч бүтэн жил хүлээдэг, билет нь олдохгүй хэдэн өдөр оочерлодог. Тэр үед Г.Дашхүү, Л.Жанчивдорж хоёрын хүүхдүүд даам байлаа шүү дээ. Хоёр аав нь тэнд гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүрд тоглоод, пээдийгээд л явдаг байлаа.

-Тэр үеийнЭлдэв зурагодоогийн тоглолтуудаас огт өөр, хошин шогчид нь цөөн байсан даа.

-Үнэн үнэн.

-Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд байнга хамт хэлэгддэг жүжигчин андууд байсан. Ж.Сэнгэдорж, Д.Галбаяр гээд үр хүүхдүүд нь ч нэг байранд хамт өссөн, найруулагчид. Ийм сайхан харилцаатай хоёр гэр бүл дундаас хос төрж гарсан уу, ямар нэгэн ураг төрлийн хэлхээ холбоо үүссэн болов уу?

-Гэр бүл болсон тохиолдол бол байхгүй. Тэднийх хоёр хүүтэй, манайх таван хүүхэдтэй. Хоёр аав нь үй зайгүй найзууд, уран бүтээлээ хамт хийдэг, салшгүй хоёр хүн байсан болохоор хүүхдүүд нь мэдээж хоорондоо найзална. Гэхдээ тэр дундаасаа Ж.Сэнгэдорж бид хоёр илүү дотно. Нэг хэсэг бүх зүйлээ хуваагаад явдаг байсан. Ж.Сэнгэдорж надаас дөрөв ах л даа. Мань эр “Бэрс” кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид элсэж оюутан болоод, би арван жилийн хүүхэд болоод хоцорсон. Сүүлд СУИС төгсөөд, эргэж уулзаад, өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөж яваа. 2006 онд бид “Элдэв зургийн эзэд” гээд хоёр аавдаа зориулаад, хүндэтгэлийн тоглолт хийсэн юм. Бид хоёр чинь их сонин. Ж.Сэнгэдорж маань эмгэнэлт төрлөөр уран бүтээл хийдэг, би болохоор ихэвчлэн инээдмийн төрлөөр уран бүтээл хийдэг. “Хоёулаа уулын хоёр талаас мацаж байна аа” гэж бид ярьдаг юм.

-Аавыг тань мэддэг хүмүүс таныг хараад л аавтайгаа адилхан юм байна гэдэг. Таны хувьд аавтайгаа адилхан юм байна гэдгээ дотроосоо мэдрэх үе байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Жүжигчин И.Одончимэг эгч нэг удаа хэлж байсан. Бид “Х Түц”-ийнхэнтэй “Өвлийн инээмсэглэл” хийж байгаад юу ч боллоо доо, угаасаа би байнга инээж байдаг юм даа, тас тасхийтэл инээсэн чинь Одноо эгч гэнэт уйлчихсан. “Яасан бэ, Одноо эгч ээ” гэсэн чинь “Яг Г.Дашхүү ах инээж байгаа юм шиг санагдлаа. Чи ямар адилхан инээдэг юм бэ, Галаа” гэсэн. Дараа нь инээж байгаа бичлэгээ хараад аавтай адилхан инээдэг юм байна даа гэсэн бодол төрж байсан. Адилхан зүйлүүд байдаг.

-ОдооЭлдэв зураг”-ийн бичлэг үлдсэн болов уу. Саяхан би нэг хайж үзэхэдҮдшийн хэмнэл”-д хоёулаа уригдаад, онигоо ярьж байгаа бичлэг нь лав байна лээ?

-Байгаа байгаа. Манай ах хэдэн жилийн өмнө аавдаа зориулаад dashkhuu.blog­spot.com гээд блог нээсэн юм. Тэр блог дээр аав, Жаяа ах (Л.Жанчивдорж) хоёрын бичлэгүүд тавигдсан байсан. Ах бол тэр тал дээр нэлээд архив үүсгэсэн. Монгол телевизэд хальс нь байдаг юм билээ. Тэр үед “Элдэв зураг”-ийг зурагтаар дамжуулдаг байсан шүү дээ. Тэр архивыг ухъя гэж бодоод л байдаг. Зав гарахгүй л яваад байна.

-Та аавын амины хүүхэд байсан гэл үү?

-Би аавын хүүхэд байлаа. Аавыгаа хаана л явна хормойдож дагана. Аав ажилдаа явахдаа надаас нуугдаж явна. Гэсэн хэдий ч нөхөр Галаа хэдийнэ олоод мэдчихсэн хойноос нь чаргууцалддаг байж. Соц нийгмийн үед урлагийнхан соён гэгээрүүлэх ажлаар хөдөө орон нутгаар явна. Театрынхан уртын бригад гээд л 45 хоногоор явахад би гэж хүн аавыгаа санаад өвдчихдөг байсан гэдэг. Үнэндээ аав аав гэж гүйсээр хөөрхий ээжийгээ нэг их тоодоггүй байж дээ гэдгээ хэзээ хойно аавыгаа бурхан болсон хойно ухаарч билээ.


-Хүмүүс аавыг чинь мэддэг. Ээж тань ямар хүн байдаг вэ?

-Ээж маань Монгол кино үйлдвэрт монтажин дээр 25 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан хүн. Ээж маань эвлүүлэгч. Хортой нөхцөлд ажилладаг гээд ерээд онд эрт тэтгэвэрт гарсан. Намайг кино хийхэд хамгийн том шүүмжлэгч, зөвлөгч маань миний Хулангаагаас гадна миний ээж. Ээж хараад л “Өмнөх киногоо гүйцсэнгүй дээ” гээд шууд үнэнийг хэлдэг.

-ТаБурхантай ч маазарнагээд нүүр номдоо тунхагласан байдаг. Харин аав тань гэртээ маазардаг байв уу?

-Тунчиг мааз хүн байж билээ. Хааяа өөрийнх нь тоглосон юмнууд зурагтаар гарахаар нэлээн нухацтай харж байснаа “Гайхалтай тоглох юм аа” гэнгүүтээ л тас тас хөхөрдөгсөн. Өөрийгөө хөгжөөж байгаа нь тэр.

-ИнгэхэдКиносутрадээр та өөрийнхөө амьдралыг харуулсан юм уу?

-Биш биш. Тэр бол цэвэр зохиомж шүү. Д.Галбаярын амьдрал гэхээсээ кинон дээр тохиолддог асуудлууд гардаг. Би 2004 онд СУИС төгсөөд, кино урлагт бараг 17 жил явж байна. Киноны тогоон дотор чанагдаж яваа хүний хувьд ерээд оноос хойших Монголын кино урлаг, уран бүтээлчдийн зовлон жаргалыг дэндүү сайн мэднэ дээ. “Киносутра” яагаад бодит санагдаж байна гэхээр уран бүтээлчдийн яриа, зовлон жаргалаас ургаж гарсан учраас тэр.

-“Киносутрадээр эхнэрээнайрдагхэсэг байдаг шүү дээ. “Кинонд тоглуулнагээд танилцдаг. Бодит амьдрал дээр Т.Хулантай яаж танилцсан бэ?

-Бид хоёр чинь СУИС-ийн нэг ангийн оюутан юм чинь кинонд тоглуулна гэх боломж байхгүй шүү дээ. Эхний хоёр жилдээ би кино найруулагчаар сурч байгаад Т.Хулан, Т.Бархүү хоёрын ангид ороод, жүжигчнээр төгссөн байхгүй юу. СУИС-д анх элсэж орох үедээ Т.Хуланг харж байсан. Хайрын романс үүссэн үе нь бүүр сүүлд, СУИС төгссөнийхөө дараа юм.

-Танаас хамаагүй дүү юм шиг харагддаг шүү дээ?

-Ер нь овор багатай л даа.

-Та сүүлийн үедХаламцуу яриахөтлөөд байгаа. Маш хандалт өндөртэй харагдана лээ. Найруулагч, жүжигчин хүний давуу талуудыг ашиглаж чаддаг юм билээ. Зураглаач, найруулагч гээд олон хүний хөдөлмөр орсон харагддаг. Зардлаа нөхөж чаддаг болов уу?

-”Халамцуу яриа” нэвтрүүлгийг ерөнхийдөө өөрийнхөө YouTube сувагт зориулж хийсэн юм. Эхлээд зүгээр л сонирхолтой контент гээд YouTube-д тавьсан чинь маш олон хандалт аваад, хүмүүс нэвтрүүлгийн чанар шаардаад эхэлсэн. Нэвтрүүлгийн үнэр нь хүмүүст дажгүй санагдаад, илүү чанаржуулаад, өнгө төрхийг нь гоё болгооч гэдэг санал ирэхээр нь ардаас нь би “Бааст” гэдэг продакшнтай хамтарч, энэ нэвтрүүлгийг бэлтгэж хүргэж байгаа. Гурван камер, дууны найруулагч, гэрэлтүүлэгч гээд яг л кинон дээр ажилладаг шиг баг ажиллаж байгаа. “Халамцуу яриа”-н дээр дахиад шат ахиулах үүднээс тайз засч, бүр шоу хэлбэрээр явдаг болно. Илүү сонирхолтой байлгах үүднээс бодоод байгаа юм.

-“Халамцуу яриа”-ны үеэр таны туслах найруулагчаа загнаж байгаа хэсгийн бичлэг сошиалаар тарсан. Зарим нь хүнийг ямар муухай загнадаг юм бэ гээд л нэг хэсэг нь найруулагчид ингэж л уурладаг шүү дээ, уурлахаас ч аргагүй дээ гэх маягаар сэтгэгдэл хөврөөд байсан. Таныг бичлэгээ алдсан юм байх гэсэн чинь харин бичлэг задалсан юм биш үү?

-Тэгсэн. Зориуд тавьсан юм. Туслах найруулагчаар ажиллаж байгаа Хүлгээ гээд залуу надаас 15-16 дүү хүүхэд. Яг ийм олон залуус өнөөдөр уран бүтээлийн талбарт ажиллаж байгаа. Би тэдэнд зориулж л үг хэлсэн. Найруулагчид нэг ийм арга байдаг. “Нэг дээр дөрөөлж, нийтээр нь загна” гэж. Ний нуугүй хэлэхэд “Халамцуу яриа”-ны эхний хоёр, гурван дугаар фокус байхгүй, дууны чанар хангахгүй явсан байхгүй юу. Би тэдэнд зориулж үгээ хэлж байгаа юм л даа. Би өөрөө хөтлөөд, камерын өмнө сууж байхад найруулагчийн үүднээс хянах боломж байхгүй. Тэгээд гэнэт тэсэрч, уурласан нь тэр л дээ. Тэр бол яах вэ. Зураг авалтын талбар дээр тэр байтугай л уурладаг шүү дээ. Мэдэхгүй хүмүүс бол мэдэхгүй л дээ. Заавал мэдэх ч албагүй.

-Амсангуутаа тасардаг, эсвэл архинд дуртай зочинтой бол амаргүй л байх янзтай юм билээ?

-Архи ууж байгаа гэдэг өнгөн, хэлбэр тал нь. Хамгийн гол агуулга нь болохоор хүн тэр зүйлийг хүртэхээрээ дотоод мөн чанараа уудалж гаргаж ирдэг. Үнэнээ ярьж эхэлдэг. Архи уулгах нь сонин биш, тэр хүний философи нь сонин.

-Та таэквондогийн тамирчин, улсын олон удаагийн аварга болж байсан гэсэн. Одоо ч хүн амьтантай нударга зөрүүлвэл дор нь буулгаж авна биз?

-Үгүй ээ, одоо тийм юм байхгүй шүү дээ. Зодолдож чаддаг гэдэг бол нэг талаараа давуу тал мөртлөө нөгөө талаараа маш том сул тал байхгүй юу. Биеэ хянаж чадахгүй бол сул тал болно.

-Та дуучин С.Жавхлантай зодолдож танилцсан гэсэн. Багадаа овоо зодоонч нөхөр байжээ?

-Тийм ээ, тийм. Угаасаа тийм л байсан. Гэхдээ одоо бол зодолдоогүй маш удаж байна. Том ах маань надаас тав ах л даа. Ах арван настай, би таван настай байсан. Нэг удаа ах олимпийн аварга болсон юм шиг орилоод ороод ирсэн гэсэн. Ээж гайхаад яасан бэ гэсэн чинь “Галаа зодсон” гээд байж. Юу болов гэсэн чинь “Цагдаагийн хүүхдийг Галаа зодчихсон” гэж л дээ. Ах өөрөө айгаад байдаг хүүхдийг таван настай би хусаад хаячихсан гэсэн. Намайг хөдөлгөөнтэй болохоор тэр спорт руу аав маань чиглүүлсэн. Би Москвагийн олимпийн бамбар асч байхад төрсөн байхгүй юу. Тэгээд аав маань надад Галбаяр гэдэг нэр өгсөн. Олимпоор төрсөн болохоор спортын хүн болж магадгүй гээд спортоор явуулах дуртай байсан.

-Таныг жүжигчин болвол зүгээр гэж хэлж байгаагүй юу?

-Аав тэгж хэлж байсан. “Тамирчны амжилт залуу насных. Нэг өдөр бэртвэл заалны мухар сахисан хүн л болно шүү дээ. Урлагийн тал руугаа явбал ямар вэ” гэсэн. Мань эр сонин хэвлэлд ярилцлага өгөхөд “Таны мэргэжлийг хүүхдүүдээс чинь хэн нь өвлөж авах вэ” гэхээр дандаа “Дунд хүү” гэж хариулдаг байсан. Тэр нь намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн гэж боддог.

-Т.Хулан та хоёр “21000” шоунд оролцож байгаа гэсэн үү?

-Яг одоо “21000” шоуны зураг авалттай явж байна. “Positive Mongolians” онлайн төслийн санаачлагч Д.Түвшинбаярын гэр бүлтэй манай гэр бүл өрсөлдөж байгаа юм. Одоо дөрөв дэх хоног дээрээ явж байна. Та яг одоо өлөн хүнтэй л яриад байна шүү дээ (инээв).

Онцлох нийтлэлүүд