ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.09.14 11:09

Д.Галсантогтох: Би Тогдгороороо л мөнхөрлөө дөө

Олноо “Тогдгор” хэмээн өргөмжлөгдсөн, Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч, нэрт лимбэчин Дашзэгвийн Галсантогтохтой ярилцлаа.


-Галсантогтох гавьяат гэхээр “Ямар Галсантогтох вэ. Тогдгор уу” гэдэг?

-Монголд өөрийнхөө уран бүтээл, бүтээсэн дүрээрээ мөнхөрсөн цөөхөн хүн байдаг юм. Цэнд-Аюуш гэхээр хүн таньдаггүй. Яагаав Ягаан Гажид гэхээр танина. Очирбат гуай гэхээр ямар Очирбат гэнэ. Яагаав нөгөө Итгэлт баян гэнэ. Магсаржав гэхээр бас л танихгүй. Нөгөө Аравсал панз гэдэг. Галсантогтох гэхээр “Нөгөө эстрадын дуучин уу”. Үгүй ээ, Тогдгор гэдэг. Ард түмнээс өгсөн Тогдгор гэдэг энэ цол бол юун Ардын жүжигчин, юун Төрийн шагнал, юун Хөдөлмөрийн баатар. Ингэж ард түмнээсээ цол авдаг тохиолдол цөөхөн. Би энэ нэрэндээ хайртай. Би Галсантогтохоороо биш Тогдгороороо л мөнхөрлөө. Тийм учраас ард түмнээс ирсэн энэ цол бол асар том хүндэтгэл. Тийм ч учраас ховор байдаг юм.

-Та чинь олон төрлийн мэргэжилтэй, олон талт авьяастай хүн шүү дээ?

-Зураач, сийлбэрчин, барималчин, бурханч, дуучин, хөгжимчин, лимбэчин, хошин шогч, сэтгүүлч, нарийн мэргэжлийн тогооч, нарийн мэргэжлийн мужаан. Дээр үед зах зээл дөнгөж эхэлж байхад телевизээр хоолны технологийг цагаар зааж байлаа.

-Хоолны нэвтрүүлэг үү?

-Тийм тийм. Том том буяны хоол, томоохон хүмүүсийн хуримд уригддаг байлаа. Ардчилал дөнгөж эхэлж байхад Хүүхдийн паркийн хойно байдаг өнөө “Выставка”-гийн үзэсгэлэнгийн танхимд гэрийн тавилгын уралдаан зарлах цөөхөн компани оролцоход би гэрийн бүтэн мебель тавилгыг Оросын панераар хийгээд өрсөлдөхөд Румыных гэж хүмүүс андуурч байлаа. Тэгэхэд би хоёрдугаар байр эзэлж билээ. Тэгэхээр би нарийн мэргэжлийн мужаан байгаа биз.

-Та цэрэгт байхдаа төрийн дээд хэмжээний уулзалт, айлчлалд зориулж гарын бэлэг, сувинер хийж байсан гэдэг. Тэр тухайгаа хуучилбал?

-Тэр үед манайх Хятадтай харилцаагүй байсан юм. Тийм ч болохоор тэр үү манайд гадны хүмүүст өгчихөөр бэлэг дурсгалын юм гэж бараг байгаагүй юм. Орос, Чех, Польш, Румынээс л ирсэн жоол юм байдаг байсан. Намайг цэрэгт байхад “Төд хоногийн дотор тийм тийм юм хийгээд бэлэн болго. Гадны тийм хүмүүст өгнө” гэж тушаана. Дээхнэ үед байсандаа дугуй жааз байлаа шүү дээ. Янз бүрийн зурагтай. Тэр чинь миний бүтээл. Гэх мэтчилэнгийн олон юм бий.

-Тэгвэл хэзээ нь та сэтгүүлчээр ажиллаж байв?

-Цэргийн ансамблиас гараад Монголын Зохиолчдын эвлэлийн хорооны дэргэдэх “Ардын үлгэрийн танхим”-д очсон. 1980-аад онд ардын урлаг, язгуур урлагийг хөгжүүл гэсэн Ю.Цэдэнбал даргын тушаал гараад Зохиолчдын хороо Батлан хамгаалах яамны удирдлагууд тохиролцоод намайг тэр танхимд хошин шогч, лимбэчингээр оруулсан. Жилийн дараа би “Утга зохиол урлаг” сонинд сэтгүүлчээр хавсарч ажилладаг болсон л доо. Дээр үеийн сурвалжлагч гэдэг хүн чинь том байлаа шүү дээ. Бүрэн эрхтэй. Том улаан үнэмлэхтэй, аймгийн Намын хороог айлгадаг байсан үе. Тийм л байсан үе шүү дээ. “Тоншуул” дээр нэг л удаа муугаар бичүүлсэн байгууллага тэр жилдээ мянган гавьяа байгуулсан ч хамаагүй булагддаг л байсан. “Тоншуул”-д мэдээ өгдөг л байсан. 1983 оноос Монгол Улсын Циркэд Соёлын яамны тушаалаар алиалагчаар томилогдож тэндээ олон жил ажиллаад 2000 онд тэтгэвэрт гарлаа даа.

1967 онд цэргээс Цэргийн ансамбльд ирсэн. 1968 онд Дэлхийн Залуучуудын 49 дүгээр фестивальд оролцсон юм. Болгарын нийслэл Софид болсон л доо. 120 орны 20 хүн оролцсон тийм том фестивалиас хүрэл медальтай эх орондоо ирж байв.

Д.Галсантогтох гуайн нэрийн хуудас

-Ямар нэгэн урлагийн арга хэмжээ, хүндэтгэлийн тоглолт, концертод тангүй юм байдаггүй байлаа даа. Таныг оролцоогүй бол үзэгчид “Тогдгор Галсантогтох яачихав. Яагаад тайзнаа гарч ирсэнгүй вэ” гэж нэхдэг байсныг сайн мэдэх юм?

-Тэр үед чинь манайд хошин шогт цөөхөн хүн байлаа. Туяа, Чаминчулуун, Батсүх, Батзаяа, Сосорбарам, би, дээр нь манай Жагдаг нэмэгддэг байсан юм. Манайх чинь долоохон ахмадтай. Монголын бүх продакшныхан бид долоо дээр Цагаан сараар ирж золгоно доо. Ланзгар ш дээ. Өнгөрсөн жилээс Бат-Өлзий нэмэгдсэн (инээв). Бид чинь социализм дуусаагүй, ардчилал эхлээгүй байхад энэ хошин шогийн чинь суурийг тавиад Үлгэрийн танхимд “Дэгс дэвэргэн” яриа гэж тонгоруулж ярьдаг, “Далан худалчийн яриа” энэ тэрийг хийж байлаа. Хувьсгалт намын бодлого дарагдаагүй, булагдаагүй байхад л нэг газарт тоглолтоор очоод онгод орохоор ганц хоёр удаа эвгүй үг хэлчихээр маргааш нь намын дарга дуудаад “Та тийм нэг байгууллага дээр очоод тэгж ярьжээ. Тэр чинь юу гэсэн үг вэ. Ямар утгаар тэгж хэлэв” гэж байцаана. Би чинь дээлээ нөмөрчих гээд л. Долоо хоног хүртэлх хугацаагаар сууж л байлаа, биднүүс. Байцаагдаад. Тийм л хэцүү нийгэмд бид чинь явж байж энэ хошин шогийг чинь Монголд дэлгэрүүлж, биднийг залгамжлаад Өлзийхүү, Онон гээд энэ залуучууд чинь гарч ирсэн нь тэр юм шүү дээ. Эд чинь ургаж салаалаад улам л өнөр болоод байна.

Биднүүсийн чинь өмнө Содном, Данзан л гэж байлаа. Миний үед чинь Соёлын тэргүүний ажилтан, Халхын хамгийн хөөрхөн халзан Цээгий гэж байлаа. Латиф маань байлаа. Батсүх, Энхээ гэж байлаа.

-“Тогдгор” Галсантогтох гээд таны нэрийг дуулаад л хүмүүс өөрийн эрхгүй нүүрэндээ баясал, инээд тодруулдаг?

-Хүүхдүүд чинь Хайдав гуай, Зангад гуай гэж гуайлна. Тэгтэл намайг жаахан хүүхдүүд чинь шууд “Хөөе Тогдгор оо. Хөөе найз аа” гэж дууддаг (Инээв). Хүүхдийн ертөнцөд байнга ойр байдаг болохоор тэднүүс чинь намайг настай хүн, том хүн гэж бодоод гуайлахгүй байна шүү дээ. Өөрийнхөө хэмжээнд л өөртэйгээ чацуу гэж хүлээж аваад байдагтай л холбоотой доо. Тийм болохоор намайг хүмүүс “Та ер хөгширдөггүй ээ” гэдэг шүү дээ. Одоо би 78 хүрч байна. Тэгтэл миний үеийн хүмүүсийг тэр гуай, энэ гуай гэж байна. Энэ алиалагч гэдэг мэргэжил чинь хүнд маш их залуу сэтгэхүй өгдөг. Алиалагч чинь хүүхдийн ертөнцтэй ойр, тэдэнтэй их ажилладаг. Намайг яагаад хөгширдөггүй юм гэхээр “Надад хөгшрөх зав алга” гэж хэлдэг юм.

Би чинь дандаа олны өмнө тайзнаа гарч ирдэг, олон хүнээр алга ташуулдаг болохоор зүрх минь хөөрч, баясч, асгарч явж байна. Дээрээс нь амьдрал гайгүй болохоор калорилаг юм идэж ууж байна. Мөн би гоо сайхандаа маш их анхаардаг.

-Яаж тэр вэ?

-Өглөө болгон нүүрэндээ массаж хийнэ. Тухайн үед “Орифлейм” Монголд орж ирээгүй байхад би хэрэглэж байлаа. Чех, Польш, Румынээс захиалж авчруулаад. Харин удалгүй Гомбосүрэнгийн Оюунгэрэл “Орифлейм”-ыг оруулж ирж миний ажлыг хөнгөвчилсөн юм. Би чинь ёстой утгаараа, ярайтал нь өрж байгаад хэрэглэж байлаа. Олон жил хэрэглэсний үр дүнд гоо сайхан минь ингээд тогтож байна. Надад ганц ч үрчлээ байхгүй. Манай урлагийнхан хөдөөгүүр явахаар надтай нэг өрөөнд орох хүн байхгүй шүү.

-Яагаад тэр вэ?

-Яахав гэхээр, би яагаа ч үгүй байхад өглөө эрт босоод ширээн дээр элдэв янзын савтай, шилтэй юм өрж тавьж байгаад нүүрэндээ түрхээд л, тосоо шингээх гээд л тас няс хийтэл товшоод л байдаг гэнэ л дээ. Гааяа (Өөрийгөө хэлэв. сурв) ахтай нэг өрөөнд орохоор өглөө унтуулдаггүй юм. Массаж хийгээд тас няс хийгээд байдаг гээд (Инээв). Олон жилийн турш, залуугаасаа нүүр амаа янзлаад массаж хийсэн учир одоо ийм сайхан байгаа юм. Одоо бол би хэрэглэхээ байсан. Тогтчихож байгаа юм. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд долоо, найман жил болж байна. Тийм учраас залуу та нар одооноос нүүр амаа сайн янзалж байх хэрэгтэй. Өнгөрчихсөн хойно нь хичнээн сайн юм хэрэглээгүй нэмэргүй. Өвчнийг тусахаас нь өмнө урьдчилан сэргийлж байвал өвчин тусдаггүйтэй адилхан. Хөгширөхөөсөө өмнө залуугаасаа нүүр амаа янзалж байвал өвөө шигээ л ийм хэмжээнд байна шүү дээ.

-Та сүүлийн үед ямар ажил төрөл хийгээд байна вэ?

-Монгол бөхийн өргөөнд “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг тус өргөөний ерөнхий менежер Цэвэлмаатай хамтран сар бүр зохион байгуулж байна. Сарын болгоны 10-ны өдөр зохион байгуулдаг уг цэнгүүнд олон зуун ахмад настнууд оролцдог. Увс аймаг чинь Улаанбаатараас 1500 км-ийн зайтай ч энэ цэнгүүн оролцох гэж автобус дүүрэн ахмадууд хүрэлцэн ирж байсан. Энэ цэнгүүнд манай ахмад уран бүтээлчид бүгд оролцож, ахмадуудынхаа дунд дуу, бүжгийн тэмцээн зохион байгуулаад шалгарсан хүмүүсийг “Дэлхийн Монгол аялал” компанийнхан маань Манжуур, Итгэлт Хамба, Байгаль нуурт аялах эрхийн бичгээр шагнадаг. Том байгаа биз. Бас Монгол барагшуун бэлэглэдэг. Энэ сарын 10-наас дахин эхэлнэ. Энэ бол том буян. Би их том буяны ажил хийж байгаа. Ахмадууд их ам сайтай байгаа.

Би ийш тийш урилгаар их явж байна. Сүүлийн үед Өмнөд Монгол руу их явж байна. Хурим, найр, тоглолтод уригдаад, гадаад дотоодын зочдын өмнө тоглож байна. Энэ бол миний хийдэг үндсэн л ажил. Тэрний цаад талд эдийн засаг гэж юм байна. Хэдэн бор юм. Тэгж байж л амьдарч байна шүү дээ. Тэгэхгүй бол амьдарч чадахгүй. Хүн юу чаддаг вэ. Тэрүүгээрээ л хоолоо олж иддэг.

-Утасны тань хонхон дээр “El Condor Pasa” дуугарч байна. Дуугарахаас ч аргагүй юм?

-Латин Америкийн Перу нутгийн аялгуу. 1974 онд Ленинградын оркестртой анх пянзанд бичүүлж байсан юм. Тэрнээс хойш 43 жил болж. Монголд надаас өөр хүнд энэ “Эл Кондор Паса”-г тоглоогүй. Миний тоглосныг ард түмэн сонсоод сурчихсан. Тийм учраас залуус тэр аяар нь мэддэг. Зарим залуучууд намайг өддөг ш дээ. Амандаа энэ аялгуу исгэрч, шүгэлдэнэ. Аугаа байгаа биз. Намайг хүмүүс энэ аяар мэдэж байна. Хэрвээ чаддаг бол өөр хүн тоглоод л гараад ирнэ. Тоглох л байсан. Тэгтэл одоо болтол тоглоогүй. Чадаагүй л байна шүү дээ.

-Танд олон төрлийн аман хуур бий юу?

-Аман хуур надаар дууслаа. 1961 онд аман хуур Монголд орж ирсэн ш дээ. 1970-аад оны дунд хүртэл аман хуур чинь залуусын дунд моод болж байсан юм. Залуу хүн болгон хармаандаа аман хууртай. Тэр ч утгаараа “Аман хуур” гэдэг алдартай кино гарсан түүхтэй. Тэр үед чинь ганц мандолин, аман хуур, ганц баян хуураар л нийтийн бүжгийг явуулж байсан үе. Одоо нийгэм маань хөгжөөд хөгжмийн зэмсэг боловсронгуй болоод цахилгаанжаад муу аман хуур минь гологдож байгаа юм байлгүй дээ, хоцрогдож байгаа юм байлгүй дээ. Тоглох хүн байхгүй болчихоод байна. Өвгөн надаар дууслаа.

Хүн болж төрсөн л бол хүний хийдгийг л хүн хийх ёстой. Тэр утгаараа л би хүн болгоны хийдгийг хийж явж байна. Манай залуус нэг юман дээр алддаг. Гоё зураг зурдаг хүн байлаа гэхэд “Аргагүй ш дээ. Мэргэжлийн хүн. Би чадахгүй ш дээ” гэдэг. Үгүй. Ингэж ярьж болохгүй. Хүн л юм бол хүний хийсэн юмыг хийх ёстой. Ганцхан зүтгэл, оролдлого, итгэл хэрэгтэй. Өөрөө өөрийгөө дайчлахгүй л бол хүн юу ч хийж чадахгүй. Хийж дайчилбал хүн юуг ч бүтээнэ.


Онцлох нийтлэлүүд