ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.03.25 11:03

Д.Гангабаатар: Ирээдүйн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн сонгогдох үүд хаалга нээгдлээ

Шүүхийн мэтгэлцээний олон улсын тэмцээнд МУИС-ийн баг амжилттай оролцож, гуравдугаар байр эзлээд иржээ. Тус багийг дасгалжуулж оролцсон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар багштай ярилцлаа.


-Олон улсын тэмцээнд танай шавь нар амжилттай оролцоод иржээ. Хаана болсон, ямар онцлогтой мэтгэлцээн байв?

-Олон Улсын Улаан загалмайн хороо, ХонгКонгийн улаан загалмай нийгэмлэг, Хонг Конгийн их сургууль хамтран зохион байгуулдаг Ази-Номхон далайн орнуудын олон улсын эрүүгийн эрх зүйн салбарын шүүхийн мэтгэлцээний 16 дугаар тэмцээн юм. Энэхүү тэмцээн энэ сарын 06-10-ны өдрүүдэд Хонг Конгод зохион байгуулагдсан. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтдаг Хонг Конгийн Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Австралийн Нью Саут Валийн Их Сургууль зэрэг Ази-Номхон далайн бүсийн 21 улсын хорин таван их сургуулийн шилдэг багууд хуулийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө. Манай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг прокурорын талаас гаргасан тайлбараараа гуравдугаар байр эзэлж, анх удаа шагналт байранд шалгарч байна.

-МУИС-ийн багт ямар хүмүүс оролцсон бэ?

-Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн хоёрдугаар ангийн оюутан Б.Мягмардорж, Г.Энх-Амгалан, олон улсын эрх зүйн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Итгэл, гуравдугаар түвшний оюутан А.Мандуул нар оролцсон. Миний бие дасгалжуулагчаар ажилласан. Аль ч улсын хууль зүйн сургуулийн оюутны хувьд шүүхийн мэтгэлцээний тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцох нь нэр төрийн хэрэг байдаг. Тэмцээнд амжилт гаргах нь хуулийн сургуулийнх нь хувьд томоохон үйл явдал байдаг.

-Олон улсын тэмцээнд шагналт байр эзлэхийн ач холбогдол нь юу вэ?

- Шүүхийн мэтгэлцээний тэмцээний оролцоо, эзэлсэн байр суурь нь гадаад улсуудад хуулийн сургуулийн чансааг тогтооход чухал үзүүлэлт болдог юм. Жишээлбэл, АНУ-ын хуулийн сургуулиуд шүүхийн мэтгэлцээний тэмцээнд түрүүлсэн, байр эзэлсэн үзүүлэлтээрээ өрсөлддөг. Гаргасан амжилтаараа оноо цуглуулж, энэ нь сургуулийн эрэмбэд нөлөөлдөг. Тиймээс хуулийн сургуулиуд шүүхийн мэтгэлцээний тэмцээнд өндөр ач холбогдол өгдөг. Нөгөө талаас хуулийн сургуулийн хувьд тэнхимийн сургалтаас гадуурх оюутны хөгжилд чиглэсэн хоёр гол үйл ажиллагаа байдаг. Нэг нь шүүхийн мэтгэлцээний тэмцээн, нөгөөх нь хуулийн сургуулийн сэтгүүлийг оюутнууд эрхлэн гаргах явдал юм. Манай Хууль зүйн сургууль энэ хоёрт онцгойлон анхаарч байгаа. Энэ удаагийн тэмцээнд гаргасан амжилт бол хуулийн салбарын олон улсын тэмцээнд монгол оюутнууд амжилт гаргаж чадна гэдгийг харуулж, олон оюутанд итгэл үнэмшил, урам зориг өгсөн үйл явдал боллоо. Магадгүй ирээдүйн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн сонгогдох үүд хаалгыг нээсэн ч байж болох юм.

-Сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлдэг үү?

- МУИС-ийн ХЗС-ийн удирдлага дотооддоо болон олон улсын шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оюутнуудаа идэвхтэй оролцуулахыг бодлогоор дэмжиж байгаа. Энэ тэмцээнд манай баг дөрөв дэх удаагаа оролцож байна. Хуулийн өөр салбарын хэд хэдэн олон улсын тэмцээнд манай баг оролцдог болсон. Дотооддоо бол эрүүгийн эрх зүй, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр жил бүр шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцож, МУИС-ийн ХЗС баг тогтмол дээгүүр амжилт үзүүлж ирсэн.

Манай сургуулийн Практик сургалтын төв Олон улсын улаан загалмайн хороо, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр жил бүр дотооддоо шүүхийн мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байгаа. Энэ тэмцээнд түрүүлсэн баг нь олон улсын тэмцээнд оролцдог. Тэмцээнд оролцох зардлыг олон улсын Улаан загалмайн хорооноос тодорхой хэсгийг нь гаргаж, сургуулиас бас дэмжлэг үзүүлдэг.

-Оюутанд чиглэсэн арга хэмжээ гэж ойлгож болох уу. Нийгэмд ямар ач холбогдолтой вэ?

-Тэгж ойлгож болно. Өнөөдрийн оюутнууд маань ирээдүйн монголын хуульчид, өмгөөлөгчид, шүүгч, прокурор шүү дээ. Сайн хуульч болохын тулд оюутан эрх зүйн онол, практик аль алиныг нь судлах ёстой. Иргэдийн эрх, ашгийг хамгаалах, шударга ёсыг хамгаалах ирээдүйн хуульчид маань эрх зүйн практик ур чадвар эзэмшсэн байх ёстой. Шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь энэ зорилгод үйлчилдэг гэж ойлгож болно. Эрх зүйн онол, практикийн мэдлэгтэй, ёс зүйтэй хуульчид л Монголын нийгэмд шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулж чадна.

Ямар, ямар төрлүүдээр өрсөлдсөн гэсэн үг вэ?

-Уг шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Олон улсын гэрээ, конвенц, тэдгээр дээр үндэслэж гарсан Олон улсын эрүүгийн шүүхийн болон бусад шүүхийн шийдвэрийг өгөгдсөн кейс дээр хэрэглэх байдлаар явагддаг. Ингэснээр оюутны кейс болон түүнд холбогдох хуулийн зохицуулалтыг судлах, анализ хийх, үндэслэл бүхий гаргалгаагаараа шүүгчдийн өмнө илтгэж, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч, прокурорын дүрд тоглож, шүүхийн өмнө мэтгэлцдэг. Шүүгчид нь энэ салбарын мэргэшсэн хуульч, шүүгч, хуулийн сургуулийн профессорууд байдаг.

-Олон улсын тэмцээнд оролцоход ямар бэрхшээл тулгардаг вэ?

- Төрөлх хэл дээрээ шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцоход их бэлтгэл, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар шаарддаг. Хүний нутагт, гадаад хэл дээр орон орны шилдэг их сургуулийн багтай хуулийг мэдлэг, ур чадвараар өрсөлдөнө гэдэг амаргүй даваа. Бид энэ тэмцээнд өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж бэлдсэн. Оюутнуудын маань заримдаа нойроо хугаслан байж, хичээж хөдөлмөрлөсний үр дүн юм.

-Сүүлийн жилүүдэд хуулийн салбарт суралцагчдын тоо нэмэгдэж энэ мэргэжлийн илүүдэл үүслээ гэх зүйл яригддаг. Илүүдэл үүснэ гэж байх уу. Энэ мэргэжлийн ач холбогдлын талаар хэлж өгөөч?

- Хууль, эрх зүйн мэдлэгтэй иргэний илүүдэл үүснэ гэж байхгүй. Иргэд нь өөрсдийн эрх, үүргээ мэддэг, эрх баригч, албан тушаалтны үйл ажиллагаа хуулийн хүрээнд байгаа эсэхэд дүгнэлт өгч, шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэж чаддаг байж гэмээнэ шударга, ардчилсан нийгэм орших боломжтой. Тиймээс хуулиа мэддэг, эрх үүргээ ухамсарладаг, эрх мэдэлтний үйлдлийг сэтгэл хөдлөлөөр биш хууль ёс, үндсэн хуулийн үнэт зүйлсийн шалгуураар оруулж үнэлж, дүгнэдэг иргэн олон болох тусам эрхтэн дархтан дур зоргоор авирлах орон зай хумигдах юм. Японд хуулийн хоёр төрлийн хуулийн сургууль байдаг. Нэг нь зөвхөн хуульч бэлтгэх зорилготой. Нөгөөх нь эрх зүйн мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг. Хуулийн сургуульд сурсан хүн бүр хуульч болох албагүй. Эрх зүйн мэдлэгтэй эмч, эдийн засагч, компанийн ажилтан байж болно. Тийм болохоор эрх зүйн мэдлэгтэй иргэн илүүднэ гэж байхгүй. Харин эрх зүйн боловсрол олгодог хууль зүйн сургуулиуд чанартай мэдлэг, ур чадвар олгодог байх ёстой.

-Сүүлийн үеийн мундаг хуульчид Японд боловсрол эзэмшсэн байдаг. Тэдний нэг нь та. Япон улс эрхзүйн мэдлэгтэй иргэдийг олноор нь бэлтгэж байгаагийн нэг ач холбогдол нь япон хүмүүсийн ухамсар, ёс суртахууны байдлаар илэрч байна гэж ойлгож болох уу??

-Өөрсдийн үнэт зүйлс, эрх, эрх чөлөөгөө хамгаалж, эрх мэдэлтний өмнөөс айхгүй дуугарах иргэд олшрох тусам албан тушаалтнууд дураар авирлах нь багасаж, эргээд нийгэмд эерэгээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн эрх зүйн соёл төлөвших тусам иргэд амар жимэр амьдрах нөхцөл бүрдэнэ. Нидерланд гэхэд л гэмт хэрэг ихээр буурсан тул шоронгоо хааж эхлээд байна. Зарим хотынхоо шоронд хөрш улсынхаа хоригдлыг хорьж байна. Гэвч хуультай байгаад, хуулиа мэддэг иргэд байгаад бүхнийг шийдэхгүй. Японы хөгжил бол нэг талаас уламжлал, соёл, ёс суртахууны үнэт зүйлсээ хадгалж, хөгжүүлж чадсантай нь холбоотой.

Онцлох нийтлэлүүд