ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.09.13 09:09

​​Д.Гантулгад холбогдох хэргийг прокурор руу буцаалаа

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон юм. Шүүх хурал өмнө нь хоёр ч удаа товлогдож хойшлогдсон. Тухайлбал, шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн сард ирээгүй. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гэснээр шүүх хурал хойшлоод байсан билээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж байгаа юм. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсвэл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсвэл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.

Ч.Саранзаяа шүүх хурал эхлэхээс өмнө Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн биед халджээ

Ч.Саранзаяа Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн биед өчигдөр халджээ. Хурал эхлэхийн өмнө хохирогчоор оролцож байсан Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа шүүх хурлын хуваарь харах гэж явсан Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгч Ц.Одгэрэлийн бие болон эд зүйлсэд нь халдаж хэл амаар доромжилсон байна. Уг үйлдлийг шүүхийн цагдаа нар таслан зогсоосон гэнэ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Ч.Саранзаяа дүүгийнх нь зургийг авлаа гэж хардан Ц.Одгэрэлийн гар утсыг булааж, биед нь халдсан ажээ. Энэ үеэр тус шүүхийн байрыг хамгаалж байсан цагдаа нар гарч ирж, үйлдлийг нь таслан зогсоож, Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн утсанд тэр даруй үзлэг хийсэн гэнэ. Түүний гар утсанд хохирогч Ч.Наранзаяагийн зураг байгаагүй нь тогтоогдсон гэв.

Хуралд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, хохирогч Ч.Наранзаяа нар оролцож байв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм бурууг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснийг үндэслэжээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Б.ЧИМЭГ

Онцлох нийтлэлүүд