ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.06.14 01:06

​Д.Гантулга: Би жирийн иргэн болсон тул цаашид Гантулгыг эрхтэн дархтан мэт битгий үзэж, хандаасай гэж хүсье


УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлсөн билээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай уулзаж ярилцлаа.


-Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар таныг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Та өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Цаашид ямар процесс өрнөх бол..

-Миний хувьд Төрийн ордонд хэвлэлийн хурал хийх эрхгүй болсон. УИХ-ын гишүүний бүрэн эрх маань миний өөрийн хүсэлтээр өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар цуцлагдаж байна. Тиймээс цаашид УИХ-ын нөхөн сонгуулийн асуудал Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт яригдаж таарна.

Би өөрийгөө Монголын улс төрд нийгмийн шинэ захиалга байсан гэж боддог. Шинэчлэл өөрчлөлтийг хийх залуу хүнийг хүссэн хүсэлтийн илэрхийлэл нь 2016 оны сонгуульд 28 настай Гантулга нэр дэвшин ялалт байгуулж байлаа. Энэ нь Монголын улс төрийн амьдралд шинэчлэл, өөрчлөлт болсон. Энэ удаагийн парламентад 41 гишүүн шинээр сонгогдон орж ирсэн.

Харамсалтай нь үүнийг эсэргүүцдэг нийгэмд олон жил бугшсан давалгаа, зохион байгуулалттай бүлэглэл байгаа юм. Үүний эсрэг амжилттай ажилласан. Тэр шинэчлэл өөрчлөлтийг хийх залуучуудын нэг нь байхыг хичээсэн. Мэдээж энэ цаг хугацаанд гарсан хэл амтай холбогдуулаад УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх, түдгэлзэх хоёр салаа замын эхэнд ирээд чөлөөлөгдөх хүсэлтэй байсан. Би түдгэлзэхийн эсрэг байсан. Сонгосон төлөөлөгчдөөс илүүтэй парламентын төлөөллийн зарчим алагдаж, шүүх хуулийнханы цаг хугацаа маш их орох байсан. Энэ хугацаанд ямар нэгэн ямар нэгэн нөхөн сонгууль, ямар нэгэн төлөөлөлгүйгээр Их хурал явж болохгүй. Тиймээс би чөлөөлөгдөх хүсэлтээ удаа гаргаж байсан. Харамсалтай нь үүнийг хэлэлцэх боломжтой, боломжгүй гээд явсан.

-Өмнө нь та яагаад чөлөөгдөх хүсэлтээ өгөөд асуудлыг шийдэж болоогүй юм бэ?

-Аргагүйн эрхэнд би дөрөвдүгээр сарын тавны өдөр түдгэлзэх саналаа УИХ-д танилцуулж байсан. Тэр хүсэлтийг маань та харсан байх. Даанч хэлэлцэх хууль эрх зүйн орчин байгаагүй тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан тавдугаар сарын тавнаас хууль эрх зүйн орчин бүрдсэн. Өнгөрөгч долоо хоногт Их хурал хэлэлцээд шийдвэрээ гаргасан. УИХ-ын гишүүд тэр дундаа бүлэг фракцын шийдвэр байгаагүй гэж боддог. Их хурлын гишүүд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд саналаа өгөөд явсан. Тиймээс цаашид парламентын дархлаа, гишүүний бүрэн эрхээс илүүтэй гэм буруутай нь хууль шүүхийн байгууллагаас гараагүй байхад энэ бүхнийг ярих нь зохисгүй гэдэг итгэл үнэмшлээр гишүүд асуудалд хандсан байх.

Энэ долоо хоног эхэлсэн боловч харамсалтай нь эдгээр асуудал дуусаагүй. Тиймээс энэ байдлыг цаашид үргэлжлүүлэхийг хүсээгүй тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч чуулганы хуралдаанаар шийдвэр гарлаа. Тиймээс цаашид би жирийн иргэний хувиар асуудлаа шийдүүлнэ. Одоо би жирийн иргэн болсон тул Гантулгыг цаашид эрхтэн дархтан мэт үзэж, хандаасай гэж хүсье. Хэнтий аймгийн сонгогчдоосоо хүлцэл өчье.

-Нэр холбогдоод буй асуудлаа хуулийн байгууллагаар шийдүүлээд улс төрд та эргэн ирэх үү. Залуу хүний хувьд цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-Улс төрд ирж буцахын тухайд улстөрч хүн Их хуралд байснаар хэмжигддэг зүйл гэж бодохгүй байна. Тэр дундаа нийгэмд хийж бүтээе гэсэн санаж, сэдсэн бүхнээ хийгээд явах болно.

-Намын зүгээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийн шахсан уу?

-Энэ миний шийдвэр.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд та ямар ажил амжуулав?

-Их хурлын гишүүн гэдэг бол зөвхөн тойргийг төлөөлдөг, тойргийнхоо иргэдийн үзэл баримтлалын дагуу заавал ажиллах ёсгүй гэдэг хатуу байр суурьтай байдаг. Тийм ч байгаа учраас өнөөдөр парламент дээр том бодлогууд гацаж, тойргийн хэмжээний жижиг зүйлс шийдэгддэг, бүлэг фракц болдог асуудлууд бий. Би тойргийн гишүүн биш УИХ-ын гишүүний хувьд асуудлыг том хүрээнд нь бүтэн хардаг байхыг хичээдэг байсан. Өнгөрөсөн хугацаанд 21 аймгаа бүтэн тойрч, Төрийн албаны болон Залуучуудын хөгжлийн асуудлыг шийдүүлж байлаа. Монгол Улс 26 жилийн дараа Хүүхэд залуучуудын хөгжлийн төрийн агентлагтай болсон. Үүнийг Засгийн газар дэмжсэнд хувиасаа талархаж явдаг. Өнөөдөр Монгол Улс залуучуудын хуультай болсон. Залуу гишүүний хувьд хийсэн гол алхамуудын нэг энэ байсан.

Э.ЭНХБОЛД

Онцлох нийтлэлүүд