ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.06.08 04:06

Д.Ганцэцэг: Анх “Чи бидэн хоёр” дууны клипт тоглочихоод зурагтаар гарахад нь их ичиж билээ

"Өдрийн сонин"-ы №130 (4770) дугаарт нийтлэгдсэн Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Доржийн Ганцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Доржийн Ганцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Саяхан “Гэгээн муза” 11 дэх наадам болж өнгөрлөө. Энэхүү наадмын өмнөхөн театр долоон най¬руулагчийн долоон өөр жүж гийн төслийг эхлүүлсэн. До лоон жүжгээс Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн “Хэрээт төгөл” жүжиг салхи хагалж хамгийн түрүүнд тайз наа тавигдаж үзэгчдийн хүртээл боллоо. “Хэрээт төгөл”-д Ч.Алтан-Өлзий, П.Цэрэндагва ах болон Г.Урнаа эгч, мөн А.Чингүн, Г.Алтангэрэл зэрэг театрын залуу уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Миний хувьд гуталчин охины дүр бүтээсэн. Гол дүр. Тайзан дээр жүжиг эхлээд дуустал тайзнаас нэг алхам ч холддоггүй дүр л дээ.

-“Хэрээт төгөл” үзэгчдэд хэр хүрсэн гэж бодож байна?

-Долоон жүжгээс хамгийн түрүүнд “Хэрээт төгөл” үзэгч¬дэд хүрсэн, үзэгчид ер нь ам сайтай байсан шүү. Зохиолч А.Вампилов “Хэрээт төгөл” жүжгээ 1960 онд бичиж байсан юм билээ. Мөнхөө багш долоон жүжигт “Хэрээт төгөл” жүжиг орсонд их баярлаж “Би аль эрт энэ жүжгийг тайзнаа тавих юмсан гэсэн бодол өвөрлөж ирсэн. Азаар театраас ийм төсөл хэрэгжүүлж энэ жүжгээ тайзнаа амилуулах боллоо” гэж ярьж байсан. Сайн ухаж төнхвөл жүжигчид маш их зүйлийг ойлгож авах юм шиг санагдсан. Бас нэг онцлог нь олон жил тайзнаа гараагүй манай ахмад жүжигчдийн нэг Алтан-Өлзий ах бидэнтэй хамт “Хэрээт төгөл”-д тоглосон. Мөнхдорж найруулагч ах жүжигчин Алтан-Өлзийд санал тавьсан юм билээ. 

-Одоо долоон жүжгээс хэдэн жүжиг үлдсэн байгаа вэ?

-Гурав, дөрвөн жүжиг үлдсэн байх аа.

-Саяхан драмын жү¬жигч¬дийн шилдгийн шилдгийг тодруулдаг “Гэгээн муза-2014” наадам болж өнгөрсөн. Энэ жил та яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Уг нь нэр дэвших магадлалтай байсан хэдий ч манай жүжгийн төрөлд өөр өрсөлдөгч байхгүй гээд наадамд оролцоогүй. 

-Ямар жүжгээр өрсөлдөх байсан гэж?

-Өнгөрсөн намар манай театр “Эцсийн зогсоол зөвхөн чи” гээд инээдмийн жүжиг тавьсан шүү дээ. Энэ жүжиг маань Музад нэр дэвших гэсэн чинь инээдмийн төрөлд өөр өрсөлдөх уран бүтээл байгаагүй юм билээ. Хэдий наадамдаа өрсөлдөөгүй ч гэсэн өнөө жилийн “Гэгээн Муза” олон улсынх гэдэг утгаа раа их сайхан болж өнгөрсөн.

-Таны хувьд театрт ороод хэр удаж байна?

-Одоо зургаан жил болж байна. Кино драмын ангийн оюутнуудын гол зорилго, хүсэл мөрөөдөл бол театрт орох. Би ч гэсэн бусдын адил театрт орох хүсэлдээ хөтлөгдсөн. СУИС төгсөөд аз тохиож шалгалтад тэнцээд театрт ороод ирсэн. Ямартай ч энэ сайхан уран бүтээлчдийн дунд сурч, суралцаж л явна. 

-Энэ хугацаанд театрын хэчнээн уран бүтээлд тоглосон байна. Ахмад уран бүтээлчид драмын сонгодог жүжигт тоглоно гэдэг тухайн жүжигчинд бас нэг өөр орон зайг бий болгодог гэдэг юм билээ. Залуу уран бүтээлчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Миний үзэл бодлоос тэс хөндлөн орон зай бий болох нь хаашаа юм. Ер нь сонгодог гэлтгүй ямар ч уран бүтээлд тоглосон өөрөөсөө зайлсхийнэ.  Аливаа дүрийг амилуулж үзэгчдэд хүргэнэ гэдэг амаргүй. Гол нь сэтгэл зүйгээ бэлддэг. Тэр дүрийн гадаад байдалд хандах хандлагаас илүүтэй дүрийнхээ дотоод ертөнцийг амилуулж гаргах чухал байдаг. Дүр бүтээхдээ өөрийгөө орхиж дүрдээ орно, дараагийн дүрд орохын тулд бас л дээрх зарчмаар явна. Одоогийн байдлаар миний хувьд театрын тайзан дээр гол болоод туслах дүрд тоглосон 20-иод уран бүтээл бий. Энэ дундаас миний хамгийн их хичээж ажилласан нь “Эсрэг дурлал” жүжгийн япон бүсгүйн дүр. 

-“Х-Түц” продакшны жүжигчин Туяа, “Эмоци” продакшны Тэмүүжин гээд танай ангийнхан ихэвчлэн хошин урлагийн жүжигчид. СУИС-ийн хэдэн оны төгсөлт билээ?

-Манай ангийнхан СУИС-ийн кино драмын ангийн 2007 оны төгсөлт. Манай ангийнхан мэргэжлээрээ амжилттай явж байгаа. Телевизээр гарч байгаа “Гурван найз” олон ангит кинонд тоглосон Тэмүүжин манай ангийн дарга. Энэ кинонд тоглосон Анхбаяр, Эзэнмөнх бас л манай анги. Мөн “Маск” продакшны жүжигчин Алдар, Чулуунцэцэг, “Х Түц”-ийн Туяа байна. Хараад байхад манай ангийнхан үеийнхнээсээ арай илүү чадварлаг авьяастай хүүхдүүд санагддаг. Өдий зэрэгтэй яваа нь багшийн минь л гавьяа шүү дээ.

-Ангийн тань багш хэн билээ?

-Ардын жүжигчин Лхамхүү багш.  Анх бид оюутан болохдоо мэргэжлээ хүртэл сонгож чадахгүй, зүг чиггүй хүмүүс л байлаа. Тэр үед бидний замыг зааж, нүдийг маань нээж өгсөн хүн бол багш. Тиймээс багшдаа танай сониноор дамжуулаад ангийнхныхаа өмнөөс үргэлж талархаж явдгаа илэрхийлье. 

-Таны тоглосон нэлээд хэдэн дууны клип байдаг. Оюутан байхдаа тоглосон уу?

-Тийм ээ. Анх нэгдүгээр курст байхдаа Ширмэнтуяа, Амаржаргал нарын дуулсан “Чи бидэн хоёр” дууны клипт дээд ангийнхаа ахтай тоглож байсан юм байна. Ширмэнтуяа эгч дууныхаа клипт тоглох санал тавьж байсан. Би ч уухайн тас “тэгье” гээд хэлчихсэн. Тэгээд багшдаа хэлэлгүй нууцаар явж зурганд орж байсан. Анх камертай харьцаж чадахгүй ичнэ. Уг нь клипт миний дүрс л гарахаас биш дуу авиа гарахгүй, юм ярихгүй шүү дээ. Дараа нь клип цацагдаад эхэлсэн чинь өөрийгөө хараад зурагтаар ямар сонин гардаг юм бэ гээд ичээд, үзэхээрээ яс хавталздаг байсан. Дээрээс нь “Чи бидэн хоёр” дуу нэг хэсэгтээ л хит болж байнга зурагтаар гарахыг нь яана. Дараа нь Эрдэнэтунгалаг эгчийн “Ханьсахын жаргал” дууны клип гээд хэд хэдэн дууны клипт тоглоод овоо дасаад ирсэн. Анх бол маш том зориг гаргаж багшийнхаа үгнээс зөрж байж тоглож байсан юм даг.

-Багш тань хориглож байсан юм уу?

-Ер нь оюутан байхдаа ямар нэгэн кино, клип зэрэг уран бүтээлд тоглохыг багш хатуу хориглодог байсан. Хүүхдүүд СУИС-д элсээд тэр сургуулийн хаалгаар оронгуут л өөрийгөө “од” болчихсон мундаг хүн юм шиг боддогтой нь холбоотой гэсэн. Би ч гэсэн тэгж л бодож байсан. СУИС-ийн хаалгаар дөнгөж ороод л өөрийгөө жүжигчин болчихсон юм шиг бодож хөл дээрээ тогтохгүй хөөрч байлаа. Багш биднийг “Та нар элдэв кино зураг авалт зэрэг янз бүрийн юманд тоглохгүй шүү. Шал түүхий гэдгээ мэдэх үү, та нар” гэж хэлнэ. Тэгээд бас та нар нэгдүгээр курст ардын жүжигчин, хоёрт гавьяат, гуравт соёлын тэргүүний ажилтан, дөрөв төгсөхдөө хэн ч биш гэдгээ мэдэх болно гэж ирээд л захина. Үнэхээр сургуульд ороод нэг хэсэгтээ л хөөрч өөрсдийгөө ард түмний танил болчихсон юм шиг бодож  хичээл номонд дарагдаад ирэхээрээ жүжигчин болох чинь ийм хэцүү юм уу гэж бодож шалдаа бууна. Ёстой дөрөв төгсөхдөө “За больё би ер нь жүжигчин болж чадахгүй, хэн ч биш юм байна” гэж боддог юм билээ. 

-Анх дэлгэцээр өөрийгөө хараад ичиж байсан хүн чинь харин ч дэлгэцийн уран бүтээлд чамгүй амжилт гаргаж нэлээд хэдэн кинонд тоглоод амжсан. Анх ямар кинонд тоглож байв? 

-Хамгийн анх Казахын ард түмний “Гэрээс” гэдэг түүхэн кинонд тоглосон. 2007 онд “Сарны нулимс” олон ангит кинонд тоглосон. “Сарны нулимс”-аас хойш ер нь дэлгэцээр олон ангит кино гарч эхэлсэн ш дээ. Дараа нь мөн “Өдөр өдрийн нар” олон ангит кино болон “Аз ойрхон”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” зэрэг нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон шүү.

-Залуухан, тэгээд эмэгтэй жүжигчний хувьд уран бүтээлийг тань үзээд сэтгэл алдраад ч юм уу үзэгчдийн зүгээс сэтгэлээ илэрхийлж гэнэтийн бэлэг барих тохиолдол гардаг уу. Танихгүй мөртлөө цэцэг бэлэглэдэг ч юм уу?

-Нээрээ нэг хэсэг тийм зүйл болсон юм байна. Эзэнгүй цэцэг ирдэг байсан. Шинэ уран бүтээлийн нээлт, баярын тоглолтын үеэр ч юм уу хэнээс нь мэдэгдэхгүй цэцэг илгээмжээр ирдэг байсан. Би бүр гайхаад хэн гэдгийг нь мэдэх юмсан гэж боддог байсан ч хэн болохыг мэдээгүй. Их л гоё санагддаг байсан. Яг л “Үл таних эмэгтэй” кинон дээр гардаг шиг юм болсон.

-Одоо тэр цэцэг ирж байгаа юу?

-Үгүй. Одоо чинь бас фэйсбүүк зэрэг цахим ертөнц түгээмэл хэрэглээ болчихсон болохоор намайг дэмждэг, миний уран бүтээлийг үзсэн хүмүүсээс урмын үгтэй сэтгэгдлүүд их ирдэг шүү. Хүн чинь урмаар амьдардаг юм хойно их сайхан эрч хүч ороод явчихдаг юм.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд