ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.12.22 05:12

Д.Далхжав: Нийгмийн даатгалын шимтгэл нэмж байгаа нь амиа аргацаасан зүйл болж байна

ХААИС-ийн эдийн засгийн бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, судлаач Д.Далхжавтай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэл он гараад нэг сараас нэг хувиар нэмэгдэнэ гэх хуулийн тогтоол гарчихлаа.

-Нийгмийн даатгалын сангууд алдагдалтай явж байгаа. Тэр дундаа Тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс 600 гаруй тэрбум төгрөгийн татаас авдаг. Татаасаа багасгахын тулд иргэдээс авах шимтгэлээ нэмж байгаа юм. Засгийн газраас мэдээлэхдээ тэтгэврийн сан алдагдалтай, орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй байгаа учраас нэмж байгаа гэх тайлбар хийх нь мэдээж. Энэ нь иргэд бидний халаасанд ирдэг бодит орлого буурна л гэсэн үг.

-Нийгмийн даатгалын хувийг нэмэхгүй байх өөр боломж байсан уу?

-Нийгмийн даатгалын хувийг нэмэхгүй байх боломж байсан уу, гэвэл байсан. Одоо ч боломжтой. Судлаачид шимтгэлээ нэмэхгүйгээр Тэтгэврийн санд шийдэх арга зам бий талаар хэлдэг. Харамсалтай нь улстөрчид шийддэгт л учир байгаа юм. 2017 онд Тэтгэврийн даатгалын санд ажил олгогч долоон хувь, даатгуулагч долоон хувь нийтдээ 14 хувиар шимтгэл төлж байсан. 2018 он гараад найман хувь болгочихоор ажил олгогч болон даатгуулагчид16 хувийн шимтгэл төлөх болсон. 2019 он гарахаар 8.5 хувь болж, 2020 он гэхэд 9.5 хувь болно. Зөвхөн Тэтгэврийн сан 19 хувь болж байгаа юм. Дээр нь Эрүүл мэндийн даатгалын сан ажил олгогч даатгуулагчаас дөрвөн хувь, Тэтгэмжийн сан, Ажилгүйдлийн сан нийлээд нэг хувь, Үйлдвэрийн ослын сан ажил олгогчоос 1-3 хүртэлх хувь бий. Нийт дүнгээрээ 29 хувьд очих гэж байна. Цалингаасаа бид 29 хувийг шимтгэлд төлөх болж байгаа юм. Анх 1995 онд Нийгмийн даатгалын багц хууль батлахад энэхүү шимтгэлийг 29 хувиар тогтоосон байсан. 1999 онд Тэтгэврийн сангийн 19 хувийг бууруулаад өнөөгийн мөрдөж байгаа 14 хувь руу шилжүүлчихсэн.Тухайн үед Тэтгэврийн сан хэт их алдагдалд орно гэдгийг судлаачид хэлж л байсан. Шимтгэлийн 29 хувь гэдэг олон улсын дунджаас үзэхэд дундаас дээш түвшний хувь. 10 хувиар доош нь татдаг нь дундаас доош хувь болдог. Тэр үеийнхээр явсан бол Тэтгэврийн сан ийм их алдагдалд орохгүй байх боломж байсан. 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг батлан хэрэгжүүлээд эхлэхэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн 230 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан. Тэр хүмүүсийн тэтгэврийг шууд өнөөгийн шимтгэл төлж байгаа иргэдэд үүрүүлсэн. Тухайн үед бид энэ хүмүүсийнхээ тэтгэврийг улсын төсөв рүү авах хэрэгтэй гэдгийг хэлж байсан.1995 оноос хойш шимтгэл төлсөн хүмүүсийн мөнгө нь сандаа хуримтлагдаад явах боломж байсан. Мөн янз бүрийн хөнгөлөлтөө зогсоох хэрэгтэй байсан. Учир нь хүнд хортой халуун нөхцөлд ажилласан, олон хүүхэд төрүүлсэн эхэд таван жилийн өмнө тэтгэвэрт гардаг болгосон. Энд олгогдож байгаа мөнгө бол халамжийн шинж чанартай арга хэмжээ тийм ч учраас улсын төсөвтөө авах хэрэгтэй байсан. Энэ чинь ерөөсөө халамжийн бодлого шүү дээ. Харин тэдгээр хүмүүсээ 55 , 60 насанд нь Тэтгэврийн даатгалын санд шилжүүлэн мөнгийг олгох хэрэгтэйг судлаачид хэлж байсан. Хөнгөлөлттэй нөхцөлөөр халамжаас тэтгэвэр авагчид эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60 насанд хүрэнгүүт Тэтгэврийн санд шилжүүлчих ёстой байсан юм. Өнөөдөр энэ хэрэгжээд явсан бол тэтгэвэрийн сан алдагдалд орохгүй байлаа. Өнөөдөр Тэтгэврийн санг төрийн санд нэгтгээд төсвийн дутагдсан эх үүсвэрийг агшин зуурт нөхөөд байдаг. Угтаа санхүүгийн зах зээл дээр чөлөөт эх үүсвэр нь эргэлтэнд орж өсч байх учиртай. Гэтэл төр маань Тэтгэврийн сангаа менежмэнтийн бодлогоор өсгөхийн оронд иргэдийнхээ халаас руу явах арга зам руу шилжиж байгаа юм.

-Сард 800 мянган төгрөгийн цалин авдаг байлаа гэж бодоход нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр иргэдэд гар дээр хэдэн төгрөг ирэх вэ?

-Сард 800 мянган төгрөгнөөс 10 хувиар шимтгэл суутгагдаж 80 мянган төгрөг төлж байсан. Одоо энэ жил иргэд шимтгэлээ 11 хувиар төлж байгаа. Жилдээ нэг хувиар нэмэгдэхээр 96 мянган төгрөгийг илүү төлж байна. Он гарангуут 11.5 хувь болохоор жилдээ 144 мянга төлөх болж байгаа юм. Даатгалын алтан зарчим байдаг. Хэн даатгуулна тэр хохирлоо нөхүүлнэ гэдэг. Манайд нөхөн даатгал гэх сонин зүйл гарч ирсэн. Эрсдэл үүссэний дараа даатгаж болдог юм уу? Дэлхийн даатгалын зарчимд байдаггүй зүйл яриад улс төрчид явж байх юм.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг илүү ихээр төллөө гэхэд иргэдэд ямар ашиг байна вэ?

-Нийгмийн даатгалд даатгуулж яваа хүн хэд наслахаа мэдэхгүй. Ирээдүйд ямар хэмжээний хувь хишиг хүртэхээ мэдэхгүй. Гэтэл амьдралын даатгалд даатгуулсан хүн бол гэрээн дээрээ тодорхой зааж болно. Өнөөдөр иргэд нийгмийн даатгалд төлж байгаа шимтгэлээ хэдэн төгрөг болж ирээдүйд тэтгэврээ яаж тогтоохыг мэдэхгүй байна. Хуулийн хүчээр л иргэдийг нийгмийн даатгалд хамааруулж байгаа болохоос даатгуулагчдын сонирхлыг татсан хөшүүрэг энд алга.

-Тэтгэврийн санг баяжуулахын тулд нийгмийн даатгалын хувийг нэмж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар иргэд нэг хувийн шимтгэл нэмж төллөө гэхэд ирээдүйд авах тэтгэвэр нэмэгдэхгүй ээ гэдгийг баттай хэлж чадна.240 мянган төгрөгөөр цалинжиж байгаа хүний шимтгэлийг нэг хувиар нэмлээ. Тэр хүн 10, 20 жилийн дараа тэтгэвэр тогтоолгоход нэг төгрөг ч тэтгэвэр дээр нь нэмэгдэхгүй.

-Хүмүүсийг эрт тэтгэвэрт гаргаж байгаа нь санг алдагдалд оруулж байна гэж үзэж болох уу. Тэтгэврийн санг эргэлтэд оруулах боломж бий юу?

-Энэ бол Тэтгэврийн сангийн алдагдалд нэмэр болж байгаа нэг л хүчин зүйл юм.Төр засаг халамжийн бодлогоо нийгмийн халамжийн санаар дамжуулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг нь Тэтгэврийн сангийн хэмжээг нэмэгдүүлэхийг сайд нь ч, иргэд ч хүсч байгаа. Гэтэл цаана нь эх үүсвэр мөнгө гэж нэг зүйл хязгаарлаад байдаг. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдээс авах шимтгэлийг нэмж байгаа нь зохилтой арга хэмжээ биш. Тэтгэврийн даатгалын санд улсын төсөвөөс өгч болох дээр дурдсан эх үүсвэрийг гарган өгч санг мөнгөжүүлснээр Тэтгэврийн санг эргэлтэд оруулах боломжийг бага ч гэсэн нээж өгөх учиртай.

-Нийгмийн даатгалын шимтгэл цаашдаа бүр 20 хувь болно гэж яригдаад байгаа. Тэгэхээр бид нийгмийн даатгал төлөх гэж л ажиллаад байна уу гэлтэй?

-Нийгмийн даатгал таван төрлийн сантай. Таван төрлийнхөө дүнгээр л 20 биш бүр 29 хувьд хүрэх гэж байгаа юм. Үүний талыг нь ажил олгогч, нөгөө талыг нь даатгуулагч төлнө. Ингээд ирэхээр чадан ядан хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа ажил олгогчдод ирэх ачаалал нэмэгдэж ажлын байрны эсрэг чиглэсэн замыг засч байгаа юм.

-Тэгвэл ямар гарц байна?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдээ хоёр ангилах хэрэгтэй. 1995 оноос хойш цоо шинээр нийгмийн даатгалд даатгуулж яваа иргэдээ нэг хэсэг болгоод1995 оноос өмнөх шимтгэл төлж байсан хүмүүсээ нэг хэсэг болгоод ангилчих хэрэгтэй. 1995 оноос өмнө тэтгэврийн эрх үүссэн хүмүүст олгосон тэтгэврийн мөнгийг 100 хувь төр хариуцна. 1995 оноос хойш цоо шинээр шимтгэл төлж эхэлсэн иргэд 20, 30 жилийн дараа тэтгэврээ тогтоолгоход эх үүсвэр нь хуримтлагдчихсан байх болно. Өөрөөр хэлбэл тэд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явахад дөхөж очно.

Шимтгэл төлөгчдийн энэ их мөнгийг нийгмийн даатгалын байгууллага цааш нь хуримтлалаа үүсгээд санхүүгийн зах зээл дээр үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой. Монголын хүн ам 1960-1980 оны хооронд маш эрчимтэй өсч байсан. Тэр үеийн хүмүүс хөдөлмөр эрхлээд түрүүч нь тэтгэвэртээ гарч эхэлж байна. 1990 оноос хойш нэг хэсэг манай төрөлт буурсан. Тэр буурсан үеийн хүмүүс хөдөлмөрийн зах зээл рүү орж ирж байна.Төрөлт өндөр байсан үеийн хүмүүс тэтгэвэр лүү шилжинэ. Тэгэхээр тэр цөөн хүний шимтгэлийн орлогоор тэтгэврийг өгч эхлэх гэж байна. Ингэснээр тэтгэврийн сангийн ачаалал улам ихэснэ. Тэтгэврийн сангийн мөнгө ч улам хомсдоно.


Онцлох нийтлэлүүд