ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.08.31 09:08

Д.Дамба-Очир: Төр засаг үнэхээр арчаагүй гэж харагдахаар байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр хойшилж байна. Цэцийн шийдвэртэй санал нийлж байна уу, та?

-Нөхөн сонгууль болдгоороо болох ёстой байсан. УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоолыг нь баталж өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль явуулах бэлтгэл ажлаа базааж байсан байх. Харин Үндсэн хуулийн Цэц ямар үндэслэлээр юу бодож ийм шийдвэр гаргасан юм бол доо. Төрийн албан хаагч нэр дэвших боломжгүй болсон байна гэдэг утгатай зүйл яриад байх шиг байна. Намрын чуулган эхэлсний дараа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр зөв байсан, буруу байсан эсэхийг хэлэлцэх байх. Тиймээс намрын чуулган эхэлтэл энэ асуудал нэг талдаа шийдэгдэхгүй гэж ойлгож болно.

Цэцийн шийдвэрийг ойлгохгүй юм. Яагаад ийм шийдвэр гаргачихсан юм бүү мэд. Сонгуулийн тухай хуулинд нөхөн болон дахин сонгуулийг аравдугаар сарын эхний долоо хоног, зургадугаар сарын сүүлийн долоо хоногт гээд заачихсан. Энэ оны зургадугаар сард цаг хугацааны хувьд боломжгүй байсан тул аравдугаар сарын эхний долоо хоногт нөхөн сонгуулийг явуулъя гэж УИХ шийдвэрлэсэн. Их хурлын шийдвэрт Үндсэн хуулийн Цэцээс ингэж хориг тавьсныг ойлгохгүй байна.

-Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль яг болох уу. Бас л эргэлзээтэй дээ. 2020 оны сонгууль болохоос нэг жилийн өмнө гээд ер нь бол сонгууль явуулахгүй байх магадлал танай намд өндөр байгаа юм биш үү. МАХН-аас Н.Энхбаяр ялна, АН-аас мөн өөрсдийн нэр дэвших хүн нь ялна гэх юм?

-Аравдугаар сард нөхөн сонгууль болохгүй бол ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль болдгоороо болно. Зургадугаар сард нөхөн сонгууль болохгүй гээд хэн хэлчихсэн юм бэ. Н.Энхбаяр ялна, АН-ын нэр дэвшигч ялна гээд хэн яриад байгаа юм. Ярьж байгаа хүмүүс биш, Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид шийдэх асуудал. Би тойргоороо яваад ирлээ. Ноос, ноолуурын үнэ харьцангуй гайгүй байгаа болохоор иргэд өрөө дарж, байгаль дэлхий хураа хайрласан сайхан зун болсон болохоор хүн малын зоо тэнийгээд сэтгэл өег л байна. Зарим газар зам, барилгын тендер зарлагдаад ажил нь эхэлж, иргэд ажилтай болсон гээд сэтгэхүй нь өөр байна шүү. Хэнтийд ч мөн адил тийм л байгаа байх. Ийм атал тэр энэ ялна гээд хэн хэлээд байгааг мэдэхгүй юм.

-2020 оны сонгууль хүртэл парламентыг 76 биш, 75 гишүүнтэй байлгах хүсэл танай намын дарга У.Хүрэлсүхэд байгаа юм биш үү?

-УИХ-ын гишүүн өргөдлөө өгч бүрэн эрх нь дуусгавар болсон бол тойрог дээр нь нөхөн сонгууль зайлшгүй явах ёстой. Энэ ондоо багтаад амжихгүй бол ирэх онд нөхөн сонгуулийг заавал явуул.

Хэнтий аймгийн 42 дугаар тойрог төрд төлөөлөлгүй байж болохгүй. Үүнийг яаралтай шийдэх ёстой асуудал.

-Ээлжит бус чуулган болох ёстой юу. АТГ-ын даргыг солих, 60 тэрбумын асуудлаар Нийтийн сонсгол явуулах гээд хэлэлцэх зүйлс бий гэх юм?

-Ээлжит бус чуулганыг зарладаг хэд хэдэн тохиолдол бий. Төсөв юм уу, онцгой нөхцөл байдал үүссэн үед ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг. Хэн нэгэн хүний албан тушаалтай холбоотой асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэсэн юм байхгүй.

Манай нам дотроо эв нэгдэлтэй байж, бүтээн байгуулалтын томоохон ажлаа хийж байж 2020 оны сонгуульд орох ёстой. Тиймээс аравдугаар сарын нэгэн болтол ээлжит бус чуулган болохгүй байх. Намын Бага хурал хуралдаад нөхөн сонгууль болбол оролцоно гэдгээ мэдэгдчихсэн байгаа шүү дээ.

-Танай намаас ямар хүн нэр дэвших юм?

-Хэн нэр дэвшихийг намын Бага хурлаас шийднэ. Түүнээс тэр, энэ нэр дэвшинэ гэж хэлэх боломжгүй.

-Манай улсад ажиллаж, амьдардаг Турк улсын иргэн Вейсэл Акчайг хулгайлах оролдлого гарч нийгмийг шуугиулсан. Тус улсын тусгай үүргийн онгоц газардаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ийм зүйл байж болох уу. Манайхаас хууль хүчнийхэн, Засгийн газар оролцсон байж магадгүй гээд байгаа?

-Энэ талаар ойлголт алга. Надад ямар нэгэн байдлаар мэдээлэл, танилцуулга өгөөгүй. Гэхдээ ардчилсан Монгол Улсад ирээд гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосон байх. В.Акчай гэдэг хүнийг авч явж чадаагүй гэж ойлгосон. Турк улс дотроо улс төрийн зөрчилдөөнтэй байгаа нь үнэн. Одоогийн ерөнхийлөгч түүний эсрэг сөрөг хүчнийхэн, АНУ-д бас нэг хүн бий гээд байгаа. АНУ саяхан Туркийн бараанд өндөр татвар тавьсан. Эргээд Турк нь АНУ-ын бараанд татвар тавьж байх жишээтэй. Ингэж бие биедээ хориг тавьж байгаа нь хоригдсон хүнийг сулла гэж шахаж буй шахалт гэж ойлгож байна.

Монгол Улсад хэд хэдэн Турк сургууль байдаг гэсэн. Шашин номлолын чиглэлээр санхүүжилт орж ирдэг бол тийм зүйл байж болохгүй. Эрдагоны эсрэг нөхдүүд сургууль байгуулсан байна гэж ойлгож байгаа. Тэр хүмүүс нь улстөржсөн үйл ажиллагаа явуулдаггүй бол сургууль байхад яах вэ дээ. Улстөржиж, турхирсан үйл ажиллагаа явуулдаг бол тэр сургуулиудыг хаах хэрэгтэй. Аль ч улс орны тагнуулын байгууллагынхан өөр хоорондоо холбоотой байж болно. Гэхдээ тухайн улс орны хуулийн хүрээнд ажиллах ёстой.

-Зам, тээврийн хөгжлийн яаманд нэг газрын дарга нөгөө газрын даргынхаа аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж үүнийг нэрлээд байна л даа. Энэ бүхнийг засах цаг болоогүй юу?

-Зам, тээврийн хөгжлийн яамны нэг газрын дарга нөгөө газрын даргынхаа амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Талийгаач хяналт, шалгалт, дотоод аудитын мэргэжилтэн байж. Түүнийг шударга хүн байсан гэж ойлгож байгаа. Ажил мэргэжлийн хоорондын зөрчил байсан байлгүй. Төрийн ажил өндөр хяналт доор явах ёстой. Энэ яам олон жилийн турш замбараагүй явж ирсэн. Зам, тээврийн хөгжлийн яам үнэндээ маш түвэгтэй яам. Гэхдээ энэ удаагийн нэгнийхээ амийг бүрэлгэсэн явдал хэрээс хэтэрсэн үзэгдэл. Хууль хяналтын байгууллага сайтар шалгаад хэргийг үнэн зөв шийдэх хэрэгтэй. Төрд ажилладаг хүмүүст тавьдаг шалгуур, шаардлагыг өндөрсгөхгүй бол захын нэг нөхөр орж ирдгийг болиулах шаардлагатай. Мөн төр хувийн хэвшлийн бизнес рүү ордгоо боль. Төрөөс болсон болоогүй маш олон зөвшөөрөл авдаг, хувийн аж ахуйн нэгжийг дарамталдаг асуудлыг цэгцлэхгүй бол хүн бүр төр рүү шургалахыг хүсч байна. Үүн шиг гэмт хэрэг яамдууд дээр дахиж бүү гараасай билээ.

-Сайд, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, хэдэн газрын даргад хариуцлага тооцож чөлөөлөөд дуусах асуудал мөн үү?

-Газрын дарга нарыг сольсон гэж дуулсан. Солих хэрэгтэй. Төмөр замд ойр ойрхон осол гарч байна. Удирдлагууд нь ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. Үерийн уснаас болсон гээд яриад сууж болох уу. Ёс зүйтэй байх шаардлагатай. Энэ яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нар ажлаа өгсөн нь ёс зүйн шинэ хэм хэмжээ, жишиг тогтоож өглөө гэж харж байгаа.

-Таныг Зам, тээврийн хөгжлийн сайд болох гэж байгаа гэх юм?

-Мэдэхгүй. Би өөрөө мэдэхгүй байхад миний өмнөөс бичиж, яриад байх юм. Намайг сайд болчих вий гэдгээс айж байгаа хүмүүс байгаа юм байлгүй. Намайг сайд болооч гэж санал тавьсан юм одоогоор алга.

-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарч байна уу. Анх та ахалж байгаад Д.Тэрбишдагва гишүүн ахлах болсон шүү дээ?

-Д.Тэрбишдагва гишүүний хэлснээр Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан гэж ойлгосон. Оюу толгойтой холбоотой АТГ дээр хүмүүс шалгагдаад явж байгаа. Мөн Оюу толгой Засгийн газрын хооронд татварын маргаантай асуудал бий. Түүнчлэн Үндэсний аудитын газар Оюу толгойг шалгаж байгаа шүү дээ. Энэ гурван шалгалтын дүнг харж байгаад намрын чуулганд өргөн барих биз.

-Таны тойрогт хамаардаг Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийн маргаан дуусч байна уу. Нэг хэсэг газар авч байснаа одоо нам гүмхэн болчихлоо л доо...

-Эрдэнэтийн асуудал жаахан түвэгтэй байх шиг байна.

-Ямар утгаараа түвэгтэй гэж?

-Засгийн газраас шийдвэр гаргаад Эрдэнэт үйлдвэрийн орлогч нарыг нь томилсон. Гэтэл нөгөө тал буюу 49 хувийнхан нь 20 минутын дотор Захиргааны хэргийн шүүхээр дахиж өөр шийдвэр гаргуулаад өөдөөс нь тэрийгээ харуулаад өрөөнөөс нь гардаггүй. Нэг албан тушаал дээр хоёр хүн байдаг. Хэн нь яг албан тушаалтан нь мэдэгдэхээ байсан хүндрэлтэй нөхцөл үүссэн. Энэ бүгдийг харахаар бухимдмаар байх юм. Төр засаг үнэхээр арчаагүй гэж харагдахаар байна. УИХ тогтоол гаргасан. Үүнийг нь Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гээд шийдвэрлэчихсэн. Шүүх дээр очиж хоёр янзын шийдвэр гаргуулаад л явж байна шүү дээ. 2016 оны сонгуульд уг нь манай нам ялсан. Гэтэл өнөөдрийг хүртэл боловсон хүчнүүдийг нь цэгцэлж чадаагүй л байгаа юм. Энэ бүгдийг хараад харамсах сэтгэл төрж байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан бол тэр төлбөрийг нь Эрдэнэт үйлдвэр барагдуулж болохгүй. Ш.Батхүү гэдэг хүн мөнгө төлөх ёстой байтал “Надад төлөх мөнгө байхгүй. Баталгаа гаргаснаараа Эрдэнэт үйлдвэр төл” гээд явчихвал цаашид ийм буруу жишиг тогтоно. Хэрэв тийм бол бүгд улсын үйлдвэрээр баталгаа гаргуулна гээд явна. Ямар ч тохиолдолд Эрдэнэт үйлдвэр мөнгийг нь төлж болохгүй.

Эрдэнэтийн ард түмэн сохор, тэнэг биш. Бүгд харж байгаа. Сонгуулийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад ямар хүмүүс байсан, одоо ямар хүмүүс байгааг мэдэж байгаа. Тэр хүмүүс бүгд бий. Дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Засгийн газар нь нэг шийдвэр гаргахаар шүүх дээр бас өөр шийдвэр гарч, ТУЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгодог. Төрийн шийдвэр шүү дээ, тэр чинь. Доромжилж байгаа байхгүй юу.


Онцлох нийтлэлүүд