ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.10.19 12:10

Д.Дамба-Очир: Хорт хавдрын эрт илрүүлгийн долоон төрлийн шинжилгээнд хамрагдах иргэдийн мөнгийг төрөөс гаргана

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хууль санаачлагчийн хувьд ямар өөрчлөлтүүд орж байгааг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Хоёр жил гаруйн хугацаанд яригдаж байсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, эхний удаа улсын төсвөөс үзлэгт хамрагдах төсвийг гаргах боломж бүрдүүлж байгаа юм. Эрүүл мэндийн хуульд орж байгаа гол өөрчлөлт бол долоон төрлийн хорт хавдрыг эрт оношилж, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахаар тусгасан. Манайд жилд хорт хавдраар 4400 гаруй хүн амь насаа алдаж байна гэх судалгаа байна. Хүн амтайгаа харьцуулахад маш их тоо. Хорт хавдраар амиа алдаж байгаа иргэдийн тоог багасгах, эрт үзлэг шинжилгээнд хамрагдуулах үүднээс энэхүү хуулийн төслийг санаачилсан. Сүүлийн үед хорт хавдар залуужиж байгаа асуудал нийгмийг эмзэглүүлж байна. Тиймээс иргэд маань жилд нэг удаа долоон төрлийн үзлэгт орж байх ёстой. Магадгүй эрт илрүүлэгт хамруулаад ирэхээр хорт хавдрын тоо нэмэгдэж байгаа юм шиг харагдаж болно.

Цаашдаа алхам алхмаар багасна гэж үзэж байгаа. Өнөөдөр хорт хавдрын 70-80 хувь нь дөрөвдүгээр үедээ орчихсон, бусад эрхтнүүддээ тархчихсан байдалтай илэрч байна. Хүнд шатандаа ор-чихоор эмчилгээ авах боломжгүйгээс гадна гэр бүлийнхэнд нь санхүүгийн маш хүндрэлтэй асуудал үүсгэдэг. Нэг, хоёрдугаар шатанд байгаа хорт хавдрыг илрүүлбэл эмчилгээ хийлгэн бүрэн эдгэрэх боломж үүснэ. Яагаад бид эрт илрүүлэлт чухал гэж үзэж байна. Гол нь хүн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч шинжилгээнд хамрагдан хавдар байгаа эсэхээ тодорхойлох юм. Ингээд ирэхээр иргэд эрүүл мэнддээ анхаарч наад зах нь хүнсний эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх зохицуулалт үүснэ гэж үзэж байгаа. Зорилтот бүлгийн хүмүүсийг эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувиар, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулж, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх, боломжтой гэж үзсэн.

-Япон, Солонгос, Герман улсын эрүүл мэндийн эрх зүйн орчныг та судалсан гэж байсан. Азид өндөр наслалтаар Япон, Солонгосын иргэд дээгүүр ордог. Эдгээр улсын хууль эрх зүйн орчноос манайх хэрхэн уялдуулж авсан бэ?

-2014 онд би аавыгаа алдсан л даа. Аавыгаа Япон улсад эмчлүүлж байхдаа тэндхийн эмч нартай ярьж, тус улсын хуулийг судалж үзсэн. Эрт илрүүлэгт байнга идэвхтэй хамрагдаж байснаараа хүн урт насалдаг юм байна. Энэ үүднээс Япон Солонгос, Германд хэрэгждэг хууль эрх зүйн орчныг судалж үзсэн юм. Ингээд эрт илрүүлгийн хууль эрх зүйн орчныг Монголд бүрдүүлж өгөх ёстой юм байна гэж бодсон. Япон улс Эрүүл мэндийн хуульдаа хамгийн түрүүнд иргэдээ аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ авдаг тоног төхөөрөмжүүдийг төсөвтөө суулгасан байна. Нэг талаас энэ бол төрөөс хүлээх үүрэг. Түүнчлэн тус улсын иргэн бүр жилд нэг удаа зайлшгүй эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагддаг байна. Үүний 70 хувийг нь төр, 30 хувийг нь өөрөө төлдөг. Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаар хүнд хагалгаанд орох боллоо гэхэд даатгалаас хагалгааны төлбөрийг нь гаргаж байгаа юм. Урт наслаад байгаа шалтгаан нь ердөө л эрт илрүүлэгт хамрагдаж, өөрийн биеийн байдлаа мэддэгт байна. Жил бүр надад ямар өөрчлөлт гарч байгааг хянаж байна шүү дээ. 140 сая хүн амтай Япон улс жил бүр бүх иргэдээ эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулж болоод байхад манайх 3 сая хүн амаа хамруулах хэрэгтэй гэж бодсон. Бүх иргэдээ хамруулах боломжгүй байгаагаас нас заасан. Эхний удаад хорт хавдрыг эрт илрүүлэх дараахь үзлэг, шинжилгээнд дөч, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа, дөч, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, гучаас жаран насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, тавь, түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, тавь, түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулж байхаар тусгасан. Эдгээр хүмүүс хамгийн түрүүнд хамрагдах ёстой гэж үзсэн л дээ. Эхний удаад төр бүх зардлыг дааж байгаа ч цаашид даатгалд нь хамруулж явна гэж ойлгох хэрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалтай уялдуулж хуулийн төсөл боловсруулах боломж хэр байсан бэ?

-Анх эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулахаар хуульд тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, даатгал төлж байгаа иргэд эрүүл мэндийн үзлэгт орсон байх ёстой. Урьдчилан сэргийлэх үзлэгт орж байж даатгалаас ямар нэгэн хүнд хагалгаанд орлоо гэхэд улсаас төлбөр тооцоог нь гаргаж өгөхөөр даатгалыг уяж өгөх бодолтой байсан. Гэвч энэ удаа боломж гарсангүй. Учир нь даатгалын тогтолцоо болохгүй байна гэх үүднээс даатгалд оруулах өөрчлөлтөө хойш нь татсан.

-Хорт хавдрын эрт илрүүлгийг иргэдэд илүү хүртээмжтэй болгожээ. Эхний удаа хаагуур эдгээр тоног, төхөөрөмжүүд суурилагдах вэ?

-Аймаг, дүүргийн эмнэл-гүүд дээр эхний удаа тоног төхөөрөмжүүд тавигдаж долоон төрлийн хорт хавдрын шинжилгээнүүдийг өгөх боломжтой болж байгаа. Цаашдаа даатгалтай холбож өгөхөөр иргэд маань эрүүл мэндээ сахин хамгаалж даатгалд хамрагдах хэрэгтэй. Эхний ээлжинд оношлогоонд ороод хавдартай байвал улсаас зардлыг шийдэх боломж бүрдэнэ. Энэ ажлууд үе шаттай хэрэгжээд явах юм. Аймаг, дүүргүүд дээр эхний ээлжинд нэгж төв байгуулж байна. Долоон төрлийн хорт хавдрын үзлэгт элэг, уушги, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, сахарын шинжилгээ багтаж байна. Цаашдаа сумдад анхан шатны шинжилгээ авах бололцоог бүрдүүлэхээр ажиллана.

-Нийт хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай байна вэ?

-Эхний ээлжинд шаард-лагатай байгаа 30-аад тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүсч байгаа. 2020 оны төсөв дээр мөнгө төгрөг тавигдаж чадаагүй. Зам дээр 40,50 тэрбум тавьж байснаас эрүүл мэндэд 30 тэрбумыг тавиад өгөөч гээд гишүүддээ хэлээд л байж байна.

-2020 оны төсвийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Миний тойрог дээр шинээр хоёр тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Ноднингийн эхлүүлсэн ажлуудыг дуусгаж өгч байгаа. Хэнтийн хувьд сонгууль болох гэж байсан, Ерөнхий сайд нь очсон олон зүйл амласан учраас тэр бүгдээ хийж өгөхгүй бол болохгүй. Ээлжит бус сонгууль явуулах гэж байгаа нэрийдлээр боломж гарсан. Замуудыг хийж дуусгах нь зүйтэй. Энэ жилийн төсөв 13 их наядын зарлагагтай, 11 их наядын орлоготой, таван хувийн алдагдалтай төсөв орж ирж байгаа. Сүүлийн үед хууль батлаад өгсөн учраас нэмэлт зүйл орж ирэх боломжгүй.

-Саарал жагсаалтад орох эрсдэл үүссэн талаар мэдээлж байна. Энэ тухайд?

-Өнөөдөр албан ёсны хариу нь гарна. Монгол Улсын эдийн засаг улстөрждөг зүйл биш л дээ. Аль 2016 оноос өмнө саарал жагсаалтад орохоор байгааг анхааруулсан. Тухайн үед би эдийн засгийн байнгын хороон дарга байх үедээ 40 гаруй төрлийн арга хэмжээ авсан. Монголбанк, санхүүгийн зохицуулах хороо дээр арга хэмжээ авсан. 40 арга хэмжээнээс 35-ыг нь бүтэн биелүүлж дуусгасан. Одоо таван зүйлийн санамж өгч байгаа. Нэгийг нь саяхан хуулийг нь батлаад өгчихлөө. Үлдсэн дөрвөн санамж нь 50 гаруй хувьтай явж байна.

-Тодруулбал...

-Шүүх дээр мөнгө угаасан гэх хэргүүд очоод буцаагдаад шийдэгддэггүй байдал, мөн 2014-2015 оны үед гарсан Өршөөлийн хуульд буй заалтад асуудал байна гэж байгаа. Түүнчлэн банкуудын зориулалтын бусаар зарсан мөнгийг буцааж авчирч байршуул гэж хууль баталж, үүрэг даалгавар өгсөн. Үүнийг 2018 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд дуусах ёстой байсан, банкууд нь ч хийж дуусгасан. Хамгийн гол нь авчирсан мөнгөнийхөө эс үүсвэрийг хэлж чадахгүй байгаа нь асуудал болж байна. ОУВС-гаас тэр хэдэн банкууд дээр аудит хийгдэж байна. Эцсийн байдлаар дүгнэлт гарч ирнэ. ББСБ, хоршоодууд, хадгаламж зээлийн хоршоодын мөнгөний эх үүсвэр ойлгомжгүй, мөнгө угаалт маягаар орж ирж магадгүй гэх үүднээс бүх арга хэмжээг нь аваад явж байгаа. Бүх л банк бус байгууллагыг шалгалаа. Манай зээлжих зэрэглэл нэлээд өндөр болсон. Хэрвээ манай улс саарал жагсаалтад орвол зээлжих зэрэглэл унана. Зээл авахад хэцүү болно. Хөрөнгө оруулалт саарна. Монгол Улс гадагшаа гүйлгээ хийхэд хүндрэл учирна. 2011 онд манайх хар жагсаалтад орж байсан ч бүтэн жилийн дотор бүх арга хэмжээг аваад гарч байсан. Саарал жагсаалтад орчихвол үлдэж байгаа дөрвөн арга хэмжээг бүтэн авч дуусгаж байж саарал жагсаалтаас гарах байх гэж бодож байна.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яаж шийдэгдэхээр байна вэ?

-Үндсэн хууль батлагдана. Үндсэн хууль дээр төр хариуцлагатай байх төрд иргэдийнх нь итгэл алдарч байгааг цэгцлэх зэрэг олон заалтууд байгаа. Баталж гаргах нь зүйтэй гэж бодож байгаа. АН-ын зүгээс гурван санал оруулна гээд байгаа. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэх саналыг хүлээгээд авч болно гэж үзэж байгаа. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг ярих хэрэгтэй. Монгол Улсын хөгжилд угтаа нэмэртэй. Сонгуулийн пропорциональ хэлбэр улсын хөгжилд хэрэгтэй боловч эргэж харах зүйл байна. 2020 оны төсвөө хэлэлцэж дуусаад Үндсэн хуулиа батлаад дуусгах хэрэгтэй.


Онцлох нийтлэлүүд