ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.03.03 11:03

Д.Дэмбэрэлдорж: Хүн цөөтэй бид мэдлэг рүү тэмүүлж байж хөгжинө

“Гүрэн” дээд сургуулийн захирал Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг Стэнфорд их сургуулийн коллежийн өмнөх хөтөлбөрийг танай институт оруулж ирж байгаа. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Манай сургуулийн хувьд төр болон хувийн хэвшлийн 200 гаруй дарга, менежерүүдэд сургалт явуулаад байна. Сургалт хийх явцад бид мэдээж боловсрол болон ирээдүйн ажиллах хүчний талаар ихээхэн ярилцдаг. Удирдах албан тушаалтнуудын хувьд дөнгөж сургуулиа төгссөн залуусыг ажилд авахад ур чадвар нь шаардлага хангадаг боловч хувь хүний хандлага нь дутмаг байдаг талаар шүүмжлэл их хэлдэг. Их сургуулийн боловсрол хангалттай биш байна гэж ажил олгогч нар үздэг. Гэтэл Их сургуулийн багш нар ерөнхий боловсролын чанар муу байгаа учраас хандлага болон суралцах ур чадвар муутай хүүхдүүд орж ирдэг гэж тайлбарлах жишээтэй. Ахлах сургуульд сурч байхдаа хүүхэд суурь төлөвшлөө олж авдаг. Харамсалтай нь ид төлөвших насандаа хүүхдүүд эзэмших ёстой суурь ур чадваруудаа сурч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг бэлтгэх институт дээр маш том шинэчлэлт хийх ёстой. Багшийг өөрчлөхгүйгээр хөтөлбөр солиод бид үр дүнд хүрч чадахгүй. Үндсэндээ бид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ур чадварт чиглэж, анхаарал хандуулах ёстой гэдгийг ойлгоод шилдэг хөтөлбөрүүдийн талаар сүүлийн хоёр жил гаруй судалгаа хийж байна. Стэнфордын их сургуулийн коллежийн өмнөх хөтөлбөрт дэлхийн олон орны хүүхдүүд өрсөлдөж, шалгарсан цөөхөн хүүхдүүд л хамрагдаж чаддаг. Бидний хувьд Харвардын их сургуультай хамтран ажиллаж ирсэн туршлага болон нэр хүнд маань Стэнфордын өрсөлдөөн ихтэй энэ хөтөлбөрийг Монголд төлөөлөх эрх авахад томоохон дэмжлэг болсон. Монгол хүүхдэд дэлхийн хэмжээний боловсрол олж эзэмших явцыг нэг ч гэсэн алхамаар ойртуулж чадсандаа манай хамт олон туйлын баяртай байгаа.

-Хүүхдүүдийг хэрхэн сонгон шалгаруулж авах вэ. Сурагчдад ямар боломжууд нээгдэж байна?

- Энэ жилийн хувьд бид Монголоос 14-17 насны шилдэг 10 хүүхдийг шалгаруулж, сургалтанд хамруулахаар ажиллаж байна. Хүүхдүүд манай сургууль дээр ирж Стэнфордын хөтөлбөрийн дагуу шалгалтууд өгнө. Эхлээд тухайн хүүхдийн түвшинг тогтоож тэнцсэн хүүхдүүдэд хоёр сарын хугацаанд бид Монголдоо нэмэлт хичээл заана. Энэ нь нэг ёсондоо хүүхдүүд маань АНУ-д очоод үзэх хичээлийнхээ тухай мэдлэгээ сайжруулаад бэлтгэлтэй очиход дэмжлэг үзүүлж байгаа юм. Учир нь зуны хөтөлбөр маань хоёр долоо хоног үргэлжлэх боловч маш өндөр ачаалалтай мөн нийгмийн инноваци, олон улсын харилцаа, хиймэл оюун ухаан, био технологи гэх мэт манай сургалтын хөтөлбөрт байхгүй сэдвүүдээр хичээл орох юм. Тиймээс бид сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүүхдүүдээ урьдчилан бэлтгэх зайлшгүй шаардлага үүсч байна. Мөн шинэлэг сэдвүүдийг үзэж судалсанаар хүүхдүүд маань дэлхийн чиг хандлагыг ойлгох, ингэснээр мэргэжлээ оновчтой сонгоход дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаа.Бидний шалгаруулалтанд Буриад болон Өвөр Монгол хүүхдүүд мөн хамрагдах боломжтой. Суралцаад ирсэн хүүхдүүд маань үе тэнгийн бусад хүүхдүүдтэйгээ сурсан мэдсэнээ хуваалцах, сургалт зохион байгуулах ажлыг бид албан ёсоор зохион байгуулна. Ингэснээр ахлах ангийн хүүхдүүд маань нийгмийн идэвхитэй иргэн болж төлөвших цаашлаад энэхүү хийсэн ажил нь дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн орох шаардлагад ойртоно л гэсэн үг. Та бүхэн мэдэж байгаа байх Монгол хүүхдүүд математик суурь сайтай байдаг боловч дээр дурьдсанчлан хувь хүний хандлага, нийгийн идэвхитэй гишүүн гэдгээ харуулах боломж тэр бүр олддоггүй. Гэтэл сурлагаас гадна маш олон зөөлөн ур чадварыг шилдэг сургуулиудууд шаарддаг. Бид хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээ коллежэд ортол нь дэмжих төлөвлөгөөтэй байна. Энэ нь цаашлаад олон хүүхдэд үлгэр жишээ болоосой гэж хүсч байна.

-Манай боловсролын түвшин ямар хэмжээнд явж байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүдийн матемтикийн шинжлэх ухаан, гадаад хэлний ур чадварыг тогтоодог тест байдаг. Энэ тестэнд Монгол хүүхдүүд хамтрагдах боломж хараахан бүрдээгүй байна. Тестийн зорилго нь хүүхдүүд шинжлэх ухааны хичээл дээр ямар түвшинд байгааг тогтоодог. Жишээ нь Швед улс Нобелийн шагналаар дамжуулан дэлхийн сор болсон эрдэмтдийн бүтээлүүдийг авчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар ч зардал гаргахгүйгээр авч байна гэж ойлгож болно. Манай шинжлэх ухааны академи Швед улсын шинжлэх ухааны академитай хамтран ажиллах гэрээ байгуулж чадвал салбартаа томоохон шинэчлэл хийх боломжууд бүрдэнэ. Энэ нь мэдээж бага дунд боловсролын шинжлэх ухааны хичээлд ч эерэг нөлөө үзүүлнэ. Математик, хиймэл оюун ухаан болон бусад шинжлэх ухааны хичээлүүд дээр бид хүч хаяж, томоохон дэвшил хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Бидний хувьд эхний ээлжинд өрсөлдөх гэхээсээ илүү ижил түвшинд хурдан очих тал дээрээ анхаармаар байгаа юм.

-Боловсролын системд ямар өөрчлөлт хэрэгтэй байна?

-Богино хугацаанд үр дүн гаргая гэвэл цахим технологи дээр суурилсан боловсролын альтернатив систем хөгжүүлэх ёстой. Энэ нь сайн багш байхгүй ч чанартай хичээлийн хөтөлбөрийг хүүхдүүд үзээд байх боломжийг бүрдүүлж өгөх юм. Мэдээж бид цаашдаа багш нарыг анхаарч чадавхижуулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ техник технологи хөгжсөн энэ үед бид хүүхдүүддээ суралцах олон хувилбарыг санал болгох чадамжтай л байх нь чухал юм. Монгол хүүхэд хажуугийн ширээнд суугаа Монгол хүүхэдтэй өрсөлдөх биш харин дэлхийн хөгжилтэй орны хүүхдүүдтэй нүүр бардам өрсөлдөх ёстой. Үүний төлөө л бид өдөр шөнөгүй ажиллаж зүтгэх шаардлагатай байна даа.

-Манай багш нар ямар түвшинд явж байна гэж харж байна вэ?

-1993 оноос Монгол улсын хэмжээнд багшийн үнэлэмж эрс муудсанаас МУБИС-д онц сурдаг хүүхдүүд элсэн суралцахаа больж өөр мэргэжлээр сурч эхэлсэн. Өөрөөр хэлбэл сайн хүүхдүүд багш гэдэг мэргэжлийг сонгохоо больчихоод удаж байна. Энэ бол хүүхдүүдийн буруу биш л дээ. Ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаа багш нарт давтан сургалтыг маш чанартай явуулах хэрэгтэй. Хуульд зааснаар бол бүх багш нар магистрын зэрэгтэй байх ёстой. Багш нар маань ажлаа хаяад бүтэн цагаар суралцах боломжгүй байдаг учир бид багш нартаа ч мөн цахим байдлаар сурч, боловсрох боломжийг олгох хэрэгтэй. Дэлхий даяараа л цахим сургалтруу шилжиж байна шүү дээ. Ингэснээр багш нар маань ч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж цаашлаад сурагчиддаа ч мөн ийм боломжийг нээж өгнө. Аж үйлдвэр дээр суурилсан улсууд мэдлэгийн эдийн засаг руу шилжчихлээ. Мэдлэгийн эдийн засаг гэхээр үйлчилгээн дээр суурилсан эдийн засаг болчихож байгаа юм. Монгол улсын эдийн засгийн бүтэц маш энгийн буюу уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ноолуур зэрэг хэдхэн салбараас бүрддэг. Тиймээс бид эдийн засгийг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд аль салбарт хөрөнгө оруулалт авч гаднаас валют олдог орлогийн эх үүсвэртэй болох вэ гэдгээ тогтоогоод тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй. Үйлчилгээ, технологи, банк санхүүгийн салбарт олон улсын хэмжээний чадварлаг ажиллах хүчнийг бэлдэх бүрэн боломжтой. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаас хөгжсөн орнуудаас хөгжиж байгаа орнууд илүү үр дүн хүртэх боломжтой учраас бид маш сайн бэлдэх хэрэгтэй. Бид хаашаа зорьж байна түүндээ зориулж хүнээ бэлдэнэ. 21–р зуунд хувь хүний суралцах ур чадвар эзэмшсэн эсэх нь маш чухал болоод байна. Учир нь бид нэг товчлуур дараад л хүссэн мэдээллээ авч түүнийгээ мэдлэг болгох, цаашлаад боловсрол олж авах боломжтой эрин үед амьдарч байна шүү дээ.Хүн цөөтэй бид мэдлэг рүү тэмүүлэхээс өөр аргагүй.

- “Гүрэн” дээд сургуулийнхаа талаар танилцуулахгүй юу?

- Бид 2015 оноос удирдах албан тушаалтнуудад зориулсан төрийн захиргааны магистрын зэрэг олгох сургалтыг зохион байгуулж байна.Сайн шинжээч, сайн менежер, сайн лидер гэх гурван чухал ур чадварыг төрийн захиргааны магистрын хөтөлбөрөөр дамжуулан эзэмшүүлэх зорилготой. Манайх жилдээ 12-16 оюутан элсүүлж,18 сарын турш Англи, Монгол хэл дээр хичээлүүдээ үзэж судалдаг. Насанд хүрсэн хүн Англи хэлээ сайжруулахын тул хоёр хэл дээр хичээлээ үзээд явах нь үр дүн сайтай байдаг юм байна. Мөн бид Харвардын их сургуулийн цахим хөтөлбөрүүдийг Монголдоо төлөөлөн хэрэгжүүлдэг. Ингэснээр төгсөгчид маань “Гүрэн” дээд сургуулийн төрийн захиргааны магистрын дипломоос гадна Харвардын их сургуулийн сертификаттай төгсөж байна. Бизнес эрхлэгчид маань тэр бүр гадагшаа удаан хугацаагаар явах боломж байдаггүй тул Монголдоо ажлаа хийнгээ дэлхийн шилдэг сургуулийн хөтөлбөрт хамрагдах боломжийг бид бүрдүүлж өгсөн юм. Бид цаашид олон шинэлэг боломжуудыг бий болгохоор ажиллаж байна.

Онцлох нийтлэлүүд