ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.12.30 04:12

Д.Жаргалсайхан: Монголчууд багийн спортоор дэлхийд өрсөлдөх боломжтойг “Универсиад” наадам харуулсан

Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа.

-Дэлхийн оюутны “Универсиад” наадамд Монголын баг тамирчид оролцоод 50 жил болжээ. Уг наадмын түүхээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-Дэлхийн оюутны спортын анхны “Универсиад” наадам 1959 онд Италийн Турин хотноо явагдсан. Монголчууд 1965 оноос эхлэн “Универсиад” их наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Тэр үед Унгарын Будапешт хотноо “Универсиад” дөрөвдүгээр их наадам болж манайхан волейболын эмэгтэй, эрэгтэй төрөлд оролцсон. Өнөө жил монголчууд “Универсиад” наадамд оролцсоны 50 жилийн ой тохиож байна. “Универсиад”-ын Монголын анхны аварга нь гавьяат тамирчин Ц.Нацагдорж. Тэрээр далан гурван онд чөлөөт бөхийн 68 кг-ын жинд аварга болж байсан.

Далан долоон онд Болгарын Софи хотноо болсон наадамд ах дүү тамирчид болох З.Ойдов, З.Дүвчин нар аварга болж байсан түүхтэй. 28 удаагийн зуны наадмын 19-д нь манайхан оролцоод байна. Хуучин тогтолцооны үед зөвхөн социалист орнуудад зохиогддог наадмуудад ордог байсан бол 1989 оноос хойш өвөл, зуны спортын их наадмуудад тасралтгүй оролцсон. Заримдаа хүмүүс дэлхийн оюутны спортын “Универсиад” наадмыг Дэлхийн залуучууд оюутны фестивальтай андуурах тал бий. Дэлхийн залуучууд оюутны фестиваль нь социалист системийн үеийн улс төр, соёлын арга хэмжээ байсан. Залуучууд энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөх, үзэл бодлоо илэрхийлэх индэр байж маргаан мэтгэлцээн, соёл урлагийн тоглолт, спортын нөхөрсөг уулзалт тэмцээнүүд болдог байв. Харин “Универсиад” наадам бол дэлхийн спортын тавцанд “Бага олимп” хэмээн нэрлэгддэг спортын олон улсын цогцолбор юм. Зохиогдож байгаа цар хүрээ, оролцогчдын тоогоор олимпийн дараа ордог. Олон улсын оюутны спортын холбоо зохион байгуулдаг юм.

-“Универсиад-2015” наадам өнгөрөгч зун Солонгост болсон. Тэр тухай сонирхуулахгүй юу?

-Универсиад 28 дугаар наадам Солонгосын Гванжу хотноо долдугаар сард болж таван тивийн 137 орны төлөөлөгчид оролцсон. Гванжугийн наадам 18 спортын төрлөөр болж, 272 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Универсиадын үндсэн 10 төрөл байдаг. Солонгосчууд байт харваа, гольф, таэквондо, бадминтон, буудлага, гандбол, сэлүүрт завь, бейсболын найман төрлийг Олон улсын спортын холбооны зөвшөөрлөөр нэмсэн. Наадмын үеэр байт харваа, хөнгөн атлетик, усанд сэлэлт, буудлагын төрөлд “Универсиад”-ын 33 шинэ дээд амжилт, мөн дэлхийн хоёр дээд амжилтыг байт харвааны төрөлд Солонгосын тамирчид тогтоосон. Универсиадад оролцсон баг тамирчдаас нийт 64 орон медаль хүртсэн бол түүнээс 42 орны тамирчид алтан медаль зүүсэн. Бид буудлага, жүдо, сагсан бөмбөг, спортын гимнастик, теннис, усанд сэлэлт, хөнгөн атлетик, ширээний теннис, туялзуур жад, таэквондо, гольф, байт харвааны 12 төрөлд тамирчдаа оролцуулсан. Монголын тамирчдаас жүдо бөхийн төрөлд дэлхийн цомын аварга Д.Сумьяа 57 кг-д алтан медаль, 2013 оны дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг-д хүрэл медаль хүртсэн. Буудлагын 10 метрийн спорт гар бууны дасгалд Э.Даваахүү аварга боллоо. Тэр дэлхий, азийн олон медальт сайн тамирчдыг шигшээ наймд дараалан хожиж түрүүлсэн. Мөн багийн 10 м гар бууны төрөлд мөнгө, 50 метрийн гар бууны зайд хүрэл медалийг Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар авлаа. Ер нь сүүлийн “Универсиад” наадмууд Монголтой газар нутгийн хувьд ойрхон болж бидэнд олон оюутан тамирчнаа оролцуулах боломж олгож байна. Хятадын Шинжинь, ОХУ-ын Казаньд бид баг тамирчдаа илгээж байв.

-Универсиад наадамд багийн спортын төрлийг оруулахад хэр анхаарч байна. Оюутан залуучуудын дунд багийн спортууд өргөн хөгжиж байна уу?

-Ерөнхийлөгчийн энэ онд гаргасан 144 тоот зарлиг цаг үеэ олсон чухал шийдвэр болсон. Бид зарлигийг дэмжин, хэрэгжүүлэх чиглэлд их анхаарч байна. Универсиад наадамд 1965 онд анх оюутнууд волейболын төрөлд улсаа төлөөлөн орж байсан. Энэ удаа бид оюутан залуучуудын дунд хамгийн их хөгжсөн сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдаа хоёр дахь удаагаа Универсиад наадамд явуулсан. Сагсан бөмбөгийн тамирчид 2013 оны Казанийн наадамд Япон, Филиппиний багийг хожиж 16 дугаар байрт орсон бол өнөө жил Швейцарь, Чили, Мозамбек зэрэг орнуудын багийг хожиж, амжилтаа ахиулсан. Энэ нь монголчууд багийн спортын төрлөөр зөвхөн Азидаа өрсөлдөх биш дэлхийд гарах боломж байгааг харуулсан. Монголын баг энэ тэмцээний урьдчилсан шатанд ОХУ, Серби, Мексик, Канад, Монтенегро зэрэг дэлхийн өндөр рейтингтэй багуудтай тоглосон. 2017 онд Тайвань руу эрэгтэй сагсны баг дээрээ эмэгтэй волейболын багаа авч явах зорилттой байгаа. Мөн хөлбөмбөг, гандболын төрлөөр баг тамирчдаа оролцуулах зорилт бий. Хоккейн багийг анх удаагаа 2017 оны Алма-Атагийн өвлийн Универсиадад оруулахаар ярилцаж байна. Тэнд манайхан Канад, ОХУ, Чех, Швед зэрэг орнуудын залуучуудтай тоглох боломж олдоно. Энэ дашрамд дурдахад бид Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнийг 2016 оны есдүгээр сарын 19-25-нд Улаанбаатар хотноо явуулахаар эрхийг нь авчихсан. Манай эрэгтэй баг уг тэмцээний 2010, 2012 оны хоёр хүрэл медальтай. Эх орондоо болох тэмцээнд амжилтаа ахиулах зорилт тавиад байгаа.

-“Универсиад” их наадамд үзүүлсэн тамирчдын амжилтыг төрөөс хэрхэн үнэлдэг бол?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны тогтоолоор дэлхийн оюутны “Универсиад” наадмаас медаль хүртсэн тамирчинд мөнгөн шагнал олгох асуудлыг журамласан байдаг. Универсиадын аварга Д.Сумьяа 30 сая төгрөгөөр шагнууллаа. Ганцаарчилсан төрлөөр алт, багаар мөнгө, хүрэл медаль хүртсэн Э.Даваахүү 36 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг гавьяат 10 сая, багаар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар зургаан сая төгрөгөөр тус тус шагнуулав. Универсиадын төлөөлөгчдийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд хүлээн авч шагналын батламжийг гардуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутны спортыг ихээхэн дэмждэг. 2011, 2013 оны наадмуудад амжилт үзүүлсэн тамирчдыг төрийн дээд одон, медалиар шагнасан.

-Таны хувьд оюутны спортоор овоглоод багагүй удлаа. Хагас зуун жилд гаргасан манай тамирчдын амжилтын ихэнх нь тантай холбогдож таарна?

-Монголын үе үеийн оюутан тамирчид “Универсиад” наадмаас нийтдээ спортын долоон төрлөөр (чөлөөт бөх, жүдо, буудлага, шатар, самбо, бүстэй барилдаан, бокс) 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл бүгд 50 медаль хүртсэн түүхтэй. Бид тавин жилийн түүхэн ойдоо 50 дахь медалиа хүртсэн сайхан амжилт үзүүлсэн нь бэлгэшээлтэй санагдсан. Миний бие Монголын оюутны спортын холбоог анх 1989 онд байгуулагдахад оюутан байсан. Тэр үед Монголын оюутны холбоонд оюутны спортыг хариуцдаг байлаа. Түүнээс хойш энэ холбоотойгоо 26 жил тасралтгүй явж иржээ. Анх 1993 онд Универсиад наадамд баг тамирчдаа ахлан оролцож байсан. “Багш болох оюутныг биеийн тамирын сургуульд дур сонирхолтой болгон төлөвшүүлэх нь” оюутны спортын сэдвээр ОХУ-ын Томск хотноо 1999 онд докторын зэрэг хамгаалсан. Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2004 оноос, ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүнээр 2007 оноос хойш сонгогдон ажиллаж байна. Эх орондоо 2002 онд шатрын, 2006 онд чөлөөт бөхийн, 2010 онд боксын дэлхийн оюутны аваргын тэмцээнийг зохион байгуулсан. МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан гурван удаа тасралтгүй сонгогдон Удирдах зөвлөлд нь дээд алба хашиж буй. Энэ манай холбоог олон улсад үнэлсэн үнэлэмж төдийгүй 170 гишүүн оронд улсаа сурталчлах томоохон сурталчилгаа болсон.

-Та “Оюутны спорт-Универсиад наадам” номоо өнгөрсөн онд хэвлүүлсэн. Судалгаагаа үргэлжлүүлж байна уу?

-Миний бүтээлийг Боловсролын яамнаас их дээд сургуулиудын биеийн тамирын сургалтанд ашиглах сурах бичиг болгосон. Уг номноос оюутан залуус Универсиадын талаар олон талын мэдээлэл авч байна. Казахстан болон Москва хотноо “Советский спорт” хэвлэлийн газарт орос, казах хэл дээр орчуулагдан хэвлэгдэхээр болсон. Монголын спортын энэхүү бүтээл орон орны хүмүүст хэрэг болж, хэвлэхээр сонирхож байгааг бодоход сэтгэл сайхан байна. Цаашид судалгаагаа үргэлжлүүлэн Монголын оюутны спортын түүх, Универсиад, оюутны дэлхийн болон Азийн тэмцээнд оролцсон тухай ном гаргахаар ажиллаж байгаа.

Ярилцсан Ө.Манлай

Онцлох нийтлэлүүд