ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.10.01 10:10

Д.Лхагвасүрэн: Үе үеийн Юндэн Нансалмаа нараас А.Цэрэндэндэв, А.Бүтэд гуайг шагшдаг байсан

Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ улирлын тоглолтоо ар­дын жүжигчин, тө­рийн шагналт Б.Дам­дин­сүрэнгийн “Учир­тай гурван толгой” дууриар нээх гэж бай­на. Нээлт ирэх арав­дугаар сарын 4, 5-ны бямба, ням гаригт бол­но. Тус театр П.И.Чайковс­кийн “Хунт нуур” балетыг хоёр удаа, төрийн шагналт Х.Билэгжаргалын “Лам­бугайн нулимс” дуурийг хоёр удаа, А.Хачатуряны “Спар­так” балетыг мөн хоёр удаа тоглосноор аравдугаар сарын тог­лолт өндөрлөх юм. Энэ жил тохиож буй нэрт хөгжмийн зохиолч Х.Билэг­жаргалын мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд түүний үр хүүхэд, гэр бүлийнхэнтэй хамт­ран аравдугаар сарын 16-нд “Х.Билэгжаргал-60” дурсамж концерт тавихаар мөн төлөв­лөсөн байна. Монгол дуурийн анхны бүтээл “Учиртай гурван тол­гой” дуурь энэ жил 80 дахь жилдээ театрын тайзнаа эгшиглэж буй юм. Мөнхийн энэ бүтээлийн талаар болон шинэ улирлын тоглолтын хөтөлбөр дэх зарим жүжгийн талаар тус театрын менежер, Урын сангийн эрхлэгч Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.    

 

-ДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийх юм байна. 80 дахь жилдээ тоглож буйг хэрхэн онцолж байгаа вэ. Хэн хэн тоглох гэж байна?

-“Учиртай гурван тол­гой” дуурийн 80 жилийн тэмдэглэлт арга хэмжээ гэж нэрлэж байгаа юм. Дөрвөн гол дүрд тус бүр дөрөв дөрвөн дуучин тоглож байна. Юндэнд гавьяат жүжигчин М.Болд, Э.Амартүвшин, Ч.Энхтайван, ЭАнхбаяр нар, Нансалмаад Ш.Наран­чимэг, М.Дарий­маа, Д.Туяа, Б.Энхнаран нар тоглох гэж байна. Балганд Э.Бумхүү, Ж.Бямбажав Б.Алтанхуяг, О.Хүрэл­баатар, Хоролмаад гавь­яат жүжигчин С.Мөн­гөнцэцэг Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга нар тоглож байна. Наян жилийн тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд би нэг ном эмхэтгэсэн. Ирэх аравдугаар сарын 4-нд хэвлэлтээс гарчих байх. Анх аялгуут жүжиг хэл­бэрээр тайзнаа тавьс­наас нь хойш энэ дуурьт тоглосон бүх жүжигчдийн нэрийн судалгааг гарга­лаа. Энэ хугацаанд манай тайзнаа Юндэнд 37, Нансалмаад 44,  Хоролмаад 39, Балганд 32 жүжигчин тогложээ.

-Наян жилийн хуга­цаанд жүжгээ хэр олон удаа засаж өөрчилж, янз бүр болгосон байдаг юм бэ?

-“Учиртай гурав”-ыг анх 1934 онд аялгуут жүжиг хэлбэрээр тавьсан шүү дээ. Дуурь болгосон нь 1942 он юм. Түүнээс хойш гурван удаа 1950, 1976, 1997 онд шинэчлэн сэргээж тавьсан байдаг юм. Энэ 80 жилийн хуга­цаанд 2410 удаа тогло­сон. Олны дунд халхын сайхан Юндэн гэж алдарш­сан Ц.Цэгмид, А.Цэрэндэндэв, Ц.Дагва­намдал, Монголын сай­хан Нансалмаа гэхээр Л.Цогзолмаа Д.Пүрэв­сүрэн А.Загдсүрэн П.Цэвэлсүрэн А.Бүтэд, Х.Уртнасан гээд л үе үеийн гайхамшигтай дууч­дын жагсаалт үргэлжилнэ дээ.

-Их зохиолч Д.Нацаг­доржийн зохиол нь угаа­­саа эмгэнэлт драм, манай үндэсний анхны эмгэнэлт драм, анх­ны дуурь гээд их олон талтай юм л даа. Гэвч одоо тоглож байгаа тавилт нь жүжгийн төгс­гөлийг найраар төгсгөж аз жаргал­тайгаар шийдсэн байгаа. Өнөө цагт анхны эмгэнэлт хэлбэрээр нь тавих цаг болсон гэх хүмүүс байдаг. Театр үүн дээр ямар байр суурьтай байгаа бол?

-Л.Эрдэнэбулган найруулагч сүүлчийн шинэчилсэн тавилтдаа харамсаж явдаг юм билээ. Ер нь эмгэнэлт төгсгөлтэй болгохгүй болов уу гэж бодож бай­на. Яагаад гэвэл, 1942 онд ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн баз­сан цомнолоор яваа юм. Ц.Дамдимнсүрэн гуай хэлэхдээ, “Энэ бол миний зохиол биш, Нацагийн зохиол. Би жаахан эвлүүлж янзалсан” гэсэн байдаг.

-Хэзээ ч олны сонир­хол буураагүй явж ирсэн энэ жүжигт тоглосон хүмүүс нь ч манай бүх цаг үеийн одод байдаг. Хүмүүсийн оюун сэтгэлд хоногшсон Юндэн, Нансалмаа нарыг яг дарааллаар нь нэрлэвэл ямар дүр зураг гарах бол?

-Алдарт Цагааны Цэгмэд, Г.Гомбосүрэн, Н.Наваан-Юндэн, А.Цэрэн­дэндэв О.Даваа­дорж,  Д.Лувсаншарав,  Д.Баатар, Ц.Дагва­намдал, Дамиран Г.Хай­дав гээд үргэлжил­нэ. Нансалмаа гэвэл, Т.Ханд­­сүрэн, Д.Ичин­хорлоо Ө.Эрэн­цэн­норов, Л.Цогзолмаа, М.Нямсүрэн, Загдсүрэн, Цэвэлсүрэн гэхчлэн мөн дуусахгүй шүү дээ.

-Хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гуай дуулж байсан юм уу?

-Юндэн, худалдаачин хоёрт дуулж байсан юм билээ.

-Монголчууд хэзээ­нээсээ сайхан эрийг Юндэн гөөгөө гэх юм уу үзэсгэлэнтэй эмэг­тэйг Нансалмаатай зүйр­лэдэг. Үнэхээр монгол хүний идеал болсон Юндэн, Нансалмаа нар хэдийгээр уран сайхны дүр боловч бүтээсэн жүжигчдээс нь үлгэр домог мэт шагшигддаг нь хэн хэн байсан бол оо?

-Эрэгтэй дуучдаас А.Цэрэндэндэв гуайг, эмэгтэйчүүдээс А.Бүтэд гуайг шагшдаг юм. “Учир­тай гурав”-ын 1000 дахь тог­лолтыг 1979 онд хийсэн байдаг. Нансалмаа нараас хамгийн олон удаа тоглосон нь В.Сүрэнхорлоо гуай 1039 удаа тоглосон байдаг юм. Хоролмаад хамгийн олон удаа тоглосон нь Д.Пүрэвсүрэн гуай. Бас л тоолбол 1000 давах байх.

-Өнөөгийн бидний төсөөлөлд Загдсүрэн гуайг дуурийн урлагийнхаа хувьд үнэхээр онцгой фигур байсан болов уу гэсэн төсөөлөл байдаг. Яг ямар байсан бэ? 

- Тийм шүү. Загдсүрэн гуай бол Нансалмааг жинхэнэ дуурийн дуучин л ингэж дуулна гэдгийг анх харуулсан хүн л дээ.

-Тэр нь хэдэн оны хавьцаа вэ?

- Загдсүрэн гуай 1959 онд төгсөж ирээд л дуулсан хүн шүү дээ.

-Сүүл рүүгээ бол, Нансалмаа гэхээр ардын жүжигчин Б.Жавзандулам гуай л сэтгэлд буудаг шүү дээ. Хөгжмийн драмм гэдгийг жинхэнэ утгаар нь төгс гаргаж дуулсан болохоор тэр байх. Хүний дотоод зөрчил, бүх юмыг л ил гаргаж дуулсан хүн шүү, тийм ээ?

–Жавзандулам бол өөрийнхөө үед маш их өөрчлөлт хийсэн юм шүү. Одоогийн дуучид ер нь Жавзаагийн л арга барилаар дуулж байгаа юм.

-Таны сэтгэлд хэн хэн хамгийн гоёор үлдсэн бэ. Хамгийн гоё илэрхийлэлтэй нь?

-Бичлэгээс харахад Цэвэлсүрэн гуай л их гоё санагддаг. Дуулалт дүрээ гаргаж байгаа сэтгэлийн хөдөлгөөн энэ тэр нь гайхалтай л даа. “Учиртай гурав”-ын 1950 оны тавилт, 1975 онд бичсэн бичлэг байдаг. Маш сонирхолтой. Жишээ нь, Жавзандулам арай нарийвтар, арай мэргэжлийн тал руугаа дуулдаг бол Цэвэлсүрэн гуайгаас мэргэжлийн хэрнээ ардын манер харагдаад байдаг.  Тэр нь сэтгэлд их дулаахан, ойр байдаг.

-Арай монголжуу гэж үү?

-Цэвэлсүрэн гуай меццосопрано маягийн өтгөн дуугардаг гэсэн үг л дээ.

-Гурван удаа шинэ­чилсэн найруулгаар тавьсан гэж та хэлсэн. Та үе үеийн тоглолтыг бичлэгээр, тайзнаас гээд бүгдийг нь үзэж сонссон хүн. Тэдгээрийн тавилтын тал дээр та юу хэлэх вэ?

-Одоогийн тавилтыг 1976 оныхоор нь болговол их сонирхолтой болох байх гэж боддог. Яагаад гэвэл, энэ тавилт, хөгжим зэрэг нь маш турш­лагатай мэдрэмжтэй хүмүүс ихэд бодож тоо­цож хийсэн байдаг л даа. Б.Дамдинсүрэн гуай өөрөө хөгжмийн най­руул­гыг хийсэн байдаг. 1950 оны дуурь эх цомнолтойгоо яг таардаг. Өөрөөр хэлбэл, Ц.Дамдинсүрэн гуайн цомнолыг яг дагаж дуулдаг. Одоо тоглож байгаа нь бол нэлээн өөрчлөөд, урд хойно нь оруулаад, нэмж хасаад холион хийсэн л дээ. Гэтэл уг зохиол нь өөрөө Монголын сонгодог зохиол юм. “Монголын Ромео, Жульетта хоёр” гэсэн үг” гэж Э.Оюун гуай бичсэн байдаг юм.

-Таны эмхэтгэсэн номын нэр юу гэж байгаа вэ. Ямархуу агуулгатай болов?

-“Учиртай гурван толгой дуурийн тухай түүхэн тэмдэглэл” нэр­тэй. Д.Намдаг, Э.Оюун, Д.Цэдмаа, Л.Эрдэнэ­булган, Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын бичсэн зүйлүүдийг түүгээд эмхтгэсэн юм. Миний хувьд, дүрүүдийнх нь тухай л жаахан юм хийсэн. Бас 1976 оны шинэчилсэн тавилтынх нь тухай бичсэн.

-Улирлын тоглол­тын хөтөлбөрт төрийн шагналт Х.Билэг­жар­галын “Ламбугайн нулимс” дуурь хоёр удаа байгаа юм байна. Монголын номер нэг дуурь. Зохиогчийнх нь мэн­дэлсний 60 жилд танайх юу юу хийх бол?

-Хөгжмийн зохиол­чийн үр хүүхдүүд, гэр бүлийнхэнтэй нь хамтарч дурсамж концерт хийнэ. Концертын хөтөлбөр нь одоогоор гараагүй байна.

-Х.Билэгжаргал гуай танай театрт нэг хэсэг уран сайхны удирдагчаар ажиллаж байсан байх аа?

-Манайд нэг дуурь, нэг балет бичиж  тоглуулсан. “Ламбугайн нулимс” бол ойлгомжтой, Монголын сонгодог дуурь. “Бөртэ чоно” гэж балет нь бий.  Бас их гоё хөгжимтэй. Залуу балетмейстерүүд хөгжмийг нь нэлээн сонирхож байгаа юм байна лээ. Тэд шинэчлэн тавих талаар юм хийж байгаа гэсэн.

-Аль ч төрөл, хэл­бэрийн бүтээл нь аргагүй сонгодог шүү дээ. Гэтэл “Бөртэ чоно” балетыг бараг анх тавиад тэгсгээд хаагд­сан байх. Одоо хүр­тэл сэргээж тогло­дог­гүй нь ямар учиртай юм бол?

-Энэ балетыг 1990 онд анх тавьсан юм. Тухайн үед театрын балет анги хоёр хувааг­даад, гол жүжигчид нь театраас явчихсан юм. Дандаа залуучууд тоглосон юм билээ, тэр үед. Манай экс дарга Сэргэлэнгийн үеийнхэн л дээ. Жамьяндагва гуай ч бас явчихсан. Ингээд дахин тоглолгүй, цөөхөн тоглоод зогссон. Уг нь Жамьяндагва гуайн тавьсан балет.

-Одоо “Бөртэ чоно”-ыг сэргээн тавихад чухам ямар асуудал тулгарах бол. Сэргээх асуудлыг хаанаас санаачилж байгаа вэ. Ер нь ямар бүрэлдэхүүнээр тавигдсан балет вэ?

-Тавибал шинээр л тавина гэсэн үг шүү дээ. Санхүү мэдээж нэг номерын бэрхшээл болно. Анх 12 гол дүртэй, 20 гаруй бүжигчний бүрэлдэхүүн дээр тавьсан юм. Ч.Жамсранжав гуай удирдсан.

-Танай хөтөлбөрт Х.Алтангэрэлийн “Төгсгөл­гүй” гэж шинэ балет орж иржээ. Энэ ямар бүтээл вэ?

-Алтангэрэлийн балет “Төгсгөлгүй” гэдэг нэртэй, танго балет гэсэн. Цомнолыг нь манай театрын захирал Ч.Мөнхзул бичсэн юм билээ. Одоо дэглэлт хийж байна. Балетмейстр нь Э.Эрдэнэжаргал гэдэг залуу байна.

 

Н.ПАГМА

Онцлох нийтлэлүүд