ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.12.30 12:12

Д.Одонгоо: Мэргэжлээрээ үйлчлэгчээс эхлээд одоог хүртэл 27 жил ажиллаж байна

“Vidal salon”-ы захирал Д.Одонгоотой ярилцлаа.


-Vidal salon-ы 20 жилийн ойн мэнд хүргэе. Үсчин болох багын хүсэл мөрөөдөл чинь байв уу?

-Ихэнх хүмүүс багаасаа л тийм мэргэжилтэй болно гээд сонгочихсон байдаг бол миний хувьд үсчин болно гэж анх бодож байгаагүй л дээ. МУБИС-ийн Хэл, уран зохиолын багшийн ангид конкурс өгөөд орж чадаагүй юм. Тэгээд ээж маань намайг дагуулж, 19 дүгээр хороололд байрлах Монгол Улсын мастер үсчин Я.Заманд багшийн шавиар оруулж байлаа. Тухайн үед тэр багшийн шавь болохын тулд эхлээд зургаан сар үйлчлэгч хийх ёстой байсан юм. Тэр үед үсчиний курс дамжаа ч гэж байдаггүй байлаа. Бас нэг талаар энэ мэргэжлийг чадамгай эзэмшихэд ээжийн минь оролцоо их байсан. Ээж маань их хөдөлмөрч нямбай хүн байсан юм. Өдөр болгон миний ажил дээр ирж намайг хэрхэн ажиллаж байгааг шалгана. Цэвэрлэгээ хийж байхад парны зай завсарыг хөвөнгөөр шалгаж үзнэ. Намайг ажилдаа үнэнч шударга хандуулахын тулд л энэ бүхнийг хийдэг байж билээ. Үүний үр дүнд би сар гаруй үйлчлэгч хийгээд багшийнхаа дагалдан болсон доо. Тэр үеэс л үсчин болох замнал эхэлсэн гэж хэлж болно. Гэсэн ч дараа нь багш болох хүсэл мөрөөдлөө биелүүлж, ажиллахынхаа хажуугаар багш, герман хэлний орчуулагч мэргэжлээр сурсан. “Урлах эрдэм” дээд сургуульд Гоо зүйн багшаар таван жил мөн “Тахир дутуу иргэдийн хөдөлмөр боловсролын төв”-д таван жил ажиллаж байлаа.

-Салоноо анх хэрхэн нээж байсан талаар ярихгүй юу?

-Анх “Видал” салоноо хоёр үсчин, нэг гоо сайханч, хоёр маникюрчинтэй нээж байлаа. Одоо 14 үсчин зэрэг ажилладаг "Одонгоо" салон болон өргөжсөн. Салоноо байгуулаад 20 жил өнгөрч байна. Энэ хугацаанд залуу хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлууд хийж байсан. Өдгөө энэ салбартаа үйлчлэгчийн ажлаас эхлээд үсчин болтлоо 27 жил ажиллаж байна. Мөн үсчин хэмээх эрхэм мэргэжлийн анхны “А” үсгийг заасан Монгол Улсын мастер үсчин Я.Заманд багшдаа үргэлж баярлаж явдаг. Мөн миний өнөөдрийн энэ амжилтад хүрсний гол үндэс нь яах аргагүй “Smile” салоны хамт олон. Миний чадварыг нээж, олонд таниулж өгсөн мастер үсчин, багш Ч.Болдхуяг агсандаа мөн талархаж явдаг.

-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд шантрах үе гарч байв уу?

-Мэдээж энэ салбарт олон жил ажиллах хугацаанд шантрах үе гарч байсан. Хичээн байж босгосон салон маань нэг өглөө ороод ирэхэд нэг ч хайч байхгүй болтол хулгай орчихсон үе ч надад тохиолдож байлаа. Тэр үед шантарч байсан ч миний гар ямар хугарсан биш, гараараа дахиад бүтээж чадна гэсэн хүсэл эрмэлзэл байсан учир замаасаа буцалгүй өдийг хүрсэн дээ.

-Энэ хугацаанд олон шавь төрүүлсэн байх?

-Өдгөө манай салоноос салбарлан гарсан хот, хөдөө орон нутгийн нийлээд 20 гаруй салбар үсчиний салон бий. Шавь нараа тоолж үзээгүй. Гэвч шавь нараас минь мастер үсчин Н.Алтаншагай, С.Мөнхнасан, Г.Ганцоож, Д.Наранхүү нар Дэлхий, Ази, Европ тивийн аваргын болон Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аваргын олон удаагийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. 2016 онд БНСУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын таван үсчин медаль хүртсэний дөрөв нь миний шавь байсан.

-Манай үсчдийн мэргэжлийн ур чадвар ямар түвшинд байна вэ?

-Жилээс жилд дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай үсчид төрөн гарсаар байгаа. Ур чадвар, авьяасаараа хаана ч дутахгүй. Цаг үеэ дагаад мэдээ мэдээллийг олноор нь хүлээн авч, өөрсдийгөө хөгжүүлж чаддаг болсон.

-Хүмүүс тэр болгон хүнийг тэргүүндээ хүргэдэггүй. Гэхдээ үсчид бол хүний тэргүүнд хүрдэг. Ингэхээр энэ мэргэжил нэлээн хариуцлагатай мэргэжил болов уу?

-Тэгэлгүй яахав. Тухайн хүний дүр төрхийг үсээр нь илтгэж гаргана гэдэг амаргүй. Үсчин хүний анхаарах гол зүйл энэ л байдаг. Үйлчлүүлэгчид маань өөдөөс инээгээд “баярлалаа” гэж хэлэхэд л би баяртай болчихдог. Тэдний маань сэтгэл дүүрэн харц, сайхан инээмсэглэл надад урам зориг өгдөг. Тийм ч учраас миний мэргэжил маш хариуцлагатай байхыг шаарддаг гэж боддог.

-Та “Оддын үсчин Одонгоо” нэрэндээ хэр дуртай вэ?

-Надад энэ нэрийг хайрласан үйлчлүүлэгчдэдээ баярлаж явдаг. Эзэмшсэн мэргэжлээ улам төгс хөгжүүлэхийн тулд авьяас чадвараа дээшлүүлэх тал дээр байнга анхаардаг. Салонд маань янз бүрийн л нийгмийн хүрээллийн хүмүүс ирдэг. Тиймээс хэн нэгнийг баян, ядуу гэж ялгах бус гоё сайхныг чин сэтгэлээсээ харамгүй бэлэглэдэг байхыг үсчин хүн эрхэмлэх хэрэгтэй.

-Ойролцоогоор нэг хүний үсийг засахад хэдэн минут ордог вэ?

-Ойролцоогоор 30-40 минут зарцуулдаг. Одоо шинэ жилийн захиалга эхлээд ачаалал их байна.

-Энэ жилийн үсний трэндийн талаар ярихгүй юу?

-Тухайн жилийн трэнд ямар байна, дэлхийн чиг хандлага хаашаа эргэж байна, тэрийг л дагадаг. Мэдээж жил бүр л шинэ трэнд загварууд бий болж байдаг. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдэд том долгионтой үс моданд орсон. Үсний өнгөнд дотроос нь гэрэл сүүдэр өгсөн өнгөнүүд болоод бор өнгө трэнд болж байна.

-Өвлийн улиралд үсээ эрүүл байлгахад юун дээр анхаарах ёстой вэ?

-Хүн арьсаа арчилдаг шигээ үсээ байнга арчлах хэрэгтэй. Үс хуурайшиж, салаалж гэмтэхэд хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, сам, алчуураас их шалтгаалдаг. Манай орон эрс тэс уур амьсгалтай, дээр нь хатуулаг ихтэй устай. Будаг шүлт ихтэй учир үсний хайрсан давхаргыг гэмтээдэг. Тэгэхээр будгаа ч зөв сонгох хэрэгтэй. Будагтай үсний шампунь, ангижруулагч хэрэглэх ёстой. Фирмийн бүтээгдэхүүн хэрэглэж сурвал үр дүн нь мэдрэгддэг. Мөн хүмүүс шампуниа дутуу угаадаг. Үүнээс болоод үс маш их гэмтдэг. Үсээ шампунидаад хоёроос гурван минут байлгах хэрэгтэй. Үлдэгдлийг дутуу зайлснаас болж хаг үүсдэг.

-Саяхан Одонгоо салоны 20 жилийн тоглолт болж өнгөрсөн?

-Маш сайхан тоглолт болж өнгөрлөө. Энэхүү шоугаараа би нэг зүйлийг хэлэхийг хүссэн л дээ. Үсчин гэдэг мэргэжил тийм ч амархан биш. Хэн дуртай нь курс, дамжаа төгсөөд л үсчин болчихдоггүй. Маш нарийн мэргэжил шүү гэдгийг онцлохыг хүссэн. Өөрийн мэргэжилдээ зориулж хөгжмийн зохиолч УГЗ Л.Балхжавын ая, яруу найрагч УГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Тэргүүн илсэн бурхны илч” хэмээх сайхан дуу бүтээсэн. Энэ дууг маань дуучин Баярцэцэг, Motive хамтлагийн дуучин Ганбаа нар хамтарч дуулсан. Мөн УГЗ О.Эрдэнээ, УГЗ яруу найрагч Ш.Гүрбазарын шүлгээр ахин нэгэн ардын сайхан дуу бүтээсэн. Энэ дууг маань дуучин Сайнтөмөр амилуулан дуулсан. Салоны 20 жилийн тоглолт маань бүх л оддыг цуглуулсан маш сайхан үдэш болсон шүү. Тоглолтод оролцсон уран бүтээлчиддээ баярлалаа гэдгээ хэлмээр байна. Мөн биднийг байнга сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдэдээ маш их баярлалаа гэж хэлье.


Онцлох нийтлэлүүд