ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.01.12 09:01

Д.Сарангэрэл: Ханиад томууны хүндрэлийн 66 хувь нь утаанаас үүдэлтэй байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг байгуулсан. Уг байгууллага энэ сарын нэгнээс үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа билүү?

-Тийм ээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг бие даан ажиллуулах шинэ Засгийн газрын саналыг УИХ баталсан нь түүхэн шийдвэр байлаа. Үр дүн нь даатгуулагчдад очих нь одоо хамгийн чухал. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг даатгалын сангаас нэмэгдүүлэх гэж байна, тоног төхөөрөмж худалдаж авах юм байна гэх мэт тайлбар нэг хэсэг яваад байсан одоо харин намжиж. Хуулиар эдгээрт даатгалын сангийн хуримтлалыг зарцуулах нь хориотой. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд сүүлийн үеийн нарийн бүтэцтэй тоног төхөөрөмж шаардлагатай байгаа нь бодит үнэн. Тиймээс эрүүл мэндийн даатгалын санг тодорхой хязгаарлалттайгаар тоног төхөөрөмжид зориулдаг байх өөрчлөлтийг хуулинд оруулах нь зүйтэй гэсэн саналыг зарим улс төрчид хэлдэг. Өнөөдөр Дорнод аймгийн компьютер томографийн аппарат эвдэрснээс зүүн аймгуудын иргэд хэдэн зуугаараа нийслэл рүү ирж хөрөнгө мөнгө, явдал чирэгдэл болж байна. Хэвлийн дурангийн мэс заслын тоног төхөөрөмж дутагдалтайгаас мөн л хэд хэдэн аймгийн иргэд нийслэлийг зорихоос аргагүйд хүрч байна. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс дээр дурдсан санал санаачилгыг харгалзаж үзэж болох юм. Гэхдээ энэ бол парламентын шийдэх асуудал. Хамгийн гол нь эрүүл мэндээсээ болж санхүүгийн дарамтад орох эрсдлээс иргэдээ хамгаалах нь эрүүл мэндийн даатгалын сангийн үндсэн үүрэг. Анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлага бий. Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр үйлчлэх, өдрийн эмчилгээ хийх зэрэг нэмэгдэл үйл ажиллагаа явуулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих боломжтой болж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр эхний ээлжинд хоёр томоохон үйл ажиллагаа явуулах саналыг эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

-Ямар ажлууд вэ?

-Нэг нь гурван сая хүнээ эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нөгөө нь хүүхдийн шүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үнэ төлбөргүй эмчлэх. Нийслэлд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Шүдний цоорол 200 гаруй өвчний суурь болдог. Энэ асуудлыг тоохгүй орхивол хэдэн жилийн дараа өвчин эмгэгтэй нэгэн үе бий болох эрсдэл байгаа учраас онцгойлон анхаарах учиртай. Эмчилгээ, шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх ажил зэрэг явна гэж тооцож байгаа. Шүдээ өдөрт 2-3 удаа, зөв, гүйцэд угааж хэвшсэний үр дүнд Япон улс өнөөдөр ард түмэн нь шүдний өвчлөлгүй, шүдний эмчийн илүүдэлтэй орон болж чаджээ. Амны хөндийн ариун цэврийг сахих, шүдээ зөв угааж арчлах зөвлөгөө хэвлэлээр явуулж эхэлсэн нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэсэг юм. Мэргэжлийн эмч, эрдэмтэн, профессоруудад энэ талаар төлөвлөгөө тооцоо гаргах чиглэл өгсөн байгаа. 21 аймгаа явуулын амбулаториор хангаж байж урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын хэмжээнд өрнүүлж чадна. Сангийн сайд болон Үндэсний хөгжлийн газартай явуулын амбулаторийн асуудлаар ярилцаж байна. Эрүүл мэндийн даатгалын сан бие даасны үр шимийг иргэд даатгуулагчид маань бодитоор мэдрэх тийм үйл ажиллагааг олон улсын жишигт үндэслэн хийж хэрэгжүүлэхээр Ерөнхий газар ажиллаж байна.

-Ханиад томууны дэгдэлт, агаарын бохирдолтой холбоотойгоор сурагчдын амралтыг сараар сунгасан нь зөв шийдвэр боллоо гэдэгтэй олон хүн санал нэгдэж байна?

-Ерөнхий сайд ханиад томууны үеэр оновчтой шийдвэр гаргах үүргийг Эрүүл мэнд, БСШУС-ын сайдад үүрэг болгосон. Үүний дагуу ханиад томууны талаарх тандалт судалгааны дүнд үндэслэн энэ сарын 8-нд эхлэх байсан сурагчдын амралтыг долоо хоногоор урагшлуулж нэг сар амраах саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлсэн. Хаврын амралтыг долоо хоногоор цөөлж, зуны амралтыг долоо хоногоор хойш татаж хичээлийг нөхөх зохицуулалт хийсэн. Хүүхдийн эмнэлгүүд 869 орны боломжтой. Өнөөдөр орны тоо 1491-д хүрсэн. Өнөөдрийн байдлаар 1151 болж буураад байна.

-Яармагт баригдаж буй төрөх эмнэлгийн явцын тухай сонирхуулахгүй юу?

-Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг гүйцээж II төрөхийг нүүлгэн оруулна. II төрөхийнхөө суурин дээр хүүхдийн эмнэлэг барих ажлыг шуурхайлах тогтоолыг мөн Засгийн газар гаргасан байгаа.

-Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд хэр анхаарч байгаагаар нь дүгнэх нь бий. Манайд энэ тал нь орхигдоод өвдөөд, үхлийн ирмэгт ирэхэд нь амийг нь авч үлдэхийн тулд хамаг хөрөнгөө барж байгаа нь харагддаг?

-Нийгмийн эрүүл мэндийн боловсролын асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий. Урьдчилан сэргийлэх нь өвдсөн үеийн зардлыг хэрхэн хэмнэдгийг нэг жишээгээр хэлэхэд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд зориулсан нэг доллар 125 доллар хэмнэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин зэрэг бүх боломжит хэлбэрүүдийг ашиглан нийгмийн эрүүл мэндийн боловсролд бодлого төлөвлөгөөтэй ажиллана. "Эрүүл мэнд эрхэм баян” цахим хуудас шинээр нээн ажиллуулж эхэлсэн. Эхчүүд, ээжүүдийн группт мэргэжлийн эмч зөвлөгөө өгч ажилладаг болох чиглэлийг ЭХЭМТөвд өгсөн байгаа. Ажил хэрэг болгосон гэдэгт итгэж байна. Глобаль сангийн үйл ажиллагаа ДОХ, ХДВХ, сүрьеэгийн халдварыг илрүүлэх, бууруулах, урьдчилсан сэргийлэхэд чиглэдэг. Харин нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлд хангалтгүй ажиллаж байна гэж үздэг. ТББ-тай ажиллахад түлхүү анхаарах үүрэгтэй гэсэн тайлбар хэлдэг. Сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Энэ талын олныг хамарсан ажиллагаа, нийгмийн боловсролын ажил чухал байгаа юм.

-Нийслэл хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, иргэд жилд утаанаас болж 200 сая ам.долларыг эрүүл мэнддээ зарцуулж байна гэсэн тооцоо гарсан байна билээ?

-Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаатай маргах аргагүй. Ханиад томууны хүндрэлийн 66 хувь нь утаанаас үүдэлтэй байна. Уушгины хорт хавдрын 40 гаруй хувь нь агаарын бохирдолтой холбоотой гэсэн судалгаа гарсан. Ханиад харшил хавсарч буй нь ч мөн утаа униартай холбоотой байна. Агаарын бохирдлыг 80 хувь бууруулахад эрүүл мэндийн салбарын зардал 66 сая доллараар буурах тооцоо байна. Амны хаалт, маск хэрэггүй гэж шүүмжилж туйлширч байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх үед нь маск зүүлгэвэл хорт утаанаас 80 хувь хамгаалдаг нь тогтоогдсон. Харамсалтай нь байнгын хороон дээр Засгийн газраас оруулсан маскаар хангах төсвийг унагасан байна лээ. Энэ бол буруу. Засгийн газар голлон анхаарч буй асуудал нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байна. Түүхий нүүрсийг орлох шахмал түлшээр хангах, орон сууцжуулах, дулааны хуримтлуулагчтай, дээрээ плиткатай халаагуураар хангах, хөдөө гарах санал санаачлагыг дэмжих зэрэг олон аргыг зэрэг хэрэглэж энэ оноос утааг бууруулж эхлэх улмаар 2020 онд 70 гаруй хувиар бууруулах бодит шийдэл бүхий төлөвлөгөө боловсруулж байна. Засгийн газар дангаараа бус бүх ард түмэнтэйгээ хамтын хүчээр агаарын бохирдолтой тэмцэж үр дүнд хүрнэ. Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүний хувиар тасралтгүй энэ асуудлаар ажилласан даа. Ерөнхий сайд утааны асуудлаар ярьж боллоо, одоо шийдэл гарга гэдэг үүргийг бүх шатанд өгсөн, утаатай тэмцэх тодорхой тооцоотой төлөвлөгөөгөө ч гүйцэтгэх засаглалтын тэргүүн УИХ-д удахгүй оруулахаар ажиллаж байгаа.

-Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалддаг болсноор эмийг дамлах, үнэ нэмж гар дээрээс дамжуулан борлуулах гэх мэт хууль бус үйл ажиллагаа зогссон гэх юм. Энэ шийдвэрт ахмад настнууд, байнгын эмийн хэрэглээтэй хүнд өвчтөнүүд их таатай байгаа нь ажиглагдсан?

-Монголын төр ахмадууд болон иргэдийн дунд зонхилон тохиолддог өвчнүүдэд хэрэглэдэг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргаж, үнийг нь 30-80 хувь хөнгөлж, зөрүүг нь эмийн сангуудад өгдөг. Гэтэл хөнгөлөлттэй үнээр очих ёстой эм маань ахмадууддаа зовлон болсоор ирлээ. Сард нэг, хоёр өдөр л хөнгөлөлттэй эмээ өглөө эрт өдөрт урт дараалалд зогсож авдагт хөгшид маань гомдолтой байгаа юм. Тиймээс үүнийг засах үүрэг даалгавар ажил хариуцсан хүмүүст өгсөн .Зарим дэвшил гарч байгаа. Гэхдээ жигдрээгүй байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг, хоёр өдөр л хөнгөлөлттэй эмийн жор бичих явдал засарч байна. Харин эмийн сангуудын тухайд тайлбар өгүүлэл тавьж иргэдийг чирэгдүүлсээр байна. Энэ асуудлыг яамны Эм, технологийн газар судалж шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Хөнгөлөлттэй эмийг харьяа дүүргийнхээ эмийн сангаас авдаг болох нь асуудлыг шийдэх нэг гарц гэсэн дүгнэлт гаргасан. Иргэд маань хөнгөлөлттэй эмийг энд тэндхийн эмийн сангаас авч бусдад зарах, өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг хүнд олон удаа жор бичих, эмийн сангуудад хөнгөлөлттэй эм борлуулах санхүүжилтийг харилцан адилгүй олгодог зэрэг дутагдлууд илэрсэн. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар үйл ажиллагаагаа бие даан дөнгөж эхэлж буйтай уялдан санхүүжилт хоцорч байж болох. Энэ асуудлууд жигдрээд ирэхээр төр засаг нь үнийг нь хөнгөлөөд өгсөн эмийг чирэгдэлгүй, хүссэн үедээ авдаг болох боломж ахмадууд болон иргэдэд маань бүрдэнэ.

-Энэ сарын 1-нээс зарим татварууд нэмэгдсэн. Нөхцөл байдал хүнд байхад ингэж татвараар дарамталж байгаад иргэд бухимдалтай байна?

-Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсонтой холбогдон гаргасан шийдвэр энэ оноос хэрэгжиж байна. Ерөнхий сайд ОУВС-тай энэ талаар яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна энэ татварууд бүх хүнд бус өндөр цалинтай, харьцангуй амьдралын боломжтой, худалдах орон сууц, газар шороотой хүмүүст хамаатай. Улс орны эдийн засаг хүнд үед боломжтой хэсэг нь арай ахиу татвар төлж ахмадын тэтгэвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгээ ажиллуулах, эмч, багш нарынхаа цалинг тавих санхүүжилтийг бүрдүүлэх шаардлагатай шүү дээ. Хавтгайруулж тайлбарлан ард түмнээ татвараар дарамталж буй мэтээр ухуулах нь буруу гэж бодож байна. Нэг сая 800 мянган төгрөгний цалинтай гэж үзвэл 300 мянган төгрөгт нь л шаталсан татвар ногдож буй. Бүх дүнгээс нь авч буй мэтээр яриад байж болохгүй. Засгийн газар Чингис бондын 500 сая долларын өрийг дарлаа. Энэ бол улс орны тусгаар тогтнолыг хамгаалах, гадныхны итгэлийг бий болгох, хөрөнгө оруулалтыг татахад чухал алхам. Харин Чингис бондоос иргэд, аж ахуйн нэгжийн авсан зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг хийнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Энэ мэтээр дотоод гадаад шийдлээ зохицуулж ажиллаж байгаа нь эдийн засагт үр өгөөжөө өгнө гэж бодож байна.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудал гарч байна. Та үүнд УИХ-ын гишүүн, эмэгтэй хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хууль хяналтын байгууллага гэм буруутайг нь тогтоосны дараа тухайн асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж боддог. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүний халдашгүй байдал Үндсэн хууль хууль зөрчсөн гэж үзлээ. Хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмын үүднээс Цэц зөв шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа. Тиймээс хэний ч буруу зөвийг тогтоох боломж бүрдлээ шүү дээ. Гэхдээ энэ нь Монгол төрийн бат бэх байдал, дархлааг сулруулах үндэс болох ёсгүй гэсэн бодолтой байгаагаа бас хэлье.

-Улс орнууд, ялангуяа манай урд хөрш оффшор хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг хатуу шийтгэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Яагаад гэвэл оффшор данстай хүмүүсийн дийлэнх нь улс төрчид, тэдний хамсаатан байгаа нь харамсалтай?

-Би ийм зүйлээс хол байдаг хүн. Энэ талаар хэвлэлийн мэдээлэлтэй л байдаг. Гэхдээ оффшор гэдэг ойлголтыг бүрэн авч байж зөв буруугийн тухай ярих ёстой байх. Татварын хөнгөлөлттэй бүсэд бизнесийн зорилгоор хөрөнгө мөнгө байршуулахыг хууль бус ажиллагаа гэж үздэггүй. Харин хууль бус орлогоо оффшор дансанд байршуулбал өөр асуудал. Үүнийг тогтоож байж л зөв, буруугийн тухай ярих учиртай. Оффшорын тухай хуулиар төрийн өндөр албан тушаалтнуудад оффшор бүсэд данстай байх, үл хөдлөх хөрөнгийг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр эзэмшихийг хориглосон. Тиймээс улс төрчид хуульд нийцүүлэн асуудлаа шийдвэрлэсэн биз.


Онцлох нийтлэлүүд