ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.06.11 03:06

​Д.Сарангэрэл: Хүн амын дунд зонхилж байсан хоол тэжээл, амин дэмийн дутагдал хэвээр байна

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал сайжруулах арга зам” уулзалтад төрийн байгууллага болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөллүүд оролцож байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын хоол тэжээлийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилгоор “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг ЭМЯ-аас 5-6 жилийн давтамжтайгаар хийсэн байдаг. “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааг 21 аймгийн 94 сум, нийслэлийн 9 дүүргийн 30 хорооны 2249 өрхөд хийжээ.

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар хүүхэд эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр байна.Түрүү оны үндэсний судалгаанытүвшингээс буураагүй байгааг тогтоожээ. Мөн илүүдэл жин таргалалтын тархалт нь бүс нутаг амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам ялангуяа насанд хүрэгчдийн дунд ихээр нэмэгдэж байгаа аж. Судалгаанд Д аминдэм, А аминдэм, иод дутал, төмөр дутал, илүүдэл жин ба таргалалт, өрхийн хүнсний баталгаат байдал зэргээр хамруулсан байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярихдаа “Өнөөдөр Монголын хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын асуудлаар улсын хэмжээний зөвлөгөөн зохион байгуулж байна. Монгол Улс 1999 оноос хойш хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын судалгаа хийсээр ирсэн. Гэвч 2010 онд хүн амын дунд зонхилж байсан хоол тэжээл амин дэмийн дутагдал хэвээрээ байна. Энэ асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Ерөнхий сайд хоол тэжээлийн асуудлыг анхааралдаа авсан. Эдгээрийг хариуцсан салбар яамд асуудлыг тодорхойлж хариуцсан ажлуудаа хийж мэдээ мэдээлэл тавьж байх чиг үүрэг өгсөн. Хүн амын дунд хийсэн судалгаанаас үзэхэд Д аминдэмийн дутал асар өндөр байна. Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд мөн эрэгтэйчүүдийн дунд хүртэл байна. Иодын дутал хангайн бүсэд нэлээд байгааг тогтоосон. Мөн эмэгтэйчүүд хүүхдүүдийн дунд цус багадах асуудал гарч ирж байна. Хоногтоо авах ёстой хүнс тэжээлээ авч чадахгүй байгаа юм. Засгийн газар хүн амынхаа хоол тэжээлтэй холбоотой асуудалд анхааралдаа авч байгаа нь сайшаалтай. Энэ дутагдлуудыг хэрхэн яаж нөхөх вэ гэхээр бололцоотой айлууд мэдээллийг нь хүргэчихэд дутагдаад байгаа аминдэмийг нөхөөд авчих боломжтой. Мэдээллээс хол мөнөрхийн орлогын хувьд хангалтгүй айл өрхүүд зөвлөмжийг дагах хүндрэлтэй. Тиймээс Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас олгодог хүнсний талоныг өгөх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Судалгаанд үндэслэгдсэн хоол тэжээлийн амин дэмийг өгдөг байх, алсдагдсан газар нутагт хүргэдэг байх гэх мэт асуудлыг шийдэх хэрэгтэй болж байна. Бүгдийг нь цогцоор авч шийдэх тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн зөвлөгөөнд 21 аймгийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн хоол тэжээл хүнсний асуудал хариуцсан бүх хүмүүс оролцож байгаа” гэлээ.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн бүсийн хоол тэжээлийн зөвлөх Кристиан Рудерт ярихдаа “Зүүн Ази номхон далайн бүсийн орнуудтай харьцуулахад Монгол Улс хоол тэжээлийн дутлыг бууруулахад маш их амжилт гаргасан. Гэсэн хэдий ч хоол тэжээлийн дутлын талаас аминдэм бичил тэжээлийн дутал хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд байсаар байна. Мөн илүүдэл жин таргалалт нэмэгдэж байна. Энэ тал дээр шийдвэрлэх асуудлууд байгаа. Аминдэм дутал эрдэс бодисын дутлыг бууруулахын тулд Монгол Улс олон талт арга хэмжээ авах хэрэгтэй. Нийт хүн амд суурилсан хүнсээ баяжуулах арга хэрэгсэл байж болно. Аминдэмийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг эмзэг бүлэгт чиглэсэн жирэмсэн эхчүүд бага насны хүүхдүүд өсвөр насны охидуудад аминдэм эрдэс бодисын хэрэгцээ бусад насныхнаас илүү их хэрэгтэй байдаг. Тэдгээр бүлэгт буй хүмүүсийг аминдэм эрдсээр хангах зайлшгүй шаардлагатай. Аминдэмийн дутлыг арилгах олон орны туршлага байгаа. Ялангуяа Монгол Улсад аминдэмийн Д дутал их байгаа нь дэлхийн түвшинд өндөр тооцогддог. Хоол хүнсээ Д витаминаар баяжуулах хэрэгтэй. Хүүхдийн таргалалтыг буруулахад олон салбарын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. ДЭМБ-аас хүүхдийн таргалалтыг бууруулах цогц арга хэмжээний багцыг зөвлөсөн байдаг. Багц арга хэмжээний эхнийх нь жирэмсэн эхчүүдийн хооллолтын зөвлөгөө юм. Хэдийгээр жирэмсэн үед жин нэмдэг хэдий ч зохистой хэмжээнд хэрхэн жингээ нэмэгдүүлэх талаар мэдээлэл орсон байдаг. Хүүхдийн таргалалтыг бууруулахад бага наснаас нь зөв хооллох, сургууль цэцэрлэг дээр зөв хооллолтыг дэмжих учиртай. Таргалалтыг бууруулахад эрүүл хүнс, дасгал хөдөлгөөнийг дэмжсэн бодлого, амьдрах орчинг бүрдүүлэх нь нэн чухал. Хүүхдэд зориулсан эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах, эрүүл бус хүнсний үнэ өртгийг нэмэгдүүлэх, жимс ногоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих урамшуулал олгох зэрэг ажлууд зохион байгуулах хэрэгтэй” гэв.

Онцлох нийтлэлүүд