ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.04.17 02:04

Д.Сумъяабазар: Баялгийн сангийн тухай ярих цаг болсон


Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас сар бүр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг хийдэг. Хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны эхний улирлын салбарын мэдээллийг тус яамны удирдах албан тушаалтнууд танилцууллаа.

Мэдээллийн эхэнд УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар “Дэлхийн олон улс орнууд хөгжлийн баялгийн сантай байдаг. Хуримтлал гэдэг бол халамжийн бодлого биш” гээд “Үндэсний баялгийн сан”-гийн тухай товч мэдээлэл өглөө.

Тэрээр “Олон улсад үндэсний баялгийн сангаар дамжуулж, нийгмийн олон салбараа дэмжиж, хуримтлал бий болгодог жишиг байдаг. Сингапур, Казакстан, Норвеги зэрэг орнуудтай баялгийн сангаараа дамжуулж, нийгмийн салбаруудаа хөгжүүлж, ирээдүйд хуримтлал бий болгосон орнуудын жишээг харж болно. Өнөөдөр Казакстан улс гэхэд хоёр том баялгийн сангаар дамжуулан дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаж, худалдаж авдаг. Бид ч гэсэн баялгийн сангийн тухай ярих цаг болсон. Үүний өмнө олон орны баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Баялгийн сан гэдэг нь Үндсэн хуульд заасан байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг заалтыг хэрэгжүүлэх, гол үндэс нь. Тиймээс баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Ирээдүйн сангийн тухай хууль бол хуримтлал. Хэзээ, хэдийд яаж менежментийг сайжруулах вэ гэдэг дээр Сангийн яам ажиллаж байна. Бид цаашид ирээдүйн өв сангийн хуримтлалыг бий болгох вэ гэвэл уул уурхайн салбараас гэж би бодож байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон ашигт малтмалын үнэ өсөлттэй байна. Энэ үнэ бидний хүлээхгүй. Тиймээс энэ боломжийг ашиглахгүй бол ирээдүйн 10 жилд бидэнд боломж олдохгүй. “Эрдэнэс Монгол” дээр суурилж баялгийн сан, үндэсний хуримтлалын санг бий болгохоор зорьж байна. Түүний тулд бүтэц, зохион байгуулалт, менежментийг нь сайжруулах шаардлагатай байгаа юм. Бид 13 тэрбум төгрөгийн эдийн засгаа өсгөх боломж байна. Олон улсын зах зээл дээрх үнэ ч бидэнд боломж олгож байна гэж харж байна. Үндэсний хуримтлалын сангийн тухай болон баялгийн сангийн хуулиудыг УИХ-ын гишүүн болон Засгийн газрын түвшинд ч дэмжиж байгаа. Уул уурхайн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд дэд бүтцийн асуудал маш чухал. Тэр дундаа цэвэр усны нөөцийн асуудал нэн тэргүүнд шийдэх асуудал юм. Түүнийг дагаж бусад дэд бүтцээ хөгжүүлээд явах нь нэн чухал” гэлээ.


Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Баялгийн санг байгуулахад тооцоо судалгааг хэр хийж байгаа вэ?

-Тооцоо судалгаа яг одоо хийгдэж байна. Яамдуудаас судалгаа авч байгаа. Ойрын хугацаанд УИХ-д өргөн барина.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяанд “Эрдэнэс Монгол” байгаа. Тэгэхээр танхим дотроо ойлголцолд хүрч чадах болов уу. Баялгийн сангийн хуулиар “Эрдэнэс Монгол “ Ерөнхий сайдын харъяанд удирдуулна гэсэн танилцуулга яригдаад байсан. Мөн гадны баг ажиллуулахаар үнэтэй тусдаг гэх асуудал УИХ дээр багагүй яригддаг шүү дээ. Баялгийн сан дээр гадны баг ажиллуулахад төсөв зардал нь хэдий хэмжээний болж байгаа вэ?

-Энэ асуудал дээр холбогдох мэргэжилтнүүд ТЭЗҮ гаргаж байгаа. Энэ зардал үнэтэй байж болно.Учир нь бид дэлхийн стандарт, горимоор тоглох гэж байна. Хямд зардал бид гаргачихаад үр дүн нь муу байвал гаргасан зардлаасаа 10 дахин их алдагдал хүлээж болно. Афганистаны жишээ байна шүү дээ. ОХУ-аас гурван сая ам.доллараар эдийн засгаа сэргээх боломж байна гэхэд нь ямар ч боломжгүй, өндөр төлбөр гэж хэлсний дараахан нь Талибанчууд гарч ирэхэд ОХУ хил гаалиа хамгаалахын тулд асар өндөр зардлаар өөрсдийнхөө хилийг манаж байна.

Тэгэхээр бид ирээдүйд ямар үнээр хуримтлалаа хамгаалах гэж байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Засгийн газрын түвшинд төвөгтэй байдал үүсээд байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамандаа “Эрдэнэс Монгол”-ын чиг үүрэг байдаг. Энэ асуудлыг тогтоолоор өөрчлөөд л Засгийн газар дээр авчихсан. Тэгэхээр шат дарааллаар нь зөв чиглэлд нь оруулахад анхаарч мэргэжилтнүүд ажиллаж байна. Түүнээс биш Г.Занданшатар, Д.Сумъабазар гэж хоёр хүний хоорондох асуудал мэтээр жижгээр битгий ойлгоорой.

-Ашиглаад дуусчихсан ордууд дээр хаалтын хувьд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хууль олон өөрчлөлт орсон хууль. Энэ хуультай холбогдуулан уурхайн нээлтээс хаалт хүртэлх процессуудыг эрх зүйн зохицуулалт болгон оруулах шаардлагатай байна. Уул уурхайн шинэ хуулийг боловсруулахад нухацтай хандах хэрэгтэй.

-Алтан Дорнод Монгол компанийн тусгай зөвшөөрлийг шалгасан уу?

-Анхан шатны шүүх дээр уг тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон гэсэн шийдвэр гарсан. Бид давж заалдсан. Давж заалдах шатны шүүх дээр энэ асуудал хянагдаж байгаа.

-Оюутолгой компанитай холбоотой гэрээг эргэж харах асуудал яригдаж байна. Энэ тухайд тайлбар өгөхгүй юу?

-Хэнд ч хардах эрх байгаа. Тийм учраас л шалгаж байгаа байх. Миний хувьд Оюутолгойн эхний гэрээг муу болсон гэж боддоггүй. Үүнээс үүдээд Оюутолгойн хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй байдал үүсэх вий гэдгээс эмээж байгаа хүмүүс бий.

-Хөшөөтийн уурхайн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөшөөтийн уурхай дээр өөрийн биеэр очиж танилцсан. Зам харгуйн бүтээн байгуулалтад иргэд ам сайтай байдаг юм билээ. 21 аймгийн удирдлагуудтай УУХҮЯ-ны зүгээс жил болгон гэрээ хийж ажилладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад хүргүүлнэ.

-Газрын тосны үйлдвэрийн ажлыг ахиулж чадах уу?

-Энэ үйлдвэрийг Ерөнхий сайд бүрэн дэмжиж байгаа. Нэг тэрбум доллараар газрын тосны үйлдвэр барих талаар Энэтхэг улстай ярьж тохироод явж байгаа.

-Алт хөтөлбөрийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Алт хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж байна. Эдийн засгийг тогтвортой байлгадаг үндсэн нөөц нь алт. Бид жилдээ 50 тонн алтыг төв банкандаа тушаадаг байх ёстой. Ингэж байж манай улс дэлхийтэй эдийн засгийн боломжоороо ойлголцож эхэлнэ. Гэхдээ бид хариуцлагатай нөхөн сэргээлт хийдэг компаниудыг дэмжинэ.


Уул уурхайн салбарын 2018 оны эхний улирлын статистик мэдээлэл

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны эхний улирлын байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 584.3 (21.7%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 400.3 (20.4%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 784.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 214.1 (37.6%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 150.6 (13.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.2%-ийг эзэлж байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

- Нүүрс 11.2 сая тн,

- Зэсийн баяжмал 330.1 мян.тн,

- Алт 1.9 тн,

- Молибдений баяжмал 1.3 мян.тн,

- Төмрийн хүдрийн баяжмал 790.0 мян.тн

- Хайлуур жоншны баяжмал 13.0 мян.тн,

- Цайрын баяжмал 23.4 мян.тн,

- Газрын тос 1.7 сая бар,

- Катодын зэс 3.6 мян.тн

1.2. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний улирлын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 580.6 (17.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 466.2 (20.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүс олборлолт 1.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 297.4 (41.1%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 147.1 (11.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний улиралд 3.8 их наяд төгрөг хүрч 2.8 их наяд төгрөг буюу 73.7%-ийг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 2.5 их наяд төгрөг буюу 64.9%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна.

1.3. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2018 оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

- Алт 6.5 тэрбум төгрөг,

- Нүүрс 151.6 тэрбум төгрөг,

- Цайр 22.0 тэрбум төгрөг,

- Зэс 242.5 тэрбум төгрөг,

- Төмөр 6.1 тэрбум төгрөг,

- Жонш 3.4 тэрбум төгрөг,

- Бусад 16.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 162.6 тэрбум төгрөг буюу 1.6 дахин өссөн. Үүнээс:

- Алт 1.8 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

- Нүүрс 75.7 тэрбум төгрөг буюу 2.0 дахин,

- Цайр 9.8 тэрбум төгрөг буюу 1.8 дахин,

- Зэс 71.6 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

- Төмөр 4.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

- Жонш 2.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум төгрөг буюу 0.9 дахин буурсан байна.

2.Бодлого, эрх зүйн хүрээнд

2.1. Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай”

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/67 дугаар тушаалаар “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай” Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг тогтоосон судалгааны тайланг боловсруулан манай яаманд хүлээлгэн өгсөн.

Дээрх судалгаанд тулгуурлан хуулиудийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Уул уурхайн салбарын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг боловсруулж 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дунд эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 30 байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцсон. Хэлэлцүүлгийн үеэр ирсэн саналуудыг нэгтгэж товъёог хийн холбогдох байгууллагуудад саналыг хүргүүлэхээр ажиллаж байна.

2.2. Зарим нүүрсний ордуудын талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоов

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.12-т заасны дагуу УУХҮ-ийн сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Таван толгой, Нарийн сухайтын нүүрсний ордуудын талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоож Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.

3.Газрын тосны салбарын үйл ажиллагаа

3.1Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар 1.93 сая баррель (262 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 23.90 %-тай явж байгаа бол 1.85 сая баррель (251 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 14.12%-тай байна. Эхний улирлын байдлаар улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлж 23.86 %-ийн гүйцэтгэлтэй байна.

3.2Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр:

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 126,6 мянган тонн буюу ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.

4.Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын 3333 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутагт эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1697

5,6%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1636

1.0%

Нийт

3333

6,6%

Тусгай зөвшөөрлийн 3 дугаар сарын хөдөлгөөний мэдээ

Ø Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-2

Ø Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-13

Ø Хугацаа сунгасан-37

Ø Барьцаанд бүртгүүлсэн-1

Ø Цуцлагдсан ба дуусгавар болсон-20

Ø Талбай буцаан өгсөн-11

Ø Нөхөн олгосон -26

5.Яамны үйл ажиллагаа

5.1. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:

“Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал:

• Алт-2 үндэсний хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2017 оны хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэсэн.

• 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанк 734.4 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 2,301.8 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 48.3 кг-аар илүү байна. Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 103,206.14 төгрөг /2018.04.16/ байна.

• Засгийн газрын ордонд УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сарын 05-ны өдөр алтны салбарын төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулж, алтны салбарын татварын эрх зүйн орчны талаар санал солилцсон.

• Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг /ЭБМЗ/ УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сард шинэчлэн байгуулсан. 2018 оны эхний улиралд ЭБМЗ-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэх салбар зөвлөлийн 2 удаагийн хуралдаанаар алтны 12 шороон ордын тайланг хэлэлцэж хүлээн авсан байна.

• Хөгжлийн банкнаас 2018 оны 1-р улирлын байдлаар алт олборлогч 3 компанийн 25.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг судалж байна.

• Алтны хэтийн төлөв бүхий бүс, нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр Монгол орны алтны хэтийн төлөвийг үнэлэх, алтны эрэл-үнэлгээний сэдэвчилсэн судалгааны ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгуулсан. Энэ ажлыг 2017-2019 онд Монгол орны төв, зүүн бүсийн хэмжээнд гүйцэтгэхээр “Гео Тех Импекс” ХХК шалгаран төслийг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд 2017 онд төслийн судалгааны ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

5.2. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажил:

2018 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 22 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр байгуулсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 247 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Өмнө нь нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан 12 аж ахуйн нэгж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээг дүгнэж, дуусгавар болгов.

Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн судалгааны ажлын нөхөн төлбөртэй холбоотойгоор 53 орд хамрагдсан 62 тусгай зөвшөөрлийн талбайд 7,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн тооцоог урьдчилсан байдлаар хийж гэрээ байгуулах шатанд шилжүүлээд байна.

Үргэлжлэн хэрэгжиж байгаа 22 төслийн ажлын хэмжээ, арга, аргачлал, төслийг хянаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн-3, Улсын геологийн 1:200 000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох-1, сэдэвчилсэн судалгааны 2 төслийн ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

5.3. Гашуунсухайт хилийн боомтын талаар

Хамтын ажиллагааны хүрээнд:

Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

2017 оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10.5 тэрбум ам.доллар байсны 6.7 (63.4%) тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад 4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1% нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22% нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3% нь барилгын салбарт ногдож байна.

Хоёр улсын худалдааны бараа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшлүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан.

УИХ, Засгийн газрын гишүүд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын хилийн боомтод 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаалийн газар, хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх застав, экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын газар, гадаадын иргэн, харьяатын газрын өмнөд бүсийн газрын Гашуунсухайт тасгийн дарга нар болон нүүрс тээвэрлэдэг жолооч нартай уулзалт хийлээ. Гашуунсухайтын хилийн боомт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бүрэн хүчин чадлаараа буюу 6 гарцаар нүүрс гаргаж эхэллээ.

.

Онцлох нийтлэлүүд