ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.04.18 09:04

Д.Сумъяабазар: Засгийн газрын зүгээс Оюу толгой төслийг зогсоож, гэрээг цуцлахгүй


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдсэн Дубайн хэлэлцээрийг цуцлах шаардлагатай гэсэн санал дүгнэлтийг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн Ажлын хэсгийн зүгээс гаргаад буй. Тэгвэл Дубайн хэлэлцээрийг цуцлахгүй гэсэн байр суурийг салбарын сайд Д.Сумъяабазар Америкийн худалдааны танхим буюу Ам Чамын уулзалтад оролцохдоо илэрхийлсэн юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Оюу толгойн далд уурхайн талаар ярихгүй юу?

-Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн суурь болсон салбар. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах итгэл зүтгэлтэй байгаа. Эдгээр хөрөнгө оруулагчидтай олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулалт хийж ажиллаж байгаа. Мэдээж Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээ, контрактаа ягштал барьж, олон улсын дүрмийн дагуу ажиллах чадвартай байх ёстой. Дэлхийн хэмжээнд яригдаж байгаа томоохон төсөл бол Оюу толгой.

Засгийн газрын зүгээс “Оюу толгой” төслийг зогсоож, гэрээг цуцлахгүй. Цаашдаа гэрээг сайжруулж, хийж хэрэгжүүлэх зүйлст илүү анхаарах хэрэгтэй. Цахилгаан станцаа хугацаандаа барьж, гүний уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлэх ёстой. Эрчим хүчний эх үүсвэр рүү цахилгаан станцыг барих ажлыг энэ онд эхлүүлнэ. Энэ ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2021 онд эхлүүлж товлосон хугацаандаа дуусгаж, ард иргэдийн хүсэн хүлээж буй ногдол ашгийг тодорхой хугацаанд наашлуулах гэх мэт ажлууд байна. Бид урагшаа харж ярих ёстой. Оюу толгой дээр хангалттай улс төр хийж, хангалттай зовоож байгаа. Одоо Оюу толгойгоор улс төр хийхээ болих хэрэгтэй.

-Оюу толгой компанийн гэрээг сайжруулах талаар хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суусан уу?

-Засгийн газар анх байгуулагдсан цагаасаа л “Оюу толгой” компанийн удирдлагуудтай ширээний ард суугаад л байна. Тэдний үзэл бодлыг сонсож, эргээд бид зовлонгоо давхар ярилцаж, гаргалгаа гаргах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэж, сэтгэл гаргаж, хүндэтгэлтэй, ухаантай хандах ёстой. Гэрээг төгс гэж хэлэхгүй. Засах хэрэгтэй. Ширээний ард суугаад, хэлэлцээд, ухаалгаар ярих ёстой. Хар муйхраар явж болохгүй. Мэдээж дотоод үйл ажиллагаа, болж байгаа процесс, өдөр тутмын саад бэрхшээлүүдийг салбарыг удирдаж байгаа сайд хүний хувьд зөв зохистой байдлаар нь харилцан ярилцаж байж шийдэх ёстой. Үүнийг нэг далайлтаар зогсоож шийднэ гэдэг бол байж болохгүй асуудал. Олон улсын түвшинд ярилцаж байж шийднэ шүү дээ. Мэдээж ахиц гарна. Урагшлах ёстой. Оюу толгойн гэрээг зогсоох юм уу, хүсэлтийг цуцална гэдэг асуудал байхгүй. Дахиад хэд хэдэн “Оюу толгой” байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хайгуулаа урагшлуулах хэрэгтэй.

-Эрдэнэс Таван толгойн IPO-г би хийнэ гэж та мэдэгдсэн. Хэзээ вэ. Бэлтгэл ажлын хүрээнд нэлээн хийх ажил байх шиг байна?

-Таван толгой компанийг шинэчилсэн бүтэц зохион байгуулалтад яаралтай оруулах ёстой. Энэ асуудлыг Засгийн газарт өргөн барьчихсан байгаа. Ер нь олон улсын стандартад нийцсэн бүтцээр явах ёстой. Би түрүүнд хэлсэн. Дээшээ гарах, доошоо гарах гэж. Дээшээ гэдэг нь толгой компаниасаа дээшээ гараад явчихна гэсэн үг. Доошоо гэдэг нь охин компани хэлбэрээр биржийн шалгуурт нийцсэн бүтэц зохион байгуулалтад орж ажиллахыг хэлж байгаа юм. Аль ч бирж ялгаа байхгүй. Биржүүдийн шалгуур стандарт нэг л байдаг. IPO-гийн бэлтгэл ажлыг энэ онд багтааж хийж дуусгахаар ажиллаж байгаа. Мэдээж хөрөнгө босгох ажил бий. Энэ жил коксжих нүүрсний үнэ ханш хорин хувийн өсөлттэй байх нь байна. Харьцангуй дэлхийн эдийн засаг Монголд ээлтэй байна. Монголын цаг иржээ гэж харж байгаа. Энэ боломжтой цагийг алдаж болохгүй. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, дотоодын хөрөнгийн биржээр гаргая. Дотоодын хөрөнгийн биржээр гаргаад Лондонгийн хөрөнгийн бирж рүү VR хэлбэрээр гаргах нь илүү зөв юм байна гэж үзэж байсан. Нөгөө талдаа 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргахаар ажиллаж байна. Таван толгой бол Оюу толгойгоос дутахгүй mining star төсөл. Энэ том ордод бид бүгдээрээ л хувь эзэмшиж байгаа шүү дээ.

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр зам тавих Засгийн газрын шийдвэр өнгөрсөн лхагва гаригт буюу дөрөвдүгээр сарын 10-нд гарсан. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн үр ашгийн хувьд Зүүнбаянгийнхаас илүү өгөөжтэй ч Засгийн газар буруу шийдвэр гаргалаа гэх байр суурийг олон хүн нийгмийн сүлжээнд илэрхийлээд байна?

-Өнгөрсөн онд нүүрсний үнэ өссөнөөс төсөвт орж ирсэн мөнгөөр энэ төмөр замыг барина. Зүүнбаянгийн төмөр зам “Эрдэнэс Таван толгой”-н IPO хийхэд хурдасгуур болно гэж харж байгаа. Мөн эдийн засгаасаа илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай.

Энэ хөндлөн төмөр замыг манай Засгийн газар, эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болоод шийдсэн зүйл огт биш. Социализмын үед “Уул уурхайн бүтээн байгуулалтын зам” гээд зургийг нь гаргачихсан байдаг. Цаашдаа энэ зам нийгэмд өөрчлөлт бий болгож, хүмүүс аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Цаашдаа хөндлөн замыг аль болох тавих хэрэгтэй, Дорнодоос Говь-Алтайн чиглэлд ч юм уу. Цус ойртолт ихэсч байна гээд буй. Тэгвэл үүнд ч нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам. Гашуунсухайтын төмөр замыг ч мөн барина. Энэ замыг барихад дотоодын аж ахуйн нэгжүүдээ уриалаад ч хөрөнгө босгох боломжтой. Улстөржихгүй л бол энэ хоёр замыг Монгол Улс нөөцөө шавхаад ч болов барих бүрэн боломжтой.

-Алтны татварын хувьд?

-Би 2.5 гэж харж байна. Яагаад гэвэл өмнө нь 68 хувийн татвар гэж аймшигтай зүйл болж салбарыг бүхэлд нь унагаагаад хаячихсан. Алт тушаалт бүр хоёр тонн хүрэхээ ч больсон. Дараа нь таван хувь болгоод алт тушаалт арван тонноос илүү авдаг байсан. Татварыг 2.5 болгоод алтны тушаалт нэмэгдэж 22 тонн хүрсэн шүү дээ. Үүнийг төв банкны зүгээс судалгаа хийгээд олон жил болж байна. 1990 оноос хойш тушаагдсан алтны нөөцтэй холбоод 29 жилийн хугацааны судалгааг харж тооцож байж Монголбанкнаас оруулж ирсэн тооцоо. Тэрнээс Уул уурхайн яам аль нэг аж ахуйн нэгжийн лоббид орчихсон байна. Алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн лоббид сайд нь орчихсон байна гэх мэт дэмий юм ярьж болохгүй. Би ямар нэг компанийн лоббид ордог хүн биш. Өөрийнхөө үзэл бодлын дагуу хийнэ гэсэн зүйлээ хийгээд л явна. Тиймээс төв банкнаас оруулж ирсэн 2.5 хувийн татвар зөв байсан юм гэдэг хатуу байр суурьтай байсан. Дундажлаад таван хувь гэдэг шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргасан. Миний нэг болгоомжлол бол 21 тонноос 11 нь техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагааны төлөвлөгөө болон ирэх жилийн төлөвлөгөөнүүдийг батлуулаад гарч байгаа. Энэ алтыг бид нар барина аа. Цаана нь хувиараа болон нөхөрлөлөөр алт олборлож байгаа хүмүүсийн алтны тушаалтыг бид хянаж чадахгүй болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл Төв банкинд тушаах эсэх нь тодорхойгүй байна гэсэн үг. Одоо ард иргэддээ эх орноосоо алт олборлосон бол эх орондоо тушаагаач ээ гэж уриалмаар байна.

-Вагнер Ази Групп Лимитэдийн болон Монгол Улс дахь компанийн 100 хувь болох бүх хувьцааг худалдан шилжүүлэхээр боллоо. Энэ талаар ярихгүй юу?

-Вагнер ази Монгол Улс дахь үйл ажиллагаагаа цаашдаа явуулаасай гэж бодож байна. Олон улсын нэр хүндтэй компани, техник тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг, ер нь Монголын уул уурхайтай зайлшгүй холбоотой шүү дээ. Монголын уул уурхайг өндийсөн цагаас нь л оролцож эхэлсэн. Хөрөнгө оруулаад ажиллаж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад илүү олон бий болоосой гэж салбарын сайдын хувьд хүсч явдаг. Тэгэхээр сахилга сул улстөрчид болих хэрэгтэй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг муу муухайгаар нь хэлээд л, тэнд нь үндэсний нэртэй боловч ямар ч техник, эдийн засгийн үндэслэлгүй, судалгаа тооцоо байхгүй, нөхөн сэргээлтээ хийдэггүй нөхдүүд нь үндэсний баатар болоод байдагаа болих хэрэгтэй. Ер нь бид нар бага ч гэсэн зарчимтай, аливаа зүйлд бодит нөхцөл байдлаа харж чаддаг, хөгжлийн төлөвлөгөөгөө харж чаддаг, юунд хүрэх гээд байгаа гэдгээ ойлгодог байх хэрэгтэй. Уул уурхайн салбар руу дайрдаг нь хэрээс хэтэрч байна. Энэ салбарыг муухай харагдуулж, бүгдээрээ эсэргүүцэж байвал бол оо гэж боддог. Уул уурхайн салбар зогсох юм бол Монгол Улсад юу болох вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Бид нар тэтгэвэр, тэтгэмж, цалингаа яах юм. Боловсрол, эрүүл мэндийн салбараа яах юм. Бүх зүйл энэ салбараас болоод унана шүү дээ. Ер нь уул уурхайн салбар цаашдын хорин жил баталгаатай улсын тэргүүлэх салбар байна. Үүний дараа уул уурхайн салбар босч ирж байж, араас нь бусад салбарууд өөрсдөө хөгжих ёстой. Ийм л хувилбар байгаа. Бидэнд өөр сонголт байхгүй.

Онцлох нийтлэлүүд