ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.11.02 09:11

Д.Тогтохсүрэн: УИХ-ыг тарааж, улс төрийн хямрал, эмх замбараагүй байдал үүсгэхээс илүүтэйгээр зөвшилцөх, хэлэлцэх чиглэл рүү явах ёстой

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Уг үйл явдал нь Монгол Улсад анхны тохиолдол учир хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна л даа. Энэ нь хэр зөв шийдвэр гэж та харж байна вэ?

-Үндсэн хуулиараа ч тэр, Ерөнхийлөгчийн тухай хуулиараа ч тэр төрийн тэргүүн УИХ-ыг тараах санал гаргах эрхтэй. Эрхийнхээ хүрээнд санал гаргасан гэж ойлгож байгаа. Хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэдгийг Үндсэн хуулиараа УИХ өөрөө шийднэ. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь таръя гэсэн санал гаргавал тарах Үндсэн хуулийн заалттай. Тийм учраас УИХ хэлэлцээд шийдвэрээ гаргах болов уу. Ерөнхийлөгийн албан бичигт дурдсанаар болон C1 телевизээр ярьж байгаагаас нь харахад хоёр үндэслэлтэй юм билээ. Нэгдүгээрт, “УИХ-ын гишүүд ЖДҮ-ийн сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж хөнгөлөлттэй зээл авч, өөртөө болон гэр бүлдээ давуу байдал олгосон байна. Уг асуудал нь олон түмний шүүмжлэлд өртөж байна. Энэ нь байж болохгүй зүйл. Тиймээс УИХ тарах хэрэгтэй байна” гэдэг үндэслэл гаргасан байна лээ. Одоогийн байдлаар ЖДҮХС-гаас өөрийнхөө хамаарал бүхий компанид тав, зургаан гишүүн зээл авсан гэж яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн албан бичигт 50 гишүүн гэсэн байсан. Миний хувьд л гэхэд ЖДҮХС-гаас зээл аваагүй. Үүнийгээ албан ёсоор хэлье. Өмнө нь авч байгаагүй, авах тухай бодол ч байхгүй.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч “Хөдөө аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрүүдийг олноор бий болгомоор байна. Хөдөө аж ахуйг Монголын хөгжлийн гарц болгох хэрэгтэй. Тийм учраас энэ асуудалд мөнгө төсөвлөх ёстой” гэдгийг голлож ярьсан байна лээ. Манай намын бүлэг дээр ч энэ тухайгаа ярьсан. Уг санаа нь бол зөв. Бид ч дэмжиж байгаа. Хөдөө аж ахуй бол цаашдаа уул уурхайн дараа орох манай улсын хөгжлийн гол салбар мөн. Гэхдээ 500 сая ам.доллар буюу 1.2 орчим их наяд төгрөг улсын төсөвт суулгах шаардлагатай. Монгол Улсын өнөөгийн төсвийн байдал энэ мөнгийг нэг дор суулгах боломж бага. Хоёрдугаарт, тэр үйлдвэрүүдийг төр өөрөө барьж болохгүй. Бизнес эрхлэгчид л барих ёстой. Бизнес эрхлэгчдийг зээлийн бодлогоор л дэмжинэ. Иймд цаашдаа “Ирээдүй өв сан”-гийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Хөгжлийн банкаар” дамжуулж энэ зээлийг олгох эсэх талаар ярилцаж байгаа. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч “Гишүүн бүр тойрогтоо найман тэрбум төгрөг хуваарилаад авчихсан, түүнийгээ өөрсдөө зарцуулж байгаа” гэж ярьсан байна лээ. УИХ-ын гишүүн бол хөрөнгө зарцуулдаг, томилгоо хийдэг хүн биш. Хөрөнгө зарж, хүн томилдог нь Засгийн газар, аймаг орон нутаг. Ерөнхийлөгч 2004-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүний хувьд сайн мэдэж байгаа. Тэгэхээр нийгэмд буруу ойлголт өгөх хэрэггүй л болов уу.

-Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараахыг хүсч байгаа юм бол өөрөө ч огцрох ёстой гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлж байгаа. Ер нь ийм нөхцөл байдал үүсгэх нь хэнд ашигтай юм бэ?

-Бид барьцаанд орчихсон юм шиг зүйл ярьж болохгүй л дээ. УИХ огцрохгүй, харин та огцор гэх зүйлийг ярьж болохгүй. Хувь хүний гэхээсээ илүүтэйгээр хариуцлагын тогтолцоог бид хууль эрх зүйдээ бүрэн суулгаж өгөөгүйтэй холбоотой гэж харж байна. Өмнөх дөрвөн жилд ч гэсэн УИХ-ыг тараая, Засгийн газраа огцруулъя гэж ярьж байгаад л орхисон. Манай өнөөдрийн Үндсэн хуулиар УИХ тарах тун хэцүү. Тиймээс бид бие биеэ огцруулна гэж барьцаж байхаар одоо болохгүй байгаа засаглалын хямралыг яаж даван туулах уу, яаж төр засагт сонгогдож, томилогдож байгаа хүмүүсийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх үү гэдэгт хамтарч, хүч гаргаж ажиллах хэрэгтэй.

Ер нь засаглалын хүрээнд өнөөдрийн энэ болж байгаа үйл явцтай холбогдуулаад цаашдаа засах, сайжруулах, өөрчлөх шаардлагатай олон асуудлууд бий. Үүнийг УИХ тарснаар шийдэхгүй. Энэ асуудал Үндсэн хуульд өөрчлөлт орсноор л шийдэгдэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цаашдаа засаглалын хямралыг гаргахгүй байхад чиглэсэн өөрчлөлт хийж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах, Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр УИХ дангаараа бие дааж төсвийн шинэ зардал үүсгэхгүй байх, төсвийг өндөр алдагдалтай батлахыг хориглож байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаглалыг сайжруулах, УИХ-ын эрхийг хязгаарлаж Засгийн газрын эрхийг нэмэгдүүлэх, орон нутгийн томилгоог иргэд рүү чиглүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгох, шүүхийг хараат бус болгох чиглэлээр хийгдэнэ. Тиймээс УИХ-ыг тараая гэхээсээ илүүтэйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хурдан хийж цаашдаа засаглалын хямрал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. УИХ-ыг тарааж болно. Дахиад шинэ УИХ гарч ирнэ. Эрх зүйн орчин нь адилхан юм чинь яг л ийм байдалтай явна. Өнгөрсөн 28 жил ч ингэж явсаар ирсэн. УИХ-ыг тарааж, улс төрийн хямрал, эмх замбараагүй байдал үүсгэхээс илүүтэйгээр Ерөнхийлөгч, УИХ-ын зүгээс зөвшилцөх, ярилцах, хэлэлцэх чиглэл рүү явах ёстой. Дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ч хийх хэрэгтэй. Ингэж байж 2020 онд бүрдэх парламент үүсээд байгаа асуудлыг дахиж гаргахгүй болов уу.

-Ерөнхийлөгчийн уг саналыг УИХ-аар хэлэлцэх үү?

-Үндсэн хуулиараа бол УИХ-ын даргатай зөвшилдөх ёстой. УИХ дарга зөвшилдөх эсэхээ УИХ-тайгаа ярих байх. Ганцаараа шууд хариу өгчихгүй болов уу гэж бодож байна. УИХ-ын дарга зөвшилцөхгүй гэж үзвэл парламент руу орж ирэх юм билээ. Парламентаар хэлэлцэгдэх болов уу гэж бодож байна. Хэлэлцэгдэх нь ч зөв байх. Үндэслэл зэргээ ч ярих хэрэгтэй. Энэ нь дарагдаад өнгөрчихгүй харин ч засаглалынхаа болж, бүтэхгүй байгаа зүйлийг засч, сайжруулах ёстой юм. Ингэхгүйгээр хоорондоо байлдаад байх нь зохисгүй. Энэ хямралаас гарах эрх зүйн орчин л бүрдүүлэх хэрэгтэй.

-Сайд, УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Холбогдсон нэр бүхий хүмүүст ямар хариуцлага ногдуулах ёстой гэж үзэж байна?

-Манай гишүүдийн хувьд ЖДҮХС-гаас зээл авсан нь буруу гэж харж байгаа. Энэ бол цэвэр ёс зүйн асуудал. Цаашдаа ийм байдлыг манай гишүүд гаргадаггүй байх ёстой. Үүнийг тэвчдэг байх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрийн зээлд зарим нь санаатай ч холбогдсон байх. Зарим нь санамсаргүй ч холбогдсон байгаа болов уу. Гэхдээ л энэ хүмүүс ард түмнээсээ уучлал гуйж, мөнгийг нь буцааж төлөх хэрэгтэй. Төсвийн мөнгийг шамшигдуулж, концесс гээд аваад давхичихсан биш, хүүтэй нь зээлсэн гэж харж байгаа хүмүүс байгаа л байх. Энгийн агуулгаараа бол тэгж харагдаж байгаа. Түүгээр нь бодох юм бол буцаагаад төлчих хэрэгтэй. Дахиж ийм зүйл давтагдах боломжгүй болтол нь гарах гарцуудыг нь хаах ёстой гэж бодож байна.

ЖДҮХС-гийн зээлийг нээлттэй болох чиглэлээр санал гишүүдийн нэг нь би. Өнгөрсөн жил ч би “ЖДҮХС-гийн зээлийг орон нутагт өг. Тэд бизнес, төрийн бус байгууллага, банкныхаа төлөөллийг оруулаад шийдэх ёстой. Мөн ЖДҮХС-гийн мөнгийг банкаар дамжуулах хэрэгтэй. Ингэж байж зээл эргэн төлөгдөнө” гэдгийг хэлж байсан. Сангийн яам жижиг, дунд үйлдвэр дээр мөнгө төсөвлөдөггүй гол учир нь банкаар дамждаггүйтэй холбоотой. Төсвийн мөнгийг эрсдэлтэй зүйлд үрж болохгүй гэж үздэг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохын тулд ЖДҮХС-гийн УИХ-ын гишүүдийг 950 саяас нэг тэрбум төгрөгийн зээлээр хахуульдсан гэх яриа байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ хоёр жилийн хугацаанд нэг ч төгрөг жижиг, дунд дээр тавиагүй. Банкаар дамждаггүй, эрдсэлтэй учраас тэр. Өнөөдрийн байдлаар 315 тэрбум төгрөг улсын төсвөөс гарчээ. Түүнийг 180 гаруй тэрбум төгрөг нь банкаар дамжаагүй учраас эрсдэлтэй байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлт энэ намрын чуулганаар амжиж хэлэлцэгдэх үү. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар “Нийтийн санал асуулга” явуулах хэрэгтэй, одоогийнхоор баталж болохгүй гэж байсан. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг хугацаа нь болчихоод байгаа юм. Бид шинэ үндсэн хуулиа судлаад 27 жил болчихлоо. Дэлхий нийтийн парактикийг хараад байхад Үндсэн хуулийг 20-25 жилийн хугацаанд өөрчлөөд байгаа юм. Үндсэн хууль баталж байсан үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг өнөөгийнхтэй харьцуулахад тэмээ, ямаа шиг ялгаатай болжээ. Тэр үед зохицуулж байсан харилцаа өнөөдөр тэс ондоо болсон. Мөн дутуу орхисон, тухайн үед гардаггүй байсан үйл явдлууд гарч ирж байгаа. Энэ нөхцөл байдлаа бодож үзэх шаардлагатай. Тиймээс Үндсэн хуулийн асуудлыг одоо л шийдэх хэрэгтэй. Орон нутгийн Засаг дарга нар л гэхэд ИХТ-ийнхөө барьцаанд л орчихсон байна шүү дээ. Огцрохгүйн тулд тэр төлөөлөгчдийн хүнийг ажилд томилдог, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг нь шийддэг, газар олгодог болчихсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийснээр Засаг дарга нарыг ийм байдлаас гаргах юм.

УИХ-д 50-иас дээш суудалтай байснаар Үндсэн хуулийн асуудлыг шийднэ. Өмнө нь АН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гээд гарын үсэг цуглуулаад л байсан чадаагүй. Тухайн нам 50-иас доош суудалтай учраас өөрчлөлтийг хийх боломжгүй юм. Харин одоогийн Их хурал өөрчлөлт оруулах боломжтой бүрэлдэхүүн юм. Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар нийгмээрээ хэлэлцүүлэх ёстой. УИХ хоёрдугаар хэлэлцүүлгээ хийчихээд Журмын тухай хуулийн дагуу гурав дахь хэлэлцүүлгээ ард түмнээр хэлэлцүүлэх ёстой гэж бодож байна. Иргэд зөвшөөрвөл цааш явах нь зөв.

-Ерөнхийлөгчийн саналтай холбоотойгоор төсөв дээр өөрчлөлтүүд гарах байх гэсэн таамаг их байна л даа...

-Засгийн газраас өргөн барьсан төсвийг дэмжиж байсан. Орон нутгийн хөрөнгө оруултад гэхэд 189 тэрбум төгрөг тавьсан. Харин үүнийг Ерөнхийлөгч шүүмжилснээр УИХ-ынхан ч уухайн тас танасан. Миний хувьд УИХ дахь Төвлөрлийг сааруулах ажлын хэсгийн ахлагч юм. Тиймдээ ч орон нутгийн дарга нар тэрхүү хөрөнгө оруулалтыг суулгаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. УИХ ингээд шийдчихсэнд сэтгэл дундуур байгаа. Эдийн засаг өсөөд төсвийн орлого нэмэгдээд ирэхээр олж байгаа таван төгрөгөө хуваарилах гээд л дайрчихаж байгаа юм. Уг нь төсвийн орлого нэмэгдэж байгаа энэ үед бид төсвийнхөө алдагдлыг бууруулах ёстой. Өмнөхөө бодвол наймаас 5.4 болж буурсан л даа. Гэхдээ алдагдалгүй, эсвэл хоёр хувь руу оруулах боломж байгаа. Алдагдал гэдэг чинь өр шүү дээ. Зээлээр л авна. Дараагийн жилүүдэд төлж л таарна. Төсвийн алдагдлаа багасгачих байсан л гэж бодож байгаа. Яахав хөрөнгө оруулалтууд сайн хийгдэж байна. Ингэснээр сумдууд руу хөрөнгө оруулалт сайн хийгдэнэ. Энэ нь жигд хөгжүүлэх бодлого явж байна гэж харж байгаа юм. Улсын төсөв батлагдаагүй байна. Ерөнхийлөгчийн тавьсан саналтай холбогдуулаад ирэх оны төсөв дээр асуудлууд нэлээн яригдах юм байна гэж бодож байна.


Онцлох нийтлэлүүд