Гадаад
2020.10.21 01:10

Д.Трамп, Жо Байден нарын халз мэтгэлцээн микрофоны дууг хаах горимоор явагдана


Ирэх сарын 3-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуульд нэр дэвшигчдийн сүүлчийн халз мэтгэлцээн пүрэв гаригт болох юм. Энэ нь Улаанбаатарын цагаар баасан гаригт Тенниси муж улсын Навилл хотноо зохион байгуулагдах юм. Д.Трамп, Жо Байден нар зургаан сэдвээр тус тус 15 минутын хугацаанд мэтгэлцэх юм байна. Урьдах мэтгэлцээний үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өрсөлдөгчийнхөө яриаг тасалж байсан зэрэг нэлээд асуудал гарч байжээ. Тиймээс энэ удаад сэдэв тус бүр дээр нэр дэвшигчид байр сууриа илэрхийлэх үед эхний хоёр минутын хугацаанд өрсөлдөгчийнх нь микрофоныг хаах гэнэ. Үүний дараа нэр дэвшигчдэд чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох аж. Энэ удаагийн мэтгэлцээнээр ковидын цар тахалтай тэмцэх байдал, уур амьсгалын өөрчлөлт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, үндэсний аюулгүй байдал, гадаад, дотоод бодлого зэрэг асуудлыг хөндөх тухай онцолж байв. Гэвч сүүлчийн халз мэтгэлцээнд гадаад бодлогын асуудлыг хассан явдалд Д.Трамп харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Сэдвийг өөрчилсөн нь шударга бус байна. Хөтлөгч, зохион байгуулагчид нөгөө талд хэт үйлчилж байна” гэжээ.

Онцлох нийтлэлүүд