ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.19 11:05

Д.Тэрбишдагвын хэлсэн 22 ишлэл

  • Хамтарч ажиллаж  байгаа гээд амаа үдүүлсэн, ус балгасан юм шиг дуугүй байх албагүй.
  • АН-тай тэр гэрээг хийхээр төсөл маягийн юм боловсруулчихсан байтал ноорог нь алдагдаж, хэвлэлд гарсан л даа. Энэ ноорог манай намын ердөө гурван хүнд байсан.  Хэн нь задалсныг хэзээ нэгэн цагт нам дотроо ярих байх.
  • Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа НҮБ-д ажиллуулах тухай яригдаж байсан юм билээ. 
  • Тэр бол НҮБ-д ажиллах хэмжээний хүн мөн шүү дээ.
  •  Монголдоо болдоггүй гээд байгаа юм бол гадаадад яагаад ажиллуулж болохгүй юм гэсэн үүднээс  санал болгож төсөлд тусгасан хэрэг.
  • Аль нэгийнх нь ажил хэн нэгэнд нь таалагдахгүй бол огцруулах бичиг өгч гүйхээ больё гэж ярилцсан юм. Бид нэгэнт хамтарч ажиллаж байгаа бол хэн, хэн  рүүгээ “чулуу” шидээд яахав, тууштай, хариуцлагатай  байя гэсэн үүднээс  санамж бичигт гарын үсэг зурсан юм.
  • О.Баасанхүү гишүүний энэ үйлдлээс сургамж авч, хамтарч байгаа намууд хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг ухамсарлаж, санамж бичиг гаргалаа л даа.
  • О.Баасанхүү нэг их айхтар тохиролцоо хийгээд явах хүн биш. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэхээр  Сөүлд очихдоо намынхаа дарга Н.Энхбаяртай уулзсан юм билээ.
  • Сөрөг хүчнээ засагт  урьж оруулаад, хяналтгүй болгож, МАНАН татуулаад ямархуу байдалд хүргэснийг олон түмэн сайн мэдэж байгаа.
  • Хэрвээ шударга бус үйл ажиллагаа явуулбал харин ч бид жийгдэх биш хаяад явах чадвартай улс төрийн хүчин шүү.
  • Сүүл хөхөж өсч,  сүү ууж  өтөлдөг ард түмэн Монголоос өөр  байхгүй.  
  • Бид газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлж, хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжвэл хөгжлийн гол тулгуур багана нь тэр болно.
  • Оюу толгойн хөрөнгө оруулагчтай ойлголцож, аль аль талдаа ашигтайгаар асуудлыг шийдэхэд тодорхой ахиц гарч байгаа.
  • Намайг Хөдөө аж ахуйн сайд байхад жилийн төсөв нь ердөө 11 тэрбум төгрөг байлаа. Гэтэл одоо зөвхөн нэг хүлэмжийн аж ахуйд ногдож байгаа мөнгө нь 13 тэрбум төгрөг болжээ.
  • Дургүй ламыг дарж байж сахил хүртээвэл шал дордоно гэдэг дээ.Тиймээс Х.Баттулгын хүсэлтийг хүндэтгэж үзэх учиртай.
  • Х.Анхбаяр гэдэг бизнесмэн залууг мэднэ. Тэр бол Монгол Улсын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан Монгол Улсын баатар Нянтайсүрэнгийн ач хүү.
  • Танай сонинд гарсан мэдээллээс харвал “Чи Тэрбишдагватай ямар холбоотой вэ” гэж  байцаагаад байгаа юм билээ.Тэрнээс бид хоёрын дунд  авлига болон хууль бус ямар ч зүйл  байхгүй гэдгийг баттай хэлж чадна. 
  • Түүнийг эмнэлэгт хэвтье гэхээр зөвшөөрдөггүй гэж байгаа. Ингэж цаг алдаж байгаад түүнийг  дараагийн Амарсайхан болгох гээд байгаа юм уу.
  • “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал  дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх.
  • Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хий, нефтийн хоолой, төмөр зам, эрчим хүч, засмал замыг Оросоос Хятад руу тавихдаа Монголоор дайруулах асуудлыг ярьж байгаа.
  • Оросоос нефтийн бүтээгдэхүүн авах хоолойг Хятад руу тавихдаа Монголоор дайруулах талаар саяхан  Роснефтийн дарга манайд ирж яриад явлаа.
  • Хэрвээ хийн хоолойг Монголын нутгаар дайруулбал секунд тутамд мөнгө орж  байх болно.

Онцлох нийтлэлүүд