ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2015.05.24 05:05

Д.Төмөрбаатар: Соробан нь тоо бодох хэрэгсэл төдийгүй хүн хөгжүүлэх, хүүхэд төлөвшүүлэх арга юм

Сүүлийн үед Монголд дэлгэрээд байгаа, зарим сургууль сургалтын төвүүдэдхичээллэх болсон соробангийн сургалтын талаар Монголын соробангийн холбооны тэргүүн, япон судлаач Д.Төмөрбаатартай ярилцлаа.

-Японы соробан Хятадын сампингаас юугаараа ялгаатай вэ. Соробан хэдий үед үүссэн бэ?

-Сампин гэхээр монголчууд ерөнхийд нь ойлгож төсөөлж байгаа байх. Хятадын суаньпан, Оросын щёты хэмээх сампингууд байдаг. Оросын щёты бол нэг эгнээндээ 10 эрхтэй, тоог их энгийнээр боддог хэрэгсэл. Харин Хятадын суаньпан бол нэг эгнээндээ хоёр болон таван эрх тусгаарлан байрласан байдаг. Суаньпанг хэрэглэх үед тоо бодох үйл явцын 30 орчим хувийг хүн өөрөө төсөөлөн боддог. Харин Японы соробангийн хувьд, гүнд нь тултал боловсронгуй болгосон, өөрийн гэсэн тодорхой дүрэмтэй, тоо бодож байгаа хүн өөрөө оюун ухаандаа төсөөлөн, тоо бодох үйл явцын бараг талаас илүү хувийг өөрөө гүйцэтгэх шаардлагатай байдаг, тоо бодох хэрэгсэл л дээ. Энэ хэрээрээ соробангаар тоо бодож байгаа хүүхдүүдийн оюун ухааныг ихэд хөгжүүлдэг. Соробан бол таван зуу гаруй жилийн түүхтэй. Соробан нь япончуудын бий болгосон тоо бодох хэрэгслээр зогсохгүй хүн хөгжүүлэх соёл, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх өвөрмөц арга юм л даа.

-Техник технологи хөгжсөн өнөө үед соробангаар хичээллэх шаардлага байна уу. Соробангаар хичээллэх нь хүүхдэд ямар ач тустай вэ?

- Соробангаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд тоондоо сайн болоод зогсохгүй, тэвчээртэй, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг болно. Хүүхдүүд удаан хугацаагаар яг япон стандартаар нь хичээллэх юм бол яваандаа оюун ухаандаа эрдэм мэдлэгээ цэгцэлж чаддаг болж, ямар ч шинжлэх ухаанаар хичээллэх суурьтай болдог юм.

Орчин үед бүх юм автоматжаад, хүн мөнгөө төлчихөөд л гэртээ сууж байхад буюу “хөдлөхгүй, сэтгэхгүй” байхад амьдраад байж болохоор болжээ. Харин хүн ингэж хөдөлгөөнгүй, бодохгүй суусаар байгаад өвчин тусч, яах ч аргагүй фитнес энэ тэрд явж эхэлж байна шүү дээ. Харин оюун ухааны ядуурлаас хамгаалах фитнесбол энэхүү соробан сампинюм л даа. Японд настай хүмүүс аливаа зүйлийг мартах, оюун ухаан муудахаас сэргийлж соробангаар хичээллэх тохиолдол бий.

-Япончууд өөрсдөө соробангаараа хичээллэж байна уу. Японы сургуулийн хөтөлбөрт албан ёсоор орсон байдаг гэж сонссон юм байна?

-Япончууд соробангаасаа одоо болтол татгалзаагүй л дээ. Гэхдээ цагийн эрхээр соробанг хэрэглэхээ больсон. Одоо сургуулийн хөтөлбөрт байдаг ч тун бага хугацаагаар ордог. Харин мэргэжлийн олон сургалтын төв, дамжаануудад соробан зааж байгаа. Японд гурвантом холбоо байдаг. Энэ холбоод жилд олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг.

-Манайд хэр олон хүүхэд хичээллэж байна вэ. Монгол хүүхдүүдэд заахад хэр хурдан сурдаг бол. Япон хүүхдүүдээс ялгаатай байна уу?

-Монголд соробан дэлгэрч эхлээд бараг арваад жил болж байна. Японы өвөрмөц соёл болох соробанг дэлгэрүүлэх, түүнчлэн сургалт явуулах, олимпиад тэмцээн зохион байгуулах, Японы сургууль, холбоодтой харилцах зэргээр ажилладаг. Манай холбооны дэргэд “Монгол соробан” сургалтын төв ажиллаж байна. Маш өндөр зэрэглэлийн, туршлагатай япон зөвлөх багштай, чадварлаг монгол багш нартай. Япон багш нарын удирдлагад соробанг монгол хүүхдүүдэд заах хөтөлбөр, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол хүүхдүүд сайн сурч байна. Гэхдээ монгол хүүхдүүд хурдан ойлгож, хурдан мартаж, тууштай хичээллэхгүй байна. Соробангаар тууштай, зөв хичээллэсэн япон хүүхэд соробангаар олж авсан мэдлэгээ насан туршдаа хэрэглэдэг. Тэгэхээр юуны тулд соробангаар хичээллэх вэ, гэсэн асуулт урган гарч ирж байгаа биз. Харин манай аав ээж нар энэ талаар арай л хожуу ойлгодог юм. Зөвхөн тоонд нь л сайн болгох гээд байдаг юм.

-Соробангаар түргэн хугацаанд тоо бодох хичээлийг олон сургалтын төв явуулдаг болжээ. Таны бодлоор энэ олон төвүүд чанартай сургалт явуулж чадаж байгаа юу. Багш нарыг чансаагаар эрэмблэдэг үү?

-Одоо яг ийм асуудал урган гарч ирээд байна. Хаана, яаж соробан сурсан нь мэдэгдэхгүй багш нар нэг жижиг өрөө түрээсэлж аваад л сургалт явуулдаг гэсэн. Монголын соробангийн холбооны ажилд оролцохгүй, тэгсэн хэрнээ манай холбооны нэрийг, бүр миний нэрийг бариад сургалт явуулж байгаа газрууд байгаа гэсэн. Жил бүрийн намар манай холбоо Японы Элчин сайдын яамтай хамтран олимпиад зохион байгуулдаг. Энд тэнд байгуулагдаад байгаа жижиг төвүүд хүүхдээ ердөө оролцуулдаггүй. Ийм төвүүд миний яриад байгаа япон стандарт, соробангийн сургалтаар хүүхэд төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдлын талаар мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ийм төвүүдэд хүүхдээ сургаад цаг, мөнгөөрөө хохирсон олон хүн бидэнд гомдол мэдүүлж ирдэг. Би аав ээж нарт хэлдэг л дээ “Та бүхэн өөрсдөө хариуцлагатай бай, хэнд ямар газар хүүхдээ сургаж байгаагаа сайн шалгаж нягталж бай” гэж. Манайхан ч хууртахдаа амархан юм даа. Манай “Монгол соробан” сургалтын төв гэхэд л Улаанбаатар хотод баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Спортын ордны дэргэд гээд ердөө гурван салбартай. Цөөхөн салбар байдаг нь сургалтын чанартай холбоотой. Эрдэнэт хотын “Их мандал” төвд салбар нээгдэж байгаа.

-Соробан сампин Японоос өөр оронд хөгжсөн үү?

-Соробан бол япончуудын бий болгосон том соёл. Хэрвээ соробанг дэлгэрүүлье, энэ соёл эрдэм ухааны сайн сайхнаас хүртье гэж байгаа бол япончуудын бий болгосон тэр хэлбэр агуулгаар нь л хүлээж авах ёстой. Соробанг олон улс оронд мэддэг ч дэлхийд тэгж их өргөн дэлгэр тархаагүй байна. Зүүн өмнөд Азийн орнуудад тооны бусад арга төрлүүдтэй хольж сургалт явуулдаг юм байна лээ. Япончууд үүнд дуртай байдаггүй. Хамгийн чухал нь соробангийн сургалтаар хүүхдэд олгодог төлөвшүүлэх, хүүхдийг тэмүүлэлтэй болгох ач холбогдлыг нь хэрхэвч орхиж болохгүй. Ийм сургалт явуулахын тулд япончуудаас суралцахаас өөр аргагүй. Манай холбоо Японы соробангийн холбоодуудтай байнга, нягт хамтран ажилладаг. Одоо бид Соробангийн чадварын түвшин тогтоох шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх гэж байна. Энэхүү түвшин тогтоох шалгалтын материалыг Японы соробангийн холбооноос ирүүлдэг, тодорхой дэг журамтай тогтолцоо. Удахгүй анхдугаар шалгалт болно. Японд соробангаар хичээллэгч хүүхдүүд түвшингээ ахиулах гэж байнга мэрийдэг, ийм шалгалтыг байнга өгснөөр тодорхой зорилго мөрөөдөлтэй болж, тууштай хичээллэх урам зоригтой болдог юм.

-Хүүхдийг хэдэн наснаас нь соробангаар хичээллүүлж болох вэ?

-Бид нэлээн хэдэн жил ажилласны дүнд Монголд Японы адилаар хүүхдийг дөрвөн наснаас нь бэлтгэл хийлгэж байгаад таван наснаас нь соробанг заах хөтөлбөр болон заах аргатай болсон. Монгол хүүхдэд дөрвөн нас хүртэл нь монгол хэл, монгол ахуй, гэр бүл нийгмийн хамгийн энгийн ойлголтуудыг өгөөд, дөрвөн наснаас нь тусгай эрдэм рүү чиглүүлж эхлэх хэрэгтэй гэж би боддог. Одоо бас л туйлшраад цэцэрлэгт соробан зааж байна гэсэн. Дөнгөж бүрэлдэн бий болж байгаа эмзэг, уураг тархиар хамаагүй оролдож болохгүй.Соробангийн сургалтыг яг япон стандартаар нь явуулах тийм амар биш. Соробангийн сургалтаар хүүхдэд олгож болох олон чадварыг бүрэн, зөв олгох хэмжээний сургалтыг зохион байгуулахад өндөр түвшний багшлах боловсон хүчин шаардагдана. Тийм учраас манайд хавтгайруулах хэрэггүй. Харин өндөр түвшний, мэргэжлийн төвүүдэд л сургах хэрэгтэй гэж бодож байна. Соробангийн багш нарын түвшнийг тогтоох, зөв сургалт явуулж байгааг нь эрх бүхий төрийн байгууллагууд шалгаж нягтлах ёстой. Манай холбоо энэ тал дээр хамтран ажиллахад бэлэн байна. Яваандаа ийм ажлыг санаачилна гэж бодож байгаа.

-Монгол хүүхдүүд өнөөдрийн байдлаар соробангаар ямар амжилт гаргаад байна вэ?

-Монголын соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” сургалтын төвд хичээллэж байгаа хүүхдүүд маш сайн суралцаж байна. Аав ээжүүд сэтгэлхангалуун байдаг. Янз бүрийн уралдаан тэмцээн зохиогддог, Японд сургалт-аялалд явдаг. Жил бүрийн намар Японы Элчин сайдын яам, Японы соробангийн холбоодтай хамтран зохион байгуулдаг Соробангийн олимпиад байна. Өнгөрсөн жилийн долдугаар сард Токио хотод болсон олон улсын цээж тоолол-анзангийн тэмцээнд манай холбооны 28 сурагч, зургаан багш оролцож, нэг хүүхэд мөнгөн медаль, хоёр хүүхэд хүрэл медаль, хоёр хүүхэд тусгай шагнал хүртсэн. Дөнгөж саяхан буюу тавдугаар сарын 6-нд Японы Цүкүба хотод болсон Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах тэмцээнд “Монгол соробан” төвийн дөрвөн сурагч багшийнхаа хамтаар оролцож хоёр хүүхэд дөрөвдүгээр ангийнхны ангилад хоёрдугаар байр эзэлсэн бол зургаан настай Т.Түвшинбаяр бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдтэй өрсөлдөн түрүүлж, Ибараки мужийн аварга соробанчин боллоо. Энэ бол манай хүүхдүүдийн үзүүлсэн хамгийн том амжилт. Япон багш нар бидэнд хоёр зүйлийг захиж байна лээ. “Та нар хүүхдүүдээ тууштай хичээллүүлэх хэрэгтэй. Энэ Түвшинбаяр соробангаа орхилгүй тууштай хичээллэх юм бол Японы аварга болж мэдэхээр байна шүү” гэж хэлж байсан. Түүнчлэн, “Соробанг зөвхөн тоонд сайн болгох хэрэгсэл гэж харж болохгүй шүү, соробангаар хичээллэснээр хүүхдэд олгох төлөвшлийг хэрхэвч орхиж болохгүй” гэж захисан юм.Соробангийн сургалтын талаар “Монгол соробан” төвийн фэйсбүүк, мөн mongolsoroban.mn вэб сайтаас мэдээлэл авч болно.

Соробанг заах арга аргачлал, суралцагч хүүхдэд олгодог чадвар онцлогийн талаар товчхон хэлж өгөөч?

Соробангаар тоо бодоход нарийн дүрэмтэй. Энгийн нэмж хасах үйлдлүүдийг хийх дүрэм харьцангуй амархан. Харин хуваах, үржүүлэх, түүнчлэн, бутархай тоог бодох дүрмүүд нь нэлээн адармаатай. “Монгол соробан” сургалтын төвд яг Японд зааж байгаа арга, дүрмээр заадаг. Үр дүнд нь япон хүүхдүүдтэй тоо бодлого, төлөвшлөөрөө эн зэрэгцэх хүүхдүүд төрж гарч ирж байна. Яг дүрмийг нэг бүрчлэн товчхон танилцуулах амаргүй. Харин аргуудын талаар хэлж болно. Суралцагсдад цаасан дээрх бодлогыг харуулж бодуулах миторизан, компьютерийн дэлгэцэн дээр хурдан гарч ирэх бодлогыг харуулж бодуулах флашанзан, сонсгож бодуулах ёмиагэзан гэх мэтээр аргууд бий. Ийм аргаар бодуулсаар цээжээр олон оронтой тоог бодож сурах хүүхдүүдийн сонсох ой, харах ой, сэтгэх ой гэх зэрэг нь хоорондоо харилцан уялдаатайгаар хөгждөг. Ингэж иж бүрнээр заах юм бол хүүхдийн оюун ухаан их далайцтайгаар хөгждөг. Энэ бол япон стандарт. Харин хөөрлийн маягаар, шоу маягаарэнгийн тоо бодуулаад л, өнгөн талыг нь хараад байх юм бол соробангийн сургалтынүр дүнг бүрэн хүртэж чадахгүй. Тайвань, Малайз гэх орнуудад, түүнчлэн Туркад, бас, Японы зарим нэг газар соробангийн дүрмийг ашиглан, уучлаарай, жаахан эвгүйхэлчихвэл хүүхдүүдийг “хошгоруулах” маягийн сургалт явуулдаг газрууд байдаг юм байна лээ. Энэ бол япончуудын таван зуун жилийн туршид бодож бий болгосон соробангийн сургалт биш. Манай “Монгол соробан” сургалтын төвийн фэйсбүүкийг тогтмол хардаг солонгос багш нар “Та нар яаж ийм арга боловсруулсан бэ, наана чинь япон зөвлөгч байна уу” гэж асууцгаадаг. Бид уламжлалт, жинхэнэ япон стандартын соробангийн сургалтыг Монголд нутагшуулахыг зорьж байна. Тун удахгүй соробанчин хүүхдүүдийн түвшинг тогтоодог тогтолцоог нэвтрүүлнэ.

Б.Янжмаа

Онцлох нийтлэлүүд