ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.16 09:09

Д.Цогтбаатар: Мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчдэд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж өгөх хэрэгтэй


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Та технологийн гарааны бизнес эрхлэгчдэд эдийн засгийн чөлөөт орчинг бий болгох талаар хөндсөн. Үүнийг зарим хүмүүс “Цахиурын хөндий”-г Монголд байгуулах гэж байна гээд шүүмжилж байх шиг байна лээ. Цахиурын хөндийг манайд байгуулах боломж хэр байна. Та энд ямар байр суурьтай байна?

-Би “Цахиурын хөндий” гэж яриагүй. Сэтгүүлчид, залуучууд өөрсдийн уран сэтгэмжээр баяжуулж, “Цахиурын хөндий”-г бий болгох талаар бодож байгаа бол тэр нь залуусын урмын асуудал.

Эрх чөлөөтэй оронд өөрийн хүссэнээр сэтгэж, хүссэнээрээ мөрөөдөж, түүнийгээ байгуулах гэж зүтгэх нь зөв. “Цахиурын хөндий”-н талаар нэг хэвлэл дээр зүйрлэн бичсэн нийтлэл гарсан байна лээ. Түүнийг нь олон нийтийн сүлжээгээр өөнтөглөж л байгаа харагдана лээ.

Залуучууд тийм зүйл хүсч, мөрөөдөж байгаа бол түүнийгээ байгуулахын төлөө зүтгэнэ шүү дээ. Түүнээс биш “Цахиурын хөндий” гэж ярьснаар Монголд Америкийн Силикон Валлейг хэн ч шууд хуулбарлахад л байгуулах гээгүй гэдгийг шүүмжилж байгаа хүмүүс бүгд л мэдэж байгаа.Залуус, сэтгүүлчид өөрсдийн харах өнцөг сэтгэлгээгээр хандаж, бидний санаачилгад урам өгөх гэж ийнхүү жишин зүйрлэн ярьж буй байх.

-Таны хэрэгжүүлэх гээд байгаа зүйл юу юм бэ. Мэдээлэл технологийн гарааны бизнес эрхлэгчдээ яаж дэмжих вэ?

-Миний хүсэж мөрөөдөж байгаа гол зүйл нь залуучуудад яаж туслах вэ гэдэг асуудал байгаа юм. Энд хүмүүс шинэ технологи, тэр дундаа мэдлэгт суурилсан бизнесийг Монголд хөгжүүлье гээд байна шүү дээ. Залуучуудын энэ тэмүүллийг хөгжүүлэхийн тулд эхлээд тухайн бизнесийнх нь орчинг л байгуулж өгөх хэрэгтэй. Түүнд нь саад болох бус туслах хэрэгтэй. Ингэхийн тулд яаж туслах юм бэ. Ихэнх улстөрчид тусална хэмээн ам гарчихаад тодорхой дэм болох бодлогын зүйл ярьдаггүй. Би олон юм яриагүй. Технологийн, тэр дундаа мэдээллийн технологийн start up бизнесийн хувьд Монголын газар нутгийг бүхэлд нь эдийн засгийн чөлөөт бүс болгож зарлая гэж байгаа юм. Ингэхийн тулд мэдээж судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулан холбогдох байгууллагуудад танилцуулна.

Хуулиар энэ салбарт бизнес хийж байгаа хүнд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг тодорхой хугацаанд өгнө. Ингээд тухайн хугацаа нь дуусахаар бизнес эрхлэгчид тэр хуулийн үйлчлэлээс гарч ердийн бизнес эрхлэгчид шиг татвараа төлөөд явна гэсэн үг.

Гэхдээ нэгэнт аль нэгэн бизнес эрхлэгч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж Монголд ажиллая гэж байгаа бол манай төрийн бодлогыг хөрөнгө оруулагчид бас хүндэтгээд тодорхой хүлээлтийг хэрэгжүүлээд явах ёстой. Тухайлбал, ажлын байр бий болгох ёстой, хөрөнгө оруулалт нь тодорхой байх хэрэгтэй. Нөгөө талаас хамгийн чухал зүйл бол үнэхээр үүнийг хэрэгжүүлсний дүнд Монголд мэдлэг шилжиж ирэх ёстой. Манай залуучууд энэ мэдлэгийг олж авах ёстой. Тэр боломжийг нь олгож дэмжих хэрэгтэй.

Чөлөөт эдийн засгийн бүс гэхээр л нэг хот, нэг бүсийг яриад байдаг. Тэгвэл орчин үеийн технологийн боломж юу олгож байна гэхээр компани нь зөвхөн Улаанбаатарт гэхгүйгээр хаана ч байж болно. Ер нь технологийн салбарт ажиллаж байгаа залуучууд компани нь Улаанбаатар хотод байсан ч Дархан, Эрдэнэтээс ч юм уу хаанаас ч ажиллаж болно. Өөрөөр хэлбэл, нийслэлд компани нь байгуулагдлаа гэхэд зөвхөн тэндээ л ажиллана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ийм шинэ боломжийг бий болгочхоод байгаа юм. Тиймээс үүний хамаарах хүрээг ч гэсэн өргөтгөж өгөх ёстой. Тэр үүднээс би Монголын газар нутгийг бүхэлд нь ийм зүйл санал болгоод байгаа юм.

-Хөрөнгө оруулалт, ажлын байрыг бий болгох ёстой гэлээ. Яаж бий болгох юм бэ?

-Мэдээлэл технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд Монголд үйл ажиллагаагаа явуулаад эхлэх юм бол бид гадны хөрөнгө оруулагчдаараа дамжуулан Монгол бүтээгдэхүүнээ дэлхийд санал болгох уу, эсвэл гадны технологийн компаниуд манай ажиллах хүчнээр бүтээгдэхүүнээ хийлгэх үү гээд тохиролцож шаардлагатай хамтын ажиллагааны олон хувилбар гарч ирнэ.

Монголын программ хангамжийн залуучууд маш мундаг болчихсон. Манай эдийн засаг чөлөөтэй байна. Гаднынхан үнэхээр сонирхож болно. Тиймээс энэ залуучуудад ажиллах байрыг нь олгоод, ажлаа гүйцэтгүүлэх боломж бий. Ийм замаар бүтээгдэхүүн бий болно. Зах зээлээ хамтраад хайж болно. Эсвэл тухайн захиалж байгаа компани өөрөө зах зээлээ олж болно. Ямартаа ч хэнд ч хэрэггүй бүтээгдэхүүн гаргачихаад IT яриад байх магадлал багасна. Яагаад гадны хөрөнгө оруулагчдыг сонирхоод байна гэхээр манайхан аливаа бүтээгдэхүүн өөрсдөө гаргачихлаа гэхэд гадны хөрөнгө оруулагчгүйгээр борлуулахад хэцүү. Учир нь энэ нь өөрөө нэн өндөр өрсөлдөөнтэй зах зээл. Гадны хөрөнгө оруулагчтай хамтрах юм бол нөгөө хөрөнгө оруулагчид чинь өөрсдөө зэх зээлээ илүү амар олж чадна. Учир нь ихэнх хөрөнгө оруулагчид өөрсдөө өөр улсад энэ чиглэлийн бизнес хийдэг учраас өөрийн харилцаа холбоотой, худалдан авагчтай байгаа. Тэр сүлжээ, системээрээ дамжуулаад бүтээгдэхүүнээ санал болгож борлуулах боломж өндөр байна.

Манайхан “Интернэт юм чинь чөлөөтэй. Нэг бүтээгдэхүүн гаргаад шууд борлуулагдана” гээд андуураад байна. Ийм ойлголт байхгүй. Нэн өндөр өрсөлдөөнтэй зах зээл учраас манайхан нэг бүтээгдэхүүн сэдэж гаргалаа гэхэд тийм төрлийн 10 бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө гэж тооцоолох ёстой. Тиймээс илүүг санал болгох ёстой гэж бодох хэрэгтэй. Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргана гэдэг бүхнийг шийдвэрлэгч хамгийн чухал ажил.

Гадны хөрөнгө оруулагчид ийм чанарын ийм өгөгдөхүүнтэй, ийм онцлогтой бүтээгдэхүүн бусдаас илүү борлуулагдах ёстой гэдгээ мэдэж байгаа.

Бүтээгдэхүүнээ илүү өрсөлдөх чадвартай болгоход урьдчилсан программ хангамжийнхаа захиалгыг гадны компаниуд илүү сайн мэдэж захиалгаа илүү нарийвчлалтай өгнө. Үүний улмаас илүү нарийвчлалтай программ хангамжийн бүтээгдэхүүн гарч ирнэ. Үүний борлогдох магадлал өндөр байна. Ийм харилцан шүтэлцээ, холбоог нь ойлговоос бид сая амжилтад хүрнэ. Гадны хөрөнгө оруулалтыг татах илүү орчинг бий болгож, би залуучууддаа тус болъё л гэсэн бодол тээж байгаа юм.

-Гадны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд төрөөс юунд анхаарч, хэрхэн дэмжих юм бэ. Хууль тогтоомж хэр уялдаатай байна вэ?

-Бид хууль тогтоомжоо сайжруулах хэрэгтэй. Одоогийн хууль тогтоомж гэхэд наад зах нь л 100.000 ам.долларын босгыг хөрөнгө оруулагч тус бүрд тавиад өгчихсөн.

Гадны хөрөнгө оруулагчдад их мөнгө биш байж болно. Гэхдээ Монголын хөрөнгө оруулагчиддаа маш том ачаалал болоод байгаа юм. Эсвэл монголчууд маш бага хувь авах болчхоод байна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нутагт өөрсдөө шахагдах байдлыг хуулиар бий болгоод өгчихсөн. Энэ нь хэт үндсэрхэг, юм мэдэхгүй хөөрч хөөсөрсөн популистуудын хэнээрхлийн дүнд ийм хуулиуд гарч байгаа юм. Учир нь бизнес нэг ч хийж үзээгүй, татвар нэг ч төлж үзээгүй, ажлын байр нэгийг ч бий болгоогүй хэрнээ бизнес эрхлэгчдээс том машин унасан, том байранд амьдарсан мэдэмхийнүүд ийм хууль гаргасан. Тэд бизнес гэдгийн ямар хэцүү ажил вэ гэдгийг мэддэггүй. Тиймээс өөрийн бизнесүүд гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцож ажиллах болохоос хүндрэл эрсдэлийг нь мэдэрдэг болохоос бизнесийн орчны орчин сайжралт явагдах ёстой.

Асуудлын харах өнцөг өөрчлөгдөхөд л их зүйл өөрчлөгдөнө. Харах өнцгөөс эхлээд л хуулийн логик, үзэл баримтлал гарна. Үүнээсээ үг үсэг хууль болоод тогтолцоо хөгжиж гарч ирнэ. Тиймээс технологи, инновацийг дэмжсэн шинэ хандлагатай хуулийг гаргах юмсан гэж хүсч байгаа.

Р.ХИШИГЖАРГАЛ

Онцлох нийтлэлүүд