ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.06.01 11:06

Д.Чойжамц: Монголчуудад уламжлагдаж ирсэн сайхан сэтгэлийн хөрөнгө нь хэвээрээ байгаа юм байна


Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа.


-Ирэх сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байгаа. Их дүйчэн өдрийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр байхаар хуульчилсан. Өнөө жилийн Их дүйчэн өдрийг угтсан буяны үйл ажиллагаа бүтэн жилийн турш үргэлжилж байна?

-Бурхан багшийн Их Дүйчэн өдөр ирэх долоо хоногийн баасан гаригт болох гэж байна. Энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх НҮБ-ын шийдвэрийг тусгай чуулганаас гаргаж, улс болгонд ялангуяа Бурхны шашин шүтдэг орнуудад өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Манай Бурхны номонд юу гэж гардаг вэ гэхээр, урд гарсан ихэс дээдэс, мэргэд, бурхадын үйл амьдрал бол бидний дагаж мөрдөх ёстой журам болдог гэдэг. Тэгэхлээр аргагүй юм, Бурхан багшийн намтар түүхийг өгүүлсэн 55 ангит киног үзэж байхад бусдыг хайрлаж энэрэх, маш ухаалаг байдал, дайн тулааныг зогсоож байгаа, эрэгтэй эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлахгүй бие биетэйгээ тэгш харьцах, үр хүүхдүүдээ асрах тухай, зарим шашинд байдаг хүнийг язгуур харгалзаж харьцдаг тэгш бус эрхийг үгүйсгэж хүмүүс нэг нэгэнтэйгээ тэгш сайхан харьцах, хүний эрх, эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, бусдыг хайрлан энэрэх, ижил тэгш байх гэх мэтчилэнгээр хүн төрөлхтний олсон энэ бүх ололтыг 2500-гаад жилийн өмнө Бурхан багш үнэхээрийн гайхамшигтайгаар нээж байжээ. Хаан засагтай, дээр доор гэж үздэг ийм нийгмээс тийм гэгээрсэн хүн болж гарна гэдэг бол амар ажил биш. Үнэхээр Бурхан л хийж чадахаас өөр аргагүй. Ийм л үйл явдал харагддаг. Тийм болохоор бид Бурхан багшийн гайхамшигтай түүхийг үзэх ёстой юм. Энэрэл хайр байгаа ямар ч газарт энх тайван тогтдог, эвлэрэл, жаргал бий болдог. Гэр бүл дотор ч гэлээ тийм байдаг. Тийм болохоор Бурхан багшийн дүйчэн өдөр бол бусдад их үлгэр дуурайлалтай. Ялангуяа олон зуун жилийн турш Бурхны шашин шүтэж ирсэн Монгол Улсад дүйчэн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Одоо тэгэхээр бүх ард түмнээрээ сайхан тэмдэглэхээр боллоо гэж хамгийн түрүүнд их баяртай байгаа.

-Баяр гэхээр манайхан ташаа ойлгоод байдаг. Их дүйчэн өдрийг амралтын өдөр биш, бүх нийтээрээ буянд шамдах өдөр болгож байгаа шүү дээ?

-Бурхан багшийн дүйчэнгээр жишээлж, манайд байгаа бүх баярт өөрчлөлт гаргамаар байдаг. Тэр нь юу вэ гэвэл, Бурхан багшийн Их Дүйчэнг бүх нийтийн баяр болгосонтой холбогдуулж, өнгөрсөн жилийн ес, аравдугаар сараас эхэлж жил шахуу хугацаанд буянд шамдаж байна. Энэрэл, нигүүлслийн талаар номлож, ядуу зүдүү улсуудад туслах, өвчинтэй зовлонтой хүмүүст, хавдрын эмнэлэг зэрэг газруудаар явж өвчтөнүүдийн сэтгэл санааг дэмжих, шорон оронд орж алдаж олдсон нэгэнд лекц уншиж, сайн сайхан зүйл, ёс суртахуун ярих, корона дэлгэрсэн үеэс эхэлж, энэ өвчин зовлонг нимгэлэхэд ард түмэнтэйгээ ойртож, энэ өвчний эсрэг ажилд дайчлагдаж байгаа хүмүүсийн жаргал, зовлонг хуваалцаж, хүйтэн салхи, цас мөсөн дээр ажил хийж байгаа тэдгээр улсуудад халуун аарц дөхүүлж өгөхөөс эхлүүлээд дархлаанд тустай бэлдмэл, хоол ундаар туслах, залуу лам нар маань хандивын аян өрнүүлж Онцгой комисст хандив өргөх зэргээр маш эртнээс бэлтгээд, тусгай хөтөлбөрийн дагуу явж байна.

Тэрнээс гадна байгаль дэлхийгээ хамгаалахын тал дээр Туул голын сав газрыг цэвэрлэх, хадаг, хогноос нь цэвэрлэж байна. Тэр бол Бурхны шашины ёс биш юм даа. Яагаад вэ гэвэл коммунизмын үед шашинаасаа холдчихсон байсан. 1990 оноос шашин шүтлэг шинээр эхлэх үед учраа олохгүй болсон. Хадаг бол үнэтэй эд, хадгалж нандигнадаг, хайрладаг зүйл байсан. Харагдсан, үзэгдсэн болгондоо зүүгээд явдаггүй эд байлаа. Гэтэл тэр үед тэр бүгдийгээ мэдэхээ байж, мартсанаас болсон. Тэр мэтийг дахин засч, хуучин уламжлалт байдалд нь оруулахын төлөө бид нэлээд ажил хийлээ. Түүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажилд бид бүхэн байнга оролцдог. Энэтхэгийн Элчин сайдын яам болон өөрсдийн санаачилгаар хийж буй мод тарих ажил, бас бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Монголын Сүсэгтнүүдийн холбоо, Гандантэгчэнлин хийд хамтраад Бурхан багшийн Их Дүйчэнг тохиолдуулаад тэнд мод тарих гэж байна. Гэх мэтээр маш олон салаа салбар ажлыг хийж байгаа. Үүний нэг гол зүйл нь Бурхан багшийнхаа түүх намтрыг сурталчлах, түүний энэрэнгүй нигүүлсэнгүй сургаал, ёс зүй тогтоодог сайхан номыг түгээн дэлгэрүүлэх ажлыг интернэт, фэйсбүүк, твиттер зэргээр байнга явуулж байна. Би дээр ярьсан Бурхан багшийн Их дүйчэнгээр үлгэр аваад бусад баярыгаа ч бид зорилгын дагуу болгох юмсан.

Монголд баярын утга чанар алдагддаг тал бий.

-Жишээлбэл?

-Жишээ нь, эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэйчүүдийнхээ эрх, эрх чөлөөний төлөө лекц дугуйлан хийдэг, сургууль соёл дээгүүр явдаг зэрэг ажлыг бусад орнууд хийдэг бол манайх эмэгтэйчүүдээ цуглуулаад идэж уудаг. Архи мэтийн юмаар шахдаг. Энэ баярыг идэж уудаг тал руу нь илүү болгоод байгаа хандлага байгаа юм. Эрэгтэйчүүдийн баяр болоход бас л тэгдэг. Энэ бол цэрэг цуухад явсан, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан, дайн тулаантай, асар их аюултай байгаа газруудад очиж цэргийн алба хаасан тэдгээр улсууд байна. Мөн ахмад үе нь байна. Цэрэг дайны тухай ярих, үр хүүхдэдээ эх оронч хүмүүжлийг олгох талын баяр байх атал бас л эрэгтэйчүүдийгээ цуглуулаад торт, мах, архиар дээд хэмжээгээр шахдаг. Ийм баяр болгосон. Гэхчлэнгээр Монголд баярууд утгадаа зохицож хийгдэхгүй байгаа ийм тал байгаа. Тэгэхээр бид юу бодож байна вэ гэвэл, наадам, Цагаан сар тэргүүтэй Монголын уламжлалд байсан томоохон баярууд, бас хойшдын амьдралд хэрэг болох, ирээдүйд хэрэгтэй, үр хүүхдэд минь соёлч, боловсон мэдлэгтэй байхад нь туслах ийм баяруудыг оруулж ирж тэмдэглэнэ үү гэхээс биш хөгжилтэй орны баяр болгоныг оруулж ирэх хандлагатай байж болохгүй. Наймаачин, худалдаачин хүмүүсийн хувьд бүх дэлхийн баярууд л орж ирж байвал тэдэнд ашигтай. Дэлгүүр хоршоондоо тэр чиглэлийн юм зардаг. Засаг төрийн шийдвэрээр арван хэдэн баяртай байдаг бол одоо хэдэн арван баяртай байх чиглэлтэй болоод байна. Баяруудыг эмхэлж цэгцлэх юмсан. Бурхан багшийн Их Дүйчэнгээр жишээлж бусад баярыг ч гэсэн уламжлал, шинэчлэлдээ зохицсон, үр хүүхдэд минь ашигтай, залуучуудад юм өгөх ийм баярыг ард түмэн нийтээрээ тэмдэглэдэг болох юмсан гэж хүсч байгаа. Тийм учраас бид бүтэн жилийн төлөвлөгөө гаргаад урт удаан хугацаанд Жавзандамба хутагт төв, Асралт төв гэх мэт шашны олон нийтийн байгууллагууд, сүм хийдүүд маш идэвхтэй зохион байгуулж Их Дүйчэн өдрөө тэмдэглэх гэж байна.

-Хэт шашинжаад байна гэж шүүмжлэх хүмүүс сүүлийн үед гарч ирж байна. Хүн сүсэг бишрэлтэй байхын давуу тал юу байдаг вэ. Нөгөө талдаа шашныг аливаа үндэстэн эв нэгдэлтэй байхын үндэс ч гэдэг?

-Монголчууд бараг зуун хувийн шүтлэгтэй явж ирсээн, 1937, 1938 оноос өмнө. Сүсэг бишрэлтэй байснынхаа төлөө хэлмэгдсээн. Үүнд хоёр янзын учир шалтгаан байдаг юм. Нэгд, Бурхны шашиныг гүн ухаантай, шинжлэх ухаантай, сургаал, номлолтой гэдгийг судалж үзээгүй байхдаа бусад шашнаар төлөөлүүлэн тэдний хэлж, ярьдаг үгээр гүтгэж хэлмэгдүүлсэн байдаг. Энэ бол нэг талаараа маш том хэлмэгдэл явсан. 30, 40 мянган хүний амийг авч одсон. Энэ нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хар толбо болж үлдсэнээс ирээдүй үед нь нөлөөлсөн юм. Тийм учраас шашин гэхээр л хадны мангаа гэдэг айдсыг монголчуудад бий болгочихсон юм. Үүнээс болж шашнаас болгоомжлох хандлага гарсан. Нөгөө талдаа НҮБ тэргүүтэй хүний эрх, эрх чөлөө, энх тайвны төлөө дуугардаг байгууллагууд Хүний эрхийн тунхаглалууд гаргаад хүний эрх, эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөөг нээгээд өгчихсөн ийм нийгэмд шилжсэн. Тэгэхээр хуучин үзэл бодол, шинэ буй байдал хоорондоо зөрчилдөж байгаа тал ажиглагддаг юм. Шашин шүтлэг гэдгийг коммунист үзэл сурталжсан ухуулгаар ойлгоод түүнийгээ шашны үйл ажиллагаа руу хардах, сэрдэх, гүтгэх мэтийн ажлыг явуулдаг.

Нөгөө талдаа шашин маш дор орчихсон, боловсон хүчнээ алдчихсан байсан. 1990 он гэхэд боловсролтой, шашны мэдлэгтэй гавж, гэвш нар бараг л үлдээгүй. Хоёр, гуравхнаас илүү үлдээгүй байлаа. Тэд маань 1997 он гэхэд бүгдээрээ бурханы оронд заларсан. Мэдлэгтэй лам нараар дутуу байсан нөхцөл байдалд дөнгөж лам болсон, уншлага төдийхөн цээжилсэн байсан явцдаа ямар нэгэн алдаа гаргаж байсан явдал нь тэрэн дээр нэлээд нөлөөлсөн байх. Энэ бүгд учир шалтгааны үүднээс шашинаа хардах, сэрдэх үйл явдал гарч байсан. Тэрний дээрээс гадаадаас орж ирсэн янз бүрийн шашнууд бас нэлээд нөлөөлсөн. Уламжлалт биш, шинээр үүссэн, бусад оронд нэлээд ад болчихсон шашны урсгалууд хоосон зай байна гэж орж ирсэн. Үүн дээр маш их маргаан гаргасан. Шашин гэдэг хүний оюун санааны зүйл байгаа юм. Шашныг хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь тэр хүний сонголт байх ёстой чөлөөт зүйл. Тэгтэл идэж уух юмаар, хувцас хунараар, ятгалгаар шашиндаа оруулж эхэлсэн. Мөн янз бүрийн асрах газар гаргаж ирээд түүнийгээ нигүүлсэл, хайр, энэрлээр биш шашин дэлгэрүүлэх газар болгож өөрчилсөн. Тэгээд их бусармаг юм хийж, хүнийг ховс маягийн юманд оруулдаг, хашгируулдаг, бахируулдаг, өөрийн мэдэлгүй “Эзэн минь намайг ашиглаач” гэдэг ч юм уу, маш хачин, зэрлэг, хүнийг барьцаанд хийсэн юм шиг ийм юмнууд их гарсан учраас шашин гэдэг эд чинь хэцүү юм биш үү гэдэг ойлголтыг нийгэмд өгөхөд тэр талаасаа маш хүчтэй нөлөөлсөн гэж бодож байна. Шинэ шашны урсгалынхан сүмдээ аваачсан хүүхдүүдээ гаргадаггүй, эцэг эхийг нь очиход уулзуулдаггүй, учруулдаггүй, шалгалт хяналтын байгууллага очиход “Шашны үйл ажиллагаатай байна” гээд оруулдаггүй, юу хийж байгаа нь мэдэгддэггүй ийм байдлаас болоод шашныг хардах байдал улам их болсон гэж боддог. Ийм учраас бид энэ бүхэн дээр маш их анхааралтай хандаж, судалгаа шинжилгээ хийж, зөв зүйтэй явуулах хэрэгтэй байгаа юм. Гудамжинд яваа буддист хүнийг хүртэл татаж чангаагаад “Манай шашинд орооч” гэж эрх чөлөөнд нь халдаж байна гэж маш олон хүн гомдол мэдүүлдэг. Гэр орны хаалга үүдийг цохиод амраахгүй байна гэж цухалддаг. Гэх мэтийн ийм байдлыг шашин гэж үзэхгүй ээ. Энэ бол түрэмгийлэл юм гэж үзнэ. Тэр хүн өөрийнхөө сайн дураар сүм хийдэд очиж, танай шашиныг сонирхож байна гэвэл энэ бол эрх чөлөө. Энэ тал дээр судалгаа шинжилгээ явуулахгүй, төр засаг, хууль хяналтын байгууллага нь сул тавьснаас нэлээд үүдэлтэй. Шашины асуудал гэхээр л “Паа, пүү” гээд албаны улсууд нь хайхардаггүй. Энэ байдлыг далимдуулаад маш олон шашины сект орж ирээд байна. Өөрийнхөө уламжлалт шашинд ч бусармаг юм байвал хуулийн дагуу үзэхээс өөр арга байхгүй. Бусдын, гаднаас орж ирж байгаа шинэ шашнуудад ч шалгалт, хяналт тавихаас өөр аргагүй. Энэ бол Монголын аюулгүй байдалтай холбоотой эд.

-Монголчууд сүүлийн үед энэрэл, нигүүлслийн тухай ярьж, сайн санааны үйлс хийж, хандивын аян өрнүүлж, мод тарьдаг болоод байна. Энэ бүхэнд бурхны шашинтнууд түүчээлж, эрдэм номтой лам нар олон нийтийг уриалан дуудаж оролцож байгаа нь харагдах юм. Цаг наашилж байна гэж хэлж болох уу?

-Тийм. Юм бодохгүйгээр загнадаг хүн байвал загнах л байх. Юм боддог хүн “1990 онд Ганданд хэн хэн байсан юм бэ” гэж бодох байх. Ганданд л 30, 40-хөн лам байсан. Гандангаас өөр сүм хийд байгаагүй. Ганцхан хийд ажиллаж байсан нь Гандан. Уламжлалт өвгөчүүд нь 80, 90 хүрчихсэн, ямар ч ажил хийх бололцоогүй. Шинээр ирсэн лам нар нь 13, 14 наснаас доошх хүүхдүүд. Эднүүдээс мянга юм шаардаад юу бүтээлгэх юм бэ. Үнэхээрийн боловсон хүчний гачаалд орчихсон байсан юм шүү дээ. Тэр үеэс л “Өнөө гийгүүлнэ гээд байсан шашин чинь хаачив” гээд л эхэлсэн. Одоо үеийн хүн бол боддоггүй, шаарддаг. Ийм нэг үе эхэлчихээд байна. Цаад талд нь ямар гачаал зовлон байгаа билээ гэдгийг мэддэггүй. Эдийн засаг, боловсон хүчингүй 30, 40-хөн хүн Монгол орон даяар явж ажил хийж чадах уу, үгүй юү гэдгийг бодож үзэлгүй шүүмжилдэг байсан даа. Одоо бол огт өөр боллоо. Тэр үеийн хүүхдүүд лам өвөөгөөсөө уншлага цээжлээд л дууссан. Яагаад вэ гэвэл 1937 онд ном үзэж байсан хүмүүс 1990 онд 100 шахам настай байсан. Тэгээд тэд бурхан болсон. Уншлага л цээжилснээс биш шашны гүн ухаан, сургаалыг огт үзэж чадаагүй хүүхдүүд орон нутаг, хөдөөд үлдсэн. Үүнийг харин Монголын Бурхан шашины төв маш яаралтай олж харж, сургалт явуулж, цогчин курс нээж, тэрэнд нь уншлага, урилга, ламрим тэргүүтэй номнуудыг маш хурдацтай заасан. Шашны их сургуульдаа удирдах ажил хийдэг хамба, ловон хийж байгаа хүмүүсийг төгсгөж гаргасан. Үүний үндсэн дээр богинохон хугацаанд удирдлага нь жигдрээд мэдлэгтэй улсууд очиж ажиллах нөхцөл шалтгаан болсон. Буддын философи үздэг 17 жилийн сургалт аль хэдийнэ тасраад алга болчихоод байсан. Тэр сургалтаар сургахын тулд, том эрдэмтдээ бэлтгэхийн тулд Энэтхэг рүү явуулж эхэлсэн. Тэгээд Энэтхэгт очоод 17, 18 жил болоод одоо л түрүүч нь ирж байна. Тэгтэл одоо ирчихсэн байгаа арваадхан хүн гэдэг бол үнэхээрийн сайхан соён гэгээрүүлж явна. Энэ дотроос түрүүчийн эрдэмтэн мэргэд, гавж, гэвш нь гарчихсан, овоо болоод байна. Өнөөдөр бол ард түмэндээ Бурхны шашныг тайлбарлан таниулах үйл ажиллагааг явуулахад гарын ая даах тийшээ хандаж явна. Үүнээс хойш улам чангарна. Улам их эрдэм мэдлэгтэй улсууд ирнэ. Эндээсээ ч бид зохих хэмжээний эрдэм мэдлэгтнүүд төрүүлнэ. Ингэсний эцэст Бурхны шашин жигдрээд ирэхийн алдад гадуур яригдаад байгаа бусармаг явдал, элдэв өнгийн дөвчигнөл алга болж шашин ёстой өөрийнхөөрөө ажиллах өдөр ирнэ ээ гэж боддог. Энэ сайхан цаг удахгүй ирнэ гэж би сэтгэл хангалуун байгаа (Инээмсэглэв).

-Та 1992 онд Хамба лам болсон доо. Тэгвэл дээр дурдсан хүнд жилүүдэд Ганданг толгойлж, бүхнийг нуруундаа үүрч явж шүү?

-1992 онд Хамба лам болчихоод бүх ажлыг нь хийж явсан тэр үеэ би буцаад боддог. Бурхан багшийн Их дүйчэнг тэмдэглэнэ гээд ширээ, сандлаа зөөх хэрэг гарна. Надад туслах хүн байхгүй. 90 гарчихсан настай лам, эсвэл жаахан ламхай л байна. Ажил хийх насны 12, 13-хан хүн. Тэд нь Гандандаа хуваарьт ажилтай, түүнийгээ хийцгээнэ. Би үйлчлэгч, харуултайгаа нийлээд бурхад, ширээ, сандлаа хамтдаа зөөгөөд Хүүхдийн паркийн хашаанд аваачаад “Ингэж тавь, тэгж тавь” гээд л гүйдэг байлаа. Буцаж ирээд хүүхдүүддээ Жанлавцогзол, ян, дан заагаад л. Өөрөө хөөцөлдөж автобус олж ирж лам хүүхдүүдээ зөөдөг байсан бол одоо миний хөдлөх, хөлс гэж байхгүй болсон. Нээлт дээр нь очиж үг хэлдгээс өөр ажилд оролцохоо байсан. Энэ нь тэгэхээр Бурхны шашины боловсон хүчнүүд нь ямар богинохон хугацаанд хурцадтай, сайхан болж жигдэрч байгаагийн илрэл юм даа.

-Их Дүйчэн өдрөөр чухам ямар ямар үйл явдал болох вэ. Хөтөлбөрөөс нь дурдаж болох уу?

-Энэ удаад “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор Их Дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Тухайн өдөр “Миний мэдэх Бурхан Багш”, “Бурхны шашин миний бодлоор” эссэ бичлэг, гар зургийн уралдааны шилдгүүд тодорно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх хайрханд мод тарина, тахилгат уул овоо, гол усны ай савыг цэвэрлэж, модонд уясан хадагнуудыг авна. Бас эмзэг бүлгийн хүмүүст эд материалын тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил зохиогдоно. Тэр өдрийн үйл ажиллагаа өглөө 05 цагт эхэлж байгаа юм. Бурхан Багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээг МҮОНТВ-ийн I сувгаар шууд дамжуулна. Түүнчлэн Монголын бүх сүм хийдүүдэд “Бурхан Багшийн чого” хурал дотооддоо хурна.

-Хүн бүхний дотор бурханлаг чанар байдаг, гагцхүү түүнийгээ нээж мэддэггүй гэлцдэг. Дэргэдэх хүмүүс нь сайн үйлс бүтээж, ядуу зүдүү хүнд туслаад, мод тарьж, зөв зам мөрд ороод байхаар хажууд нь байсан хүн өөрийн эрхгүй татагдаж орох уу?

-Тэгнэ. Тэгэлгүй яахав. Тэр сайхан хүмүүсийн сайхан үйлсийн үр дүн хэдэн зуун жилээр үргэлжилдэг юм байна гэж бодож байгаа. Монголчууд 1990-ээд оноос хойш ёс зүйн хувьд нэлээд доройтчихлоо. Мэдлэг боловсролын хувьд дээшилсэн мөртлөө ёс суртахуун нь доройтсон. Засаг төрөөсөө авахуулаад доод талдаа хүртэл ёс зүйгээр доройтлоо гэж ярьж “Яадаг юм билээ, манай залуу үе маань” хэмээн айх, гайхах зэрэгцэж байлаа. Гэтэл тийм биш. Бидний ард түмэн бол уламжлалаа хэзээ ч мартаагүй юм байна гэдгийг саяхнаас, коронавирус гэдэг юм гарснаас хойш бодож эхэлсэн. Яагаад вэ гэвэл, бусад оронд маск зүү гэж шаардлага тавихад маск зүүхгүй байж байгаад өчнөөн халдвар тараалаа. Гэр орноосоо битгий гар гэхэд нь тэрнийг нь зөрчиж явсан, шашны элдэв өнгийн нийллэг, цугларалт нь жигтэйхэн их өвчин тараалаа. Гэтэл Монгол шашин, төр, хүн, залуучууд, ард түмэн гэлтгүй бүгдээрээ сэртхийгээд л ойлгоод гэртээ орсон, гудамжаар масктай хүмүүс л явж байна. Олон нийтийн газраар явахдаа нус, цэрээ хаядгаас эхлүүлээд бусармаг үйлдлүүд нь багасаад эхэлсэн. Энэ бол бидний дотор уламжлалын хөрөнгө байгааг харуулж

байна. Чингисийн үеэс уламжлагдаж ирсэн хурдан хугацаанд бэлэн байдалд орж чаддаг чадвар нь байгаа юм байна. Бурхны шашнаас тогтсон бие биеэ хайрладаг чанар нь байгаа юм байна шүү гэдгийг харуулж байна.

Компани, хувь хүмүүс, лам нар хүртэл нийлээд яах ийхийн зуургүй л мөнгө цуглуулаад Онцгой комисстоо аваачиж гардуулж байна. Маш олон хүн эмнэлэг, Онцгой комисстоо тусалж байна. Энэ бол бидний дотор хэдэн зуунаар оршсон тэр сайхан сэтгэлийн хөрөнгө нь хэвээрээ байгаа юм байна, үүнийгээ жаахан сэргээчихвэл бид нар яг хэвэндээ байгаа юм шүү гэмээр сайхан сэтгэгдэл энэ үед төрж байна.

-Коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө монголчууд төр засгаа хараан зүхэж арслан, барс мэт л архирч байснаа гэнэт хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихэд бүгд үг дуугүй шийдвэрийг нь дагаж номхон болцгоосон. Үүнээс төрөө хэрхэн дээдэлдэг нь харагдсан гэж ойлгож болох уу?

-Төрөө засах гэж тэгж муулж хэлснээс биш, төрдөө өсөрхсөндөө тэгж хэлээгүй. Тийм учраас төр зөв арга хэмжээ авч, зөв хөдлөөд эхлэхээр л гялсхийтэл үгэнд нь ороод ирж байгаа юм. Шашин хүртэл үрэл хийж, гүрэм номоо уншиж, хамгаалалтын зан үйл үйлдсэн. Үүнд ард түмэн баярлаж, олон нийтийн сүлжээнд олон мянгаараа лайк дарсан нь шашны ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж буйгаа харууллаа. Тусгаарлалтад байгаа 1000 гаруй хүнээс хүртэл “Үрлээ өгөөч ээ” гэдэг санал ирсэн. Тэгэхээр шашин, төр хоёр зөв л ажиллаж чадвал манай ард түмний сэтгэл зүрхэнд уламжлал нь тогтчихсон, бие биенээ хайрлаж, энэрч, туслахад, эмх цэгцэнд ороход бэлэн байгаа байдал харагдаж байна л даа. Шашин шүтлэгээр ч тэр, төр засаг талаасаа ч тэр. Ямар нэгэн хэмжээгээр эднүүдийг засаад авчих юмсан гэж бодож байгаагаас биш түүнд өсөрхсөн, буруу тийшээ явчихсан юм харагдахгүй л байна.

-Өөрсдийнхөө амьдралд, нийгэмдээ дүгнэлт хийх бололцоог хөл хорио олгож байна. Хүмүүс сэтгэл зүйн хувьд тайван болж байна гэж хараад байгаа?

-Энэ бол яахын аргагүй хэцүү хижиг тахал юм аа. Гэхдээ хүнд юм санууллаа. Дэлхийд юм санууллаа. Ганцхан Монголд ч биш. Нөгөө талаараа манайхан үр хүүхдээ эмээ өвөө дээр нь эсвэл цэцэрлэгт аваачиж өгчихөөд ажилдаа яваад л нэг л их чөлөөтэй юм шиг л ханхалзаад байсан. Мөнгө цаасаа баар шааранд орж үрээд л. Гэтэл хорио тогтоогоод эхлэхтэй зэрэг мөнгө төгрөг шаардлагатай болоод ирсэн. Олдсон мөнгө цаас нь тэр болгон үрлэг байхгүй учраас өөрт нь, үр хүүхдэд нь зарцуулагдаад эхэлж байгаа юм. Энэ бол бодит амьдрал дээр харагдаж байгаа учраас хүмүүст маш их санамсар өгсөн. Сэдлийг үүсгэсэн. Амьдралд ер нь жаахан зүтгэл гаргавал болох юм байна шүү дээ гэмээр. Тэгээд эхнэр нь нөхрөө ойлгох, нөхөр нь эхнэрээ ойлгох, хоёулаа нийлээд үр хүүхдүүдээ ойлгох, өвөө эмээгээ ойлгох ийм байдал руу орлоо. 1990 оноос хойш нэлээд бужигнасан, баярласан, хөөрсөн. Тэр хөөрөлт маань дарагдаад бодит байдлын суурин дээр аваачаад хүний оюун ухааныг бодолд автууллаа. Одооноос жаахан чөлөөтэй болж ирж байгаа ч гэсэн би гудамжаар явж байгаа хүмүүсийг ажигладаг юм. Коронавирусээс өмнөх болон хойдох байдлыг их анзаарч байна. Хүүхдүүд жаахан замбараагүй байна уу даа гэж боддог байсан минь одоо замбараатай болж байна уу даа, мөр мөрөө хөөсөн, аятайхан байдалд шилжээд, нэлээд ойлгомжтой хэлбэрт орж байна. Үүнийгээ бид мартаж болохгүй. Энэ бол бидэнд дурдатган сануулсан, Монгол Улс яавал урагшаа явах вэ, яавал хөгжиж дэвших юм бэ, яах билээ, “Бэлэнчлээд засаг төрөөс хэдэн цаас нэхээд түүгээр нь амьдраад ажил төрөл хийхгүй хэвтээд байж болох нь байна даа” гэдэг нь ч өнгөрлөө. Тэрнээс гадна “Энд болохгүй бол би гадаадад амьдарна” гэдэг тэр их хүсэл мөрөөдөл, хий горьдлогыг нь тасалж өглөө. Хүний нутаг бол хүний л нутаг юм байна шүү дээ гэдэг ойлголтыг сайн төрүүллээ. Монгол оронтойгоо хүйн холбоотой гэдэг нь мэдэгдлээ. Хүн болгон мэдлээ. “Эндээс намайг хэн ч хөөхгүй, энд байхад хэн ч намайг гудамжинд гаргахгүй, хэн ч надаас эх орныг минь харамлахгүй, миний эх орон юм байна шүү дээ” гэдэг ойлголтыг өгснөөрөө гайхамшигтай боллоо. Монгол руугаа чиглэсэн, хөгжил дэвшлийг бид л хийж, орон нутагтаа хэнээс ч дутахааргүй амьдарч болох юм байна шүү дээ, тэр гадаадад ажилладаг шигээ эх орондоо ажиллая гэсэн сэтгэлгээг өгсөн байх гэж их баяртай байгаа.

-Тэгэхээр хөл хорио цуцлагдсаны дараах монголчууд, хөл хорионы өмнөх монголчуудын хооронд сэтгэл зүйн асар их том ялгаа гарчихсан байх юм байна, тийм үү?

-Тийм.

-Сэтгэл зүйн хувьд нэг шат ахисан ч байж мэдэхээр юм байна, тэгвэл. Юм бодож суусан, тайвширсан хүний дараачийн алхам ухаалаг байдаг шүү дээ?

-Тийм юм аа. Энэ их сонин. Үүний дараа монголчууд их юм бодох байх гэж бодож байна. Энэ халдварт өвчин хормын дотор хурдтай тарж, хормын дотор хэдэн мянган хүнд халдаж болохоор юм байна гэдгийг бид мэдэж авлаа. САРС гэж өвчин аравхан жилийн өмнө гарч байлаа. Үүнээс хойш ийм өвчин ойртох ч юм билүү, яаж мэдлээ. Тийм ээ. Хоёр, гурав, таван жилийн дараа ч болох юм бил үү. Иймэрхүү маягийн юм бол хэзээ ч зогсохгүй нь байна. Байгаль ертөнцтэйгөө хандаж байгаа хандлага, амьтныг амьдаар нь тамлаж, араатан, жигүүртэн, гөрөөтнийг зарим газарт амьдаар нь хуйхлаад идэж байгаа энэ бүх байдлуудаас болоод бидний ертөнцийн амьдралд асар их өөрчлөлт гарч байна. Байгаль, дэлхий хямарч, байгальд байсан жирийн нэг вирус хүртэл догшроод хүн амьтанд халддаг иймэрхүү юм болоод байна уу даа гэж бодож байгаа. Хугацаа ойртож мэднэ, бид энэ чигээрээ байгаад байвал. Тиймээс монголчууд бид яаж тусгаар тогтнолтой, аюулгүй байдалтай, дотроо гурван сая хүн яаж жаргаж байх вэ, яаж өсөж үржих вэ гээд өчнөөн юм бодох хэрэгтэй болсон байх. Ядахдаа л бид жилийн хугацаанд хил хаахад идэж уух юм нь болох мах нь байна, үр тариагаа нэмүүхэн шиг тарья гэдэг ухаан сууж байна. Нэн чухал хэрэгцээтэй зүйлсийнхээ үйлдвэрийг байгуулъя гэх байх, ер нь нэг жил хорионд байхад энэ ард түмэн, төр засаг юу хийх вэ, яах вэ гэдгээ төлөвлөх байх. Ядахдаа машин техникийн араа шурагнаас авахуулаад өөрсдөө хийчих хэмжээний үйлдвэр байгуулах талаар бодох байх. Энэ их хорио цээрийн дэглэмтэй байгаа үед биднийг уулзуулж байгаа гар утаснаас эхлүүлээд электрон бараа гэх зүйлээ хийх, засах, олон нийтийн сүлжээг төгөлдөржүүлэх ухаан ч төрөх байх. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтыг авч хэзээ нэгэн цагт дахин ийм чавцаамтай үйл явдал гарахад засаг төр, хүн ард гацахгүйгээр байх ийм тал руугаа сэтгэн бодох байх аа. Ийм нөхцөлд байдал гарахад хувь улсууд, гэр бүлүүд хуримтлал үүсгэх байх. Энэ их үрэлгэн байдал, илүү хэрэглээгээ татаад ноцтой аюултай ийм нөхцөл дахин үүсвэл би гэр бүлээ хамгаалахын тулд хадгаламж нөөцөлж, өвчнөөс сэргийлэхэд юм бэлдэх юм байна гэдэг ухаан төрж байгаа байх гэж бодож байна.

-Хөл хорио үргэлжилж байгаа, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед хувь хүн сэтгэлээ хэрхэн барьж, яавал амгалантай, тайван болох вэ?

-Ер нь бид бодит амьдрал дээр харах хэрэгтэй юм даа. Төвшин байна гэдэг нь ямар байдлаас үүсээд байна вэ. Материаллаг талаас нь сэтгэл ханамжтай, сайхан байр сууцандаа цэвэрхэн суугаад тэр бүхнээ хайрлаж гамнаад үр хүүхэд нь хэмхчээд байдаггүй, аятайхан байгаа нөхцөлд хүн тайвширч байна. Хамгийн гол нь сэтгэл төвшин байх. Гэрийн эд хогшил нь хуучин ч бай, шинэ ч бай зохицуулаад сайхан тавих нь сэтгэлээс л гарна. Түүнийгээ таашаагаад “Би болж байна даа” гэж бодох бодол нь өөрөөс нь л гарна. Тиймээс хамгийн гол нь сэтгэл шүү дээ. Сэтгэлийг хоёр хувааж үзэж болно оо. Сэтгэлийг төвшин болгодог зүйл юу вэ, төвшин биш болгодог зүйл юу вэ. Ингээд сэтгэлээ ажиглах хэрэгтэй юм. Төвшин болгодоггүй зүйл нь юу вэ гэхээр бурхан шашинтнуудын байнга яриад байгаа арван хар нүгэл юм. Арван хар нүгэл хийгдээд эхлэхээр сэтгэлийг төвшин биш болгодог. Гэр бүлийн дотор амиа алдах, хулгай нүүрлэхэд ямар их зовлон гачаал үүсдэг нь тодорхой. Гэр бүлээс нь эхнэрийг нь ч юм уу, нөхрийг нь өөр хүн салгаад аваад явчихвал ямар их гаслан үүсэх вэ. Биеэр хийдэг энэ гурван нүгэл болох амиа алдах, хулгай хийх, буруу хурьцал тэргүүтэй зүйл бидний амьдралд тохиолдохоороо ямар их зовлон зүдгүүрийг авчирдаг билээ. Үлдсэн долоон хар нүгэл ч ялгаагүй биднийг зовлон бэрхшээл; унагаж, бусниулж, самардаг зүйл учраас сэтгэлийг төвшрүүлдэггүй, ямагт зовлонд унагаад байдаг эдгээр зүйлүүдийг бид тэвчиж явах ёстой. Сэтгэлийнхээ сэдлийг сайн зүгт хандуулж, сайхан засч сурах хэрэгтэй. Зөв юмыг бодож, өөрийгөө боомилон барьж, бусармаг юмнаас зайлах энэ явдал бол сэтгэлийн төвлөрөл, төвшрөлийн хамгийн дээд зэргийн юм байгаа юм.


Онцлох нийтлэлүүд