ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.04.21 03:04

Д.Эрдэнэбат: Томилгоотой холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, шийдэхээр боллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нарын томилгоо удаашралтай байгаа асуудлаар өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын хариуг авахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батданзан, Д.Мурат, З.Нарантуяа нар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нартай өнөөдөр уулзсаныхаа дараа мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын дарга нартай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Хууль ёсыг сахиулах, иргэдийн сонголтыг хүндэтгэх тухай бид ярьж байгаа. Бидний тавьсан гол асуудал бол Сүхбаатар аймгийн ИТХ-ын үр дүнгээр гарсан Засаг даргын томилгоо, мөн Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрөх, гурав дахь нь Орон нутгийн сонгуулиар 12 суманд ялсан сумын Засаг дарга нарыг хуулийн дагуу томилуулах тухай асуудлаар бүлгийн гишүүдийн хамт санал солилцлоо. Үүнд нэг л зүйл бий. Ерөнхий сайд улс төрийн ажил, Засгийн газрын ажил тусдаа шүү гэж өөрөө хэлсэн. Сонгуулийн үр дүнгийн дараа засгийн ажил улс төрөөс ангид үргэлжлэх ёстой. Иймд энэ томилгоогоо яаралтай хийх хэрэгтэй гэдгийг хэллээ.

Энэ уулзалтаар бид ахицтай байлаа гэж ойлгож байна. Ирэх долоо хоногт томилгоотой холбоотой санал зөрөлдсөн асуудлаар ажлын хэсэг байгуулж, нэг тийш нь болгоё гэдэг дээр санал нэгдлээ. Цөөн үлдсэн сумдын маргаантай асуудлыг шийдвэрлэж, засгийн ажлыг тасралтгүй үйл ажиллагаагаар хангая гэдэг дээр санал солилцож, ойлголцсон гэж хүлээж авч байна. Хэрэв энэ асуудал ирэх долоо хоногт шийдэгдэхгүй бол халаа сэлгээ, томилгоотой холбоотой асуулгыг УИХ-ын гишүүн Л.Болд тавьсан байгаа. Үүнийг үргэлжлүүлэн сонсох болно. Орон нутгийн намын гишүүдийн болон иргэдийн бухимдлыг үл хүндэтгэсэн гэж үзэн цаашдынхаа тэмцэлд орох болно. Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг бид ойлгож байгаа. Иймээс эхний уулзалтыг үр дүнтэй болсон гэж үзье. Эхний уулзалтын үр дүн ирэх долоо хоногт гарна гэж найдаж, уулзалтыг өндөрлүүллээ.

Ер нь цаашдаа ардчилсан Монгол орон иргэдийн сонголтыг хүндэтгэх ёстой. Улс төрийн үйл ажиллагаа дууссан бол засгийн үйл ажиллагаа үргэлжлэн ард иргэдийн амьжиргаа, нөхцөл байдлыг хангах нөхцөл бололцоог Засгийн газар үргэлжлүүлж, хуулийн дагуу авч явах ёстой гэсэн шаардлагыг үндэслэж байгаа юм.

Онцлох нийтлэлүүд