ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.06 02:05

Д.Эрдэнэбат: Х.Баттулгын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар эхлээд хэлэлцэнэ

Ардчилсан намын бүлгийн хурал өчигдөр бүтэн өдрийн турш хуралдаж 20 цагийн үед өндөрлөсөн. Тэгвэл энэ талаар өнөөдөр АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолтой холбогдуулан орж ирж буй хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлах ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэжээ. Мөн эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбогдуулан 16 хуулийн төсөл УИХ-аар батлагдах ёстойгоос одоогоор гурван хуулийн төсөл өргөн баригдсаныг онцлов. Тиймээс цаашид орж ирэх хуулийн төслүүдийг ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө өргөн барьж, хаврын чуулганы хуралдаанаар батлах ёстой гэдэг дээр АН-ын гишүүд саналаа нэгтджээ.

Тус бүлэг өчигдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлого зэрэг таван асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлэл хэлэлцэх асуудалд багтжээ. Мөн шинэ төмөр зам барих тогтоолын төслийг ч хаалттай хэлэлцжээ. Сүүлийн үед Чингэс бондын зарцуулалтын талаар эерэг, сөрөг мэдээлэл гарах болсон учраас АН-ын бүлэг Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Ингээд Чингэс бондын зарцуулалт ил тод байх ёстой, зарцуулалтын талаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодоос хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж АН-ын бүлгийнхэн үзсэн байна. Харин Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг тус намын бүлэг дэмжихээр болсон байна. Гэхдээ энэ хуулийн төсөл дээр анхаарах зүйл олон байгаа тул хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулж, зарим асуудал дээр байр сууриа нэгтгэж, судлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн Хяналтын тухай хууль болон Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын төслүүдийг дэмжиж ажиллахаар болжээ. АН-ын бүлгийн хурлаас анхаарал татаж буй сэдэв нь Төрөөс шинэ төмөр зам барих тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн явдал. Тус намын бүлэг эдийн засгийн зарим асуудлаар дотооддоо ярилцах асуудал байсан учраас уг асуудлаар хаалттай хуралдсан хэмээн тайлбарлаж байна. Хаалттай хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яамдын мэдээллийг сонсч, төмөр замын хэлэлцээ удаашралтай байгаад АН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгааг ярилцсан байна. Ингээд ямар үнэ тарифаар, ямар чиглэл, боомт байх вэ зэрэг асуудлыг тодорхой болгон эрчимжүүлж, ойрын хугацаанд АН-ын бүлэгт оруулж ирэн, төмөр асуудалдаа цэг тавих ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ.

АН-ын бүлгийн хуралдаанаар сайдынхаа ажлыг хүлээлгэж өгөх хүсэлт гаргаад буй Х.Баттулгын талаар намынхан нь ярилцсан эсэхийг сэтгүүлчид АН-ын удирдлагуудаас сонирхлоо. Үүнд,

“Сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д оруулж ирэх ёстой гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн байгаа. Энэ асуудлыг Засгийн газраас оруулж ирсний дараа холбогдох байнгын хороо хуралдаж, УИХ шийдвэрээ гаргана. Тиймээс Засгийн газраас Х.Баттулга сайдын өргөдлийг хэлэлцээд оруулж ирвэл АН-ын бүлэг байр сууриа нэгтгэнэ" гэж тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн юм.

Э.ЭНХ

Онцлох нийтлэлүүд