ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.28 10:08

Д.Янжинлхам: Ханийнхаа ямар их хөдөлмөрлөснийг мэдэх болохоор өөрийн эрхгүй уйлсан

ОХУ-ын Челябинск хотод болж байгаа жүдо бөхийн 33 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Ганбатын Болдбаатар Тайвань, Турк, Казахстан, Гүрж, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж Монгол Улсын эрэгтэй жүдочдоос хоёр дахь Дэлхийн аварга цолтон боллоо. Алтан медалийн төлөөх барилдаанд дэвжээний эзэн орны бөх Беслан Мудрановыг хоёр торгуулиар ялж бөхөд хайртай монгол түмнээ баярлуулсан. Түүнээс өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 2009 онд Голландын Роттердам хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жудочдын салхийг хагалж аваргалж байсан бол 2013 онд Бразилд болсон ДАШТ-ий 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг түрүүлж, монголчуудын хоёр дахь алтан медалийг авчирсан түүхтэй. Дэлхийн аварга Ганбатын Болдбаатар энэ тэмцээнд Д хэсгийг толгойлон I тойрогт гоц мөргөж, II тойрогт Туркийн Ахмет Сахин Кабаг, III тойрогт Тайванийн Мин Ен Цайг, IV тойрогт Казахстаны Айбек Имашевийг ялж хэсэгтээ тэргүүлээд байсан. Тэрээр хагас шигшээд Гүржийн Амиран Папашвилиг ялж, аваргын төлөө ОХУ-ын Беслан Мудрановыг торгуулиар хожсоноор алтан медалийн эзэн боллоо. Эх орондоо хараахан ирээгүй байгаа аваргын гэргий Дагвадоржийн Янжинлхамын тэрхүү торгон мөчийн сэтгэгдлийг хүргэе.


-Монголын жүдочдоос таны хань Г.Болдбаатар ДАШТ-ий гурав дахь алтан медалийг эх орон­доо авчирлаа. Манай уншиг­чидтай сэтгэгдлээ хуваалцаач!

-Үнэхээр их баяртай байна. Ханийнхаа алтан медалийн төлөөх тэмцээнийг зурагтаар шууд үзээд баярласандаа өөрийн эрхгүй огшоод уйлсан. Хань маань өдий хэмжээнд хүрэх гэж ямар их хөдөлмөрлөж байсныг би дэндүү сайн ойлгох учраас нулимс өөрийн эрхгүй асгараад байсан. Тамирчин хүн жингээ хасах, жингээ тохируулах гэж ямар их хүч хөдөлмөр гаргаж, хөлсөө асгаруулж байж амжилтад хүрдэг билээ. Түүний минь хамгийн эрхэм дээд зорилго нь биелж байхад яаж баярлахгүй байж чадах вэ дээ. Манай хүний аав, ээж нь Булган аймгийн Хангал суманд мал малладаг. Аав, ээж рүүгээ утсаар ярьж хэлсэн. Тэд маань ч зурагтаар үзээд бөөн баяр болсон байсан. Ханиа тэмцээнд явсан болохоор хүүхдүүдээ цэвэр агаарт байлгая гээд би Эрдэнэтэд аав, ээжийндээ ирээд байна л даа.  

-Г.Болдбаатар маань хаана сургууль соёл дүүр­гэсэн бол?

-Манай хүн Орхон айм­гийн арван жилийн тавдугаар сургуулийн “Орхон” цогцол­борыг 2004 онд дүүргэж, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг 2008 онд төгссөн. Түүнээс хойш уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубт тамирчин болсон. Манай Болдоо чинь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бат-Оршихын гарын шавь шүү дээ. Жүдо бөхөөр хичээллээд арван дөрвөн жил болж байгаа. Олон жилийн шаргуу хөдөлмөр л амжилтын шалгуур болдог юм байна.

-Болдоогийнхоо гаргаж байсан амжилтуудаас дурдвал...

-Хань маань 2009 онд Ази тивийн аварга болж, 2011 онд “Мастерс” тэмцээний мөнгөн медаль, 2013 онд Бразилд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзлэн, Европын цуврал Францын их дуулгын тэмцээнээс алтан медаль, УАШТ, олон улсын “Чингэс хаан” гранпри тэмцээний алтан медалийг тус тус хүртээд байсан л даа. Би ханьдаа “Юу ч болсон сэтгэлээр бүү уна. Бүх зүйл болно бүтнэ гэж ярьдаг хүн зорилгодоо хүрдэг” гэсэн Далай ламын үгээр урам хайрладаг байсан. Хүн юуг хүсэж мөрөөднө ирээдүй нь яг л тийм байна гэж боддог хүн л дээ би. Одоо хань маань дэлхийн аварга боллоо. Цаашид ч амжилтаа улам ахиулаасай гэж бодож байна.      

-Танай хүүхдүүд тань хэдтэй багачууд байна?

-Бид хоёр 2009 онд гэр бүл болсон. Ууган охин Б.Болор-Эрдэнэ гурван настай, удаахь хүү Б.Эрхэмбаяр маань ой арван сартай  болж байна.  

-Аваргын удамд барилд­даг хүн байсан юм бол уу?

-Манай хүн чинь эцэг эхээс гурвуулаа, айлын дундахь хүү нь. Зулай дээр нь гишгэж төрсөн эгчтэй. Нэг эрэгтэй дүүтэй. Аав ээжийн ярих нь эднийхэнд барилдаж ноцолддог хүн байдаггүй гэсэн. Яахав, аав нь залуудаа үе тэнгийнхэнтэйгээ л барилддаг байсан гэж байна лээ. Бид нар Болдоогоо тосохоор есдүгээр сарын 1-ний өдөр хот руу явцгаая гэж ярилцаад байгаа. Манайх ч угаасаа хотод л доо. 

-Тамирчин хүний гэргий байх сайхан биз?

-Их том хариуцлага гэж л боддог. Би эдийн засагч мэргэжилтэй. Одоохондоо охин, хүү хоёр маань нялх болохоор гэргийнхээ үүргийг гүйцэтгэж гэрээ сахиад, ханийнхаа ар тал болоод байж байна даа.

Л.БАТЦЭНГЭЛ


Онцлох нийтлэлүүд